A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАМГА, ТЭМДЭГ ХИЙЛГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ, ЛАВЛАГАА ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2018 оны  А/216 дугаар тушаалын хавсралт

 

ТАМГА, ТЭМДЭГ ХИЙЛГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ,

 ЛАВЛАГАА ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

            1.1.Хуулийн этгээдэд тамга, тэмдгийн хяналтын дугаар /цаашид “хяналтын дугаар” гэх/ олгох, хүчингүй болгох, лавлагаа олгоход энэ журмыг баримтална.

            1.2.Хяналтын дугаар олгох болон дахин олгох, олгогдсон хяналтын дугаар, тамга, тэмдгийг хүчингүй болгох, хураалгасан тамга, тэмдгийг устгах, лавлагаа олгох үйл ажиллагааг улсын бүртгэлийн байгууллага хэрэгжүүлнэ.

            1.3.Хяналтын дугаар дахин давтагдахгүй 10 оронтой тооноос бүрдэх бөгөөд хяналтын дугаарын эхний 2 тоо уг дугаарыг олгосон улсын бүртгэлийн байгууллагын бүртгэх код,дараагийн 2 тоо уг дугаарыг олгосон оны сүүлийн хоёр тоо,  сүүлийн 6 тоо улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгосон дугаар байна.

            1.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллага хяналтын дугаар олгоно.

/Энэ хэсгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

            1.5.Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 2-т зааснаас бусад этгээд тэмдэг хэрэглэнэ.

            1.6.Дараах хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдэд хяналтын дугаар олгоно:

                        1.6.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар;

                        1.6.2.олон улсын гэрээ, хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газар;

                        1.6.3.гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар;

                        1.6.4.сууц өмчлөгчдийн холбоо;

                        1.6.5.төрийн захиргааны төв байгууллагын харьяалах төсөл, хөтөлбөрийн нэгж;

                    1.6.6.төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж;

                        1.6.7.хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгж.

            1.7.Хуулийн этгээдийн тамга, тэмдэгтхуулийн этгээдийн нэр, хэлбэр, регистрийн дугаар, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаар бичигдсэн байна.

            1.8.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тэмдэгт харьяалах дээд шатны байгууллагын нэр, регистрийн дугаар, нэгжийн нэр, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаар бичигдсэн байна.

            1.9.Хуулийн этгээд тамга, тэмдгээүрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.

 

Хоёр. Хяналтын дугаар олгох ажиллагааны дараалал

2.1.Улсын бүртгэгч хяналтын дугаар олгоход дараах дарааллыг баримтална:

2.1.1.цаасан болон цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг нягталж, хүлээн авах;

2.1.2.өргөдөл, түүнд хавсаргасанбаримт бичгийн үнэн зөвийг нотлоход шаардагдах бусад баримтыг өргөдөл гаргагчаас гаргуулан авах;

2.1.3.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн этгээдийн цахим хувийн хэрэгтэй, шаардлагатай бол архивын эх нотлох баримт бичигтэй тулган нягталж, хяналтын дугаар олгох эсэхийг шийдвэрлэх;

2.1.4.хяналтын дугаар олгохоор шийдвэрлэсэн бол тухайн хуулийн этгээдийн нэр, хэлбэр, регистрийн дугаарын мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь тамга, тэмдгийн хяналтын дугаарын бүртгэлийн сан /цаашид “хяналтын дугаарын бүртгэлийн сан” гэх/-д оруулах;

2.1.5.хуулийн этгээд шинээр, эсхүл өөрчлөн байгуулагдсан тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн хяналтын дугаарын бүртгэлийн сангаас хэвлэсэн хяналтын дугаар бүхий маягтыг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулж, баримт бичиг олголт хариуцсан ажилтанд өгөх;

            2.1.6.хяналтын дугаарын улсын бүртгэл хөтлөхөд үндэслэсэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргаж, архивт шилжүүлэх;

                  2.1.7.баримт бичиг олголт хариуцсан ажилтан энэ журмын 2.1.5-д заасан хяналтын дугаарыг олгоход тэмдэглэл үйлдэж, хүлээн авсан этгээдээр гарын үсэг зуруулах.

2.2.Улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9, 8.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдэд хяналтын дугаарыг ажлын 2 өдрийн дотор олгоно.

Гурав. Улсын бүртгэлд бүртгүүлэх

өргөдөл хүлээн авах

3.1.Хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг дараах этгээд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:

                        3.1.1.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

                        3.1.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч;

                        3.1.3.хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгогдсон этгээд;

        3.1.4.итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд;

        3.1.5.хуульд заасан эрх бүхий бусад этгээд.

3.2.Улсын бүртгэгч шаардлага хангасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, хуудсыг дугаарлана.

3.3.Улсын бүртгэгч цахим хэлбэрээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг, улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тухайн бүртгэл хөтлөхөд шаардагдах мэдээллийг тус тус нягтлан шалгаж, шаардлага хангасан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэх тухай мэдэгдлийг ажлын 2 өдрийн дотор өргөдөл гаргагчид илгээнэ.

3.4.Улсын бүртгэлд бүртгэх тухай мэдэгдлийг хүлээн авсан этгээд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн эх хувийг ажлын 5 өдрийн дотор улсын бүртгэгчид ирүүлж бүртгүүлнэ.

 

Дөрөв. Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл

хүлээн авахаас татгалзах

4.1.Улсын бүртгэгч хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг дараах тохиолдолд хүлээн авахаас татгалзаж, буцаана:

                        4.1.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичигшаардлага хангаагүй, бүрдэл дутуу;

                        4.1.2.энэ журмын 3.1-д зааснаас бусад этгээд өргөдөл гаргасан;

                        4.1.3.энэ журмын 4.2-т заасны дагуу өргөдөл дахин гаргах эрх үүсээгүй.

4.2.Хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг дараах үндэслэл арилсан тохиолдолд дахин гаргаж болно:

4.2.1.энэ журмын 4.1-д заасны дагуу хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл хүлээн авахаас татгалзсан;

4.2.2.энэ журмын 6.1-д заасны дагуу хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан;

4.2.3.хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл эрх бүхий этгээдийн  шийдвэрээр бүртгэлийг хүчингүй болгосон;

 4.2.4.хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрээр улсын бүртгэлд хориг тавьсан /түдгэлзүүлсэн/.

 

Тав. Улсын бүртгэл хөтлөх

5.1.Хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

5.1.1.шинээр, эсхүл өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ;

5.1.2.олон улсын гэрээ, хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газрын гэрчилгээ;

5.1.3.хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тухайд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

5.1.4.энэ журмын 5.1.1, 5.1.2-т заасан улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд өдөр тутмын сонинд зарлуулсан зар;

5.1.5.төрийн байгууллага тамга хийлгэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл;

5.1.6.сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг, гэрчилгээний хуулбар, харьяалах татварын байгууллагын тодорхойлолт;

                        5.1.7.төрийн захиргааны төв байгууллагын харьяалах төсөл, хөтөлбөрийн нэгжийн тухайд эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол, тушаал/, албан бичиг;

                        5.1.8.төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тухайд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол, тушаал/,  албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

                        5.1.9.өргөдөл гаргагч гадаад улсын иргэн бол паспортын хуулбар;

         5.1.10.итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийн хувьд итгэмжлэл;

                        5.1.11.үйлчилгээний хөлс төлсөн баримт.

5.2.Хяналтын дугаар дахин авах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

                        5.2.1.ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн тамга, тэмдэг;

                        5.2.2.өнгө, загвар, хэлбэрийг өөрчлүүлэх тохиолдолд тухайн тамга, тэмдэг;

        5.2.3.улсын бүртгэлийн гэрчилгээ;

                  5.2.4.улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлт;

                      5.2.5.хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн тамга, тэмдэг;

                        5.2.6.тамга, тэмдэг устсан, эсхүл хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, оногдуулсан торгох шийтгэлийн хуудас /төлбөрийн баримт/-ын хуулбар;

                        5.2.7.тамга, тэмдгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр;

                        5.2.8.төрийн байгууллага тамганы хяналтын дугаар дахин авахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл;

                        5.2.9.хяналтын дугаар бүхий маягтыг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт;

5.2.10.энэ журмын 5.1.9, 5.1.10, 5.1.11-д заасан баримт бичиг.

5.3.Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд тухайн хуулийн этгээд тамга, тэмдгээ улсын бүртгэлийн байгууллагад хураалгаж, хяналтын дугаар дахин авна.

Зургаа. Улсын бүртгэлд

бүртгэхээс татгалзах

6.1.Улсын бүртгэгч дараах тохиолдолд хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:

                        6.1.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, бүрдэл дутуу;

                        6.1.2.энэ журмын 3.1-д заасан өргөдөл гаргах этгээдээс бусад этгээд өргөдөл гаргасан;

                        6.1.3.энэ журмын 4.2.3, 4.2.4-т заасны дагуу хүчингүй болгосон, хориг тавьсан /түдгэлзүүлсэн/ үндэслэл арилаагүй;

                        6.1.4.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.

                       6.2.Улсын бүртгэгч энэ журмын 6.1-д заасны дагуу татгалзсан шийдвэрийн хувийг тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргана.

Долоо.Тамга, тэмдэг хийлгэх

            7.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тамга, тэмдэг үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхэлнэ.

            7.2.Тамга, тэмдэг үйлдвэрлэх этгээд улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хяналтын дугаар бүхий маягтыг үндэслэн энэ журмын 3.1-д заасан этгээдээс тамга, тэмдэг хийлгэх захиалгыг хүлээн авна.

            7.3.Тамга, тэмдэг үйлдвэрлэх этгээд шаардлага хангасан тамга, тэмдгийг үйлдвэрлэн, тухайнтамга, тэмдгийн дардас, захиалгын мэдээллийг цахим тайлангийн нэгдсэн системд оруулах бөгөөд уг цахим тайланд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан нэгж хяналт тавина.

7.4.Тамга, тэмдэг үйлдвэрлэх этгээд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан нэгжид тайланг цаасан хэлбэрээр улирал бүрийн сүүлийн сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхбөгөөд тайланд үйлдвэрийн албан бичиг, үйлдвэрлэсэн тамга, тэмдгийн жагсаалт, хяналтын дугаар бүхий маягтын буцах хэсгийг хавсаргана.

Найм.Мэдээллийн сан үүсгэх, тайлан гаргах,

лавлагаа олгох

            8.1.Улсын бүртгэлийн байгууллага хяналтын дугаар олгох, дахин олгох, хүчингүй болгох, тамга, тэмдэг үйлдвэрлэх этгээдтэй мэдээлэл солилцох, тайлан гаргах систем ашиглана.

            8.2.Улсын бүртгэгч энэ журмын 7.4-т заасны дагуу ирүүлсэн тайланг тухай бүр архивын хадгаламжийн нэгж болгон улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивт хүлээлгэн өгнө.

                       8.3.Улсын бүртгэлийн байгууллага тамга, тэмдгийн талаарх лавлагааг энэ журмын 3.1-д заасан этгээдийн бичгээр гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтад үндэслэн ажлын 3 өдрийн дотор олгоно.

Ес.Хуулийн этгээд тамга, тэмдгээ хураалгах,

хураалгасан тамга, тэмдгийг устгах

            9.1.Хуулийн этгээд татан буугдсан, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа зогссон үндэслэлээр улсын бүртгэлээс хасагдсан бол улсын бүртгэлийн байгууллагад тамга, тэмдгээ хураалгана.

            9.2.Энэ журмын 5.2.6, 5.2.7-д заасан үндэслэлээр хяналтын дугаар дахин олгосны дараа тамга, тэмдэг олдсон тохиолдолд ашиглахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагад хураалгана.

                       9.3.Улсын бүртгэгч хураалгасан тамга, тэмдгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтад бүртгэж, хадгалалт, хамгаалалтын шаардлага хангасан сейф, шүүгээнд хадгална.

            9.4.Энэ журмын 9.3-т заасан тамга, тэмдгийг устгах ажлыг хагас жил тутамд нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар, аймагт тухайн аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулна.

            9.5.Энэ журмын 9.4-т заасан ажлын хэсэг тамга тэмдгийг устгасан тухай ажлын тайлан, баримтыг архивын хадгаламжийн нэгж болгохоор нийслэлд улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивт, аймагт тухайн аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивт тус тус хүлээлгэн өгнө.

Арав.Бусад

10.1.Улсын бүртгэгч хяналтын дугаар олгосон, тамга, тэмдэг хураалгасан, лавлагаа олгосон тухай баримт бичгийг хагас жил тутамд архивын хадгаламжийн нэгж болгон, дараа сарын 10-ны өдрийн дотор улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивт хүлээлгэн өгнө.

10.2.Тамга, тэмдэг үйлдвэрлэх этгээд энэ журмыг зөрчсөн бол улсын бүртгэлийн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаэнэ талаарх мэдээллийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

 

 

---оОо---