A

A

A

Бүлэг: 1979

 

 

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР

2019 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Мөнгөний бодлого нь эдийн засгийн болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг хөтлөхөд чиглэгдэнэ.

 

1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

 

                        1.1.Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулна.

 

                        1.2.Эдийн засгийн дархлааг дэмжих, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

                        1.3.Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.

 

                        1.4.Төв банкны олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулж, бодлогын үр нөлөөг дээшлүүлнэ.

 

2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд:

 

2.1.Банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.

 

2.2.Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг хадгалах зорилгоор банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

2.3.Олон улсад мөрдөгдөж байгаа нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

 

2.4.Банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тогтолцоог сайжруулна.

 

3.Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх ажлын хүрээнд:

 

3.1.Үндэсний төлбөрийн системийн найдвартай ажиллагааг бэхжүүлж, төлбөрийн системийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох ажлыг үргэлжлүүлнэ.

 

3.2.Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж, хамрах хүрээг өргөжүүлнэ.

 

3.3.Олон улсад мөрдөгдөж байгаа тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг нэвтрүүлнэ.

 

3.4.Банк санхүүгийн салбарт технологийн дэвшил, шинэ ололтыг нэвтрүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

 

 

 

 

----оОо----