A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГОВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН БОЛОН УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 185

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Аюулаас хамгаалах тэжээлийн нөөц бүрдүүлэхэд нь туслах зорилгоор Дорноговь, Говьсүмбэр аймагт Хэнтий, Сүхбаатар аймгаас, Дундговь аймагт Төв аймгаас, Өмнөговь аймагт Булган аймгийн нутгаас хадлангийн газар зааж эзэмшүүлэх арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

2.Говийн бүсийн аймгуудаас эхлэн уст цэгийг сэргээн засварлах ажлыг тодорхой дэс дараалалтай авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд нарт үүрэг болгосугай.

З.Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-улааны нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч, отрын нутгийн хилийн цэсийг хавсралтын ёсоор тогтоосугай.

4.Хэрлэнбаян-улааны улсын тусгай хэрэгцээний нутгийг хамтран ашиглах журам гарган мөрдөхийг Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

5.Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарт даалгах нь:

а/хадлан, өвс бэлтгэж болох бүх газрын хэмжээ, байршлыг нарийвчлан тогтоож цаашдаа кадастрын бүртгэл, зураглалд оруулан төлөв байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр хадлангийн талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад удаан жилээр эзэмшүүлэх, бордох, услах зэргээр ургацыг нэмэгдүүлсүгэй;

б/хадлан, тэжээлийн зохих нөөцтэй ойт хээр, хээрийн бүсийн аймаг, сумдтай харилцан эрдэс, түүхий эд, тэжээл солилцооны зах зээл бий болгох, аймаг, сум дундын тэжээл үйлдвэрлэл, тээврийн чиглэлийн хоршилт, хамтын ажиллагааны зохистой хэлбэрийг дэмжин хөгжүүлсүгэй;

в/малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, энгийн уурхайн худаг гаргах хайгуул судалгааны ажилд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусгаж байсугай;

г/хөрөнгө оруулалтын төсөл зарлаж шалгаруулах, зээл тусламжид хамруулах үндсэн дээр хуучин услалтын системүүдийг засварлаж шинэчлэх, өргөтгөх, шинээр барьж байгуулах зэргээр малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг дэмжсүгэй;

д/байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр малын тэжээлийн ургамал болон мал, амьтны гаралтай түүхий эд ашиглан гар тэжээл бэлтгэж хэрэглэдэг уламжлалт арга ажиллагааг сэргээх арга хэмжээ авсугай;

е/бэлчээрийн усжуулалтын хэмжээг 1989 оны түвшинд хүргэх зорилгоор усжуулалтын талаар баримтлах бодлогоо тодорхойлж хэрэгжүүлсүгэй;

ж/жил бүрийн 10 дугаар сарын хоёрдугаар хагаст уст цэгийн үзлэг, тооллого хийж, худаг нэг бүрийг эзэмшилтэй болгосны үндсэн дээр тэдгээрийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ