- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ СУРТАЛЧЛАН АЛДАРШУУЛАХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 354 дүгээр
тогтоолын хавсралт
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ СУРТАЛЧЛАН АЛДАРШУУЛАХ, ТҮГЭЭН
ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ӨВЛӨН
УЛАМЖЛАГЧИД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг тодруулж, мөнгөн шагнал олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэг өвлөн уламжлагчийг жил бүр тодруулж, мөнгөн шагнал (цаашид “шагнал” гэх) олгоно.
1.3. Энэхүү журам нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарахгүй.
1.4. Шагналыг хоёр жил дараалан нэг өвлөн уламжлагчид олгохгүй.
Хоёр. Шагналд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх
2.1. Өвлөн уламжлагчийг дараахь шалгуур үндэслэлээр шагналд нэр дэвшүүлнэ:
2.1.1. үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан, тэмцээнд амжилт гаргасан;
2.1.2. соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод, гадаадад зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвхтэй оролцсон;
2.1.3. өөрийн санаачилгаар соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод, гадаадад арга хэмжээ зохион байгуулсан;
2.1.4. соёлын биет бус өвийг хамгаалах, хөгжүүлэх үйл хэрэгт идэвх, санаачлагатай оролцсон.
2.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга өвлөн уламжлагчийг шагналд нэр дэвшүүлэх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 25-наас өмнө Соёлын өвийн үндэсний төвд хүргүүлнэ. Саналд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
2.2.1. шагналд нэр дэвшүүлсэн үндэслэл бүхий албан бичиг;
2.2.2. өвлөн уламжлагчийн иргэний үнэмлэхний хуулбар;
2.2.3. албан байгууллагын тодорхойлолт эсхүл харьяалах баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
2.2.4. соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг гэрчлэх баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг, бусад зүйл.
2.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга нас барсан өвлөн уламжлагчийн нэрийг энэ журамд нийцүүлэн шагналд нэр дэвшүүлж болно.
2.4. Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 2.2-т заасан баримт бичгийн бүрдлийг хянаж хүлээн авна. Бүрдэл дутуу баримт бичгийг хүлээж авахгүй.
2.5. Соёлын өвийн үндэсний төв шаардлагатай бол холбогдох байгууллагаас нэмэлт мэдээлэл авч болно.
2.6. Соёлын өвийн үндэсний төв шагналд нэр дэвшүүлсэн өвлөн уламжлагч тус бүрийн талаар дор дурдсан байгууллагаас санал авах ажлыг зохион байгуулна:
2.6.1. Соёл, урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
2.6.2. Шинжлэх ухааны академи;
2.6.3. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс;
2.6.4. Соёл, урлагийн их сургуулийн Эрдмийн зөвлөл;
2.6.5. соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй төрийн бус байгууллага.
2.7. Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 2.2, 2.6-д заасан баримт бичгийг бүрдүүлэн соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл (цаашид “Мэргэжлийн зөвлөл” гэх)-д хүргүүлнэ.
2.8. Мэргэжлийн зөвлөл шагналд нэр дэвшүүлсэн өвлөн уламжлагч тус бүрийн талаар нэг бүрчлэн хэлэлцэж, нэг өвлөн уламжлагчийг нууц санал хураалтаар тодруулан санал, дүгнэлтийн хамт соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд уламжилна.
2.9. Мэргэжлийн зөвлөл шагналд нэр дэвшигчийг тодруулахдаа өвлөн уламжлагчийн нэр дэвшсэн шалгуур үндэслэлийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүн, тоо хэмжээ, чанарын үзүүлэлтээс гадна түүний ур чадвар болон бэлтгэсэн шавь, соёлын биет бус өвийн чиглэлээр хэвлүүлсэн судалгаа, сурталчилгааны ном, бүтээл зэргийг харгалзана.
2.10. Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн өвлөн уламжлагчид шагнал олгох шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлана.
Гурав. Шагнал гардуулах
3.1. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
3.2. Шагналыг билгийн тооллын өвлийн сүүл сарын шинийн 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.
3.3. Шалгарсан өвлөн уламжлагчид Хүндэт өргөмжлөл, гучин сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
3.4. Өвлөн уламжлагч шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд биеэр ирэх боломжгүй бол Монгол Улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгч оршин суугаа газарт нь очиж гардуулж өгнө.
3.5. Өвлөн уламжлагч нас барсан бол шагналыг түүний гэр бүлийн гишүүнд гардуулж өгнө.
3.6. Шагнал олгосон өвлөн уламжлагчийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг соёл, урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Шагнал олгоход шаардагдах зардлыг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлнэ. (Засгийн газрын 2025 оны 244 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
-----о0о-----
Текст томруулах
A
A
A