- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- АЛБАН ТУШААЛТАН ӨӨРТ НОГДУУЛСАН САХИЛГЫН ШИЙТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД БОЛОН НИЙТЭД ӨӨРИЙН ЗАРДЛААР ХҮРГЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖУРАМ
Авлигатай тэмцэх газрын даргын
2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/123 дугаар тушаалын хавсралт
АЛБАН ТУШААЛТАН ӨӨРТ НОГДУУЛСАН САХИЛГЫН ШИЙТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД БОЛОН НИЙТЭД ӨӨРИЙН ЗАРДЛААР ХҮРГЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖУРАМ
/Шинэчилсэн найруулга/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар нийтийн албан тушаалтан (цаашид “албан тушаалтан” гэх) Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль(цаашид “Хууль” гэх)-ийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан нийтийн албан тушаалтанд хүлээлгэсэн сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг сахилгын зөрчлийн талаар мэдээлэгч, гомдол гаргагч, нийтийн албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн бусад этгээд (цаашид “холбогдох этгээд”)-дболон нийтэд өөрийн зардлаар хүргэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү журмыг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1дэх хэсэгт заасан албан тушаалтан, эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан дагаж мөрдөнө.
1.3. Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд хүргэхтэй холбогдон гарах шуудан холбооны зардал, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх үйлчилгээний үнэ, хөлсийг сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан хариуцна.
1.4. Сахилгын шийтгэл хүлээлгэсэн тухай мэдээллийг бэлтгэх, холбогдох этгээдэд хүргэх, нийтэд мэдээлэх үүргийг сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан өөрийн байгууллагын Захиргааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжидхариуцуулна.
1.5. Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээдэд хүргэх болон нийтэд мэдээлэхтэй холбогдон гарах зардлыг сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтнаас гаргуулан авах үүргийг энэ журмын 1.4-т дурдсан нэгжийн дарга хариуцан гүйцэтгэнэ.
1.6. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийн талаарх мэдээллийг уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох этгээдэд хүргэж, нийтэд мэдээлнэ. Мэдээллийг холбогдох этгээдэд хүргэх, нийтэд мэдээлэхэд тухайн албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байхыг шаардахгүй.
1.7. Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэл нь шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй болох нь тогтоогдсон тохиолдолд мэдээллийг нэн даруй холбогдох этгээдэд хүргэж, нийтэд мэдээлнэ.
Хоёр. Холбогдох этгээдэд хүргэх
2.1. Албан тушаалтан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож, хууль тогтоомжид заасан шийтгэл хүлээлгэсэн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон тухайн албан тушаалтны харьяалах дээд шатны байгууллагын удирдлагад албан бичгээр хүргүүлнэ.
2.2. Харьяалах дээд шатны байгууллагын удирдлагад хүргүүлэх албан бичигт сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийн хуулбарыг хавсаргана.
2.3. Хуульд заасан албан тушаалтанд хязгаарласан болон хориглосон хэм хэмжээг зөрчихгүй байх, ашиг сонирхлын зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн тухай шийдвэрийг байгууллагын албан хаагчдад танилцуулна.
Гурав. Нийтэд мэдээлэх
3.1. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх мэдээллийг дараахь хэлбэрийн аль нэгээр нийтэд мэдээлнэ.
3.1.1. Орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;
3.1.2. Харьяалах байгууллагын цахим хуудсанд байршуулах;
3.1.3. Мэдээллийн самбарт байршуулах.
3.2. Журмын 3.1.2, 3.1.3-т заасан мэдээллийг Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 48 дугаар зүйлийн 48.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацааг дуустал байршуулна.
3.3. Нийтэд хүргэх мэдээлэлд сахилгын шийтгэл хүлээсэн этгээдийн овог, нэр, байгууллагын нэр, албан тушаал, сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэл, сахилгын шийтгэлийн төрлийг тусгана.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан талаарх мэдээллийг холбогдох этгээдэд хүргэсэн болон нийтэд мэдээлсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор журмын 2.1, 3.1-т заасан мэдээллийг тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр (хуулбар)-ын хамт эсхүл холбогдох мэдээллийг цахим хэлбэрээр Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.
4.2. Авлигатай тэмцэх газар хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан хяналтыг хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудаас ирүүлсэн мэдээлэл, шийдвэрийг хүлээн авч, нэгдсэн сан үүсгэнэ. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.
4.3. Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэл нь шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй, эсхүл илт хууль бус акт болох нь тогтоогдсон, эсхүл Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага өөрөө хүчингүй болгосон, нэмэлт өөрчлөлт оруулсан бол энэ тухай баримтыг, санд өөрчлөлт оруулах саналын хамт ажлын 5 өдрийн дотор Авлигатай тэмцэх газартхүргүүлнэ.
4.4. Албан тушаалтанд ногдуулсан сахилгын шийтгэл нь шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй болох нь тогтоогдсон тохиолдолд энэ тухай журмын 1.4-т дурдсан нэгжээс холбогдох этгээдэд мэдэгдэх ба журмын 1.3-т заасан зардал, үйлчилгээний үнэ, хөлсийг буцаан олгохтой холбоотой асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 101, 103 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
4.5. Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаар холбогдох этгээдэд хүргэх, нийтэд мэдээлэхтэй холбоотой зардлыг гаргаагүй нь мэдээлэл хүргэх, нийтэд мэдээлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
...о0о...
Текст томруулах
A
A
A