- Нүүр
- Сайдын тушаал
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨВЛӨРСӨН ЦЭГ БАЙГУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, ХААХ АРГАЧИЛСАН ЗААВАР
Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн
А/445 дугаар тушаалын хавсралт
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТӨВЛӨРСӨН ЦЭГ БАЙГУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, ХААХ АРГАЧИЛСАН ЗААВАР
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энгийн хатуу хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн болон бүрэн хаах үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангахад энэхүү аргачлалын үндсэн зорилго оршино.
1.2. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон эдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1.3. Хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасны дагуу бүртгэлд хамрагдсан, энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах булшлах үйл ажиллагааг зохих шатны Засаг даргаас сонгон шалгаруулж эрх олгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрхлэн явуулна.
1.4. Энэхүү заавар нь зөвхөн энгийн хатуу хог хаягдалд хамаарна.
ХОЁР. ТӨВЛӨРСӨН ЦЭГ БАЙГУУЛАХ
2.1. Хог хаягдлын төвлөрсөн цэгийг төлөвлөх
2.1.1. Хог хаягдлын тухай хуулийн 17.2-т заасны дагуу төвлөрсөн цэгийг ландфилийн бүтэц, булшлах технологиос хамаарч төлөвлөнө.
2.1.2. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн зэрэглэлийг дээшлүүлэн дахин төлөвлөж болно.
2.2. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг тогтоох
2.2.1. Төвлөрсөн цэг байгуулах газар сонгохдоо тухайн газар нутгийн физик газарзүй, нийгэм, эдийн засаг, хүн амын тоо, үүсэх хог хаягдлын хэмжээ, газрын гадарга, инженер геологи, гидрогеологийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
2.2.2. Төвлөрсөн хогийн цэгийн байршил сонгохдоо газарзүй мэдээллийн систем ашиглан дараах шалгуурыг хангасан боломжит газруудын байршлыг урьдчилан тогтооно.
а. Хүн амын суурьшлын хэтийн бүсийн гадна орших (суурьшлын шинэ бүсээс улс, нийслэлийн зэрэглэлтэй хот бол 5 км-ээс багагүй, орон нутгийн зэрэглэлтэй хот, төвлөрсөн суурин газар бол 3 км-ээс доошгүй зайд байна);
б. Зам, шугам сүлжээний газраас 200м болон төмөр замаас 500 зайтай байх
в. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны болон ойн сан бүрэлдэх газартай давхцалгүй байх ба эдгээр газраас 5 км-ээс доошгүй газарт байх;
г. Түүх, соёлын дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газартай давхцаагүй байх, эдгээр газраас 5 км-ээс доошгүй газарт байх;
д. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр иргэн, аж ахуйн нэгжийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар хуваарилагдсан газраас ангид байх;
е. Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байх
ж. Төв суурин газрын салхины зонхилох чиглэлийн доор, газрын налуу 8-12%-аас ихгүй байх
2.3. Хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах урьдчилан сонгосон байршилд дараах судалгаануудын үр дүн, дүгнэлтэд үндэслэн эцэслэн тогтооно.
2.3.1. Байр зүйн зураглал хийх (1:500 машстабын);
2.3.2. Төвлөрсөн цэг байгуулах газрын инженер геологи, гидрогеологийн үнэлгээ хийх;
2.3.3. Үерийн усны аюул болон усны чанарыг хамгаалахын тулд гадаргын усны чанарын судалгаа, урсацийн тооцоо болон үерийн усны эрсдэлийн үнэлгээ хийх;
2.3.4. Техник эдийн засгийн үндэслэл (1 болон 2-р зэрэглэлийн хувьд), зураг төсөл боловсруулах;
2.3.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх;
2.3.6. Хот, суурин газрын хөгжлийн төлөвлөгөөнд тусгах;
2.3.7. Газрын төлөв байдал, чанарыг хянан, улсын байгууллагын баталгаа хийх;
2.3.8. Олон нийтийн оролцоог хангах.
2.4. Төвлөрсөн цэг нь үндсэн, дэд болон байгаль орчныг хамгаалах байгууламжтай байж болно.
2.4.1. Төвлөрсөн цэг нь дараах үндсэн байгууламжуудтай байна.
а. Хамгаалах хаших, хязгаарлах далан, хашаа;
б. Хур борооны ус зайлуулах сувгийн систем;
в. Нэвтрэх зам, төвлөрсөн цэгийн доторх гол ба туслах зам;
г. Тэмдэг тэмдэглэгээ.
2.4.2. Төвлөрсөн цэг нь дараах дэд байгууламжуудтай байна.
а. Хог хаягдлын хучилтын хөрс нөөцлөх талбай;
б. Ажлын байр;
в. автопүү;
г. Дулаан гараж;
д. Дугуй угаах цэг;
е. Машины угаалга;
ж. Аюулгүй байдлыг хангах, галын аюулаас сэргийлэх;
з. Агуулах болон хяналтын байгууламжууд.
2.4.3. Байгаль орчин хамгаалах байгууламжуудтай байна.
а. Тусгаарлах зурвас, хамгаалалтын бүс;
б. Хаягдал зайдгай хийсэхээс сэргийлэх;
в. Хий зайлуулах;
г. Бохир шингэн цуглуулах;
д. Бохир шингэн ууршуулах;
е. Хяналтын цооног;
ж. Шүүрэл нэвчихээс хамгаалсан доторлогоотой.
2.5. Нэгдүгээр зэрэглэлийн төвлөрсөн цэг нь 2.4.1, 2.4.2 болон 2.4.3-т заасан байгууламжтай байна.
2.6. Хоёрдугаар зэрэглэлийн төвлөрсөн цэг нь 2.4.1 болон 2.4.3-т заасан байгууламжтай байна.
2.7. Гуравдугаар зэрэглэлийн төвлөрсөн цэг нь 2.4.1 заасан байгууламжтай байна.
ГУРАВ. ХОГ ХАЯГДЛЫН ТӨВЛӨРСӨН ЦЭГИЙН ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1. Төвлөрсөн цэгийн зэрэглэлд тавигдах шаардлагад нийцүүлэн техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчин, дотоод зохион байгуулалт, менежментийн бодлогыг тусган үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллана. Төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгана.
3.1.1. Төвлөрсөн цэгийн ажиллах хуваарь;
3.1.2. Хүлээн авах хог хаягдлын төрөл;
3.1.3. Хог хаягдал дарж булах, нягтруулах төлөвлөгөө;
3.1.4. Машин механизмын ажиллах төлөвлөгөө;
3.1.5. Засвар үйлчилгээ хийх төлөвлөгөө.
3.2. Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хяналт мониторингын ажлыг жил бүр төлөвлөн ажиллана.
3.2.1. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн агаар, ус, хөрсний дээжийг улирал тутамд авч чанарын шинжилгээ хийнэ.
3.2.2. Ургамлын бүрхэц, ургалтад тоосжилтоос үзүүлэх нөлөөллийн судалгааг жил бүрийн 2-3 дугаар улиралд хийнэ.
3.2.3. Шувуу, мэрэгч, ялаа, хортон шавьж ихсэх зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ тогтмол авна.
3.2.4. Хогийн цэг орчмын нөхцөл байдал, эвгүй үнэр, рН, нягт болон хог хаягдал шаталтын хяналтыг тогтмол хийнэ.
3.2.5. Шүүрэлтийн бохир шингэн, хогны температур, хогны овоолго дахь шингэний хэмжээ зэргийг тогтмол хянана.
3.2.6. Бусад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр заасан арга хэмжээг гүйцэтгэнэ.
3.3. Төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанд явцад болзошгүй осол эрсдэлээс сэргийлэх, аваар устгах төлөвлөгөөг боловсруулан дагаж мөрдөнө. Төвлөрсөн цэгийн ажилчдыг тогтмол хугацаанд аваар устгах төлөвлөгөө болон авах арга хэмжээний талаар сургалт хийнэ.
3.4. Төвлөрсөн цэгт хог хаягдал хүлээн авах, дарж булах үйл ажиллагааг тогтмол хийж гүйцэтгэнэ.
3.4.1. Хогны машин жолооч ландфиллийн зохицуулагчийн удирдамж болон үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ачсан хог хаягдалаа төвлөрсөн цэгийн талбайд буулгана.
3.4.2. Буусан хог хаягдлыг бульдозероор тарааж, буталж, тэгшилж нягтруулна.
3.4.3. Буулгасан хог хаягдлыг хөрсөөр хучих ажлыг тогтмол төлөвлөсөн хугацаанд хийнэ.
3.4.4. Нэг болон хоёрдугаар зэрэглэлийн төвлөрсөн цэгийн хязгаарлагч, хий зайлуулах болон бохир шингэн цуглуулах байгууламжуудыг дараагийн буюу ландфиллийн үйл ажиллагаа хийгдэж байгаа талбайн хажууд суурилуулна.
3.5. Бүртгэл, тайлан мэдээг Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу, энгийн хог хаягдал устгах, булшлах тайлангийн маягтаар тогтмол гаргана.
3.5.1. Төвлөрсөн цэгт хүлээн авсан хог хаягдлын тоо, хэмжээ, жин, ирсэн огноо, байршуулсан газрыг бүртгэх журнал, зураг дээр тухай бүр тэмдэглэх;
3.5.2. Хог хаягдлын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх;
3.5.3. Төвлөрсөн цэгийн ажиллах цагийн хуваарь, хүлээн авахгүй хог хаягдлын жагсаалт, шаардлагатай утасны дугаар, хог хаягдал хүлээн авах төлбөр тооцоотой холбогдолтой мэдээллүүдийг ил тод бичсэн байна.
3.6. Төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг явуулах зохион байгуулалт удирдлага, инженер, ажилтан, зохицуулагч, оператор, механик, туслах ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, зөвлөх гэсэн бүтэцтэй байж болно.
3.7. Хог хаягдлын төвлөрсөн цэгт учирч болох эрсдэлийг тодорхойлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюул осол, эрсдэлийг бууруулах дотоод журам боловсруулан ажилчдыг тогтмол сургалтад хамруулна.
3.8. Хогийн төвлөрсөн цэгийн ажилчид хамгаалах хэрэгсэл өмсөх ба төвлөрсөн цэгт анхан шатны тусламжийн хэрэгсэл, гал унтраах хэрэгсэл зэргийг стандарт шаардлагын дагуу заавал байршуулна.
ДӨРӨВ. ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГИЙГ ХААХ
4.1. Төвлөрсөн цэгийн төлөвлөсөн ашиглалтын хугацаа дуусахаас 5 жилийн өмнө хаалтын төлөвлөгөө боловсруулна.
4.2. Төвлөрсөн хогийн цэгийг дараах нөхцөл үүссэн тохиолдолд бүрэн хаах тухай шийдвэр гаргаж холбогдох эрх бүхий байгууллагад хангана.
4.2.1. Зөвшөөрөгдсөн зай талбайд хог хаягдал булшилж, нөөц газар талбайгүй болсон, талбай бүрэн дүүрсэн;
4.2.2. Байгаль орчны хяналт шинжилгээгээр хангалтгүй дүгнэлт удаа дараа авсан;
4.2.3. Байгаль экологийн өөрчлөлт орж, хөрс нурсан, газар хөдөлсөн, үер ус орсон нь цаашид ландфиллээр ашиглах боломжгүй болсон;
4.2.4. Хот, суурьшлын шинэ бүс болж хотын шинэ төлөвлөлтөд орсон;
4.2.5. Хүний эрүүл мэнд, амьтан, ургамал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа болон үзүүлж болзошгүй нөхцөл үүссэн;
4.3. Төвлөрсөн хогийн цэгийг дараах нөхцөл үүссэн тохиолдолд хэсэгчлэн хаах тухай шийдвэр гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагад хангана.
4.3.1. Ландфилл талбайн зарим хэсэгт хог хаягдал булшилж, тохижилт бүрэн хийн, нийтийн эзэмшлийн талбай болгох шаардлага хангасан;
4.3.2. Талбайн хэсэг газарт экологийн өөрчлөлт орж, хөрс нурсан, газар хөдөлсөн, үер ус орсон нь ландфиллийг бүрэн хаахгүйгээр хэсэгчлэн хаах боломжтой бол,
4.3.3. Дээд газраас буюу орон нутгийн Засаг даргаас хэсэгчлэн хаах чиглэл өгсөн; (Тухайн Засаг даргын чиглэлд хэсэгчлэн хаах болсон шалтгаан, үндэслэл, эдийн засаг, нийгмийн дүн шинжилгээ, холбогдох дээд шатны байгууллагын шийдвэр зэргийг дэлгэрэнгүй тусгасан байна.)
4.4. Төвлөрсөн хогийн цэгийг хаах нөхцөл бүрдсэн тохиолдолд дараах арга хэмжээг авна.
4.4.1. Төвлөрсөн хогийн цэгийг ажиллуулж, хог хаягдал булшлах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд хаах болсон шалтгаан бүхий шийдвэр гаргана.
4.4.2. Ландфилл хаах болон хаасны дараах тохижилт, хяналтыг Төвлөрсөн хогийн цэгийг ажиллуулж, хог хаягдал булшлах үйл ажиллагаа эрхэлж байсан этгээд өөрөө болон гэрээгээр ландфилл хаах, хаасны дараа хяналт тавих эрх бүхий этгээд (цаашид Ландфилл хаах этгээд гэнэ)-ээр гүйцэтгүүлж болно.Ландфилл хаах этгээд хаах тухай хүсэлтийг энэ зааврын 4.2-д заасан шийдвэрийн хамт тухайн орон нутгийн Засаг даргад хүргүүлнэ. Хүсэлтэд дараах мэдээллийг тусгасан байна.
а. Хэсэгчлэн болон бүрэн хааж байгаа аль нь болох;
б. Хааж байгаа талбайн хэмжээ;
в. Хаах үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө (графикчилсан);
г. Байгаль орчны үнэлгээ болон мэргэжлийн хяналт шалгалт хийх төлөвлөгөө;
4.4.3. Хүсэлт хүлээн авсан орон нутгийн Засаг дарга ландфилл хаах Ажлын хэсгийг 5-аас доошгүй мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй байгуулна.
4.4.4. Ландфилл хаах Ажлын хэсэг дараах ажлыг хийж хэрэгжүүлнэ.
а. Ландфилл хаах үеийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаад хяналт тавих;
б. Ландфилл хаах төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийх;
в. Хааж эхлэхээс дуусах хүртэл мэргэжлийн хяналтын явцын дүгнэлт тогтмол гаргаж, хаахад бэлэн болсон тохиолдолд нэгдсэн дүгнэлт гаргах;
г. Ландфилл хаах үед гарсан зөрчил, алдаа дутагдлыг засаж залруулах, сайжруулах зөвлөмж өгч, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах;
д. Мэргэжлийн зөвлөгөө, тусламж дэмжлэг үзүүлэх;
4.4.5. Энэ зааврын 4.4.3-д заасан ажлын хэсэг тухайн орон нутгийн Засаг даргад дараах баримт бичгийг хүргүүлнэ.
а. Энэ зааврын 4.4.4.а-д заасан төлөвлөгөөний хэрэгжилтэд тавьсан үнэлгээ,
б. Энэ зааврын 4.4.4.б-д заасан төлөвлөгөөний дагуу хийсэн хяналт шалгалтын мэдээ,
в. Мэргэжлийн хяналт, байгаль орчны дүгнэлт,
г. Ландфилл хаах үед өгсөн зөвлөмж, зөвлөгөө, тусламж, дэмжлэгийн мэдээ
4.4.6. Ландфилл хаах шийдвэрийг тухайн орон нутгийн Засаг дарга энэ зааварт заасан баримт бичгийг үндэслэн гаргана.
4.5. Төвлөрсөн хогийн цэгийг хаасны дараа дараах арга хэмжээг авна.
4.5.1. Ландфилл хаах этгээд ландфилл хааснаас хойш 5-10 жил тухайн газрын орчны тохижилтыг хариуцаж ажиллана.
4.5.2. Хаасан газрын байгаль орчны үнэлгээ, дүгнэлтийг Ландфилл хаах этгээд энэ зааврын 4.5.1-д заасан хугацаанд 2 жил тутамд хийлгэж, тухайн орон нутгийн Засаг даргад хүргүүлнэ.
4.5.3. Хаасан газрыг анх хаасан нөхцөл байдлаар хэвээр байлгахад Ландфилл хаах этгээд анхаарч ажиллана.
4.6. Хаасан ландфилл нь дараах шаардлагыг хангасан байна.
4.6.1. Хучилтын хөрс эрүүл, зузааны хэмжээ 5-аас доошүй метр байх;
4.6.2. Хөрс гулгахгүй, нурахгүй, шороо хийсэхгүй, бохир хөрс ил гарахгүй байх,
4.6.3. Урт хугацааны явцад хог хаягдал ил гарч ирэхгүй байх;
4.6.4. Булшилсан хог хаягдалд хими, физикийн өөрчлөлт орж, хөрс цөмрөх, нүх гарах, хөрс, гадаргуу өөрчлөгдөхгүй байх;
4.6.5. Хөрсийг бүрэн зүлэгжүүлж, шаардлагатай газар мод тарих, ландфиллийн онцлогоос хамаарч амралт зугаалгын газар болгож тохижуулах, гүйлтийн болон дугуйн зам тавих;
4.6.6. Үер, усны аюулаас бүрэн хамгаалж, хаалт хашлага, далан шуудуу татах;
4.6.7. Хог хаягдлаас үүсэх хийг аюулгүй байлгах нөхцөлийг бүрдүүлэх ;
4.7. Ландфиллийг хаасны дараа дараах мэдээг тухайн орон нутгийн Засаг даргад Ландфилл хаах этгээд хүргүүлнэ.
4.7.1. Хаасан газрын талбайн хэмжээ;
4.7.2. Булшилсан хог хаягдлын насжилт, хог хаягдлын бүтэц, найрлага, төрөл, хэмжээ;
4.7.3. Хучилтын хөрсний зузааны хэмжээ, хөрсний бүтэц, найрлага, онцлог;
4.7.4. Тарьсан зүлэг, ногоо, мод, бутны нэр төрөл, хэмжээ;
4.7.5. Хааснаас хойш хийх тохижилтын жилийн хугацаа, тохижилт хийх төлөвлөгөө, график, ажиллах хүчний мэдээ;
4.8. Тохижилт хийсэн мэдээ тайланг жилд нэг удаа тухайн орон нутгийн Засаг даргад Ландфилл хаах этгээд хүргүүлнэ.
ТАВ. ХААЛТЫН ДАРААХ ХЯНАЛТ МОНИТОРИНГ
5.1.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн хаалт, нөхөн сэргээлт хийсний дараах 5 жилийн хяналт, мониторингын төлөвлөгөө төвлөрсөн цэгийн оператор боловсруулан, хяналт шинжилгээг тогтмол хугацаанд хийнэ.
5.2. Төвлөрсөн цэгийн хаалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагч, байгаль орчны байцаагч, Хог хаягдлын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан, байгаль хамгаалагчид хяналт тавина.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН,БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН
УДИРДЛАГЫН ГАЗАР
Текст томруулах
A
A
A