- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКИЙГ АЛБАДАН ТАТАН БУУЛГАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн
А-302 дугаар тушаалын хавсралт
БАНКИЙГ АЛБАДАН ТАТАН БУУЛГАХ АРГА
ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмыг Банкны тухай хуульд заасны дагуу банкийг албадан татан буулгах шийдвэр гаргах, банкны эрх хүлээн авагчийг томилох, түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх, банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөлийг хангах, банкны өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авах, банкны эрх хүлээн авах арга хэмжээ дуусгавар болох, тайлагнахад мөрдөнө.
1.2.Банкийг татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Банкны тухай хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтална.
ХОЁР.БАНКИЙГ АЛБАДАН ТАТАН БУУЛГАХ
ҮНДЭСЛЭЛ, ШИЙДВЭР
2.1.Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай Монголбанкны шийдвэр гарснаар Банкны эрх хүлээн авагчийг томилох, түүнд банк, банкны удирдлагын бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх, хяналтыг шилжүүлэх, Банкны тухай хуулийн зургаадугаар бүлгийн 5 дугаар дэд бүлэгт заасан үйл ажиллагаагаар банкийг татан буулгах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.2.Банкийг Банкны тухай хуулийн 68.1 дэх хэсэгт заасан дараахь үндэслэлээр албадан татан буулгана:
2.2.1.Банкинд авсан албадлагын арга хэмжээний хүрээнд банкны банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож цуцалсан;
2.2.2.Банкны тухай хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг тухайн банканд хэрэгжүүлэх боломжгүй гэж Монголбанкны шийдвэр гарсан.
2.3.Энэ журмын 2.2-т заасан үндэслэл бүрдсэн үед Монголбанкны хяналт шалгалтын газраас тухайн банкийг албадан татан буулгах тухай саналаа Монголбанкны Ерөнхийлөгчид нэн даруй танилцуулна.
2.4.Монголбанкны Ерөнхийлөгч нь энэ журмын 2.3-т заасан саналыг нэн даруй Банкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ.
2.5.Банкийг албадан татан буулгах тухай саналд дараах зүйлийг тусгасан байна:
2.5.1.Банкны тухай хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар танилцуулга;
2.5.2.Тухайн банканд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, акт материал;
2.5.3.Банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал;
2.5.4.Банкийг албадан татан буулгах Банкны эрх хүлээн авагч томилох тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалын төсөл.
2.5.5.Банкны тухай хуулийн 68.1.2-т заасан үндэслэл бүрдсэн бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох нь гарцаагүй болсонд тооцсон тухай шийдвэр, тухайн банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр, холбогдох бусад баримт бичиг.
2.6. Энэ журмын 2.4-т заасан Банкны хяналт шалгалтын хорооны хуралд банк, түүний төлөөллийг оролцуулж, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулна.
2.7.Банкны хяналт шалгалтын хорооноос гарсан зөвлөмжийг харгалзан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар албадан татан буулгах шийдвэр гаргана.
2.8.Банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны шийдвэрт дараахь зүйлсийг тусгана:
2.8.1. Банкийг албадан татан буулгах арга хэмжээ авах үндэслэл;
2.8.2. Банкны нэр, оршин байгаа хаяг, бүртгэлийн дугаар;
2.8.3. Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх болон Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа,
2.8.4. Албадан татан буулгах шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргах этгээд, хугацаа.
2.8.5. Олон нийтэд мэдээлэх.
2.9.Банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гарснаар банкны эрх хүлээн авагчийг томилох тухай дараахь агуулга бүхий шийдвэр гаргана:
2.9.1.Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх болон Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа;
2.9.2.Банкны эрх хүлээн авагчийн овог нэр, Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах удирдамж;
2.9.3. Шаардлагатай тохиолдолд банкны эрх хүлээн авагчид туслах ажлын хэсгийг томилох, ажлын хэсгийн ажиллах удирдамж.
2.10.Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний удирдлагын бүрэн эрхийг шилжүүлэн авч, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх, банкны актив хөрөнгийг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах, банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна.
2.11. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 56.2-т заасан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдбайна. Банкны эрх хүлээн авагчаар хуулийн этгээдийг томилсон бол түүний хувьцаа эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан нь Банкны тухай хуулийн 56.2-т заасан шаардлагыг мөн адил хангасан байна.
2.12. Монголбанк Банкны эрх хүлээн авагчтай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд Монголбанкны эрх үүрэг, Банкны эрх хүлээн авагчийн эрх үүрэг, ажиллах нөхцөл болон бусад зүйлийг нарийвчлан тусгана.
2.13. Шаардлагатай гэж үзвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Банкны эрх хүлээн авагч болон зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, орлон ажиллах этгээдийг томилох, бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг нь сунгаж болно. Хугацааг сунгах болсон шалтгаан, нөхцөлийг тушаалд тодорхой тусгасан байна.
2.14. Банкны эрх хүлээн авагч нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монголбанкны хянан шалгагчийн баталгаагаар хангагдана.
2.15. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу банкийг албадан татан буулгах шийдвэр гаргамагц Монголбанк энэ тухай Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэнэ.
2.16. Банкийг албадан татан буулгах тухай шийдвэрийг тухайн банкны бүх салбар нэгжид байршуулж, олон нийтэд мэдээлэх ажлыг Монголбанкнаас Банкны эрх хүлээн авагчтай хамтран зохион байгуулна.
2.17. Татан буугдсан банкны орон нутаг дахь нэгжийн үйл ажиллагаанд тухайн орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарын захирал хяналт тавьж Банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллана.
ГУРАВ. БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧИЙН
НЭН ДАРУЙ АВАХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Банкийг албадан татан буулгах шийдвэр гармагц банкны эрх хүлээн авагч дараахь арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ.
3.1.1.Банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгосон санхүүгийн тайлан, шүүх, шийдвэр гүйцэтгэлийн алба болон бусад хууль хяналтын байгууллагаар хянагдаж, оролцож байгаа хэргүүд, бусад холбогдох тайлан, мэдээг банкны гүйцэтгэх удирдлага, санхүү хариуцсан эрх бүхий албан тушаалтан, ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдгээр баталгаажуулан хүлээн авах;
3.1.2.Банкны эрх хүлээн авагчид туслах ажлын хэсгийг удирдлагаар хангаж, банкны тайлан тэнцэл, бичиг баримт, тэнцлийн гадуурх бүртгэлийг батлагдсан удирдамжийн дагуу гаргуулан авах. Туслах ажлын хэсгийн тайланг үндэслэн банк, түүний нэгжийн санхүүгийн болон холбогдох бусад тайлан, бүх актив, пассив хөрөнгийн тайлан, жагсаалт болон зээлийн хувийн хэрэг, барьцаа хөрөнгө, баримт бичиг (хүний нөөцийн хувийн хэрэг, материал, архив, бичиг хэрэг, тэнцлийн гадуурх данс тооцоо, бусад нэвтрэх эрх гэх мэт холбогдох бүхий л мэдээлэл)-ийг нэг бүрчлэн тоолж, бүртгэн баталгаажуулах;
3.1.3.Банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон Банкны тухай хуулийн 70.1.1-д заасны дагуу банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохыг зогсоох шийдвэр гаргаж хадгаламж эзэмшигч, зээлдүүлэгч, банкнаас авлагатай бусад этгээдэд мэдэгдэх;
3.1.4.Банкны тухай хуулийн 69.1.14-т зааснаар банкны хувьцаа эзэмшигчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж, санхүүгийн тайланд тусгах;
3.1.5.Бусдын эзэмшилд байгаа актив хөрөнгийг буцааж авах;
3.1.6.Хадгалалтын гэрээгээр авсан бусдын үнэт зүйлийг буцааж өгөх;
3.1.7.Банкийг төлөөлөх эрх бүхий этгээд өөрчлөгдсөн болохыг эрх бүхий байгууллага болон бусад этгээдэд мэдэгдэх;
3.1.8.Шаардлагатай бол энэ журмын 2.16-д заасан зарлал мэдээллийг Монголбанктай хамтран нийтэд мэдээлэх;
3.1.9.Банкны бүтэц, зохион байгуулалтад шаардлагатай өөрчлөлтийг хийх;
3.1.10.Шаардлагагүй эрх зүйн акт, шийдвэрийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх;
3.1.11.Шаардлагатай тохиолдолд бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргах.
ДӨРӨВ. БАНКИЙГ АЛБАДАН ТАТАН БУУЛГАХ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИХ НӨХЦӨЛ, БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1.Банкийг албадан татан буулгах үйл ажиллагааны хэрэгжилт нь Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан нөхцөлөөр баталгаажна.
4.2.Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
4.2.1.Зээлдэгчийн судалгааг нэг бүрчлэн гаргаж, хэрвээ тухайн хадгаламж эзэмшигч, харилцагчид тухайн банканд зээл, хүүгийн өртэй бол банкнаас тэдгээр хадгаламж эзэмшигч, харилцагчид өгөх өр төлбөрөөс уг зээл болон бусад авлагыг Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, тогтоомжийг харгалзан суутгах.
4.2.2.Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 15.5-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохтой холбоотой бэлтгэл ажлыг Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран зохион байгуулах, шаардлагатай мэдээллээр хангах, Хадгаламжийн даатгалын корпорациас гаргасан гомдол хүлээн авах, шийдвэрлэх зааврын дагуу хамтран ажиллах.
4.2.3.Банкны активыг төлүүлэхтэй холбоотой дараах арга хэмжээг авах:
4.2.3.а.Зээл, авлагыг барагдуулах;
4.2.3.б.Хөрөнгө худалдан борлуулах;
4.2.3.в.Шүүхэд нэхэмжлэл гаргах;
4.2.3.г.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах.
4.2.3.д.Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэл хүргүүлэх, нэхэмжлэл хүлээн авах, баталгаажуулах үүргийг энэ журмын 5 дугаар бүлгийн дагуу хэрэгжүүлэх,
4.2.3.е.Татан буулгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлах.
4.3.Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн өр төлбөрийг энэ журмын 6 дугаар бүлэгт заасны дагуу дараах байдлаар барагдуулна:
4.3.1.Шаардлагатай тохиолдолд Банкны хөрөнгийн үнэлгээг хараат бус, хөндлөнгийн, мэргэжлийн этгээдээр зохих стандарт, шаардлагын дагуу хийлгэх бөгөөд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд хийгдсэн хараат бус, хөндлөнгийн, мэргэжлийн этгээдээр хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг ашиглаж болно;
4.3.2.Банкны эрх хүлээн авагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах замаар хөрөнгө, шаардах эрхийг түргэн шуурхай худалдан борлуулах арга хэмжээ авах;
4.3.3.Нээлттэй дуудлага худалдааг хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлэх;
4.3.4.Банкны эрх хүлээн авагчийн ажлын удирдамжид заагдаагүй боловч банкийг албадан татан буулгах ажлыг хангахад зайлшгүй шаардлагатай банкны эрх хүлээн авагчийн хуульд заасан бүрэн эрхэдхамаарах асуудлаар арга хэмжээ авах бол Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг урьдчилан бичгээр авах.
4.4.Банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагаатай холбоотой доорх мэдээллийг Монголбанкнаас тогтоосон хугацаанд дэлгэрэнгүй тайлан хэлбэрээр тогтмол хүргүүлнэ:
4.4.1.Төлөгдсөн зээл, авлага;
4.4.2.Худалдан борлуулсан хөрөнгө;
4.4.3.Нэхэмжлэлийн дарааллын дагуу барагдуулсан өр төлбөр;
4.4.4.Санхүүгийн тайлан;
4.4.5.Шүүх, хяналтын байгууллагатай холбоотой хэргийн мэдээ;
4.4.6.Бусад.
4.5.Банкны эрх хүлээн авагч нь хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүргийн дараахь байдлаар хэрэгжүүлнэ:
4.5.1.Харуул, хамгаалалтыг бэхжүүлэх, хяналтын камер дохиоллыг нэмэгдүүлэх;
4.5.2.Архивын стандартын шаардлагыг хангуулах;
4.5.3.Эд хариуцагч тогтоох;
4.5.4.Тооллого хийж, хөрөнгийн чанарыг хадгалах арга хэмжээ авах;
4.5.5.Бусад шаардлагатай арга хэмжээ.
4.6.Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69.4-д заасан баримт, материалыг томилогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор дараахь нэмэлт баримтын хамт Монголбанкинд хүргүүлнэ:
4.6.1.Банкны эрх хүлээн авагчийн болон Банкны эрх хүлээн авагчид туслах ажлын хэсгийн гаргасан тайлангийн дагуу хийгдсэн тохируулгын гүйлгээний жагсаалт, түүний дараахь санхүүгийн тайлан;
4.6.2.Зээлийн хувийн хэрэг, барьцаа хөрөнгийн талаарх тайлан, мэдээ;
4.6.3.Архивын жагсаалт, хүний нөөц, бичиг хэргийн талаарх мэдээ;
4.6.4.Бусад.
4.7.Банкны эрх хүлээн авагч нь Банкийг татан буулгах арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн тайланг сар бүрийн 10-ны өдрийн дотор Монголбанкинд хүргүүлнэ.
4.8.Банкийг татан буулгах шийдвэр гарснаар банк, түүний удирдлагын бүрэн эрх болон хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжинэ.
4.9.Банкны эрх хүлээн авагч нь үйл ажиллагаандаа тусгай тэмдэг, албан хэвлэмэл хуудас, маягт хэрэглэнэ.
ТАВ. ХАРИЛЦАГЧДАД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ,
НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭН
АВАХ, БАТАЛГААЖУУЛАХ
5.1.Банкны тухай хуулийн 71.1-д заасны дагуу Банкны эрх хүлээн авагч нь томилогдсон өдрөөс хойш 2 сарын дотор банкны данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдүүдэд хандан нэхэмжлэл хүлээн авах хугацааг банкны цахим хуудас, мэдээллийн самбар, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
5.2.Банкны эрх хүлээн авагч нь шаардлагатай гэж үзвэл банкны данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдлийг тухайн этгээдэд тусгайлан хүргүүлж болно.
5.3.Банкны тухай хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг энэ журмын 5.1.-т заасан мэдэгдэл гарах өдрөөс хойш 60 хоног байхаар тогтооно.
5.4.Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдээс энэ журмын 5.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр хүлээн авахдаа гарын үсгээр, баталгаажуулах, холбогдох нотлох баримтыг хавсаргахаас гадна дараах шаардлагыг тавина:
5.4.1. Үүргийн гүйцэтгэлийн шаардах эрх бүхий этгээд болон түүний төлөөлөгчийн нэр, хаяг, регистрийн дугаар, утасны дугаарыг тусгасан байх;
5.4.2. Шаардлагын дүн, хугацаа, үүргийн гүйцэтгэлээр хангагдсан эсэх талаарх мэдээллийг агуулсан байх.
5.5.Нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуулийн 71.2-д заасны дагуу банкны эрх хүлээн авагч төлбөр барагдуулах дарааллыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэнэ.
5.6.Хүлээн авсан нэхэмжлэлийг баталгаажуулахдаа Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг харгалзан үзнэ.
5.7.Банкны эрх хүлээн авагч нь ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үнэн зөв, бодитой эсэхийг Банкны тухай хуулийн 71.2.1, 71.2.2-т заасны дагуу шалгаж, үндэслэлгүй гэж үзэх эсхүл нэхэмжлэлийг шаардлагаас татгалзаж буй хэмжээг тодорхойлно.
5.8.Дараахь тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий эргэлзээтэй гэж үзэж болно:
5.8.1. Шаардах эрх бүхий эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрвөл;
5.8.2. Банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл;
5.8.3. Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл;
5.8.4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрсэн.
5.9.Нэхэмжлэлийг хүлээн авах 60 хоногт багтаан ирүүлээгүй нэхэмжлэлийг Банкны тухай хуулийн 71.3-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн дараалалд оруулахгүй тухай шийдвэрлэнэ.
5.10.Нэхэмжлэл гаргасан, үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээд нь тухайн банканд зээл, хүүгийн өртэй бол банкнаас түүнд өгөх төлбөрөөс уг зээлийн төлбөрийг суутгаж нэхэмжлэлийн хэмжээг тодорхойлно.
ЗУРГАА. ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ
ДАРААЛАЛ, ХУГАЦАА
6.1.Энэ журмын 5 дугаар бүлэгт заасны дагуу тогтоосон нэхэмжлэлийн шаардлагыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дараалал, зарчмыг баримтлан хангаж, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авна.
6.2.Банкны зээл, авлага, активыг төлүүлсэн, худалдаж борлуулсан орлогоос нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахдаауг шаардлага нь банкны тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлд туссан, энэ журмын 5.5-д заасны дагуу зэргээр тогтоогдсон байдлыг харгалзан үзнэ.
6.3. Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа банкийг албадан татан буулгах арга хэмжээний төлөвлөгөө, ажлын удирдамж, Монгол банкны шийдвэрт заасан хугацааг баримтална.
ДОЛОО. БАНКИЙГ АЛБАДАН ТАТАН
БУУЛГАХ АРГА ХЭМЖЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ
7.1.Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дараахь үндэслэлээр дуусгавар болгож банкны актив, пассив хөрөнгө болон өөрийн хөрөнгө, нягтлан бодох бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй тайланг Монголбанкинд хүргүүлнэ:
7.1.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах Монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон актив хөрөнгө үлдээгүй;
7.1.2. Нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулж дууссан.
7.2.Энэ журмын 7.1.-т заасан тайланг Монголбанк хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор Банкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцүүлнэ.
7.3.Банкны хяналт шалгалтын хороогоор банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгохоор зөвлөмж гарсан тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгоно.
7.4. Энэ журмын 7.3-т заасан тушаалд дараах зүйлийг тусгасан байна:
7.4.1. Банкны эрх хүлээн авах арга хэмжээ дуусгавар болох үндэслэл;
7.4.2. Банкны эрх хүлээн авах арга хэмжээ дуусгавар болох он, сар, өдөр;
7.4.3. Энэ журмын 7.1.2-т заасан үндэслэлээр эрх хүлээн авах арга хэмжээ дуусгавар болсон тохиолдолд зээл болон бусад авлага барагдуулах эрх үүргийг шилжүүлсэн эрх бүхий этгээд.
7.5.Банкны эрх хүлээн авах арга хэмжээ дуусгавар болмогц Монголбанк дараахь арга хэмжээг нэн даруй авна:
7.5.1. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр банкны эрх хүлээн авах арга хэмжээ дуусгавар болсон тухай олон нийтэд мэдээлэх,
7.5.2. Банкийг албадан татан буулгаж дууссан талаар тухайн банкны оршин байсан газрын харьяалах шүүхэд хүргүүлэх,
7.5.3. Татан буугдсан банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх.
__________oOo__________
Текст томруулах
A
A
A