A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаар тушаалын хавсралт

 

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ТЕХНИК,

ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтынавто зам, замын байгууламжийн барилга, их засварынажилд /цаашид “замын барилгын ажил”гэх/ техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмыг нэгэн адил мөрдөнө.

1.2.Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замын  барилгын ажилдтехник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээг заавал хэрэгжүүлэх бөгөөд энэхүү журмыг баримтална.   

 

Хоёр. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник,

технологийн хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

2.1. Зөвлөх нь замын барилгын ажлыг батлагдсан зураг, төсөв, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хийж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөгөө өгөх, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулах, төслийн явцын тайлан мэдээ гаргах зэрэгүйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.2. Зөвлөх нь замын барилгын ажилдэнэхүү журмын хавсралтад заасан жишиг маягтыг ашиглах бөгөөд гадаадын зээл,тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн гэрээнд өөрөөр заагаагүй бол нэгэн адил ашиглана.

 

Гурав.Зөвлөхөд тавих шаардлага

3.1. Зөвлөх нь “Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох журам”-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан тусгай зөвшөөрөлтэй байна.

3.2. Зөвлөх нь Захиалагчийн тавьсан шаардлагыг хангасан бүрэлдэхүүнтэй хяналтын багийг томилж, ажлын талбайд байнга ажиллуулна. Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан мэргэжилтнийг өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд Захиалагчтай зөвшилцөн, зөвшөөрөл авсны үндсэн дээр түүнтэй ижил түвшний мэдлэг боловсрол, туршлагатай хүнийг томилон ажиллуулна.

3.3.Замын барилгын ажилд хяналт тавих Зөвлөх багийн ажилтан нь мэргэжлийн алдаа дутагдал гаргаж, гэрээнд заагдсан ажлыг хариуцах чадваргүй болон инженерийн ёс зүйн хувьд доголдолтой болох нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тухайн ажилтныг өөрчилж, шаардлага хангасан хүнийг томилж ажиллуулна.

3.4. Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан хяналтын багийн мэргэжилтэн нь зөвхөн тухайн замын барилгын ажилд хяналт тавьж ажиллана.

3.5. Зөвлөх нь зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан замын барилгын ажлын лабораториболон хэмжилт хийх багаж хэрэгсэл, машин техникээр хангагдсан байна.

3.6. Зөвлөх нь эд хөрөнгийн болон хариуцлагын даатгалд зохих хууль журам, гэрээнд заасны дагуу даатгуулна.

 

Дөрөв. Захиалагчийн эрх, үүрэг

4.1.Захиалагч нь замын барилгын ажлын зураг төсөл, техникийн шаардлага, батлагдсан төсөв, Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ зэрэг тухайн ажилтай холбоотой баримт бичиг, мэдээллийг техник, технологийн хяналт тавих Зөвлөхөд хүлээлгэн өгнө.

4.2.  Зөвлөхийн үйл ажиллагааг хүн/сараар тооцох бөгөөд нөхөн төлөгдөх зардлын хамтаар санхүүжилтийг олгоно. Энэхүү хүн/сарын үнэлгээнд зөвлөхийн ажиллагсдын үндсэн болон нэмэгдэл цалин, томилолтын зардал, бүх төрлийн татвар, хураамж орох бөгөөд нөхөн төлөгдөх зардлын үнэлгээнд тээвэр, ажлын талбайд амьдрах, албан үйл ажиллагаа явуулах байрны болон нийгмийн зардал, техник, технологийн хяналт хийхэд шаардлагатай бусад зардал хамаарна.

4.3. Төслийн үе шатны ажлын хэрэгжилтийн явцаас хамаарч шаардлагатай тохиолдолд Захиалагч нь барилгын ажлын талбайд ажиллах Зөвлөхийн багийн инженер техникийн ажилтны тоо, хүн/сард өөрчлөлт оруулж болно.

4.4. Захиалагч нь замын барилгын ажлын зураг төсөв, техникийн шаардлага болон  ажлын явц, үр дүн, гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой Зөвлөхөөс тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэж хариу өгнө.

4.5. Замын барилгын ажлын гэрээний хэрэгжилтийн явцад Зөвлөх нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайн ажлыг зураг, төсвийн дагуу холбогдох стандарт, норм, дүрэмд нийцүүлэн чанартай хийж гүйцэтгүүлээгүй тохиолдолд Захиалагч нь Зөвлөхөд төлөх төлбөрийг санхүүжүүлэхээс татгалзаж, гарсан зөрчил дутагдлыг бүрэн арилгаж, биелэлтийг гаргаж ирүүлэх хүртэлх хугацаанд санхүүжилтийг олгохгүйгээр түр зогсооно.

 

Тав. Зөвлөхийн эрх, үүрэг

 

5.1.Замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг хугацаанд нь чанартай, үр ашигтай гүйцэтгүүлэх болон бусад асуудлаар өөрийн санал, зөвлөмжийг Захиалагчид хүргүүлнэ.

5.2.Замын барилгын ажлын гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн аливаа асуудлыг газар дээр нь хугацаа алдахгүйгээр шийдвэрлэх зорилгоор тухайн үе шатны ажлын 10 хувиас ихгүй хэмжээний өртөгтэй ажлыг гэрээний нийт үнийг өсгөхгүйгээр инженерийн оновчтой шийдэл гарган гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тухай Захиалагчид мэдэгдэнэ.

5.3. Зөвлөх нь замын барилгын ажлын чанар байдалд үзлэг хийж, илэрсэн алдаа дутагдлыг засварлуулах албан шаардлага өгнө.

5.4. Зөвлөх нь Захиалагчийн нэрийн өмнөөс ажиллаж, техник технологийн болон чанарын шаардлага хангаагүй ажилд зөвшөөрөл өгч баталгаажуулахгүй байх эрхтэй бөгөөд зөвшөөрөлгүй хийгдсэн ажлыг дахин хийлгэж чанарын шаардлагыг хангуулна.

5.5. Зөвлөх нь замын барилгын ажил хэрэгжилтийн хугацаанд тухайн ажлыг батлагдсан зураг төсөв, норм, норматив, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд өдөр тутамхяналт тавьж, ажлын чанар, гүйцэтгэлийг баталгаажуулан ажлын явцын талаарх мэдээллээр Захиалагчийг хангана.

5.6. Замын барилгын ажлын хэрэгжилтийн явцадүүссэн аливаа зөрчил, дутагдлыг нэн даруй арилгуулж, тухайн ажлыг шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгүүлнэ.

5.7. Технологийн буруутай үйл ажиллагаанаас үүдэнчанарын баталгаат хугацаанд гарсан аливаа эвдрэл, гэмтлийг засварлуулах ажилд Зөвлөх нь өөрийн хөрөнгөөр техник, технологийн хяналт тавьж чанартай гүйцэтгүүлнэ.

5.8. Гүйцэтгэгчийн ирүүлсэн ажил гүйцэтгэх хүсэлтийн дагуу тухайн ажлыг газар дээр нь шалгаж, шаардлага хангасан тохиолдолд дараагийн үе шатны ажил эхлэх зөвшөөрлийг 24 цагийн дотор олгоно.

5.9. Зөвлөх нь замын барилгын ажлын явц, хэрэгжилтийн талаар 7 хоног тутам Гүйцэтгэгчтэй хамтарсан хурал зохион байгуулан тэмдэглэл хөтөлж, шаардлагатай арга хэмжээг авч Гүйцэтгэгчийн хүн хүч, машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангуулж ажиллана.

5.10. Зөвлөх нь замын барилгын ажлыг батлагдсан график төлөвлөгөөний дагуу гүйцэтгүүлэх бөгөөд ажлын явц удааширсан,график төлөвлөгөөний биелэлт тасарсан тохиолдолд шалтгааныг тогтоож, хоцрогдлыг нөхөж ажлыг эрчимжүүлэх талаар саналаа боловсруулж Захиалагчид танилцуулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

5.11. Зөвлөх нь зам барилгын ажлын батлагдсан зураг төсөлд өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн саналаа Захиалагчтай зөвшилцөн шийдвэрлүүлнэ.

5.12. Гүйцэтгэгчийн ирүүлсэн санхүүжилтийн хүсэлтийг гэрээнд заасан хугацаанд хянан баталгаажуулна. Санхүүжилтийн хүсэлтэд алдаа гарсан тохиолдолд Гүйцэтгэгчид буцаан засварлуулна.

5.13. Замын барилгын ажлын гэрээг хэрэгжүүлэх талаар төрийн болон орон нутгийн засаг захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог ханган шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

5.14. Зөвлөх нь тухайн замын барилгын ажилтай холбоотой аливаа маргаан, нэхэмжлэл, хохирлын талаар судалж, тайлбар, дүгнэлт, зөвлөмж гарган Захиалагчид ирүүлнэ.

5.15. Зөвлөх нь төслийн ажлын эхлэлийн, сарын, эцсийн тайланг гэрээнд заасан хугацаанд гаргаж, Захиалагчид албан бичгийн хамт ирүүлнэ. Тайланд хийгдсэн ажлын тоо хэмжээ, ажлын явц, тухайн хугацаанд гарсан аливаа өөрчлөлт, санхүүжилт, цаашид авах арга хэмжээний санал, төлөвлөгөө, холбогдох фото зураг зэрэг мэдээллийг тусгасан байна.

 

Зургаа.Хүлээх хариуцлага

6.1. Зөвлөхийн мэргэжилтнүүдийн ур чадвар, санаатай болон санамсаргүй үйл ажиллагааны улмаас гарсан алдаа, учирсан хохирол нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Зөвлөхөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлагатооцно.

6.2. Зөвлөх нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа мэргэжлийн алдаа, зөрчил, дутагдал гаргасан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцлах, тусгай зөвшөөрлийн эрхийг нь түдгэлзүүлэх, цуцлах зэрэг хариуцлага хүлээлгэнэ.

6.3. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг зөрчсөн хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---