A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАН, ЗУД, УС, ЦАГ АГААРЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 286-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАН, ЗУД, УС, ЦАГ АГААРЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 286-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 190

Ган, зуд, ус, цаг агаарын гэнэтийн аюул, гамшгаас улс оронд учирч байгаа хохирол, хор уршгийг багасгах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Ган, зуд болох эсэх тухай мэдээллийг 6 сараас доошгүй хугацааны өмнө, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээллийг тухай бүр аймаг, сумын нутаг дэвсгэрээр нарийвчлан гаргаж, тэдгээрээс хамгаалах бэлтгэл хангахуйц хугацааны өмнө урьдчилан мэдээлж байх арга хэмжээг 2001-2003 онд үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболд, уг ажилд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл авах хөрөнгийн гадаад, дотоод эх үүсвэрийг жил жилийн төвлөрсөн төсөвт тусгах замаар шийдвэрлэж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

2. Ган, зуд, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн талаар шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах асуудлыг шийдвэрлэж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.

3. "Ган, зуд, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, "Нийтийн хэрэгцээнд зориулсан сэрэмжлүүлэх мэдээнд орох цаг агаарын аюултай үзэгдлийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор, "Нийтийн хэрэгцээнд зориулсан урьдчилан сэргийлэх мэдээнд орох цаг агаарын нэн аюултай буюу гамшигт үзэгдлийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

4. Хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад хийх, ноцтой бэрхшээл учруулах, түүнчлэн иргэдийн амь нас, эд хөрөнгө хохироход хүргэж болох цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай сэрэмжүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг холбоо, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр шуурхай дамжуулан нийт иргэд, төр, засгийн бүх шатны удирдлагад хүргэж байхыг Байгаль орчны сайд У.Барсболд, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Орон нутгийн оршин суугчид, түүний дотор малчид, тариаланчид, тээвэрчдийг бага оврын радио хүлээн авагч, зай тэжээлээр зах зээлийн зарчмын дагуу хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Аймаг, сумдын ус цаг уурын салбаруудыг эрчим хүчний бие даасан эх үүсгүүр, харилцаа холбоогоор найдвартай хангах, түүнчлэн ган, зудын байдал, байгалийн аюул гамшгийн хохирлыг газар дээр нь судлан тодорхойлох, бэлчээрийн гарц, таримал ургамлын ургацыг нарийвчлан тогтоох зэрэг ажилд шаардагдах унаа, шатахууны болон бусад зардлыг жил бүрийн төсөвт нь тусгах арга хэмжээ авч байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

7. Бэлчээрийн ургацыг баг, сум бүрээр тодорхойлсны үндсэн дээр жил бүрийн 9 дүгээр сард багтаан бэлчээрийн багтаамжийг тооцоолон сум, аймгийн болон улсын хэмжээгээр мал өвөлжилт, хаваржилтыг зохион байгуулах, тариаланчид, тээвэрчид, оторчдод зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шуурхай төлөвлөгөө боловсруулан мөрдүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Байгаль орчны сайд У.Барсболд, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

8. Гамшигт үзэгдлийн мэдээллийн сан байгуулах, ган зуд, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, түүнээс учирсан хохирол, байгаль, цаг уурын ховор үзэгдлийн тухай мэдээлэл, гэрэл зураг, дүрс бичлэг бүхий материалыг байгууллага, иргэдээс худалдан авч, уг санг баяжуулж байхыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.

9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгаль, цаг агаарын гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.