A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 347 дугаар
  тогтоолын 2 дугаар хавсралт

 

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАНЫ
АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд гамшгаас хамгаалах улсын алба (цаашид “Улсын алба” гэх)-ны гүйцэтгэх нийтлэг чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох, салбар хоорондын хамтын ажиллагааг хангахад энэ журмын зорилго оршино.

1.2. Төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагыг түшиглэн Засгийн газрын тогтоолоор улсын албыг байгуулж, албаны даргыг томилно. Улсын албаны дарга нь салбарын сайд, төрийн захиргааны байгууллагын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байна.

1.3. Улсын алба нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус удирдлагын бүрэлдэхүүн (цаашид “штаб” гэх)-тэй байна.

1.4. Гамшгаас хамгаалах асуудал хариуцсан албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын хүрээнд тухайн байгууллага Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж мөрдүүлнэ.

1.5. Улсын алба нь энэхүү нийтлэг журмын хүрээнд тухайн салбарын онцлогийг тусгасан журам боловсруулан мөрдөж болно.

1.6. Улсын алба нь Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, Улсын онцгой комиссын үйл ажиллагаатай уялдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хоёр. Улсын албаны эрх, үүрэг

2.1. Улсын алба нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан чиг үүргээс гадна дараахь үүрэгтэй:

      2.1.1. улсын албаны бүрэлдэхүүн, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

      2.1.2. шаардлагатай бол Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, бусад албадтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;

      2.1.3. гамшгийн эрсдэлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх, үнэлгээнд үндэслэн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, мэдээ, тайлан гаргах;

      2.1.4. гамшгаас хамгаалах чиглэлээр тушаал, албан даалгавар, удирдамж гаргах, биелэлтийг шалгах, салбарын хүрээнд баримтлах дүрэм, журам, заавар боловсруулж батлах, хэрэгжүүлэх;

      2.1.5. Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг мэргэжлийн зөвлөгөө, заавар, мэдээ мэдээллээр шуурхай хангах;

      2.1.6. гамшиг болон аюулт үзэгдэл, ослын үед салбарыг ажлын тусгай горим болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, гамшгийн голомтын бүсэд хүч хэрэгслийг шуурхай томилон ажиллуулах;

      2.1.7. гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг шаардагдах техник, материал хэрэгслээр хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

Гурав. Штабын эрх, үүрэг

3.1. Штаб нь дараахь эрх үүрэгтэй:

      3.1.1. гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, улсын албаны даргаар батлуулах;

      3.1.2. улсын албаны удирдлагын баримт бичгийг төлөвлөх, хүч хэрэгслийг томилж ажиллуулах;

      3.1.3. гамшгийн аюулын зарлан мэдээлэл дамжуулах тогтолцоог бүрдүүлж, дохиогоор ажиллах дадлага сургууль зохион байгуулах;

      3.1.4. гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээллийг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, бусад улсын болон орон нутгийн албанаас гаргуулан авч, мэдээллийн сан бүрдүүлэх;

      3.1.5. гамшиг, ослын нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх;

      3.1.6. орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг удирдлага арга зүйгээр хангаж, шаардлагатай тохиолдолд гамшгийн голомтын бүсэд ажиллах;

      3.1.7. гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж, сургалтын материал, гарын авлага боловсруулах;

      3.1.8. гамшгийн нөхцөл байдлын мэдээ, мэдээлэл, улсын албаны шийдвэрийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох улсын болон орон нутгийн алба, байгууллага, иргэдэд шуурхай хүргэх;

      3.1.9. орон нутгийн алба, мэргэжлийн ангиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээг хүлээн авч нэгтгэн, гамшгаас хамгаалах чиглэлээр улсын албанаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, мэдээг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хагас, бүтэн жилээр гаргаж хүргүүлэх.

Дөрөв. Штабын бүрэлдэхүүн

4.1. Штаб нь дараахь бүрэлдэхүүнтэй байна:

      4.1.1. штабын дарга-төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгжийн дарга, төрийн захиргааны байгууллагын даргын томилсон албан тушаалтан;

      4.1.2. штабын орлогч-тухайн байгууллагын нэгжийн дарга;

      4.1.3. гамшгаас хамгаалах асуудал хариуцсан албан хаагч-тухайн төрийн захиргааны байгууллагын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны ажилтан;

      4.1.4. холбоо, зарлан мэдээлэл хариуцсан ажилтан-тухайн төрийн байгууллагын мэдээлэл, холбооны асуудал хариуцсан нэгжийн дарга;

      4.1.5. сургалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ажилтан-тухайн төрийн байгууллагын сургалтын асуудал хариуцсан нэгжийн дарга;

      4.1.6. санхүү, хангалт хариуцсан ажилтан-тухайн төрийн байгууллагын санхүү, хангалтын асуудал хариуцсан нэгжийн дарга;

      4.1.7. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан-тухайн төрийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албан тушаалтан;

      4.1.8. бусад ажилтан-салбарын болон гамшгийн нөхцөл байдал (нөлөөлөл, хамрах хүрээ, цаг хугацаа, болзошгүй хохирол, үр дагавар)-ын онцлогоос шалтгаалан холбогдох албан тушаалтан, ажлын хэсгийг тухай бүр томилон ажиллуулж болно.

4.2. Штабын бүрэлдэхүүнийг тухайн салбарын бүтэц, зохион байгуулалттай нийцүүлэн өөрчилж болно.

4.3. Штабын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд нөхөн томилж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.

Тав. Сургалт, дадлага

5.1. Улсын албаны гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хөтөлбөр, удирдамжийн дагуу зохион байгуулна.

5.2. Сургалт, дадлагыг дор дурдсан хугацаанд зохион байгуулна:

      5.2.1. улсын албаны удирдах албан тушаалтан, штабын бүрэлдэхүүний сургалт, дадлагыг 2 жилд нэг удаа;

      5.2.2. мэргэжлийн ангийн сургалт, дадлагыг жил бүр;

      5.2.3. үүсч болзошгүй гамшгийн нөхцөл байдал, гамшгийн эрсдэл, давтамжийг харгалзан шаардлагатай сургалт, дадлагыг тухай бүр.

5.3. Улсын албад хоорондын хамтарсан сургалт, дадлагыг албадын дарга нарын хамтарсан шийдвэрээр зохион байгуулна.

5.4. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын албадын сургалт, дадлагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

5.5. Энэ журмын 5.2.1-т заасан сургалт, дадлагыг батлагдсан удирдамжийн хүрээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага,   5.2.2, 5.2.3-т заасан сургалт, дадлагыг тухайн улсын алба, орон нутгийн Онцгой байдлын байгууллага хамтран зохион байгуулах бөгөөд холбогдох зардлыг тухайн улсын алба хариуцна.

Зургаа. Бусад

6.1. Улсын албаны томилгоот албан хаагчдад гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, идэвх санаачлагыг нь үнэлж тухайн салбарын болон онцгой байдлын байгууллагын шагналаар шагнаж урамшуулж болно.

6.2. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн албан томилолтын зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно.

6.3. Улсын албаны үйл ажиллагааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан удирдамжийн дагуу шалгаж, үнэлнэ.

 

 

-----o0o-----