- Нүүр
- Сайдын тушаал
- ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2018 оны А/207 дугаар тушаалын хавсралт
ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэл хөтлөхөд энэ журмыг баримтална.
1.2.Иргэний улсын бүртгэлийн дараах төрлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ:
1.2.1.төрсний;
1.2.2.гэрлэсний;
1.2.3.гэрлэлт дуусгавар болсны;
1.2.4.гэрлэлт сэргээсний;
1.2.5.эцэг /эх/ тогтоосны;
1.2.6.нас барсны;
1.2.7.иргэний үнэмлэхийн;
1.2.8.үндэсний энгийн гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;
1.2.9.биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн;
1.2.10.оршин суугаа газрын хаягийн.
1.3.Иргэний улсын бүртгэлийн дараах төрлийг засаг захиргааны нэгжийн харьяаллаар бүртгэнэ:
1.3.1.үрчилсний;
1.3.2.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;
1.3.3.шилжилт хөдөлгөөний.
1.4.Иргэний улсын бүртгэлийн дараах төрлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгж /цаашид “Иргэний улсын бүртгэлийн газар” гэх/ -д бүртгэнэ:
1.4.1.хүйс өөрчлөгдсөний;
1.4.2.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны.
1.5.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/-д үндэслэж, иргэний улсын бүртгэлийг хөтлөхөд дараах дарааллыг баримтална:
1.5.1.мэдээллийн сангаас тухайн бүртгэл хөтлөхөд шаардагдах мэдээллийг нягтлан шалгаж, холбогдох лавлагааг хэвлэн хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулж, хуульд заасны дагуу бүрдүүлэх баримт бичигт хавсаргах;
1.5.2.хуульд заасны дагуу бүрдүүлсэн баримт бичиг дэх холбогдох мэдээллийг мэдээллийн санд үнэн зөв оруулж бүртгэх;
1.5.3.мэдээллийн сангаас иргэний улсын бүртгэлийн маягт /цаашид “ИУБ маягт” гэх/, үндэсний энгийн гадаад паспортын мэдүүлгийн хуудас, төрсний, гэрлэсний, нас барсны гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/, эсхүл иргэний улсын бүртгэлийн лавлагааг хэвлэх;
1.5.4.төрсний, гэрлэсний, гэрлэлт сэргээсний, нас барсны бүртгэл хөтлөхөд иргэнд гэрчилгээг, эцэг /эх/ тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, гэрлэлт дуусгавар болсны, хүйс өөрчлөгдсөний бүртгэлд иргэний улсын бүртгэлийн лавлагааг тус тус олгох;
1.5.5.энэ журмын 1.5.4-т заасан баримт бичигт гарын үсэг зурж, гарын үсгийн тайллыг бичиж, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулах;
1.5.6.ИУБ маягтад иргэнээр гарын үсэг зуруулж, иргэний улсын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл үйлдэх.
1.6.Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад заасан лавлагаа авах хүсэлтийг Иргэний улсын бүртгэлийн газархүлээн авснаас хойш тухайн лавлагааг ажлын 2 өдрийн дотор цахим хэлбэрээр хүргүүлнэ.
1.7.Мэдээллийн санд холбогдоогүй сум, хорооноос ирүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад заасан лавлагаа авах хүсэлтийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын аймаг, дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авснаас хойш тухайн лавлагааг ажлын 2 өдрийн дотор хүргүүлнэ.
1.8.Иргэн цахим хэлбэрээр иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргах бол улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудаст байршуулсан мэдүүлгийн хуудсыг ашиглана.
1.9.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсэгт заасны дагуу иргэн цахимаар бүртгүүлэх хүсэлт гаргахдаа өөрийгөө мөн болохыг тоон гарын үсэг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/, эсхүл бусад хэлбэрээр нотолсон байна.
1.10.Иргэн цахим хэлбэрээр хүсэлт гаргасан тохиолдолд улсын бүртгэгч хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтын бүрдлийг хянаж, хуульд заасан шаардлага хангасан бол иргэний улсын бүртгэлд бүртгэх тухай мэдэгдлийг ажлын 2 өдрийн дотор илгээж, уг мэдэгдлийг хүлээн авсан иргэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасан эх нотлох баримт бичгийг ирүүлж бүртгүүлнэ.
1.11.Улсын бүртгэгч иргэний цахим хэлбэрээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлийг тодорхой бичсэн мэдэгдлийг ажлын 2 өдрийн дотор хүсэлт гаргагчид илгээнэ.
Хоёр.Төрсний бүртгэл хөтлөх
2.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан төрсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтална.
2.2.Төрсний бүртгэлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн сан дахь төрөлтийн мэдээлэлд үндэслэх бөгөөд Монгол Улсын иргэнд регистрийн дугаар олгоно.
2.3.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхөд энэ журмын 2.1, 2.2-т зааснаас гадна улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Иргэний баримтын архив /цаашид “Иргэний баримтын архив” гэх/-ын “Төрсний бүртгэлгүй тухай лавлагаа”-нд үндэслэх ба зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг баримтад хавсаргана.
2.4.Гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй эцэг, эхийн хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх тухай өргөдөл, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн төрсний бүртгэл хөтлөхөд эцэг тогтоосны бүртгэлийг давхар хөтлөхгүй.
2.5.Гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй эцэг, эхийн өргөдлийг үндэслэн хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулж болно.
2.6.Арван найман насанд хүрээгүй эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон шүүхийн шийдвэрт үндэслэнэ.
2.7.Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхөд бүртгүүлсэн иргэн, байгууллагын мэдээллийг төрсний бүртгэлийн мэдээлэлд оруулна.
2.8.1951 оноос өмнө төрсөн иргэн өргөдөл гаргасан тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр цахим мэдээллийн санд төрсний бүртгэлийг нөхөж хөтлөн, төрсний гэрчилгээ олгож болно.
2.9.Төрсний бүртгэл хөтлөхөд хүүхдийн нэр, түүний эцэг эхийн овог, эцэг /эх/-ийн нэрийг кирилл болон үндэсний бичгээрбичнэ.
2.10.Гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдийн төрсний бүртгэл хөтлөхөд холбогдох баримт бичигт латин үсгээр бичигдсэн тухайн хүүхэд, түүний эцэг, эхийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг, эсхүл холбогдох баримт бичигт латин үсгээр бичигдээгүй бол хүсэлт гаргагчийн өргөдөлд латин үсгээр бичсэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг кирилл үсэгт хөрвүүлж бүртгэнэ.
2.11.1988 оноос өмнө төрсөн, нэрийн санд бүртгэлгүй, Иргэний баримтын архивт ХААТР1 маягт байхгүй иргэний төрсний бүртгэлийг төрсний бүртгэлийн дэвтэр, эсхүл Маягт 7, ХААТР21 маягтыг үндэслэн нөхөж хөтөлнө.
2.12.1988 оноос хойш төрсөн, Иргэний баримтын архивт ХААТР11, ИУБ11 маягт байхгүй иргэний төрсний бүртгэлийг төрсний бүртгэлийн дэвтэрийг үндэслэн нөхөж хөтөлнө.
Гурав.Гэрлэсний бүртгэл хөтлөх
3.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрлэсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг баримтална.
3.2.Гэрлэхийг хүсэгчид өргөдөлдөө сайн дураар харилцан зөвшөөрснөө илэрхийлж, Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан харшлах шалтгаангүй болохыг тусгасан байна.
3.3.Гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхийг хүсэгчдийн хэн нэг нь гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол өргөдлөө гадаад хэлээр бичсэн тохиолдолд түүнийалбан ёсны орчуулгыг хавсаргасан байна.
Дөрөв.Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл хөтлөх
4.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг баримтална.
4.2.Мэдээллийн санд гэрлэсний бүртгэлгүй, гэрчилгээгүй боловч гэрлэсэн гэж үзэх ямар нэгэн бүртгэл, үндэслэл байгаа тохиолдолд иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн гэрлэсний бүртгэлд нөхөж бүртгэсний дараа гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтөлнө.
4.3.Гэрлэлтийн гэрчилгээтэй боловч мэдээллийн санд гэрлэсний бүртгэлгүй, Иргэний баримтын архивт гэрлэсний бүртгэлийн эх нотлох баримт бичиг байхгүй тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэсний бүртгэлээс бусад ХААТР маягт, бүртгэлийн дэвтэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гэрлэсний бүртгэлд нөхөж бүртгэсний дараа гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтөлнө.
4.4.Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн эх хувь байхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн баталгаажсан хуулбарыг үндэслэж болно.
4.5.Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу бүртгүүлсэн гэрлэлт нь дуусгавар болсон Монгол Улсын иргэний өргөдөл, нотлох баримт бичгийг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн газар гэрлэсний болон гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг тус тус нөхөж хөтөлж болно.
4.6.Гэрлэлт дуусгавар болсныг иргэний улсын бүртгэлд бүртгэсэн бол гэрлэлтийн гэрчилгээнд хүчингүй тэмдэглэгээ хийж, уг гэрчилгээг гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн нотлох баримтад хавсаргана.
4.7.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу нас барсны бүртгэл хөтлөхөд гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд тэмдэглэл хийнэ.
Тав.Гэрлэлт сэргээсний бүртгэл хөтлөх
5.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтална.
Зургаа.Эцэг /эх/ тогтоосны бүртгэл хөтлөх
6.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан эцэг /эх/ тогтоосны бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг баримтална.
6.2.Эцэг, эхийн аль нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй байхад эхийн овог, нэрээр төрсний бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд эцэг, эхийн өргөдөл, эсхүл эмнэлгийн байгууллагын дүгнэлт, эсхүл шүүхийн шийдвэрээр эцэг тогтоосны бүртгэлийг хөтөлнө.
Долоо.Нас барсны бүртгэл хөтлөх
7.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан нас барсны бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг баримтална.
7.2.Нас барсны бүртгэлийг хөтлөхөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн сан дахь нас баралтын мэдээлэлд үндэслэнэ.
7.3.Нас барсны бүртгэлийг хөтлөхөд нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг хүчингүй болгох ба тэдгээрийг бүртгүүлсэн иргэнд өгч болно.
7.4.Иргэний улсын бүртгэлийн газар регистрийн дугаар аваагүй нас барсан хүнд тусгай сери бүхий регистрийн дугаар олгож, нэрийн санд нэмж, нас барсны бүртгэлийг нөхөж хөтөлнө.
7.5.Цахим мэдээлийн санд тусгай сери бүхий регистрийн дугаартай хүн нас барсны бүртгэлд, эсхүл нас барсан төлөвтэй байна.
Найм.Иргэний үнэмлэхийн бүртгэл хөтлөх
8.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийн бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний үнэмлэхийн дүрмийг баримтална.
8.2.Биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд Монгол Улсын иргэний үнэмлэхийг анх удаа авах иргэн шинээр, 25, 45 насанд сольж авах иргэн шинэчлэн бүртгүүлсэн байна.
8.3.Улсын бүртгэгч иргэний үнэмлэхийн санах ойд хуульд заасны дагуу зохих мэдээллийг оруулж, баталгаажуулна.
8.4.Иргэний үнэмлэхийн санах ойд хууль бусаар мэдээлэл оруулахгүй.
8.5.Иргэн 25 нас, 45 нас хүрч иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд дахин бүртгүүлсэн бол иргэний үнэмлэхийг сольж олгоход мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэнэ.
8.6.Иргэний цээж зураг, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар өөрчлөгдсөн бол иргэний үнэмлэхийг сольж олгоход тухайн иргэний өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ.
8.7.Хүйс өөрчлөгдсөн, эсхүл дүр төрхийн өөрчлөлт орсон бол иргэний үнэмлэхийг сольж олгоход тухайн иргэний өргөдөл, мэдээллийн сангийн мэдээллээс гадна хүйс, эсхүл дүр төрх өөрчлөлт орсон талаарх баримтад үндэслэнэ.
8.8.Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ.
8.9.Хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хаяг дээр бүртгэлтэй иргэний иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн байгууллагын тодорхойлолтод үндэслэнэ.
Ес.Үндэсний энгийн гадаад паспорт, түүнийг орлох
бичиг баримтын бүртгэл хөтлөх
9.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан үндэсний энгийн гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг баримтална.
9.2.Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэл хөтлөхөд 16-аас дээш насны иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэл, 16-аас доош насны хүүхдийн эцэг /эх/, эсхүл хүүхдийн асран хамгаалагчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд үндэслэнэ.
9.3.Бүртгэлийн ажилтны ирүүлсэн үндэсний энгийн гадаад паспортын захиалгыг Иргэний улсын бүртгэлийн газар хүлээн авч, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийг хөтөлнө.
9.4.Улсын бүртгэгч үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа, хуудас дууссан, иргэний улсын бүртгэлийн нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хөтлөгдсөн тохиолдолд үндэсний энгийн гадаад паспортыг цахим мэдээллийн санд хүчингүй болгоно.
9.5.Хяналтын улсын байцаагч энэ журмын 9.4-т зааснаас бусад тохиолдолд үндэсний энгийн гадаад паспортыг цахим мэдээллийн санд хүчингүй болгоно.
Арав.Биеийн давхцахгүй өгөгдөл /гарын
хурууны хээ/-ийн бүртгэл хөтлөх
10.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг баримтална.
10.2.Мэдээллийн санд иргэний мэдээлэл бүртгэлтэй бол зөвхөн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын 10 хурууны хээ/-ийн бүртгэлийг мэдээллийн санд нэмж оруулна.
10.3.Иргэний зургийг олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ICAO/-ийн стандартын дагуу авч, цахим мэдээллийн санд оруулна.
10.4.Биеийн давхцахгүй өгөгдөл /гарын 10 хурууны хээ/-ийн бүртгэлийг бүртгэх боломжгүй /гаргүй, гарын хуруугүй/ иргэний тухайн гар, гарын хурууны бүртгэл хийх хэсгийн бүртгэлд тэмдэглэл хийнэ.
10.5.Иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэгдсэн иргэнд цахим мэдээллийн сангаас иргэний бүртгэлийн дугаар олгоно.
10.6.Иргэний мэдээлэлд өөрчлөлт орсон, эсхүл архивын хадгалалтын шаардлага хангахгүй тохиолдолд биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн ИУБ31 маягтыг Иргэний улсын бүртгэлийн газар дахин хэвлэж болно.
10.7.Цахим мэдээллийн санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлийн мэдээлэл танигдахгүй бол улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Иргэний улсын бүртгэл газрын эрх бүхий улсын ахлах бүртгэгч бүртгэлийг хүчингүй болгож, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг дахин хөтөлнө.
Арван нэг.Иргэний оршин суугаа газрын хаягийн
бүртгэл хөтлөх
11.1.Улсын бүртгэгч иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг баримтална.
Арван хоёр.Үрчилсний бүртгэл хөтлөх
12.1.Үрчилсний бүртгэлийг хөтлөхөд Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ.
12.2.Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна.
12.3.Төрсний бүртгэлд бүртгэгдээгүй хүүхдийн үрчилсний бүртгэлийг хөтлөхөд төрсний бүртгэлийг эхэлж хөтөлнө.
12.4.Үрчилсний бүртгэл хөтөлж, үрчилсэн тухай иргэний улсын бүртгэлийн лавлагаа олгоно. Уг лавлагааүрчилсний бүртгэл хөтөлсөнтэй холбогдуулан төрсний бүртгэлд өөрчлөлт оруулсан мэдээлэлд үндэслэн сольж олгосонтөрсний гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна.
12.5.Улсын бүртгэгч хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, архивын хадгаламжийн нэгж үүсгэн аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн газар, хэлтсийн Иргэний баримтын архивт дараа оны эхний сард багтаан хүлээлгэн өгнө.
Арван гурав.Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний
бүртгэл хөтлөх
13.1.Улсын бүртгэгч овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтална.
13.2.Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгүүлсэн иргэний овог, нэрээр бүртгэгдсэн хүүхдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад эцэг /эх/-ийн мэдээллийг өөрчилсөн бүртгэлийг үндэслэж, Иргэний улсын бүртгэлийн газар иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулна.
13.3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хөтлөхгүй.
Арван дөрөв.Шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх
14.1.Улсын бүртгэгч шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг баримтална.
14.2.Аймаг, дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс нь өөр засаг захиргааны нэгжээс шилжин ирсэн иргэний хувийн хэргийг ажлын 21 өдрийн дотор холбогдох аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн газар, хэлтсээс татан авна.
Арван тав.Хүйс өөрчлөгдсөний бүртгэл хөтлөх
15.1.Улсын бүртгэгч хүйс өөрчлөгдсөний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтална.
15.2.Хүйс өөрчлөгдсөний бүртгэлд бүртгүүлсэн иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээр бүртгэгдсэн хүүхдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан бол эцэг /эх/-ийн мэдээллийг өөрчилсөн бүртгэлийг үндэслэж, иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулна.
Арван зургаа.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан,
иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэл хөтлөх
16.1.Улсын бүртгэгч Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг баримтална.
16.2.Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, Монгол Улсын харьяатаас гарсан иргэний мэдээллийг цахим мэдээллийн санд үнэн зөв, хугацаанд нь оруулсан эсэхэд Иргэний улсын бүртгэлийн газрын дарга хяналт тавина.
Арван долоо.Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд
нэмэлт, өөрчлөлт оруулах
17.1.Улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлтийг оруулахад Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримтална.
17.2.Аймаг, нийслэл, дүүрэг дэх улсын бүртгэлийн газар, хэлтэс иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан маягт, нотлох баримт бичгийг Иргэний улсын бүртгэлийн газарт ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.
17.3.Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч энэ журмын 17.2-т заасан баримт бичгийг хүлээн авч, ажлын 5 өдрийн дотор цахим мэдээллийн санд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулна.
17.4.Улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан маягт, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэрийг Иргэний баримтын архивт ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.
Арван найм.Иргэний улсын бүртгэлийг сэргээн тогтоох
18.1.Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч иргэний улсынбүртгэлийг сэргээн тогтооход Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална.
Арван ес.Иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох
19.1.Иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгоход Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримтална.
19.2.Улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгоход үндэслэсэн шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг Иргэний баримтын архивт ажлын 3 өдрийн дотор шилжүүлнэ.
19.3.Иргэний баримтын архив энэ журмын 19.2-т заасан баримт бичгийг тухайн иргэний хувийн хэрэгт ажлын 3 өдрийн дотор хавсаргана.
Хорь.Иргэний улсын бүртгэлийг түдгэлзүүлэх,
түдгэлзүүлснийг цуцлах
20.1.Иргэний улсын бүртгэлийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлэх тухай дараах шийдвэр, дүгнэлт гарсан байна:
20.1.1.эрх бүхий этгээдийн шийдвэр;
20.1.2.хяналтын улсын байцаагчийн дүгнэлт.
20.2.Энэ журмын 20.1-д заасан үндэслэлээр иргэний улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн бол түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн цуцална.
Хорин нэг.Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгох
21.1.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгоход Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг баримтална.
21.2.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний улсын бүртгэлийн баримт бичгийг дахин олгоход энэ журмын 12.4-д зааснаас бусад тохиолдолд анхны бүртгэлд өөрчлөлт оруулахгүй.
Хорин хоёр.ИУБ маягт, иргэний улсын бүртгэлийн дэвтэр ирүүлэх
22.1.ИУБ маягтын А, Б талыг бүртгэл хөтөлсөн өдрөөс хойш сумын улсын бүртгэгч аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст ажлын 7 өдрийн дотор, хорооны улсын бүртгэгч дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст ажлын 3 өдрийн дотор тус тус ирүүлнэ.
22.2.Аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэс иргэний нэрийн эхний үсгээр эрэмбэлсэн /цагаан толгойн дарааллаар/ биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд анх бүртгэсэн ИУБ31 маягтын А талыг Иргэний улсын бүртгэлийн газарт, бусад ИУБ маягтын А талыг Иргэний баримтын архивт ажлын 7 өдрийн дотор дагалдах хуудсын хамт тус тус ирүүлнэ.
22.3.Дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс иргэний нэрийн эхний үсгээр эрэмбэлсэн /цагаан толгойн дарааллаар/ биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд анх удаа бүртгэсэн ИУБ31 маягтын А талыг Иргэний улсын бүртгэлийн газарт, бусад ИУБ маягтын А талыг Иргэний баримтын архивт, ИУБ маягтын Б талыг нийслэл дэх улсын бүртгэлийн газарт ажлын 7 өдрийн дотор дагалдах хуудсын хамт тус тус ирүүлнэ.
22.4.Бүртгэлийн ажилтан ИУБ маягтын А, Б талыг Иргэний улсын бүртгэлийн газарт ажлын 21 өдрийн дотор ирүүлнэ.
22.5.Иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхээр хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлсэн баримт бичгийг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон архивын хадгаламжийн нэгж үүсгэн, сум, хороо, аймаг, дүүрэг дэх улсын бүртгэлийн газар, хэлтсийн улсын бүртгэгч аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн Иргэний баримтын архивт, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан Иргэний баримтын архивт тус тус хүлээлгэж өгнө.
Хорин гурав.Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн
санд ажиллах
23.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж улсын бүртгэгчийн цахим мэдээллийн санд нэвтрэх эрхийг нээж, эсхүл хаана.
23.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Тамгын газрын даргын шийдвэрээр улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтны цахим мэдээллийн санд ажиллах эрхийг нээж, эсхүл хаана.
23.3.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан цахим мэдээллийн санд өөрийн нууц үгээр нэвтэрч, эрхийн дагуу бүртгэл хөтөлнө.
23.4.Цахим мэдээллийн санд нэвтрэх, ажиллах эрхийг бусдад шилжүүлэхгүй.
23.5.Цахим мэдээллийн санд бүртгэлийн бичиглэл дараах төлөвтэй байна.
23.5.1.бүртгэсэн;
23.5.2.баталгаажсан;
23.5.3.алдаатай;
23.5.4.хүчинтэй;
23.5.5.хүчингүй.
23.6.Цахим мэдээллийн санд “Бүртгэсэн” төлөвтэй бичиглэлийг тухайн бүртгэлийг хөтөлсөн улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан өөрчилж болно.
23.7.Цахим мэдээллийн санд “Бүртгэсэн” төлөвтэй мэдээллийг тухайн газар, хэлтэс, тасгийн иргэний улсын ахлах улсын бүртгэгч болон эрх олгогдсон улсын бүртгэгч ажлын 5 өдрийн дотор баталгаажуулна.
Хорин дөрөв.Бусад
24.1.ИУБ маягт, иргэний улсын бүртгэлийн дэвтэр, гэрчилгээний дугаарыг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, дараа оны ажлын эхний өдрөөс эхлэн 01 дугаараас бүртгэл хөтөлнө.
24.2.Иргэний улсын бүртгэлийн дэвтэрт бичилтийг зөвхөн хар өнгийн бэхээр гаргацтай цэвэр бичнэ.
24.3.Иргэний улсын бүртгэлийн дэвтэрт бичилтийг буруу, иргэний улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй болон дутуу бичих, товчлох, үг, үсэг, тоог баллах, засварлахыг хориглоно.
24.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгж иргэний улсын бүртгэлийн дэвтэр, ИУБ маягт, гэрчилгээний зарцуулалтад хяналт тавина.
24.5.Аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн газар, хэлтэс, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар иргэний улсын бүртгэлийн тоон мэдээ, тайланг сар бүрийн 25-ны өдрийн байдлаар гаргаж, Иргэний улсын бүртгэлийн газарт сар бүрийн 27-ны өдрийн дотор ирүүлнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A