- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР (Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын хавсралт
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Оршил
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахдаа Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэс болгов.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Төсвийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Газрын хэвлийн тухай хууль;
-Ашигт малтмалын тухай хууль;
-Байгаль орчныг хамгаалах тухай хууль;
-Үндэсний аюулгүй байдлын тухай хууль;
-Хөрөнгө оруулалтын тухай хууль;
-Газрын тосны тухай хууль;
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль;
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль;
-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль;
-Цөмийн энергийн тухай хууль;
-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль;
-Агаарын бохирдлын тухай хууль;
-Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030;
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого 2025;
-Газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс 2027 он хүртэл баримтлах бодлого;
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;
-Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого;
-Өндөр технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл;
-Бусад хууль, тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулан ажилласан өмнөх туршлага, мэдээллийг ашиглав.
1.5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үүрэг,
хариуцлагын ерөнхий хуваарь
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын хууль тогтоомж, бодлого, гэрээ, хэлэлцээрийн төсөл, стратегийн төлөвлөгөө, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үүрэг, хариуцлага хүлээж сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангаж ажиллана. Мөн салбарын хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын үр дүн, салбарын үйлдвэрлэлийн харилцан уялдаа, холбоог хангах асуудалд судалгаа, шинжилгээнд суурилан өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратеги удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны
үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тэргүүлэх чиглэлд тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. геологийн бодлогын хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгож геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
2.2.2. уул уурхайн бодлогын хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгож бүх төрлийн ашигт малтмалыг олборлох, баяжуулах, борлуулах, экспортлох асуудлыг зохицуулах замаар улс орны эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх;
2.2.3. хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгож хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, шинэчлэх замаар хүнд аж үйлдвэр болон үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх;
2.2.4. газрын тосны бодлогын хэрэгжилтийг хангах, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлэх замаар олборлох, борлуулах хэмжээг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, био, эко, альтернатив түлшний үйлдвэрлэл, чанар, стандартыг сайжруулах, дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, агаарын бохирдлыг бууруулах;
2.2.5. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны салбарын хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, салбарын хууль тогтоомжийн төсөл, хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хувилбар, төсөл, төлөвлөгөө боловсруулах, салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах ажлыг зохион байгуулах, судалгаа, мэдээллээр хангах;
2.2.6. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны салбарт техник, технологийн шинэчлэлт хийж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
2.2.7. салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, баялгийн сайн засаглалын жишгийг нэвтрүүлэх, санхүү, төсвийн чадавхыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх;
2.2.8. иргэний нийгмийн оролцоонд суурилсан ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” болон “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга”, тэдгээрийн зарчим, стандартыг мөрдөх;
2.2.9. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журмыг боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхэм зорилго нь ил тод, хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгоход оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны талаарх хөгжлийн бодлого төлөвлөлт, стратегийг тодорхойлох, бодлогын шинжилгээ хийх, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах, салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, судалгаа, шинжилгээ хийж бодлогын хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, салбарын хууль, тогтоомжийн төсөл боловсруулах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, төсвийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх;
2.4.3. геологи, уул уурхайн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах;
2.4.4. хүнд үйлдвэр, газрын тосны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах;
2.4.5. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааны стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, салбарын хууль тогтоомжийн төсөл, хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хувилбар, төсөл, төлөвлөгөө боловсруулах;
2.5.1.2. ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.3. уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, бүтээгдэхүүний худалдаа, экспортын талаарх бодлогын хувилбар боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, яамны дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, олон нийттэй харилцах;
2.5.2.2. хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, дүрэм, журам, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
2.5.2.3. олон талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, зохицуулах;
2.5.2.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний санхүү, төсвийн бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах, төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. геологийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;
2.5.3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоох, геологийн шинжлэх ухааны сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажлыг гүйцэтгэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;
2.5.3.3. уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;
2.5.3.4. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашигт малтмалын ордуудыг олборлох, баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төлөвлөх, гэрээ хэлцэлд бэлтгэх, гэрээт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг зохицуулах.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. хүнд үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;
2.5.4.2. хүнд үйлдвэрийн салбарт хар ба өнгөт төмөрлөгийн болон машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газрын тос, уламжлалт бус газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрсийг хагас, гүн боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах бодлогын хэрэгжилтийг ханган ажиллах;
2.5.4.3. газрын тосны салбарын хууль, тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;
2.5.4.4. газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар олборлох, борлуулах хэмжээг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнг нь үнэлж дүгнэх, зөвлөмж гаргах;
2.5.5.2. иргэд, байгууллагын мэдээлэл, өргөдөл, гомдлын мөрөөр дотоодын хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт гаргах;
2.5.5.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, төсвийн хөрөнгө, орлого зарлага, хөрөнгө оруулалт, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлсон байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны (бизнес)-ын стратеги загвар
Гурав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын төвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар.
Дээр дурдсан зарчим болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загварыг санал болгож байна.
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:
3.3.1. стратеги бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны талаарх хөгжлийн бодлого төлөвлөлт, стратегийг тодорхойлох, бодлогын шинжилгээ хийх, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах, салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, судалгаа, шинжилгээ хийж бодлогын хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааны стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, хөгжлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийн хувилбар, төсөл, төлөвлөгөө боловсруулах; ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах; уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалт, татвар, бүтээгдэхүүний худалдаа, экспортын талаарх бодлогын хувилбар боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд эдийн засаг, хөрөнгө оруулалт, судалгааны нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын хөгжлийн стратеги, бодлого төлөвлөлтийг сайжруулах, судалгаанд суурилсан, оновчтой бодлого, шийдвэрийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын хувилбарыг боловсруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх замаар геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны салбарын бодлогыг үндэсний аюулгүй байдал, иргэдийн хүсэн хүлээж байгаа хүсэл, ашиг сонирхолд нийцүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны салбарын хөгжлийн стратеги, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага байна.
Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, салбарын хууль, тогтоомжийн төсөл боловсруулах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, төсвийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, яамны дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, олон нийттэй харилцах; хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа, холбоог хангах, дүрэм, журам, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн днмжлэг үзүүлэх; олон талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, зохицуулах; төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний санхүү, төсвийн бодлого боловсруулах, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах, төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж тус тус ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах замаар хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, салбарын хэмжээнд авилгын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагч болон төрийн жинхэнэ албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангах, албан хэрэг хөтлөх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, төрийн болон байгууллагын нууцын асуудлыг эрхлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг хариуцна. Мөн яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах, биелэлтийг гаргаж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, нээлттэй, ил тод байдлыг хангах, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, шаардлагатай тохиолдолд яамыг шүүх, арбитрт төлөөлөх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, салбарын санхүү, төсвийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, албан хаагчдад арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгж нь цомхон чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн төрийн албаар яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхыг сайжруулах, тэднийг авилга, ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах ажлыг зохион байгуулж, зохицуулах үүрэгтэй.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний харьяа Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам болон бусад яам, агентлаг, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.3. Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд геологи, уул уурхайн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд геологи, уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах; Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоох, геологийн шинжлэх ухааны сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажлыг гүйцэтгэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг ханган ажиллах; уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашигт малтмалын ордуудыг олборлох, баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төлөвлөх, гэрээ хэлцэлд бэлтгэх, гэрээт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд геологийн нэгж, уул уурхайн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын жил бүрийн төлөвлөгөөг батлуулах, үр дүнг тооцох, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайланд дүгнэлт өгч зөвлөмж гаргах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх ажлыг удирдан зохион байгуулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийн заавар, стандарт, аргачлалыг боловсруулж батлуулах, ашигт малтмалын ордуудыг олборлох, баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төлөвлөх, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад чиглэгдэнэ. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах бэлтгэл ажлыг хангах, гэрээ хэлцэлд бэлтгэх, геологи, уул уурхайн салбарт улсын төсөв, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах ажлыг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг геологи, уул уурхайн салбарын бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, удирдлагыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагаатай давхардалгүй байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Цөмийн энергийн комисс болон холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.
3.3.4. Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хүнд үйлдвэр, газрын тосны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүнд үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах; хүнд үйлдвэрийн салбарт хар ба өнгөт төмөрлөгийн болон машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газрын тос, уламжлалт бус газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрсийг хагас, гүн боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах бодлогын хэрэгжилтийг ханган ажиллах; газрын тосны салбарын хууль тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг ханган ажиллах; газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар олборлох, борлуулах хэмжээг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хүнд үйлдвэрийн нэгж, газрын тосны нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнд үйлдвэрийн салбарт хар ба өнгөт төмөрлөгийн болон машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох ажлыг зохицуулах, газрын тос, уламжлалт бус газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрсийг хагас, гүн боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэр байгуулах үйл ажиллагааг төлөвлөх, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулах, газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын үйл ажиллагааг төлөвлөх, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх, био болон эко, альтернатив түлшний үйлдвэрлэл, чанар, стандарт, агаарын бохирдлыг бууруулах бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Мөн хүнд үйлдвэрийн технологийн парк байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хүнд үйлдвэр, газрын тосны салбарт улсын төсөв, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах ажлыг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн даргыг хүнд үйлдвэр, газрын тосны салбарын бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагаатай давхардалгүй байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад агентлаг, харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, хөрөнгө оруулалтын гэрээтэй аж ахуйн нэгж байна.
3.3.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнг нь үнэлж дүгнэх, зөвлөмж гаргах; иргэд, байгууллагын мэдээлэл, өргөдөл, гомдлын мөрөөр дотоодын хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргах; төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, төсвийн хөрөнгө, орлого зарлага, хөрөнгө оруулалт, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллага, төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд, төслийн нэгжийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гарган бодлого, шийдвэрийг сайжруулах үндэслэл бүхий зөвлөмж өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг хариуцсан үндсэн үүрэг, чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бүрээр үнэн зөв мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмжөөр хангаж, бодлогыг боловсронгуй болгохтой холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байна.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A