A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралт

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Иргэн, хуулийн этгээдээс хуулийн этгээдийн нэр авах хүсэлт гаргах, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтад тавигдах шаардлага, хязгаарлалтыг тогтоох, хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад энэ журмыг баримтална.

1.2.Иргэн, хуулийн этгээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу дараахь тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлт гаргаж, тухайн нэрийн баталгаажуулалт хийлгэнэ:

1.2.1.хуулийн этгээдийг шинээр байгуулах;

1.2.2.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах;

1.2.3.хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх.

1.3.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулахад улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын маягтыг ашиглана.

1.4.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газарт нэр олгохгүй бөгөөд тухайн хуулийн этгээдийн нэрээр нэрлэнэ.

Хоёр. Хуулийн этгээдийн нэр авах хүсэлт гаргах

2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу дараахь этгээд хуулийн этгээдийн нэр авах, баталгаажуулах хүсэлтийг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагад гаргана:

2.1.1.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

2.1.2.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

2.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

2.2.Энэ журмын 2.1-д заасан этгээд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг биечлэн, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.

2.3.Энэ журмын 2.1-д заасан этгээд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудаст байршуулсан хуулийн этгээдийн оноосон нэр захиалах системийг ашиглаж эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллийг оруулан бүртгүүлж, нэрийн хайлт хийж, сонгосон нэрээ авах хүсэлтээ илгээнэ.

2.4.Татан буугдсан, нэрээ өөрчилсөн хуулийн этгээдийн нэрийг авах хүсэлтийг тухайн хуулийн этгээдийн татан буугдсаныг, эсхүл нэр өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа гаргаж болно.

Гурав. Хуулийн этгээдийн нэрэнд тавигдах шаардлага, хязгаарлалт

3.1.Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулна.

3.2.Хуулийн этгээдийн нэр тухайн хуулийн этгээдийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна.

3.3.Хуульд заасан тохиолдолд хуулийн этгээдийн нэр тухайн хуулийн этгээдийн төрлийг заасан байна.

3.4.Хуулийн этгээдийн нэр монгол хэлээр, кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна.

3.5.Олон улсад түгээмэл хэрэглэгддэг, шинжлэх ухааны, салбарын, хуулийн болон мэргэжлийн үг, хэллэг бүхий нэр энэ журмын 3.4-т хамаарахгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд нэр томьёоны талаар Монгол хэлний тухай хуулийн 22.2.7-д зааснаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Монгол хэл шинжлэлийн хүрээлэнд хүсэлт гарган шийдвэрлүүлж болно.

3.6.Хуулийн этгээдийн нэр нь улсын нэр хүнд, язгуур эрх ашиг, үндэсний өв соёл, зан заншилд харшлах утга илэрхийлээгүй байна.

3.7. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрэнд тоо орсон тохиолдолд уг тоог кирилл үсгээр бичнэ. Жишээлбэл: “Хоёр цамхаг” ХХК, “Нэг зорилго” Холбоо гэх мэт. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.8.Хуульд заасан тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн хойно үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэн үг, эсхүл товчилсон үгийг хэрэглэнэ. Жишээлбэл: “Өмгөөллийн мэргэн ХХН”, “Алтан төгрөг ББСБ” гэх мэт.

3.9.Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн нэр холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн байна. Жишээлбэл: Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Нийслэлийн 128 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын Хүрээ тулга сургууль, “Алтан чагнуур өрхийн эрүүл мэндийн төв” гэх мэт. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.10.Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй:

3.10.1.хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр групп”, “Төмөр консерциум”, “Төмөр холдинг”, “Төмөр корпораци” гэсэн нэрийг;

3.10.2.төрийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно Монгол, МН, Эм Жи Эл, МЖЛ, Мон, МНЖ зэргээр “Монгол” гэсэн утга санаагаар ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр МН”, “Төмөр Монгол”, “Мон төмөр” гэсэн нэрийг;

3.10.3.хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн хойно тоо бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Номин” гэсэн нэр бүртгэгдсэн бол “Номин нэг”, “Номин хоёр” гэсэн нэрийг;

3.10.4.баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Баян гео”, “Эко систем” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Баян геологи”, “Экологи систем” гэсэн нэрийг;

3.10.5.холбоо, сангийн нэрийг Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн гэсэн үгээр ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Монголын скаутын холбоо” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Монголын Үндэсний скаутын холбоо”, “Монгол Улсын скаутын холбоо” гэсэн нэрийг;

3.10.6.холбоо, сангийн нэрэнд Монголын, Монгол Улсын, үндэсний, нэгдсэн, нийтийн, салбарын, мэргэжлийн, олон улсын, Азийн, Европын зэрэг нийтийг төлөөлсөн утга бүхий үг оруулан төөрөгдүүлэхээр бичсэн бол. Жишээлбэл: “Монголын залуу гоо сайханчдын нэгдсэн холбоо”, “Олон улсын гар бөмбөгийн спорт сонирхогчдын холбоо” гэх мэт нэрийг;

3.10.7.холбоо, сангийн нэрийн хойно нийгэмлэг, академи, холбоо, зөвлөл, дээд зөвлөл, нэгдэл, төв, хүрээлэн, институт, танхим, клуб зэрэг үгээр ялгаж бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Малчдын холбоо” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Малчдын зөвлөл”, “Малчдын клуб” гэсэн нэрийг;

3.10.8.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэрээр ялган бичсэн бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Дорнын саран” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Завхан дорнын саран” гэсэн нэрийг;

3.10.9.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрэнд төрийн байгууллагын чиг үүрэг, нэрийг оролцуулан бичсэн бол. Жишээлбэл: “Дагнасан оюуны өмчийн газар” ТББ, “Мэргэшсэн оюуны өмчийн газар” ХХК гэсэн нэрийг;

3.10.10.хуулийн этгээдийн нэрэнд хуулийн дагуу сонгогддог болон томилогддог албан тушаалын нэрийг оролцуулан бичсэн бол. Жишээлбэл: “Ард түмний ерөнхийлөгч”, “Улсын Их Хурлын шилдэг гишүүн” гэсэн нэрийг;

3.10.11.хуулийн этгээдийн нэрэнд дараахь үгийг хуулиар хориглосон, эсхүл нийтийн ёс суртахууны хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөх, эмх замбараагүй байдал үүсгэх, өдөөн турхирах байдлаар бичсэн бол. Тухайлбал, тэмцэгчид, тэмцэл, босогч, дайтагч, дайчилгаа, терроризм, галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, олон шатлалт маркетинг, пирамид, мөрийтэй болон бооцоот тоглоом, казино, садар самуун явдал болон архи, тамхи, тамхины үйлдвэр гэх мэт;

3.10.12.чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээс бусад хуулийн этгээдийн нэрэнд “... чөлөөт бүс” гэж бичсэн бол.

3.10.13. Холбоо, сангийн нэрийг гадаад үг (кирилл үсгээр бичсэн гадаад үг), товчилсон үсгээр бичсэн бол Жишээлбэл: “Монголиан девелопмент ассоциаци”, “МХӨТ нийгэмлэг” гэх мэт. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмсэн)

3.11.Энэ журмын 3.10.1 дэх заалт өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хамаарахгүй.

Дөрөв. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах

4.1.Энэ журмын 2.1-д заасан этгээд хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

4.1.1.иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын хуулбар;

4.1.2.эрх бүхий этгээдийн шийдвэр;

4.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийн тухайд итгэмжлэл;

4.1.4.үйлчилгээний хөлс төлсөн баримт.

4.2.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлт гаргасан этгээдийг биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-өөр таньж болох бөгөөд энэ тохиолдолд энэ журмын 4.1.1-д заасан баримт бичгийг шаардахгүй.

4.3. Улсын бүртгэгч ажлын 1 өдөрт энэ журмын 2.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу түүний сонгосон 5 хүртэлх нэрийг хуулийн этгээдийн нэрийн санд шалгаж, холбогдох хууль тогтоомж, энэ журамд нийцсэн 3 хүртэлх нэрийг баталгаажуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

4.4.Улсын бүртгэгч хуулийн этгээдийн нэр баталгаажуулахад энэ журмын 1.3-т заасан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын маягтыг хуулийн этгээдийн нэрийн сангаас хэвлэн гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулж хүсэлт гаргасан этгээдэд олгоно.

4.5.Энэ журмын 4.3, 4.4-т заасны дагуу баталгаажсан хуулийн этгээдийн нэр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.4-т заасны дагуу 30 хоногийн дотор хүчинтэй байна.

4.6.Энэ журмын 2.1-д заасан этгээд энэ журмын 4.5-д заасан хугацаа дуусахаас өмнө хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хугацааг сунгах хүсэлт гаргасан тохиолдолд уг хугацааг 60 хүртэл хоногоор сунгаж болно.

4.7.Энэ журмын 4.5, 4.6-д заасан хугацаанд хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хүчингүй болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг энэ журамд заасны дагуу дахин гаргаж болно.

4.8.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санхүүгийн тайлангаа найм болон түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй үндэслэлээр хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанаас хойш нэг жилийн хугацаанд тухайн хуулийн этгээдийн нэрийг мөн хуулийн 26.3-т заасны дагуу олгохгүй.

4.9. Хуулийн этгээд нэг жилд 2-оос илүүгүй удаа нэрээ өөрчлөхөөр баталгаажуулж болно. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмсэн)

Тав. Бусад

5.1.Хуулийн этгээдийн нэртэй холбоотой маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

--- o0o ---