A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 362 дугаар
  тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН
АЛБА ХААГЧИД НӨХӨХ ОЛГОВОР, ТУСЛАМЖ
ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч (цаашид “алба хаагч” гэх)-д нөхөх олговор, тэтгэмж олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Нөхөх олговор, тусламж

2.1. Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон алба хаагчид дараахь хувь, хэмжээгээр тусламж олгоно:

       2.1.1. хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, 50-69 хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин, 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, тус бүр нэг удаа;

       2.1.2. хиймэл эрхтэн (протез, ортопеди) хийлгэсэн зардлыг эрүүл мэндийн холбогдох байгууллагын баримтыг үндэслэн эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийн дагуу тус бүр нэг удаа.

2.2. Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байгаа алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн              286.3.3-т заасан цалингийн зөрүү болох нөхөх олговрыг тэтгэмж авч байгаа хугацаанд нь сар бүр олгох бөгөөд цалингийн сүлжээ өөрчлөгдөх тухай бүрт шинэчлэгдсэн цалингийн зөрүүг тооцон олгоно.

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, эрүүл мэнд нь хохирсон тохиолдол бүрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газраас баталсан Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу бүртгэн ослын акт тогтоож, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр баталгаажуулна.

2.4. Алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг Засгийн газраас баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд заасны дагуу харьяа эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

2.5. Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх шалгалтын материал, санал, дүгнэлт, шийдвэр, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын акт зэргийг тухайн алба хаагчийн ажиллаж байгаа нэгжийн дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлж, төв байгууллагын дарга энэ журамд заасан нөхөх олговор, тусламж олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Гурав. Тэтгэмж олгох

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286.1-д заасан 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сүүлийн     12 сарын үндсэн цалингийн нийлбэрийг 12-т хувааж гаргасан нэг сарын дундаж цалинг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно.

3.2. Энэ журмын 3.1-д заасан тэтгэмжийг амь насаа алдсан алба хаагчийн гэр бүлийн гишүүн (цаашид “тэтгэмж авагч” гэх) дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, тухайн алба хаагчийн ажиллаж байсан байгууллагад хүсэлт гаргаж авна:

       3.2.1. тэтгэмж авах тухай хүсэлт;

       3.2.2. тэтгэмж авагч мөн болохыг нотлох баримт (иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд төрөл садны лавлагаа);

       3.2.3. тэтгэмжийг шилжүүлэх банкны нэр, дансны дугаар;

       3.2.4. холбогдох хэргийн тухай цагдаагийн байгууллагын дүгнэлт;

       3.2.5. албан хаагчийн нас барсны гэрчилгээ;

       3.2.6. шаардлагатай бусад баримт бичиг.

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон тохиолдолд энэ журмын 3.1-д заасан тэтгэмжийг олгоно.

       Тайлбар: Энэ журамд заасан “Урьд эрхэлж байсан ажил үүрэг” гэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эрхэлж байсан ажил үүргийг ойлгоно.

3.4. Тэтгэмж авагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл өндөр настан зэрэг) энэ журмын 3.2-т заасан баримт бичгийг бүрдүүлэн өгөх боломжгүй тохиолдолд тухайн алба хаагчийн ажиллаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бүрдүүлж өгнө.

3.5. Энэ журмын 3.2, 3.4-т заасны дагуу бүрдүүлсэн баримт бичгийг цалингийн тодорхойлолтын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагад хүргүүлж, төв байгууллагын дарга энэ журамд заасан тэтгэмж олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Дөрөв.Бусад

4.1. Энэ журамд заасан нөхөх олговор, тусламжийг алба хаагч, албанаас чөлөөлөгдсөн иргэн, эсхүл түүний гэр бүлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын шийдвэрээр олгох бөгөөд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэхүү журамд заасны дагуу алба хаагчийн цалин хөлс, тэтгэмж, нөхөх олговор, тусламжийг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ. 
 
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох хэсэгт зааснаас бусад тохиолдолд амь нас, эрүүл мэндээр хохирсон нь тогтоогдвол энэ журамд заасан нөхөх олговор, тусламж, тэтгэмжийг олгохгүй.

4.4. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, нөхөх олговор, тусламжийг хууль бусаар авсан, олгосон этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


---о0о---