- Нүүр
- Сайдын тушаал
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ,ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын
2018 оны11 дүгээр сарын 17 өдрийн
А/443 дугаар тушаалын хавсралт
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ,ТЭЭВЭРЛЭХ,
ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага (цаашид “Тавигдах ерөнхий шаардлага” гэх) нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилгоор хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах ерөнхий шаардлага болон үйл ажиллагааны харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хог хаягдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1.3. Монгол улсын нутаг дэвсгэр дэх энгийн хатуу хог хаягдалтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд хог хаягдал ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид эрх бүхий этгээд гэх) болон хог хаягдлыг үүсгэгч этгээдэд хамаарна.
1.4. Энгийн хог хаягдал гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.3-т заасныг ойлгоно.
1.5. Хог хаягдлын тухай хуулийн 9.1.3-т заасан журмыг боловсруулахад энэхүү ерөнхий шаардлагыг удирдлага болгоно.
1.6. Хог хаягдал үүсгэгч этгээд анхдагч эх үүсвэр дээр хог хаягдал үүсгэхдээ болон эрх бүхий этгээд эрхлэх үйл ажиллагааны явцад дараах зарчмыг баримтална.
1.6.1. Хог хаягдал аль болох үүсгэхгүй байх;
1.6.2.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах боломжийг бүрдүүлэх, эрэлхийлэх;
1.6.3.Шинэ санаа, санаачлага гаргах, нэвтрүүлэх;
1.6.4. Шинэ арга, техник, технологи нэвтрүүлэх;
1.6.5. Хог хаягдал ангилан ялгах ажлыг ногоон буюу байгаль орчинд ээлтэй сэтгэлгээгээр хийж, хэрэгжүүлэх;
1.6.6. Олон улсын дэвшилтэт техник, технологи нутагшуулах;
1.6.7. Хог хаягдлын талаарх мэдлэг боловсролийг дээшлүүлэх;
1.6.8. Хүрээлэн буй орчин, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог хангах;
ХОЁР. ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГАБОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Энгийн хог хаягдал ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин ашиглах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага
2.1.1. Энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 14.2-т заасны дагуу зохих шатны засаг даргатай гэрээ байгуулсан, Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлсэн бүртгэлийн дугаар бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
2.1.2. Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, устгах, булшлахүйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 9.3.2-т заасан зөвшөөрөл бүхий, 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлсэн бүртгэлийн дугаар бүхий аж ахуй нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
2.1.3. Энгийн хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий этгээд Хог хаягдлын тухай хуулийн 8.1.3-д заасан журмын дагуу хог хаягдлын мэдээ тайланг тогтмол, заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
2.1.4 Энгийн хог хаягдал дахин ашиглах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч нь Байгальорчныг хамгаалах тухай хуулийн 7-р зүйлийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэнэ.
2.1.5. Хог хаягдлыг үүсгэгч болон Эрх бүхий этгээд нь зөвхөн энгийн хог хаягдал ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах ба аюултай хог хаягдал энэ тавигдах шаардлагад хамаарахгүй.
2.2. ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.2.1.Хог хаягдлыг ангилах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.7-д заасныг ойлгох ба энэхүү тавигдах ерөнхий шаардлагын 2.2.2-2.2.8-т заасан ерөнхий шаардлага хамаарна.
2.2.2. Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь үүсгэж буй энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр болон үйл ажиллагааны явцад дахин ашиглах, хүнсний хаягдал, үнс болон бусад гэсэн төрлөөр заавал ангилна.
а/. Дахин ашиглах боломжтой хог хаягдалд дараах хог хаягдал хамаарна:
- Цаас /хэт бохирдоогүй сонин, сэтгүүл, дэвтэр, бичгийн цаас,төрөл бүрийн боодлын цаас,картон цаас,сүү,жүүсний тетрапак савалгаа/
- Хуванцар /төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, 0,025 мм-ээс дээш зузаантай гялгар уут, баглаа боодол кетчуп, ургамлын тос, бие угаагч шингэн, шампунь, угаалгын шингэний хуванцар сав, гм/
- Хөнгөн цагаан, төмөр, метал, зэс,гууль, тэдгээрээр хийсэн зүйл;
- Шил /хүнсний болон бүх төрлийн шилэн сав, шилэн эдлэл/;
- Лааз;
- Мод, модон эдлэлийнхаягдал;
- Хувцас, даавуун эдлэл;
- Савхи, резин;
- Өвс, мод.
б/. Хүнсний хог хаягдалд дараах хог хаягдал хамаарна:
- Хоолныүлдэгдэл;
- Хүнсний ногоо, жимсний хальс, үлдэгдэл;
- Яс;
- Хэрэглэсэнхүнснийтос.
в/. Үнсэнд дараах хаягдал хамаарна:
- Өрхийн;
- Халаалтын болон нам даралтын зуух;
- Цахилгаан болон дулааны станцын зуух.
г/. Бусад хог хаягдалд дараах хог хаягдал орно:
- Хэт бохирдсон дахин ашиглах боломжгүй хог хаягдал;
- Байгаль орчинд сөрөг нөлөөгүй мал, амьтны сэг зэм, ургамлын хог
хаягдал;
- Барилгын болон тусгаарлах материалаас гарсан дахин ашиглах
боломжгүй хог хаягдал;
- Боловсруулсан дахин ашиглах боломжгүй бохир хөрс, шороо, чулуу,
элс, хайрга;
- Хаягдал халдваргүйжүүлэх төхөөрөмжөөс гарсан дахин ашиглах
боломжгүй хог хаягдал, далан, усан сангийн лав /үйлдвэрийн цэвэрлэх байгууламжаар гарах лаваас бусад/;
- Ахуйн болон үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний дахин ашиглах
боломжгүй, аюулгүй хог хаягдал;
- Дахин ашиглах боломжтой хог хаягдлын ангилалд ороогүй бусад
зөвшөөрөгдсөн хог хаягдал
2.2.3. Дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий этгээдийн хэрэгцээ шаардлага, тухайн орон нутгийн онцлог, шаардлагад тулгуурласан төрлөөр хог хаягдлыг ангилан ялгаж болно.
2.2.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ангилсан хог хаягдлаа зориулалтын дагуу Эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
2.2.5. Эрх бүхий этгээд ангилсан хог хаягдал тус бүрийг зориулалтын газар хүргэх ажлыг зохион байгуулна.
2.2.6. Хог хаягдлыг ангилах төрөл, зүйлийг энэхүү тавигдах ерөнхий шаардлагын 2.1.2-т заасныг үндэслэн орон нутгийн онцлогоос хамаарч тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
2.2.7. Хогийн савны хэмжээ, төрөл, хэлбэр, өнгийг орон нутгийн онцлогоос хамаарч тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох ба дараах ерөнхий шаардлагыг мөрдөнө.
а. Ангилан ялгах хог хаягдлын төрлөөр хогийн савыг өнгөөр ялгасан, эсвэл ангилах ялгах зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий байж болно.
б. Айл өрхийн гэрт 5-10, хашаанд 80-120, байгууллагын дотор 10-40, гадна 80-150 литрийн багтаамжтай;
в. Цоорч гэмтээгүй, шингэн нэвчихгүй, угааж цэвэрлэхэд хялбар;
г. Тагтай, хуванцар, метал материалаар хийгдсэн;
д. Салхин доор, гэр байшин, хүнс боловсруулах, хадгалах газар, хүүхдийн тоглоомын талбайгаас 20-30 метрт байрлуулсан;
е.Хогийн сав байршуулах талбайн хөрсийг тэгшлэн, нягтаршуулсан, цементлэсэн, зориулалтын хавтан, дэвсгэр дэвссэн;
ж. Тээврийн хэрэгсэл чөлөөтөй нэвтрэх зай талбайтай;
2.2.8. Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
2.3. ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.3.1. Энгийн хог хаягдлыг цуглуулах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.8-д заасныг ойлгох ба хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна энэхүү тавигдах ерөнхий шаардлагын 2.3.2-2.3.5-д заасан ерөнхий шаардлага хамаарна.
2.3.2. Хог хаягдлын тухай хуулийн 14.2-т заасан гэрээнд хог хаягдал цуглуулах төрөл, хэлбэр, хогийн цэгийн байршил, ажиллах цагийн хуваарь, орчны тохижилт, ариун цэврийн шаардлагын талаар тодорхой тусгасан байна.
2.3.3. Хог хаягдлыг цуглуулах зориулалт бүхий сав, төхөөрөмж гэж энгийн хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах зорилгоор хог хаягдлыг цуглуулж байгаа хог хаягдал үүсгэгчийн ойролцоо байршуулсан савыг хэлэх ба дараах ерөнхий шаардлага хангасан байна.
а. Хог хаягдал цуглуулах сав, төхөөрөмжийг сум, хорооны Засаг даргын зөвшөөрсөн хэлбэр, хэмжээ, зориулалт болон заасан газарт байгуулна.
б. Орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахааргүй газар байна.
в. Хог хаягдал хийсэх, агаар болон хөрсөнд тархах, шингэх, уусах, үнэр тархахгүй нөхцлийг бүрдүүлсэн байна.
г. Хог хаягдлын төрөл, ангиллын мэдээллийг ил харагдахуйц байршуулсан байна.
д. Байгаль орчинд сөргөөр үл нөлөөлөх нөхцлөөр буюу чанарын шаардлага хангасан байна.
е. Тээвэрлэх зориулалт бүхий уяа, дэгээтэй, хог хаягдал ачих тээврийн хэрэгсэлд зориулагдсан байна.
ж. Хог хаягдал цуглуулах зориулалт бүхий сав, төхөөрөмжийн хог хаягдал хадгалах, цуглуулах багтаамж 3 хоногоос ихгүй байна.
2.3.4. Хог хаягдал цуглуулах иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ажилтан нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.
а. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зохих мэдлэгтэй байх;
б. Хөдөлмөр хамгааллын нэг бүрийн хэрэгсэл хэрэглэх;
в. Хог хаягдал цуглуулах үйл ажиллагааны бүрэн мэдлэгтэй, хог хаягдал үүсгэгчийн онцлогийг тодорхойлох чадвартай байх.
2.3.5. Хог хаягдлын цуглуулахдаа ангилан ялгасан хог хаягдал тус бүрээр цуглуулна.
2.4. ХОГ ХАЯГДЛЫГ ТЭЭВЭРЛЭХЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.4.1. Энгийн хог хаягдлыг тээвэрлэхэд Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна энэхүү тавигдах ерөнхий шаардлагын 2.4.2-2.4.5-т заасан ерөнхий шаардлага хамаарна.
2.4.2. Хог хаягдал тээвэрлэх эрх бүхий этгээдийн Хог хаягдлын тухай хуулийн 9.4.2-т заасан гэрээнд дараах зохицуулалтыг тусгана.
а. Хог тээвэрлэх график, маршрутыг жил, улирал, сараар гаргаж, хог хаягдал тээвэрлэх гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт багтаан сум, дүүргийн Засаг даргаар батлуулна.
б. Дуудлагаар хог хаягдал тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж болох ба энэ талаар гэрээнд тодорхой тусгана.
2.4.3. Хог хаягдлыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь Хог хаягдлын тухай хуулийн 14.6, 14.8-т заасан шаардлагаас гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.
а. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хог хаягдлыг цуглуулсан сав, төхөөрөмжөөр шууд ачих зориулалтын автомат төхөөрөмж, механизмтай;
б. Тээвэрлэх хог хаягдлын төрөл, ангиллыг заасан тэмдэг, тэмдэглэгээтэй;
в. Хог хаягдлыг ачиж буулгахад асгарч, хийсч, гоожихгүй таг, хучлага бүхий битүүмжлэлтэй;
г. Галын хор, анхан тусламжийн хэрэгсэл, дугуйн ивүүр, суудлын бүс зэрэг аюулгүй ажиллагааны шаардлага хангасан;
д. Хотын өнгө үзэмжид нийцсэн цэвэрхэн, тээврийн хэрэгслийн стандарт шаардлагыг хангасан хэмжээтэй;
е. Хог хаягдлыг гар аргаар, хүрзээр болон зориулалтын бус савтай хог хаягдал ачихгүй ба хог ачих хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, орчны бохирдол үүсгэхгүй аргыг нэвтрүүлсэн.
2.4.4. Хог хаягдал тээвэрлэх жолооч, ачигч, туслах ажилтан Хог хаягдлын тухай хуулийн 14.7-д зааснаас гадна дараах шаардлагыг хангана.
а.Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл өмсөж, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж ажиллана.
б.Харилцааны соёлд суралцсан, хог хаягдлын талаарх нийгмийн хариуцлагаа ухамсарласан ажиллах хүчин байна.
в.Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж, зохих ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох жолооны үнэмлэхтэй байна.
2.4.5. Хог хаягдал тээвэрлэх үйл ажиллагаа нь Хог хаягдлын тухай хуулийн 14.5, 14.8-д зааснаас гадна дараах шаардлагыг хангаж ажиллана.
а. Хог хаягдлыг батлагдсан чиглэл, маршрут, хуваарийн дагуу тээвэрлэнэ.
б. Ангилан ялгасан хог хаягдал тус бүрээр тээвэрлэлт хийнэ.
в. Тээврийн чиглэл, хуваарийг газарзүйн мэдээллийн системийн байршил тогтоох системд оруулж, хяналт, мэдээллийн системийн хүртээмжийг бий болгоно.
2.5. ХОГ ХАЯГДЛЫГ СЭРГЭЭХ АШИГЛАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.5.1. Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.11-д заасныг ойлгох ба хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна энэхүү тавигдах ерөнхий шаардлагын 2.5.2-2.5.4. заасан ерөнхий шаардлага хамаарна.
2.5.2. Хог хаягдлыг дараах байдлаар ашигласныг сэргээн ашиглах гэж үзнэ.
а. Хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй технологиор, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зориулалтын байгууламж, тоног төхөөрөмжид зөвшөөрсөн газарт шатааж, эрчим хүч /цахилгаан, дулаан, халуун ус/ үйлдвэрлэх
б. Байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр, зөвшөөрсөн арга, технологиор хог хаягдлыг нэрэх, угаах, ариутгах, цэвэрлэх, сэргээх аргаар боловсруулж, эргүүлэн ашиглах чанарын шаардлага хангасан, эдийн засгийн хувьд ашигтай болгож хог хаягдлыг анхны хэлбэрт оруулах
2.5.3. Хог хаягдлыг сэргээн ашиглах үйл ажиллагаа нь Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
а. Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан газар нутаг, суурин газарт өндөр даралт болон битүүмжлэл бүхий хог хаягдал шатаах зориулалтын, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчны холбогдох байгууллага хүлээн зөвшөөрсөн жижиг оврын хог хаягдал шатаах байгууламж ашиглан дулаан, халуун ус үйлдвэрлэж хог хаягдлыг сэргээн ашиглаж болно.
б. Энэхүү тавигдах ерөхий шаардлагын 2.5.2.б-д заасан аргаар хог хаягдлыг сэргээн ашиглахдаа эрх бүхий этгээд өөрийн үйлдвэрийн байранд, өөрийн эзэмшсэн техник технологийн дагуу хог хаягдлыг нэрэх, цэвэрлэх, сэргээх үйл ажиллагаа эрхэлж болно.
в. Хог хаягдал сэргээн ашиглах технологи нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сэргээн ашигласан бүтээгдэхүүн нь хүн, мал, амьтан, ургамалд хор хөнөөлгүй байна.
г. Сэргээн ашиглах үйл ажиллагааны холбогдох зөвшөөрлыг зохих шатны Засаг даргаас авсан байна.
2.5.4. Хог хаягдлыг сэргээн ашиглах байгууламж нь Хог хаягдлын тухай хуулийн 17.1-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
а. Байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологи бүхий байна.
2.5.5. Хог хаягдлыг сэргээн ашиглах үйл ажиллагааны ажиллах хүчин нь Хог хаягдлын тухай хуулийн 16.5-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
а. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан;
б. Хог хаягдал дахин сэргээх байгууламжийн зорилго, үр дүнг тодорхойлох чадвартай, техник технологийг бүрэн эзэмшсэн.
2.6. ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.6.1. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.12-д заасныг ойлгох ба хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна энэхүү шаардлагын 2.6.2-2.6.7-т заасан ерөнхий шаардлага хамаарна.
2.6.2.Дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч Эрх бүхий этгээд түүхий эд болох хог хаягдлыг өөрөө болон хог хаягдал цуглуулах эрх бүхий этгээдээр дамжуулан цуглуулж болно.
2.6.3. Хог хаягдал дахин боловсруулах арга, технологи нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт техник технологи байна
2.6.4. Дахин боловсруулах үйлдвэрээс гарсан шинэ бүтээгдэхүүн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчинд аюулгүй хүний хэрэгцээ шаардлагыг хангасан байна.
2.7. ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.7.1. Энгийн хог хаягдлыг устгах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.20-д заасныг ойлгох ба хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна энэхүү тавигдах ерөнхий шаардлагын 2.7.2-2.7.5. заасан ерөнхий шаардлага хамаарна.
2.7.2. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор энгийн хог хаягдлыг устгахад дараах төрлийн үйл ажиллагаа хамаарна.
а. Хог хаягдлын төвлөрсөн цэгт эрх бүхий этгээд зориулалтын тоног төхөөрөмжөөр ландфилл аргаар газарт булшлах;
б. Химийн аргаар зарим төрлийн хог хаягдлыг урвалд оруулж, боловсруулж устгах;
в. Биологийн аргаар байгаль орчинд ээлтэй нөхцлөөр боловсруулж устгах;
г. Зориулалтын байгууламжид байгальд ээлтэй технологиор хог хаягдлыг шатаах;
д. Хог хаягдлыг халдваргүйжүүлж, байгальд хоргүй болгож устгах;
2.7.3. Энгийн хог хаягдлыг савлаж хадгалах арга хамаарахгүй.
2.7.4. Хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаа хийгдсэний дараа үлдсэн хог хаягдлыг энэ шаардлагын 2.7.2-д заасан аргын аль тохирохыг ашиглан хог хаягдлыг устгана.
2.7.5. Хог хаягдлыг зориулалтын дагуу устгахдаа байгаль орчинд ээлтэй технологиор, олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн арга, техник хэрэгслээр устгана.
2.7.6. Энэ шаардлагын 2.8.1-д заасан аргыг аль болох ашиглахгүй, бусад аргыг ашиглахыг нэн тэргүүнд тавина.
2.8. ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХАД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2.8.1. Энгийн хог хаягдлыг булшлах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.14-д заасныг ойлгох ба хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна энэхүү тавигдах ерөнхий шаардлагын 2.8.2-2.8.5. заасан ерөнхий шаардлага хамаарна.
2.8.2. Байгальд 5-10 жилд хоргүйгээр уусч алга болох хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зөвшөөрөгдсөн ландфилл талбайд зориулалтын тоног төхөөрөмжөөр булшилна.
2.8.3. Байгальд 10-аас дээш жилийн дараа уусах, байгальд хортой нөхцөл үүсгэх хог хаягдлыг булшлахаас бусад аргаар устгана.
2.8.4. Хог хаягдлыг булшлах ажиллагаа нь дэлхийн эрүүл мэндийн болон байгаль орчны холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу байгаль орчинд хоргүй нөхцөлөөр, ландфилл аргаар хийгдэнэ.
2.8.5. Энгийн хог хаягдал булшлах төвлөрсөн цэгт тавигдах шаардлага болон зохицуулах харилцааг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар”-аар зохицуулна.
ГУРАВ. БУСАД ЗҮЙЛ
3.1. Энгийн хог хаягдал ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд дараах этгээдүүд хяналт тавина.
3.1.1. Иргэн;
3.1.2. Төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчид;
3.1.3. Хувийн хэвшлийн хуулийн этгээд, байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчид;
3.1.4. Хэсгийн ахлагч, орон нутгийн идэвхтэн гишүүд;
3.1.5. Цагдаа, олон нийтийн хэв журам сахиулах байгууллага, иргэн, албан тушаалтан;
3.1.6. Олон улсын байгууллага;
3.1.7. Орон нутгийн төлөөлөгч, бүрэн эрхэт гишүүд;
3.1.8. Мэргэжлийн хяналтын байцаагч;
3.1.9. Хог хаягдлын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан;
3.1.10. Байгаль хамгаалагчид.
3.2. Энэ тавигдах шаардлагыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэл эрүүгийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Хог хаягдлын тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН
УДИРДЛАГЫН ГАЗАР
Текст томруулах
A
A
A