A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 362 дугаар
  тогтоолын 2 дугаар хавсралт

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН
АЛБА ХААГЧИД ЗАМЫН ЗАРДАЛ
ОЛГОХ ЖУРАМ

1. Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч (цаашид “алба хаагч” гэх), уг үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэн (цаашид “иргэн” гэх)-д амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр очих ба буцах замын зардлыг олгоход энэхүү журмыг баримтлана.

2. Энэ журмын 1-д заасан замын зардлыг автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, төмөр замын тээврийн тухайн үеийн үнэлгээгээр тооцож, жилд нэг удаа олгоно.

3. Алба хаагч болон иргэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан энэ журмын 2-т заасан тээврийн хэрэгслээр зорчих боломжгүйн улмаас агаарын тээврээр үйлчлүүлсэн тохиолдолд замын зардлыг тухайн үеийн онгоцны тасалбарын жишиг үнийг үндэслэн тооцож олгоно.

4. Алба хаагч болон иргэн энэ журамд заасан замын зардал авах хүсэлтээ харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр гаргах бөгөөд хүсэлтэд дараахь баримтыг хавсаргана:

      4.1. эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт;

      4.2. магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт;

      4.3. замын зардал төлсөн баримт (нийтийн тээвэр, галт тэрэг, онгоцны тасалбар).

5. Алба хаагч болон иргэний хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төрийн захиргааны байгууллага хүлээн авч, хүсэлтэд хавсаргасан баримтыг үндэслэн замын зардлыг олгоно.

6. Энэ журмын 4-т заасан баримтын бүрдэл дутуу бол замын зардлыг олгохгүй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага замын зардал олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

8. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, замын зардлыг хууль бусаар авсан, олгосон этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---