A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 дүгээр сарын

14-ний өдрийн 339 дүгээр тогтоолын хавсралт

 

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР БАНКНААС БУСАД МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДЭД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.8-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан журам, заавраар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад зайнаас болон газар дээр нь хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахад энэхүү журмыг баримтална. /Энэ хэсэгт СЗХ-ны 2020 оны 183 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

1.2.Энэ журамд заасан хяналт шалгалтын удирдамжийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга батална.

1.3.Монголбанк, санхүү,  төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран нэгдсэн хяналт шалгалтыг хийхэд энэ журмыг баримталж болно.

Хоёр. Хяналтын төрөл, хэлбэр

2.1. Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад тавих хяналт шалгалт нь дараах төрөлтэй байна:

2.1.1.зайны хяналт шалгалт;

2.1.2. газар дээрх хяналт шалгалт.

2.2.Зайны хяналт шалгалт нь дараах хэлбэртэй байна:

2.2.1.байнгын хяналт шалгалт;

2.2.2.тусгайлсан хяналт шалгалт;

2.2.3.Өгсөн үүрэг даалгаврыг шалгах үзлэг. /СЗХ-ны 2019 оны 438 дугаар тогтоолоор 2.2.3-р заалтыг нэмсэн/

2.3.Газар дээрх хяналт шалгалтыг дараах хэлбэртэй байна.

2.3.1.төлөвлөгөөт хяналт шалгалт;

2.3.2.төлөвлөгөөт бус хяналт шалгалт;

2.3.3.Өгсөн үүрэг даалгаврыг шалгах үзлэг. /СЗХ-ны 2019 оны 438 дугаар тогтоолоор 2.3.3-р заалтыг нэмсэн/

2.4.Зайны болон газар дээрх хяналт шалгалтыг хянан шалгагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ. Газар дээрх хяналт шалгалтыг зөвхөн улсын байцаагчийн эрхтэй хянан шалгагч, улсын байцаагч дангаараа хэрэгжүүлэх буюу эсвэл ажлыг хэсгийг удирдана.

2.5.Хянан шалгагч, улсын байцаагч нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, бусад хууль, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм болон энэ журмын хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

 

ХОЁРДУГААР ХЭСЭГ. ЗАЙНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Гурав.Зайны хяналт шалгалт явуулах үндэслэл

3.1. Санхүүгийн зохицуулах хороо нь мэдээлэх үүрэгтэй этгээдүүд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад байнга хянаж үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах замаар учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор зайны хяналт шалгалтыг хийнэ.

3.2.Байнгын хяналт шалгалтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ.

3.2.1.Эрсдэлийн үнэлгээ хийх

3.2.2.Мэдээлэх үүрэгтэй этгээдээс ирүүлсэн тайланд үндэслэн хяналт шалгалт хийх

3.3.Эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах мэдээллийг хоёр жилд нэгээс доошгүй удаа цуглуулж үнэлгээ хийнэ.

3.4.Тайланд үндэслэн хийх хяналт шалгалт болон эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг тухай бүр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад, шаардлагатай тохиолдолд Хорооны хуралдаанд танилцуулга хийнэ. /СЗХ-ны 2019 оны 438 дугаар тогтоолоор өөрчлалөн найруулсан/

3.5. /энэ хэсгийг СЗХ-ны 2019 оны 438 дугаар тогтоолоор хассан/

3.6.Энэ журмын 3.2-т заасан үнэлгээг мэдээлэл, технологийн хэрэгсэл ашиглан хийж болох ба үнэлгээ хийх аргачлал, шалгуур үзүүлэлт, маягтыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга батална.

3.7. Санхүүгийн зохицуулах хороо нь дараах үндэслэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдэд тусгайлсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж болно.

3.7.1.Байнгын хяналт шалгалтын үнэлгээгээр эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй дүгнэгдсэн

3.7.2. Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт хариуцсан нэгжийн санал

3.7.3.Олон улсын байгууллагаас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан үнэлгээний тайланд мэдээлэх үүрэгтэй этгээдийг эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэж дурдсан

3.7.4.Эрх бүхий байгууллагаас бичгээр ирүүлсэн санал

3.7.5.Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээлэл

3.8.Энэ журмын 3.7-д заасан үндэслэл тогтоогдвол мэдээлэх үүрэгтэй этгээдэд газар дээрх хяналт шалгалт явуулах шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга гаргаж болно.

3.9.Төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах байгууллагыг мэдээлэх үүрэгтэй тодорхой этгээд, салбар, мэдээлэх үүрэгтэй этгээдийн байршлаас хамааран сонгож болно.

Дөрөв. Зайны хяналт шалгалт явуулах ажиллагаа

4.1.Байнгын хяналт шалгалт явуулах хугацааг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий нэгжийн төлөвлөгөөнд тусгана.

4.2.Энэ журмын 3.7.1, 3.7.2, 3.7.3-т заасан үндэслэл тогтоогдвол ажлын 3 хоногийн дотор холбогдох нэгжийн дарга Санхүүгийн зохицуулах хорооны даргад тусгайлсан хяналт шалгалтыг явуулах талаарх саналаа танилцуулна.

4.3.Энэ журмын 3.7.4, 3.7.5-д заасан үндэслэлээр хяналт шалгалт явуулах эсэхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.

4.5.Хянан шалгагч, улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан зайны хяналт шалгалт хийх явцад газар дээрх хяналт шалгалт явуулах үндэслэл тогтоогдсон, эсхүл Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинж илэрсэн тохиолдолд нэгжийн даргад даруй мэдэгдэх үүрэгтэй.

4.6.Зайны хяналт шалгалт явуулахад дараах тайлан мэдээг ашиглана:

4.6.1.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны “Эрсдэлийн үнэлгээний матриц”

4.6.2“Эрсдэлийн үнэлгээний матриц” ашиглах “Тоон болон чанарын өгөгдөл цуглуулах маягт”,

4.6.3.“Мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх асуулга”

4.6.4.Мэдээлэх үүрэгтэй этгээдээс Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлдэг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны улирлын тайлан, мэдээ

4.6.5. Өмнө хийж гүйцэтгэсэн газар дээрх болон зайны хяналт шалгалтын тайлан

4.6.6.Өмнө хийж гүйцэтгэсэн газар дээрх болон зайны хяналт шалгалтаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн тайлан

4.6.7.Санхүүгийн мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн тайлан, мэдээлэл, дүгнэлт

4.6.8.Олон улсын байгууллага, дотоодын байгууллагаас олон нийтэд ил мэдээлсэн тайлан

4.6.8.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн тохиолдолд тухайн хөрөнгийн гарал үүслийн талаарх ирүүлсэн баримт, материал

4.6.9.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажиллах этгээдийн тодорхойлолт, анкет лавлагаа

4.6.10. Санхүүгийн зохицуулах хорооны архивт хадгалагдаж байгаа бусад баримт, мэдээлэл

4.7.Зайны хяналт шалгалтын явцад мэдээлэх үүрэгтэй этгээдээс нэмэлт мэдээлэл авах, тайлбар гаргуулахаар хандаж болно.

4.8. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд бүхэлд нь эсхүл тодорхой үйл ажиллагаанд хэсэгчлэн үнэлж, дүгнэлтийг дараах байдлаар тус тус ангилна./СЗХ-ны 2019 оны 212 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

4.8.1.Эрсдэл багатай;

4.8.2.Зарим талаараа эрсдэл багатай;

4.8.3.Дунд эрсдэлтэй;

4.8.4.Зарим талаараа эрсдэл өндөртэй;

4.8.5.Эрсдэл өндөртэй.

4.9.Энэ журмын 4.6.1, 4.6.2, 4.6.3, 4.6.4-т заасан матриц, маягт, асуулга, тайлан, мэдээний загвар, 4.8-т заасан эрсдэлийн үнэлгээний аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга батална.

4.10.Зайны хяналт шалгалтын ажилд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт хийгдэж буй мэдээлэх үүрэгтэй этгээдийн талаарх мэдээ, мэдээллийг авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу дотоодын болон гадаадын бусад эрх бүхий байгууллагуудад тавьж болно.

4.11.Энэ журмын 4.8-д заасан эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд зөвлөмж, чиглэл хүргүүлж болно.

4.12. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаа, удирдлага эсхүл мэдээлэх үүрэгтэй этгээд орсон санхүүгийн нэгжийн хэмжээнд материаллаг түвшний өөрчлөлт гарсан тохиолдолд энэ журмын 4.8-д заасан эрсдэлийн үнэлгээг шинэчилнэ.

4.13. Энэ журмын 3.6, 4.9-т заасан матриц, маягт, асуулга, тайлан, мэдээ, аргачлал, шалгуур үзүүлэлтийг дараах тохиолдолд дурдсан хугацаанд өөрчилнө.

4.13.1. Үндэсний эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан тухай бүр;

4.13.2. Хорооноос хийсэн эрсдэлийн үнэлгээнд хийгдсэн дүгнэлтэд тулгуурлан 2 жил тутам.

4.14. Мэдээлэх үүрэгтэй этгээд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалт хийгдэх бүрт энэ журмын 4.8-т заасан үнэлгээнд холбогдох өөрчлөлт тухай бүр хийнэ. /СЗХ-ны 2019 оны 212 дугаар тогтоолоор 4.12-4.14-р заалтыг нэмсэн/

Тав.Зайны хяналт шалгалтын дүгнэлт

5.1.Зайны хяналт шалгалтыг удирдамж, төлөвлөгөөнд заасан хугацааны дотор хийж дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргад танилцуулна.

5.2.Зайны хяналт шалгалтын дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:

5.2.1.Энэ журмын 4.6.2, 4.6.3-т заасан тоон болон чанарын мэдээлэл, асуулгыг ашиглан энэ журмын 4.6.1-д заасан эрсдэлийн үнэлгээний матрицийн дагуу мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлд хийсэн үнэлгээ

5.2.2.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийн үнэлгээнд гарсан өөрчлөлт, түүний шалтгаан, эрсдэл нэмэгдэж байгаа гол хүчин зүйлс

5.2.3. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал

5.2.4.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний санал

5.2.5. мэдээлэх үүрэгтэй этгээдэд газар дээрх хяналт шалгалт хийх эсэх санал

 

ГУРАВДУГААР ХЭСЭГ. ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Зургаа.Газар дээрх хяналт шалгалт явуулах үндэслэл

6.1. Санхүүгийн зохицуулах хороо нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар хүлээсэн үүргээ мэдээлэх үүрэгтэй этгээд хэрхэн биелүүлж байгааг энэ журамд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалт явуулж хуульд заасан арга хэмжээ авах эсэхийг шийдэх зорилгоор газар дээрх хяналт шалгалтыг хийнэ.

6.2.Газар дээрх хяналт шалгалтыг дараах үндэслэлээр хийж болно:

6.2.1.Энэ журамд заасан зайны хяналт шалгалтын дүгнэлтээр энэ журмын 4.8.3, 4.8.4, 4.8.5-д зааснаар үнэлэгдсэн.

6.2.2.Энэ журмын 3.7-д заасан үндэслэл

6.2.3. Зайны хяналт шалгалтын дүгнэлтэд заасан үндэслэл /СЗХ-ны 2019 оны 212 дугаар тогтоолоор нэмсэн/

6.2.4. хориг арга хэмжээний болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны аргачлал”-д заасан үндэслэл. /Энэ заалтыг СЗХ-ны 2020 оны 183 дугаар тогтоолоор нэмсэн./


 

Долоо.Хяналт шалгалт хийх бэлтгэл

7.1.Газар дээрх хяналт шалгалтыг хийхийн өмнө тухайн шалгалтын хамрах хүрээ, үнэлэх үзүүлэлтийг харгалзан дараах баримт, мэдээлэлтэй танилцана.

7.1.1. Энэ журмын 6.2-т заасан үндэслэл, тэдгээртэй холбоотой материал

7.1.2.Өмнө хийгдсэн хяналт шалгалтын материал, тайлан

7.1.3 Өмнө хийгдсэн хяналт шалгалтаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлт

7.1.4 Мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагын хийсэн аудитын дүгнэлт

7.1.5 Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн талаар гаргасан лавлагаа, дүгнэлт

7.1.6  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн боловсруулсан дотоод бодлого, дүрэм, журам, тэдгээрт орсон өөрчлөлт

7.1.7.бусад

7.2.Төлөвлөгөөт хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан газар дээрх хяналт шалгалтын хуваарийн дагуу хийнэ.

7.3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийг батлуулж, шалгалтад хамрагдах байгууллагад танилцуулснаас хойш ажлын 3 хоногийн дараа шалгалтыг эхлүүлж болно.

7.4.Мэдээлэх үүрэгтэй этгээдэд газар дээрх хяналт шалгалт хийхийн өмнө шалгалтын удирдамж, урьдчилан бэлтгэх баримт, материалын жагсаалтыг мэдээлэх үүрэгтэй этгээдийн удирдлагад танилцуулж, гардуулж өгнө.

7.5.Газар дээрх хянан шалгалтын удирдамжид нэр нь дурдагдаагүй хянан шалгагч, улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан газар дээрх хяналт шалгалтад оролцохыг хориглоно.

Найм. Газар дээрх хяналт шалгалт явуулах ажиллагаа

8.1.Хянан шалгагч, улсын байцаагч хяналт шалгалтын ажил явуулахдаа иргэн, хуулийн этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, тайлбар эсвэл дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно.

8.2.Хянан шалгагч, улсын байцаагч газар дээрх хяналт шалгалтад хамрагдаж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдэд хадгалагдаж байгаа дор дурдсан бичиг баримт, мэдээллийг гаргуулан авна:

8.2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, хууль ёсоор итгэмжлэн төлөөлөх эрх олгосон баримт бичиг;

8.2.2.Хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлага зохион байгуулалтад орсон өөрчлөлт, хувь нийлүүлсэн хөрөнгийн талаарх мэдээлэл, бусад холбогдох мэдээлэл;

8.2.3. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй хэрэгжилт хариуцсан ажилтан томилсон шийдвэр;

8.2.4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж, дүрэм журмын дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд батлан хэрэглэж буй дотоод бодлого, журмууд;

8.2.5.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өмнө хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан, холбогдох материалууд;

8.2.6.Өмнөх хяналт шалгалтаас өгсөн зөвлөмж/арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл;

8.2.7.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн гүйцэтгэсэн гүйлгээнүүдийг /удирдамжид тогтоосон цаг хугацаа/ тодруулан харуулсан санхүүгийн тайлангууд болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримт бичиг;

8.2.8.Харилцагчийг таньж мэдэх болон Харилцагчийн мэдээллийг нягтлан шалгах үйл ажиллагааны баримтжуулалт;

8.2.9.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл;

8.2.10.Харилцагч/гуравдагч талуудаас мэдээлэх үүрэгтэй этгээдэд ирүүлсэн гомдол;

8.2.11.Санхүүгийн мэдээллийн албанд илгээсэн тайлангуудын талаарх мэдээлэл;

8.2.12.Хэрэв шаардлагатай гэж үзвэл хяналт шалгалтын явцад тулгарсан аливаа асуудлыг тодруулах зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрх бүхий албан тушаалтнаас нэмэлт мэдээлэл шаардаж болно.

8.2.13.Сэжигтэй гүйлгээ илрүүлж, мэдээлэх үйл ажиллагаа.

8.2.14.Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа болон Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоол, НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс гаргасан террорист этгээдүүдийн нэрсийн жагсаалтыг ашиглаж байгаа байдал.

8.2.15.Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны талаар Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоол болон дотоодын эрх бүхий байгууллагаас гаргасан террорист этгээдийн нэрсийн жагсаалтыг ашиглаж байгаа байдал.

8.2.16.Хууль тогтоомжид заасан бусад баримт бичиг.

8.3.Хянан шалгагч, улсын байцаагч тайлант жилд болон хяналтын өмнөх жилд гүйцэтгэсэн гүйлгээнүүдээс түүврийн аргаар сонгон авч, хяналт шалгалт хийнэ.

8.4.Хянан шалгагч, улсын байцаагч Санхүүгийн зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэмд заасан эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй:

8.4.1.Шаардлагатай бол хуулбар хувийг баримт бичгийн эх хувьтай тулгаж үзэх зорилгоор эх хувийг шаардах

8.4.2.Их хэмжээний баримт бичиг хуулбарлах шаардлага гарвал тэдгээрийг цахим төхөөрөмж дээр хадгалах

8.4.3.Хяналт шалгалттай холбоотой асуудлаар мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрх бүхий албан тушаалтан, ажилтнуудаас тайлбар авах

8.5.Газар дээрх хяналт шалгалтын төлөвлөсөн хугацааг хариуцсан нэгжийн дарга нэг удаа сунгаж болно.

8.6.Дараах тохиолдолд хянан шалгагч, улсын байцаагч хяналт шалгалтын журамд өөрчлөлт оруулах саналаа Санхүүгийн зохицуулах хорооны даргад танилцуулна:

8.6.1. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамрагдах хугацаанаас өмнөх 5 жилийг хамруулах

8.6.2. Хяналт шалгалтын явцад мэдээлэх үүрэгтэй этгээдтэй холбоотой бусад иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хамруулах

8.7. Энэ журамд заасан газар дээрх хяналт шалгалт хийх нарийвчилсан аргачлалыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга батална.

8.8. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэл өөрчлөгдсөн тохиолдолд энэ журмын 8.7-д заасан нарийвчилсан аргачлалд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулна./СЗХ-ны 2019 оны 212 дугаар тогтоолоор 8.7-8.8-р заалтыг нэмсэн/

 

Ес. Тэмдэглэл үйлдэх

9.1.Энэ журамд заасан хяналт шалгалтын ажиллагаа явуулах замаар цуглуулсан баримт, материалыг тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.

9.2.Хянан шалгагч, улсын байцаагч тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах аргыг хэрэглэж болно.

9.3.Хянан шалгагч, улсын байцаагч цугларсан баримт, материалыг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна.

Ес1. Эрсдэлийн үнэлгээ /СЗХ-ны 2019 оны 438 дугаар тогтоолоор Ес 1 дэх бүлгийг нэмсэн/

91.1.Санхүүгийн зохицуулах хороо нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны эрсдэлийн үнэлгээг зохицуулалтын байгууллагуудын хүрээнд дараах төрлөөр хийж гүйцэтгэнэ.

91.1.1.Салбарын эрсдэлийн үнэлгээ

91.1.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрийн эрсдэлийн үнэлгээ 

91.2.Энэ журмын 91.1 дэх хэсэгт заасан эрсдэлийг үнэлэх аргачлал, матриц, улирал бүр ирүүлэх тайлан мэдээний загварыг Хорооны дарга батлана.

91.3.Салбарын эрсдэлийн үнэлгээнд тухайн салбарын өөрийн нь эрсдэл, эмзэг байдал, анхаарах асуудлыг хамруулсан байна.

91.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд тус бүрийн эрсдэлийн үнэлгээнд харилцагч, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүргэх арга, хэлбэр, газар зүйн байршлын эрсдэлт нөхцөлийг хамруулсан байна.

91.5.Эрсдэлийн үнэлгээг 2 жил тутам үнэлж, дүгнэлтийн талаарх танилцуулгыг Хорооны хуралдаанд мэдээлнэ.

91.6.Энэ журмын 91.2 дахь хэсэгт зааснаар мэдээлэх үүрэгтэй этгээдээс сар болгоны 10-ны өдөр хавсралтаар баталсан тайлангийн загварын дагуу авч байгууллага тус бүрийн эрсдэлийн хувийн хэргийг бүрдүүлэн, шинэчилнэ.

91.7.Энэ журмын 91.1 дэх хэсэгт заасан эрсдэлийн үнэлгээ, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар баталсан дотоод хяналтын хөтөлбөр зэрэгт суурилан зайны болон газар дээрх хяналт шалгалтын давтамж, цар хүрээг тодорхойлно.

Арав.Хяналт шалгалтын ажлын нэгдсэн үнэлгээ

10.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд нэгдсэн үнэлгээ, дүгнэлт өгөхдөө шалгалтын ажлын хэсэг дараах зарчмыг баримтална:

10.1.1 Шалгалтын ажлын хэсгийн гишүүд нь өөрсдийн хариуцаж хяналт шалгалт хийсэн чиглэлээр энэ журамд заасан үнэлгээ өгнө.

10.1.2 Шалгалтын ажлын хэсгийн ахлагч нь хэсэг тус бүр төгсөн үнэлгээг харгалзан нэгдсэн үнэлгээ өгнө. Шалгалтын хэсгийн бүх гишүүд гарын үсэг зурж, шалгалтын хэсгийн ахлагч улсын байцаагчийн тэмдэг дарж нэгдсэн үнэлгээг баталгаажуулна.

10.1.3 Нэгдсэн үнэлгээг харгалзан мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг дараах байдлаар дүгнэж болно:

a) 1 буюу хууль тогтоомжийг хэрэгжүүлж байна;

b) 2 буюу хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай;

c) 3 буюу хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй.

10.2 Тодорхой мэдээллийн дагуу хийгдсэн төлөвлөгөөт бус шалгалтын дараа нэгдсэн үнэлгээ хийгдэхгүй. Зөвхөн мэдээлэлтэй холбоотой хянан шалгагч, улсын байцаагчийн дүгнэлт гарч түүний дагуу шаардлагатай арга хэмжээг авна.

Арван нэг. Хяналт шалгалтын тайлан

11.1.Газар дээрх хяналт шалгалтын ажлыг хийж дууссаны дараа улсын байцаагч нар шалгалтаар илэрсэн нөхцөл байдал, алдаа дутагдал,тэдгээрийг нотлох баримт, дүгнэлт зэргийг багтаасан дэлгэрэнгүй тайлан боловсруулж гаргана. Тайланд дараах мэдээллүүд багтсан байна. Үүнд:

11.1.1.Хяналт шалгалт явуулах үндэслэл, хамрах хүрээ, хяналт шалгалт хийсэн хугацаа;

11.1.2.Хяналт шалгалтад хамрагдсан этгээд, түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, хяналт шалгалтын үйл ажиллагааг гүйцэтгэсэн улсын байцаагч нарын нэрс;

11.1.3.Хяналт шалгалтад хамрагдсан мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд холбогдуулан цуглуулсан мэдээлэлд хийсэн дүгнэлт;

11.1.4.Шалгалтын явцад илэрсэн бусад алдаа дутагдал;

11.1.5.Илэрсэн алдаа, дутагдал, тэдгээрийг нотлох баримт

11.1.6.Нэгдсэн үнэлгээ;

11.1.7.Зөвлөмж болон санал болгосон арга хэмжээ.

11.1.8. Бусад

Арван хоёр. Хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулах

12.1 Хяналт шалгалт дууссанаас хойш ажлын таван өдөрт багтааж хяналт шалгалтын дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны даргад танилцуулна.

12.2 Хяналт шалгалтын дүгнэлт нь дараах мэдээллийг агуулсан байна:

12.2.1.Тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдэд хийгдсэн хяналт шалгалтын чиглэл, арга, хамрагдсан хүрээ, хяналт шалгалтыг хийсэн огноо.

12.2.2.Улсын байцаагчийн актад хууль тогтоомж зөрчигдсөнийг нотлох баримтыг хавсаргасан байна.

12.2.3.Тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэгдсэн дотоод журмынх нь хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийсэн байна.

12.2.4.Шалгалтын явцад газар дээр нь шууд засч залруулж болох алдаа,дутагдалыг залруулах шуурхай арга хэмжээ авсан бол тэмдэглэл хийсэн байна.

12.2.5.Шалгалтын явцад санал гомдол хүлээн авсан, харьяаллын дагуу хэрхэн шийдвэрлэсэн.

12.2.6.Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар нотлох баримттай дүгнэлт өгсөн байна.

12.3 Шалгалтын дүнг мэдээлэх үүрэгтэй этгээд хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шалгалтын дүгнэлт эсхүл мэдэгдэлтэй танилцсанаас хойш ажлын 14 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хорооны даргад бичгээр гомдол гаргаж болно.

12.4 Шалгалтын дүгнэлт, холбогдох материалыг тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувийн хэрэгт хавсаргана.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ. БУСАД

Арван гурав. Бусад

13.1.Шалгалтын явцад Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч, хянан шалгагч нь холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөн тухай гомдлыг хяналт шалгалтад хамрагдаж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээд Хорооны удирдлагад гомдол гаргаж болно.

13.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийнэтгээд, албан тушаалтанд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

----ОоО----