- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ БАРИХ, АШИГЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 379 дүгээр
тогтоолын хавсралт
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН
БАЙГУУЛАМЖ БАРИХ, АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь тусгай зориулалтын авто зам, замын байгууламж (цаашид “авто зам, замын байгууламж” гэх)-ийг барих, ашиглах талаар төр, иргэн, хуулийн этгээд хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Авто зам, замын байгууламжийг барих, ашиглахад Авто замын тухай хууль болон энэ журам, холбогдох бусад журмыг мөрдөнө.
1.3. Концессын гэрээгээр авто зам, замын байгууламжийг барьж, ашиглахад энэ журмыг дагаж мөрдөхгүй.
Хоёр. Тусгай зориулалтын авто зам, замын
байгууламжийг барих, ашиглах
2.1. Авто зам, замын байгууламжийг авто зам, авто тээвэр болон төмөр замын тээврийн урт, дунд хугацааны бодлого, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага, стратегийн ач холбогдол бүхий орд газруудын байршил, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан төлөвлөнө.
2.2. Авто замын чиглэлийг тухайн бүс нутгийн газар зүйн онцлог, зэрлэг ан, амьтны тархац, нутагшилт, тэдгээрийн шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх байдал, аж ахуйн нэгжээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх талаар гаргасан хүсэлт, урьд нь батлагдсан авто замын чиглэл, баригдсан авто болон бусад төрлийн замыг харгалзан тухайн авто замын нийт урт нь хамгийн бага байх зарчмыг баримтлан тогтооно.
2.3. Авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина.
2.4. Хуулийн этгээд нь авто зам, замын байгууламжийг барих, ашиглах үйл ажиллагааг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
2.5. Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл (цаашид “ТЭЗҮ” гэх), зураг төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, техник, технологийн хяналт хэрэгжүүлэх, барих, ашиглах болон тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг тухайн авто зам, замын байгууламжийг эзэмшигч, хөрөнгө оруулагч санхүүжүүлнэ.
Гурав. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагын эрх, үүрэг
3.1. Авто зам, замын байгууламжийг барих, ашиглах асуудлыг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын орд, уурхайн байршил, тээвэрлэх ачааны төрөл, хэмжээ, нийгэм, эдийн засгийн үр өгөөж зэргийг нарийвчлан судалж гаргасан ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэнэ.
3.2. Авто замын чиглэлийг энэ журмын 2.2-т заасан зарчимд үндэслэн тогтооно.
3.3. Авто зам, замын байгууламжийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах ажил нь баталсан ажлын даалгаврын дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавина.
3.4. Тухайн авто зам, замын байгууламжийг гэрээний үндсэн дээр эзэмшүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авна.
3.5. Авто зам барих, ашиглах гэрээ (цаашид “гэрээ” гэх)-нд заасан хугацаанд багтаан авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлээгүй, барилга угсралтын ажил нь тодорхойгүй хугацаагаар зогссон болон батлагдсан чиглэлийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах арга хэмжээ авч, тухайн авто зам, замын байгууламжийг барих талаар хүсэлт гаргасан этгээдтэй гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна.
3.6. Авто зам, замын байгууламжийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам”-д заасны дагуу ашиглалтад хүлээн авна.
3.7. Авто замыг ашиглалтад хүлээн авахдаа “Т-01”-ээс эхлэн дугаарлаж, холбогдох журмын дагуу авто замын бүртгэл, мэдээллийн санг хөтөлнө.
3.8. Авто зам, замын байгууламжийг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулаагүй, стандарт, норм, норматив, техникийн бичиг баримтын дагуу ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй, орон нутгийн иргэд болон байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөг арилгах талаар эрх бүхий этгээдээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол авто замын ашиглалтыг зогсоох, авто зам барих, ашиглах гэрээг цуцлах хүртэл шат дараалсан арга хэмжээ авна.
Дөрөв. Авто зам, замын байгууламж
эзэмшигчийн эрх, үүрэг
4.1. ТЭЗҮ хийгдэж, авто замын чиглэл батлагдсаны дараа тухайн авто зам, замын байгууламжийг барих, ашиглах гэрээг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулна.
4.2. Авто зам, замын байгууламжийг батлагдсан ТЭЗҮ, зураг төсөл, стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулна.
4.3. Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник, технологийн хяналтыг хэрэгжүүлж байгаа эрх бүхий мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлнэ.
4.4. Тухайн авто зам, замын байгууламжийг улсын комисс хүлээн авсны дараа тээвэрлэлтийг эхлүүлнэ.
4.5. Авто зам, замын байгууламжийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тээврийн хэрэгсэлд ашиглуулах асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд зам ашигласны төлбөрийг Засгийн газраас тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр авна.
4.6. Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтыг гүйцэтгэх тусгай нэгж байгуулах, эсхүл тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгүүлэх, хөдөлгөөний аюулгүй болон ашиглалтын бэлэн байдлыг хангуулна.
4.7. Авто зам, замын байгууламж барих, ашиглах, засвар, арчлалт хийх үед байгаль орчныг хамгаалж, сөрөг нөлөөллийг бууруулах болон нөхөн сэргээлт хийх ажлыг хариуцна.
4.8. Авто зам, замын байгууламжийг ашиглах талаар гэрээнд заасан хугацаа дуусахад тухайн авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлыг ханган авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэж өгнө.
Тав. Бусад
5.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Авто замын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A