A

A

A

Бүлэг: 1979

Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/122 дугаар тушаалын  нэгдүгээр хавсралт

 

АЛБАН ТУШААЛТНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ /шинэчилсэн найруулга/

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1 Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “Мэдүүлэг” гэх/,  ашигсонирхлынзөрчилгүйгэдгээилэрхийлсэнмэдэгдэл /цаашид “мэдэгдэл” гэх/, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн нөхцөлд бичгээр гаргасан тайлбар /цаашид “тайлбар” гэх/-ын талаар хүсэлт гаргасан иргэн, албан тушаалтан, байгууллагад  мэдээлэл өгөх, Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр мэдээлэхтэй  холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

            1.2 Энэ зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан мэдээлэл өгөхөд Хувь хүний нууцын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хувь хуний нууцын тухай хууль, энэ журмыг баримтална.

             1.3 Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбартай холбоотой мэдээлэл нь хувь хүний нууцад, хүсэлтийн агуулга, мэдээлэл авсан иргэн, албан тушаалтан, байгууллагын талаарх мэдээлэл нь албаны нууцад хамаарна.

             1.4 Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбартай холбоотой мэдээллийг түүнийг хадгалж байгаа байгууллагын удирдах албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн олгоно.

 

Хоёр. Мэдээлэх хэлбэр, хугацаа

           2.1 Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр, батлагдсан маягтын дагуу жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, иргэд, олон нийтийг энэ тухай мэдээлэл авах боломжоор хангана.

           2.2 Иргэн, албан тушаалтан, байгууллага хүсэлт гаргавал мэдүүлгийг зөвхөн батлагдсан маягтын дагуу хураангуй хэлбэрээр, мэдэгдэл, тайлбарыг эххувиарньтус тус танилцуулна.

          2.3 Энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан байгууллага мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэж, хадгалж буй байгууллагад хандан албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаарх мэдээллийг ирүүлэх хүсэлт албан ёсоор ирүүлсэн тохиолдолд нэн даруй шийдвэрлэж, баталгаажуулан хариу өгнө. Шаардлагатай гэж үзвэл Авлигатай тэмцэх газар мэдүүлгийг цахим системээс эх хувиар нь хэвлэж, баталгаажуулж хүргүүлнэ.

 

Гурав. Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар

мэдээлэл өгөх

          3.1 Иргэн нийтийн албан тушаалтны мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар мэдээлэл авах хүсэлтийг тухайн албан тушаалтны мэдүүлгийг хадгалж буй байгууллагын удирдлагад энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан маягтын дагуу биечлэн эсхүл цахимаар гаргана.

          3.2.Хүсэлтийг хүлээн авснаас хойш тухайн байгууллагын удирдлага ажлын 3 өдөрт хянан үзэж, энэхүү журмаар тогтоосон хүрээнд мэдээлэл өгөх зөвшөөрлийг зөвхөн бичгээр олгоно.

             3.3. Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар мэдээлэл өгөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдвол энэ тухай үндэслэлээ хүсэлт гаргагчид тайлбарлах ба  шаардлагатай гэж үзвэл албан ёсоор хариу өгнө.  

            3.4 Тухайн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан /цаашид “ЭБАТ” гэх/ энэ журмын 3.2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл авахыг хүссэн иргэний овог, нэр, оршин суугаа хаягийг иргэний үнэмлэхтэй тулган, холбогдох утасны дугаар, холбогдох бусад мэдээллийг хянаж үзнэ. 

             3.5 Энэ журмын 3.4 дэх хэсэгт зааснаар мэдээллийг хянах явцад ямар нэг зөрчил илрээгүй бол Хувь хүний нууцын тухай хууль, энэ журмыг урьдчилан танилцуулсны дараа энэхүү журмын гурав, дөрөвдүгээр хавсралтад заасан маягтын дагуу мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр саадгүй гаргаж өгнө.

             3.6 ЭБАТ мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар мэдээлэл авах хүсэлт, мэдээлэл өгсөн тухай бүртгэлийг хөтөлж энэ тухай тайланг жил бүр Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. Иргэний хүсэлтийг тухайн байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивын нэгж болгон архивт шилжүүлнэ.

             3.7 Энэ журмын 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухайн иргэн Авлигатай тэмцэх газарт хандан мэдээлэл авах хүсэлт гаргаж болно.

            3.8 Авлигатай тэмцэх газар хүсэлтийг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

Дөрөв. Бусад

          4.1 Хуулиар тусгайлан эрх олгогдсон шүүх, прокурор, цагдаа, тагнуулын болон бусад эрх бүхий төрийн байгууллага зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэгтэй танилцаж, мэдээлэл авч болно. 

          4.2 Энэ журмын 4.1 дэх хэсэгт заасан байгууллагаас Авлигатай тэмцэх газарт гаргасан албан ёсны хүсэлтийг үндэслэн мэдүүлгийн хуулбарыг өгч болох ба энэ тухай бүртгэл хөтөлнө.  

         4.3 Энэ журамд зааснаас бусад тохиолдолд мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар мэдээлэх, мэдээлэл өгөх, зөвшөөрөл олгохыг хориглоно.

         4.4 Энэ журмын 4.3-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон буруутай албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---000---