- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКНЫ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн
A-308 дугаар тушаалын хавсралт
БАНКНЫ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмыг Банкны тухай хуульд заасны дагуу банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэх, тусгай төлөөлөгч томилох, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх, санхүүгийн хянан зохицуулах болон бусад эрх бүхий бусад байгууллагатай харилцах, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгоход мөрдөнө.
1.2.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ нь банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах, банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах, хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй байх, банкийг албадан татан буулгаснаас илүү зардал, хохирол төр болон банкны харилцагчаас гарахгүй байх зорилтыг хангахад чиглэнэ.
1.3.Банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхдээ Банкны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтална.
1.4.Банканд бүтцийн өөрчлөлт-ийн арга хэмжээ авахдаа Банкны тухай хуулийн 47.5 дахь хэсэг заасан төлөвлөгөөг баримталж болно.
1.5.Энэ журамд заасан арга хэмжээг банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулах, хяналт шалгалтын үр дүн, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, банкны санхүүгийн байдалд ажиглалт хийх, банкны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй нэгж хариуцан зохион байгуулна.
1.6.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ нь Банкны тухай хуульд заасан үндэслэлээр банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал мөрдөгдсөн өдрөөс эхэлж Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох тухай шийдвэр гарсан өдрөөр дуусгавар болно.
Хоёр. Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл, шийдвэр, хамрах хүрээ
2.1.Банкны хяналт шалгалтын явцад банканд Банкны тухай хуулийн 54.3-д заасан нөхцөл байдлын аль нэг үүссэн бол банкийг төлбөрийн чадваргүй буюу төлбөрийн чадваргүй болох нь гарцаагүй болсон тухай хяналт шалгалтын дүгнэлт гаргаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталгаажуулж шийдвэрлэнэ.
2.2.Энэ журмын 2.1-д заасан нөхцөл байдлыг тогтоохдоо газар дээрх болон зайны хяналт шалгалтын тайлан, банкны тогтворжуулах төлөвлөгөөний хэрэгжилт, нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлснээр банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй, тухайн банк, гуравдагч этгээдийн өргөдөл, гомдол, мэдээлэлд үндэслэх бөгөөд асуудлыг нягтлан тодорхойлох зорилгоор хяналт шалгалтын бусад арга хэмжээ авч болно.
2.3.Банкийг төлбөрийн чадваргүй буюу төлбөрийн чадваргүй болох нь гарцаагүй болсон тухай тооцох хяналт шалгалтын дүгнэлт нь дараах агуулгатай байна:
2.3.1.Газар дээрх эсхүл зайны хяналт шалгалтын үнэлгээ.
2.3.2.Банкны өөрийн хөрөнгийн хэмжээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, тэдгээрийн зохистой харьцааны үзүүлэлт болон банкны удирдлага, үйл ажиллагааны талаар тогтоосон бусад шаардлагыг банк хэрхэн хангаж байгаа талаарх дараах мэдээллийг агуулсан байна:
2.3.2.1.Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ;
2.3.2.2.Банкны активын чанарын үзүүлэлт, ангилал, эрсдэлийн сан, алдагдлын хэмжээ;
2.3.2.3.Банкны пассивын хэмжээ, бүтэц, эх үүсвэрийн зардлын төлөв;
2.3.2.4.Банкны тэнцлийн гадуурх зүйлсийн төлөв, хүлээж болзошгүй төлбөрийн үүргийн биелэлт;
2.3.2.5.Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын байдал, түүний зохистой харьцааны үзүүлэлтийн биелэлт;
2.3.2.6.Банкны мөнгө, түүнтэй дүйцэхүйц хөрөнгийн орох, гарах урсгалын төсөөлөл;
2.3.2.7.Урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийн төлөв;
2.3.2.8.Эх үүсвэрийн санхүүжилтийн шугамын тасалдал, бууралт;
2.3.2.9.Төлбөр тооцооны системийн оролцоо, саатал, дутагдлын байдал;
2.3.2.10.Банкны өөрийн хөрөнгө, өр төлбөрийн байдалд үндэслэсэн санхүүгийн үзүүлэлтүүд;
2.3.2.11.Санхүүгийн тайлагналын байдал, түүнийг худал ташаа мэдээлсэн зөрчил, хөндлөнгийн аудитороос тайлан гаргахаас татгалзсан байдал, материаллаг зөрүүтэй байдал;
2.3.2.12.Удирдлагын шийдвэр гаргалтын байдал, томоохон шийдвэр гарахгүй байх явдал;
2.3.2.13.Банкны засаглал дахь ноцтой дутагдлаас шалтгаалж зохистой харьцаанд нөлөөлж байгаа байдал (стратеги төлөвлөгөө, эрсдэлийн удирдлагын сул тал, дотоод хяналтын сул байдал, банкны удирдлагын шалгуур хангахгүй байдал, банкны үндсэн үйл ажиллагаа хариуцах удирдлагын албан тушаалтны томилгоог хийж чадахгүй байгаа байдал, шагнал урамшууллын тогтолцооны ноцтой сул тал);
2.3.2.14.Банк гэрээгээр хүлээсэн үүргээ шаардах этгээдийн өмнө биелүүлж чадахгүй байх, өөрийн шаардах эрх авлагыг цаг хугацаанд нь авч чадахгүй байх, зах зээлээ алдсан эсвэл, харилцагчаа алдах зэргээр банкны үйл ажиллагааг явуулж чадахааргүй болсон.
2.3.3. Хяналт шалгалтын чиглэлээр урьд нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
2.3.4. Шаардлагатай тохиолдолд Банкийг тогтворжуулах төлөвлөгөөний үр дүн.
2.4.Банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлт хариуцсан нэгж нь энэ журмын 2.1-д заасан шийдвэр гарсан даруй банк хэвийн үйл ажиллагаа хангагдахгүй болсон, тухайн банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах нь нийтийн ашиг сонирхлыг хангахад зайлшгүй шаардлагатай эсэх тухай дүгнэлт буюу банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл бүрдсэн эсэх тухай дүгнэлтийг бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах санал, Банкны тухай хуулийн 55.1-д заасан арга хэрэгслийг ашиглан боловсруулсан бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний хамт Монголбанкны Ерөнхийлөгчид нэн даруй танилцуулна.
2.5.Банкны тухай хуулийн 53.2-д заасан зарчим, энэ журмын 1.2-д заасан зорилтыг хангахтай холбоотой дараах шалгуурын аль нэг хангагдсан тохиолдолд банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах нь нийтийн ашиг сонирхлыг хангахад зайлшгүй шаардлагатайд тооцно:
2.5.1. Банк системд нөлөө бүхий банк байх;
2.5.2. Банканд бүтцийн өөрчлөлт хийх нь албадан татан буулгаснаас илүү хэмжээний зардал, санхүүжилт төрөөс гарахгүй байх;
2.5.3. Банканд бүтцийн өөрчлөлт хийх нь албадан татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой байх гэж Монголбанк үзсэн.
2.6.Энэ журмын 2.4-д заасан банкны хэвийн үйл ажиллагааг цаашид хангах боломжгүй болсныг тодорхойлохдоо банкны төлбөрийн чадвар нь банк өөрийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эсхүл банкны урьдчилан сэргийлэх болон хяналт шалгалтын бусад арга хэмжээгээр сэргээгүй буюу цаашид 1 сарын хугацаанд сэргэх боломжгүй, банкны өөрийн хөрөнгө Монголбанкнаас шаардсан хэмжээгээр нэмэгдээгүй байдлыг хамааруулна.
2.7.Энэ журмын 2.4-д заасан дүгнэлтийг Банкны хяналт шалгалтын хороо нь банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах талаар хэлэлцэж, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах эсэх талаар зөвлөмж гаргана.
2.8.Энэ журмын 2.4, 2.7-д заасан дүгнэлт, зөвлөмж гаргах явцад банк, түүний төлөөллийг сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулж болно.
2.9.Банкны хяналт шалгалтын хорооноос банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах зөвлөмж гарсан бол уг зөвлөмжийг харгалзан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэнэ.
2.10.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэрт дараах зүйлсийг тусгана:
2.10.1. Банкны нэр, оршин байгаа газар, хаяг, бүртгэлийн дугаар;
2.10.2.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах болсон үндэслэл;
2.10.3.Банкны бүтцийн өөрчлөлт хэрэгжүүлж эхлэх, үргэлжлэх хугацаа;
2.10.4.Банкны үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, чөлөөлөх тухай болон бусад шийдвэр, түүнд холбогдох жагсаалт;
2.10.5.Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол, хандан гаргах этгээд, хугацаа.
2.11.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл энэ журмын 2.4-д заасны дагуу бүрдсэн боловч хугацаа, хохирол, санхүүгийн эх үүсвэр зэрэг хүчин зүйлээс шалтгаалж Банкны тухай хуулийн 55.1-д заасан арга хэрэгслийг ашиглах боломжгүй тухай дүгнэлт гарсан, эсвэл энэ журмын 2.5-д заасан шалгуур хангагдаагүй бол Банкны тухай хуулийн дагуу банкийг татан буулгах арга хэмжээг авах саналыг Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулна.
Гурав. Банканд тусгай төлөөлөгч томилох, нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1.Монголбанк бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бол банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх Тусгай төлөөлөгчийг томилно.
3.2.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах тухай шийдвэрийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгч дараах шийдвэрийг хамтад нь гаргаж болно:
3.2.1.Тусгай төлөөлөгчийн ажлын удирдамж, тусгай төлөөлөгчийн гишүүдийн ажил үүргийн хуваарь батлах;
3.2.2.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авч байгаа банкны орон нутгийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад Монголбанкны салбараас баримталж ажиллах удирдамж, чиглэл;
3.2.3.Олон нийтэд мэдээлэх мэдээллийг цэгцтэй, нэгдсэн бодлого, зохион байгуулалттай байлгах зорилгоор олон нийттэй харилцах төлөвлөгөөг батлах, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах албан тушаалтныг томилох.
3.2.4.Банкны хөрөнгийг захиран зарцуулах зөвшөөрлийг олгох.
3.3.Монголбанк банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрийг тухайн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
3.4.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээллийг Монголбанкнаас олон нийтэд нэн даруй мэдээлнэ.
3.5.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг банк, түүний нэгдлийн хүрээнд хэрэгжүүлэхдээ банкны нэгдлийн толгой компани, бусад оролцогчоос тайлан мэдээлэл авах, хуульд заасан шаардлага тавих зэргээр санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
3.6.Банкны үйл ажиллагааны цар хүрээ, эрсдэлийн түвшингээс хамаарч хууль эрх зүй, санхүүч, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мэргэшсэн 3-аас доошгүй гишүүнтэй зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээр томилж болно.
3.7.Тусгай төлөөлөгчийн зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг Тусгай төлөөлөгч тогтоох, өөрчлөх эрхтэй.
3.8.Тусгай төлөөлөгчийн зөвлөлийн гишүүд, тусгай төлөөлөгчөөр томилогдсон хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага нь Банкны тухай хуулийн 56.2-д заасан шаардлагыг хангасан байна.
3.9.Тусгай төлөөлөгч болон зөвлөлийн гишүүдийн ажиллах нөхцөл, аюулгүй байдал (гэр бүлийн гишүүд), ажлын байр, орон тоог хадгалах, нийгмийн хангамж зэрэг бусад асуудлыг Монголбанктай байгуулах гэрээгээр зохицуулна.
3.10. Тусгай төлөөлөгч арга хэмжээг хэрэгжүүлж байгаа банкны орон нутаг дахь нэгжийн үйл ажиллагаанд тухайн орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарын захирал хяналт тавьж ажиллана.
3.11.Банкны тухай хуульд заасны дагуу Тусгай төлөөлөгч болон зөвлөлийн гишүүдийн цалин хөлсийг албадлагын арга хэмжээ авч буй банкны гүйцэтгэх удирдлагын цалин, хөлс, урамшуулал, бусад нөхцөлтэй уялдуулан Монголбанкнаас тогтооно.
3.12.Тусгай төлөөлөгч нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас гаргасан заавар, журам, шийдвэр, Монголбанкны удирдлагатай байгуулсан гэрээ болон энэ журмыг баримтална.
3.13.Тусгай төлөөлөгч нь банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгслийг ашиглах, түүнтэй холбоотой аливаа шийдвэр гаргах, банкийг төлөөлж удирдахтай холбоотой Банкны тухай хуулийн 56.1, 56.8, 69.1-т зааснаас гадна бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг энэ журмын 1.2-т заасан зорилтыг хангах чиглэлээр хэрэгжүүлнэ.
3.14.Тусгай төлөөлөгч нь үйл ажиллагаандаа тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.15.Тусгай төлөөлөгч томилогдож, банк, удирдлагын бүрэн эрх болон хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсны дараа банкны санхүүгийн байдал, хөрөнгө, өр төлбөрийг бодитой тодорхойлох, банкны санхүүгийн байдлыг сайжруулах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангахтай холбоотой дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ:
3.15.1.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэр, банкны удирдлага, эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Тусгай төлөөлөгчид шилжсэн тухай мэдэгдлийг томилогдсоноос хойш 24 цагийн дотор тухайн банкны эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх;
3.15.2.Банканд хөрөнгө оруулахыг банкны хувь нийлүүлэгч, нэгдлийн толгой компаниас шаардана. Хэрэв банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаас өмнө энэ төрлийн шаардлагыг Монголбанкнаас тавьсан боловч хувь нийлүүлэгч, нэгдлийн толгой компани биелүүлээгүй бол дахин шаардахгүй байж болно;
3.15.3.Банкны тухай хуулийн 35.8, 56.5, 56.8.4, 59.1, 69.1.14-д заасны дагуу банкны хувьцаа эзэмшигчид алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусган банкны дүрэмд зохих өөрчлөлт оруулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх;
3.15.4.Банкны нийт актив хөрөнгийн жагсаалт, бүртгэлийг гаргах, активыг хяналтандаа авах;
3.15.5.Тухайн банкны газар, хэлтсийн захирал, салбар нэгжийн удирдлагын эрх, үүрэг, зардал гаргах эрх хэмжээг тогтоосон шийдвэр гаргаж мэдэгдэх;
3.15.6.Тусгай төлөөлөгч нь Банкны үндсэн хөрөнгийн тооллогыг нэн даруй эхлүүлж биет байдлаар дутагдсан болон банкны өмчлөл, эзэмшлийн бус хөрөнгийг зохих этгээдээс нэхэмжлэх, дутагдлыг бүртгэж, холбогдох журмын дагуу эрсдэлийн санг байгуулна;
3.15.7.Банкны санхүүгийн тайлан, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, бусад эрх бүхий байгууллагаас хянан шийдвэрлэж байгаа хэрэг маргаан, бусад холбогдох тайлан мэдээг гаргуулан банкны гүйцэтгэх удирдлага, санхүү бүртгэл хариуцсан эрх бүхий албан тушаалтан, ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдгээр баталгаажуулан хүлээн авах;
3.15.8.Тусгай төлөөлөгчид туслах ажлын хэсгийг удирдлагаар хангаж, банкны тайлан тэнцэл, бичиг баримт, тэнцлийн гадуурх бүртгэлийг батлагдсан удирдамж, загварын дагуу гаргуулан авах;
3.15.9.Банкны тухай хуулийн 56.7-д заасан үнэлгээг хийлгэхэд бэлтгэх.
3.16.Шаардлагатай тохиолдолд Монголбанкнаас баталсан банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг өөрчлөх саналыг боловсруулж, батлуулах. /Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэр гарсан тохиолдолд Монголбанкнаас томилсон ажлын хэсэг, Хадгаламжийн даатгалын корпораци, Тусгай төлөөлөгч хамтран энэ журамд заасан төлөвлөгөөнд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгаж Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлуулна/.
3.17.Тусгай төлөөлөгчөөс банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг шинэчлэх саналыг ирүүлснээс хойш Монголбанк ажлын 5 хоногийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
3.18.Тусгай төлөөлөгч нь банкны тайлан тэнцлийн холбогдох дансдын үлдэгдэл бодит байдал болон үндсэн баримттай зөрүүтэй тохиолдолд банкны гүйцэтгэх удирдлага, холбогдох бусад этгээдээс тодруулга авах, баримтжуулах, холбогдох тохируулгын гүйлгээг хийх, шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
3.19.Банкны актив, пассивын үнэлгээг хийхэд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаас 6 сарын дотор хийгдсэн ижил төстэй үнэлгээг ашиглаж болно.
Дөрөв. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх
4.1.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монголбанкнаас баталсан банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
4.2.Тусгай төлөөлөгч нь энэ журмын 4.1-д заасан төлөвлөгөөг Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмж, банкны актив, пассивыг Банкны тухай хуулийн 43.3 эсхүл 56.7 дахь хэсэгт заасны дагуу хийлгэсэн үнэлгээ, банкны бодит нөхцөл байдлыг тодорхойлсон баримт бичиг, бусад холбогдох мэдээлэлд үндэслэн өөрчлөх саналаа Монголбанканд танилцуулж, батлуулна.
4.3.Тусгай төлөөлөгч нь актив, пассивыг үнэлэх этгээдийг сонгож үнэлгээг хийлгэнэ. Актив, пассивыг үнэлэх стандарт, шаардлага нь Монголбанк,Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрх зүйн акт байна.
4.4.Банкны тухай хуулийн 55.1 дэх хэсэгт заасан хэрэгслийг дангаар болон хослуулан сонгох хувилбаруудыг гаргаж, тэдгээрийн давуу болон сул тал, зардал, шаардлагатай санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа, банк, банкны тогтолцоонд үзүүлэх нөлөө, банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжийг хооронд нь харьцуулна.
4.5.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагад нөлөөлөх хэрэгсэл ашиглахад Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллыг баримтална.
4.6.Тусгай төлөөлөгч нь Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Банкны тухай хуулийн 55.1-д заасан дараах хэрэгслийг дор дурдсан нөхцөлийн дагуу ашиглана:
4.6.1.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах:
4.6.1.1.Банкны алдагдал, өр төлбөрийн хэмжээг бууруулах, өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах зорилгоор Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулж болох бөгөөд уг хэрэгслийг тэргүүн ээлжинд харгалзан үзнэ;
4.6.1.2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулахдаа хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас, өөрийн хөрөнгөд хамаарах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг хүчингүй болгох, тэдгээрийн нэрлэсэн үнийг бууруулах, хувьцаанд хөрвүүлэх, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах болон шаардлагатай бусад шийдвэрийг гаргана;
4.6.1.3.Банкны өр төлбөрийн хэмжээ активын хэмжээнээс илүү гарсан бол Банкны хувьцаа эзэмшигчид оруулсан хөрөнгийнх нь хэмжээгээр алдагдлыг хүлээлгэж банкны гаргасан хувьцааг хүчингүй болгож, өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлж болно. Банк өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хүртэлх хэмжээгээр өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэхдээ үлдсэн алдагдлыг өр төлбөр эзэмшигчдэд ногдуулж, хувьцааг эзэмшүүлнэ;
4.6.1.4.Банкны актив нь пассиваас илүү тохиолдолд хувьцаанд хамаарах үнэт цаас, хөрвөх нөхцөлтэй бусад үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлж хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хувийг (dillution) бууруулна;
4.6.1.5.Банкны актив, пассивын үнэлгээнд үндэслэн банкны нэгдүгээр ба хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн нэрлэсэн үнийг бууруулах, эсвэл хөрвүүлэх арга хэмжээг банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хэмжээнд хүргэх буюу тухайн хэрэгслийн үнийг бүрэн ашиглаж дуусах хүртэл хэрэгжүүлнэ;
4.6.1.6.Тусгай төлөөлөгч хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргаж бусад этгээдэд худалдах замаар банкийг дахин хөрөнгөжүүлж болно;
4.6.1.7.Тусгай төлөөлөгч нь хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх шийдвэрийг банкны хувьцаа эзэмшигч, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмшигч этгээдэд албан ёсны хаягаар, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ;
4.6.1.8.Энэ хэсэгт заасан хэрэгслийг ашиглах, аливаа этгээд банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмших тохиолдолд Банкны тухай хуулийн 36, 361 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
4.6.2.Өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх
4.6.2.1.Тусгай төлөөлөгч банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах, эсвэл банкны актив, пассивыг шилжүүлэх, тусгай зориулалтын банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор банкны өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлнэ.
4.6.2.2.Банкны өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэхэд дараах шаардлагыг хангасан байна:
А) Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах хэрэгслийг ашигласан, эсвэл харгалзсан байх;
Б) Банкны гаргасан хувьцаанд хөрвөх үнэт цаасны нөхцөлд тодорхойлсон бол энэ журмын 4.6.2.2-т заасан дарааллаас үл хамааран тухайн үнэт цаасыг тэргүүн ээлжинд хөрвүүлэх;
В) Банкны өр төлбөр, активын зөрүү сөрөг утгатай бол өр төлбөрийн үнэлгээнд үндэслэн өр төлбөрийн нэрлэсэн үнийн дүнг дээрх зөрүүг тэгтэй тэнцүү байхаар бууруулах;
Г) Банкны цэвэр активын хэмжээ тэг болон түүнээс дээш утгатай бол өр төлбөр, өөрийн хөрөнгийн бусад хэрэгслийг банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хүртэл хэмжээгээр хөрвүүлэх;
Д) Хувьцаанд хөрвүүлэх хувь хэмжээг банкны өр төлбөрийг хөрвүүлснээс үүсч болох тухайн шаардах эрхийн үнэ цэнийн бууралтыг нөхөх байдлаар тогтоох;
Е) Төлбөрийн дарааллын эхэнд байгаа этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хувь хэмжээ нь дарааллын ард байгаа этгээдийн хувь хэмжээнээс их байх.
4.6.2.3.Дараах тохиолдолд банкны өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэхгүй байж болно:
А)Тухайн өр төлбөрийг бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд заасан боломжит хугацаанд хөрвүүлэх боломжгүй;
Б) Банкны үндсэн үйл ажиллагаа алдагдахаар бол;
В)Банкны тогтолцоо, төлбөрийн системд сөргөөр нөлөөлөх үр дагавартай бол;
Г)Банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмших талаар хууль тогтоомжид заасан шаардлага зөрчигдөхөөр бол;
Д)Энэ журмын 1.2-д заасан зорилт хангагдахгүй байх бусад.
4.6.2.4.Тусгай төлөөлөгч банкны өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэхдээ дараах журмыг баримтална:
А)Банкны өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлсний үр дүнд тухайн банкны өөрийн хөрөнгийн шаардлага нэг жилээс багагүй хугацааны турш хангагдсан байхаар хөрвүүлэх өр төлбөрийн хэмжээ, холбогдох бусад тооцоог хийнэ;
Б) Банкны тухай хуулийн 56.7-д заасан үнэлгээнд үндэслэн өр төлбөр, өөрийн хөрөнгийн үнэлгээг тогтоох;
В) Банкны тухай хуулийн 73.1-д дарааллыг дээш өгсөх байдлаар хөрвөх өр төлбөрийг тодорхойлох;
Г) Тусгай төлөөлөгч өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэхээр шийдвэрлэсэн бол энэ тухайн өр төлбөрийг шаардах эрх бүхий этгээдэд 60 хоногийн дотор мэдэгдэнэ;
Д) Банкны актив, пассивын үнэлгээнд үндэслэн хөрвөх хувьцааны үнэ, тоо ширхэг, бусад нөхцөлийг тогтоосны дараа энэ журмын 4.6.2.4 дэх хэсгийн Г-д заасан этгээдийн өмчлөлд хувьцааг шилжүүлж, банкны бүртгэл, тайлан тэнцэлд тусгана.
4.6.2.5.Өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх тухай төсөлд хувьцаагаар солих өр, гаргах хувьцааны хэмжээ, үнэ, зорилго, хэрэгжүүлэх нөхцөл, журам, банкны дүрэмд оруулах өөрчлөлт зэргийг тусгана.
4.6.2.6.Өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэхдээ хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагч нь Монголбанкнаас банкны хувьцаа эзэмшигчид тавих шаардлагыг хангасан байх бөгөөд банкны хувьцаа эзэмшигч болох үйл ажиллагаанд Монголбанкнаас мөрдүүлэх холбогдох журмыг баримтална.
4.6.2.7.Банк нь хувьцаат компани бол Санхүүгийн зохицуулах хорооноос зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлнэ.
4.6.3.Банкны актив, пассивыг шилжүүлэх
4.6.3.1.Банкны үндсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, банкны харилцагч, активын чанарыг бууруулахгүй байх, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг хамгаалах, банкны чанаргүй активыг тусгаарлах, банкийг татан буулгах нөхцөлийг хангах зорилгоор тусгай төлөөлөгч нь банкны актив, пассивыг эрх бүхий банканд худалдаж, шилжүүлэхээр шийдвэрлэж болно.
4.6.3.2.Банкны актив, пассивыг бусад банканд бүрэн, эсхүл хэсэгчлэн, олон удаагийн давтамжтай, буцаах нөхцөлтэй шилжүүлж болно.
4.6.3.3.Тусгай төлөөлөгч нь банкны актив, пассив, тэдгээрийн үнэлгээ, бусад мэдээллийг багтаасан танилцуулга (АПШ багц мэдээлэл) бэлтгэж, худалдан шилжүүлэх саналыг эрх бүхий банканд гаргана.
4.6.3.4.Энэ журмын 4.6.3.3-д заасан үнэлгээ нь Банкны тухай хуулийн 56.7-д заасан үнэлгээ байна.
4.6.3.5.Банкны актив, пассивыг шууд худалдах, эсвэл үнээр өрсөлдүүлэх хэлбэрээр зохион байгуулна.
4.6.4.Тусгай зориулалтын банк байгуулах
4.6.4.1.Банкны актив пассивыг шилжүүлэх, банкны үндсэн үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх зорилгоор, энэ журмын 4.6.4.2-д заасан шаардлагын дагуу Тусгай зориулалтын банк байгуулахаар шийдвэрлэж болно.
4.6.4.2.Тусгай зориулалтын банк байгуулахад дараах шаардлагыг урьдчилан хангасан байна:
А)Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний зорилтыг хэрхэн хангах талаар тодорхойлсон байх;
Б)Тусгай зориулалтын банкны пассив нь активаас ихгүй байх;
В)Тусгай төлөөлөгч тусгай зориулалтын банкны үүсгэн байгуулагч байх;
Г)Тусгай төлөөлөгч тусгай зориулалтын банкны дүрэм, удирдлага зохион байгуулалтад оролцох, үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих бүрэн эрхтэй байх;
Д)Банкны тухай хуулийн 58.2-т заасан хугацаанд тусгай зориулалтын банкны үйл ажиллагааг дуусгавар болгох арга хэмжээг тодорхойлсон байх;
Е)Тусгай зориулалтын банк байгуулахад холбогдох хуульд заасан шаардлагыг дагаж мөрдөнө;
Ё)Тусгай зориулалтын банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авч байгаа банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас, банкны тогтворжуулалтын сан, Хадгаламжийн даатгалын корпорацийн санхүүгийн дэмжлэг, Засгийн газрын санхүүжилт болон хуулиар зөвшөөрсөн бусад эх үүсвэрээр бүрдүүлнэ.
4.7.Тусгай төлөөлөгч банкны актив, пассивыг шилжүүлэх арга хэмжээний хүрээнд банкийг өөрчлөн байгуулж болно.
4.8.Тусгай төлөөлөгч нь бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь үр дүнгүй, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэж үзвэл энэ тухайгаа Монголбанканд зохих саналын хамт нэн даруй танилцуулна.
4.9.Тусгай төлөөлөгч нь Банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө болон эрх, үүргийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар сар бүрийн 10-ны өдрийн дотор Монголбанканд тайлагнана.
Тав. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад байгууллагатай харилцах
5.1.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөлийн бүрдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар, Хадгаламжийн даатгалын корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, гадаад улсын санхүүгийн зохицуулах эрх бүхий байгууллага болон хууль сахиулах байгууллагатай хууль тогтоомж, харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу харилцана.
5.2.Банкны актив, пассив шилжүүлэх, Тусгай зориулалтын банк байгуулах хэрэгслийг ашиглахдаа Хадгаламжийн даатгалын корпорациас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр бол Монголбанк, тусгай төлөөлөгч, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ажиллана.
5.3.Тусгай төлөөлөгч томилох тохиолдолд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 17.5-д заасны дагуу хийгдсэн нөхөн төлбөрийн тооцоог Хадгаламжийн даатгалын корпораци гаргаж Монголбанканд танилцуулна.
5.4.Тусгай төлөөлөгчийн зөвлөлд Хадгаламжийн даатгалын корпорацийг төлөөлсөн гишүүнийг оролцуулах бөгөөд шаардлага хангасан этгээдийг томилуулахаар Монголбанканд хүсэлтийг хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
5.5.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 11.3-д заасан журмыг баримтална.
Зургаа. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох
6.1.Банкны тухай хуулийн 67.1-д заасан үндэслэлээр банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар гаргана.
6.2.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах хугацаа дуусгавар болохоос өмнө, эсхүл дуусгавар болох өдөр тусгай төлөөлөгч банкны бүтцийн өөрчлөлт дуусгавар болгох санал, ажлын тайланг Монголбанканд хүргүүлнэ:
6.3.Энэ журмын 6.2-д заасан санал нь дараах агуулгатай байна:
6.3.1.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах болсон үндэслэл арилсан буюу банкны өөрийн хөрөнгийн шаардлага хэрхэн хангагдсан, банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа сэргэсэн эсэх;
6.3.2.Энэ журмын 1.2-д заасан хэрхэн хангагдсан байдал;
6.3.3.бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгжилт, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, зардал;
6.3.4.Банкны удирдлагыг эрх бүхий этгээдэд шилжүүлэх, эсхүл банкийг татан буулгах талаар санал, цаашид авах арга хэмжээ.
6.4.Монголбанк энэ журмын 6.2-д заасан саналыг хүлээн авснаас хойш нэн даруй бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох эсэхийг шийдвэрлэнэ.
6.5.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл арилсан буюу Банк дахин хөрөнгөжиж, өөрийн хөрөнгийн шаардлага, хангасан үндэслэлээр банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ дуусгавар болсон тохиолдолд Банкны тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу банкны удирдлагыг эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.
6.6.Банкны тухай хуулийн 67.2-д зааснаар банкны бүтцийн өөрчлөлтийн хэрэгслийг ашиглах шаардлагагүй болсон буюу банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангагдаагүй үндэслэлээр банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгож, банкийг татан буулгахаар шийдвэрлэсэн тохиолдолд банкны эрх хүлээн авагч томилогдох хүртэл банкны актив хөрөнгө, үйл ажиллагааны хяналтыг тусгай төлөөлөгч хариуцна.
6.7.Тусгай төлөөлөгч нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээтэй холбоотой баримт бичиг, баримтыг Монголбанкны архивт, тусгай төлөөлөгчийн хэрэглэж байсан тамга, тэмдэг, дардас, лац, үнэмлэх, албан бичгийн маягт зэрэг банкны тусгай төлөөлөгч гэсэн албан ёсны тэмдэглэгээтэй эд зүйлсийг Монголбанканд хүлээлгэн өгнө.
Текст томруулах
A
A
A