A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

А/43 дугаар тушаалын 5 дугаар хавсралт

 

АДУУ, ГАХАЙ, ТАХИАНЫ АСКАРИДДАХ ӨВЧИН-өөс /ASCARIDOSIS, АСКАРИДОЗ/

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ , ТЭМЦЭХ ЗААВАР

 

Нэг. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Адуу, гахай, тахианы аскариддах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ:Адуу, гахай, тахианы аскариддах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд энэ зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Ascaridae язгуурын адууны параскаридоз Parascaris eguorum, гахайн аскаридоз Аscaris suum, тахиан аскаридоз Ascaridia galli зүйл эдгээр хорхой нь мал, амьтны нарийн гэдсэнд шимэгчилж амьдардаг хамгийн том бөөрөнхий хорхойгоор үүсгэгддэг өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: а/ Адууны параскаридоз: Эмэгчин нь 18-37см, эрэгчин нь 15-28см урт. Эрэгчин нь махир сүүлтэй, хажуугийн жижиг далавчинд 79-105 хос хөхөнцөртэй, хоёр нарийн спикултай, эмэгчин 0,09- 0,1 мм голчтой, хүрэн өнгийн зузаан гялгар хальсаар хучигдсан боловсрогдоогүй өндөг гаргана.

б/ Гахайн аскаридоз: Цагаан өнгийн том нематод, ам нь 3 уруултай, эрэгчин нь 10,5-20см урт, 2 ижил спикултай, эмэгчин нь 23- 30 см урт, өндөг нь харавтар хүрэн өнгөтэй, зузаан хальсаар хучигдана.

в/ Тахианы аскаридоз: Цагаан шаргал өнгөтэй, ам нь 3 уруултай, хөрөө маягийн шүдээр хүрээлэгдэнэ. Эрэгчин нь 26-70мм урт, сүүлэндээ мэдрэлийн хэд хэдэн хөхөнцөр зэрэгцэн байрлана. Хошногоны сүвний өмнө булчинлаг соруул байрлах ба 2 ижил спикултай. Эмэгчин нь 65-110мм урт, бэлгийн сүв нь биеийн урд хэсэгт байрлана. Өндөг зууван хэлбэртэй.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Адууны параскаридоз: Эмэгчин аскарид адууны гэдсэнд асар олон өндөг гаргана. Эдгээр өндөг ялгадсын хамт гадаад орчны тохиромжтой нөхцөлд 7-8 хоногт өндгөн дотор халдварлах чадвартай авгалдай бий болно. Ийм өндгийг адуу тэжээл, устай хамт идэж халдварлахад гэдсэн дотор авгалдай өндөгний бүрхүүлээс гарч цус, тунгалгийн судсаар орж улмаар цусны урсгалаар дамжиж уушгинд очно. Энд авгалдай гуужиж томроод цэртэй хамт аманд орж залгагдан нарийн гэдсэнд бэлэг гүйцнэ. Хөгжлийн хугацаа нь 44-47 хоног бөгөөд адууны гэдсэнд жил, түүнээс ч удаан хугацаагаар шимэгчилнэ.

Гахайн аскаридоз:Эмэгчин аскарид эзний нарийн гэдсэнд өндөглөж, өндөг баастай гадаад орчинд хаягдана. Гадаад орчны 20-30оС дулаан чийглэг орчинд 2-3 долоо хоногт өндгөнд хөдөлгөөнтэй халдварлах чадвартай авгалдай хөгжинө. Ийм авгалдайг гахай хоол тэжээлтэй залгиж халдварлана. Гэдсэнд өндөгнөөс авгалдай гарч цусны урсгалаар элгэнд очно. Элэгнээс уушгины артерээр дамжин хялгасан судсанд орж хэсэг хугацаанд хөгжин уушгины алвеолыг нэвтрэн мөгөөрсөн, гуурсан хоолойнд орж ханиалгалтаар амны хөндийд орж залгигдана. 1.5-3 сарын турш нарийн гэдсэнд хөгжиж бие гүйцсэн аскарид болж гэдэсний ханаас бэхлэгдэн гэдэсний агуулагдахуунаар хооллон 7-10 сар амьдарна.

Тахианы аскаридоз:Эмэгчин хорхой бүрэн боловсрогдоогүй өндөг төрүүлнэ. Өндөг гадаад орчинд баастай хаягдан чийг дулааны тохиромжтой нөхцөлд 15-20 өдрийн дараа халдварлах чадвартай авгалдай болж тэжээл, устай хамт залгигдаж халдварлана. Мөн зарим төрлийн чийгийн өт аскаридын нөөцлөгч эзэн болдог бөгөөд түүнийг идэж халдварладаг. Тахианы ходоодонд аскаридын халдварт өндөг задран авгалдай гарч 12 хуруу гэдэсний хөндий хэсгийн цэлмэнгийн завсар нэвтрэн орж тэнд 9 хоног байж, улмаар салст бүрхүүлийн гүнд орж 20-иод хоног хөгжин буцаж гэдэсний хөндийд бие гүйцнэ. Тахианы бие махбодид аскаридын өндөг халдварлаад бие гүйцэж бэлэг боловсрох хугацаа 28-58 хоног үргэлжлэх бөгөөд нийт 9-14 долоо хоног үргэлжлэн шимэгчилнэ.

Хоёр. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Адууны параскаридоз: Өвчний шинж тэмдэг малын нас, өвчний байдлаас шалтгаалан янз бүр байдаг.Өвчний эхний үед /авгалдайн яргалтын үед/ 3-4 хоног чацга алдах, ханиалгах, хамраас шингэн зүйл гоожих, үе үе халуурах тэжээлдээ дургүй болох зарим үед мэдрэлийн гажиг ажиглагдах зэрэг шинж нь халдварласанаас хойш 9-16 хоногоос эхлэн 7 хоног үргэлжилнэ. Бие гүйцсэн параскарид шимэгчлэх үед өвчтэй адуу аажмаар турах, үе үе чацга алдах, баас хатах, гэдэс дүүрэх, хааяа хатгалгын шинж тэмдэг үзүүлнэ. Мэдрэлийн гажиг илэрч үе үе татганах, бөгсөн бие саажих зарим үед сэргэн галзуугийн шинж илэрнэ. Адууны цус багасч, салст бүрхүүл цайх, эцэж турах, өсөлт саатах шинж илэрнэ.

Гахайн аскаридоз: Өвчний эхэн үед халуурах, тэжээлдээ дургүй болох, ханиалгах, амьсгал давхцана. Энэ нь 6-15 хоног үргэлжилнэ. Хөхүүл тооройн тэжээл боловсруулах ажиллагаа өөрчлөгдөн бөөлжинө. Бие нь суларч шүлс гоожих, хэвтэх, гэнэт эвхэрч унах, татах, арьс нь улайх, туурах, нүд нь томрох шинж тэмдэг илэрнэ. Том гахайд эмнэл зүйн шинж тэмдэг тодорхой илрэхгүй. Аскаридын халдварлах чадвартай авгалдай нь хүнд халдварлах аюултай.

Тахианаскаридоз: Ихэвчлэн 8-10 сарын бойжилттой дэгдээхэй өвчилдөг. Эмнэл зүйн шинж тэмдэг халдварласнаас хойш 5-7 хоногийн дараа илэрч шувууны хөдөлгөөн багасч, далавчаа буулган бөгвийн сууна. Салст бүрхүүл болон залаа нь өнгөө алдан цайна. Гэдэсний үйл ажиллагаа хямарч, чацга алдах буюу баас нь хатна. 

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Адуун параскаридоз: Үхсэн адуунд задлан шинжилгээ хийхэд нарийн гэдэсний салст бүрхүүл, хучуур эс нь гэмтсэн, цус харвалттай заримдаа яршсан байна. Авгалдайн яргалтын ид үед уушгинд цусан харвалт олон тоогоор илэрч, үрэвсэл үүснэ. Яргалтын замдаа үхсэн авгалдайг тойрон зангилаа, голомт үүснэ. Ийм голомт, зангилаа элэг, хааяа тунгалгийн зангилаа, бөөрөнд бий болно. Эдгээр зангилаа нь холбогч эдээр бүрхэгдэн улмаар шохойжино. Ерөнхий хордлогын улмаас дотоод торлогын систем цочрон тунгалгийн зангилаа, дэлүү үрэвсэн, цусны судасны хана зузаарч пролиферац болно.Авгалдайн яргалтын үед мэдрэмж ихсэн энтерит, чацга алдах, гуурсын үрэвсэл болж 4-5 хоногийн турш үргэлжлэх ба түр хугацаанд халуун нь нэмэгдэнэ.

Параскарид гэдсэнд орсны дараа ходоод, гэдэсний үйл ажиллагаа хямарч баас нь хатах, чацга алдах зэрэг шинж тэмдэг ээлжлэн үргэлжилнэ.

Гахайн аскаридоз: Авгалдайн яргалтын үед тунгалгийн зангилаа, элэг, уушгинд 2-5 мм-ийн цагаан толбо үүснэ. Цус харвалтын голомт уушгины пневмони болсон хэсэгт илэрнэ.

Элгэнд өөрчлөлт болж авгалдайн яаргасны дараа нэвчдэс нь аажмаар сорогдон арилж холбогч эд зузаарна. Бие гүйцсэн аскарид гэдэсний салст бүрхүүлийг үрэвсүүлнэ.

Тахианаскаридоз:Халдварласнаас хойш 4 хоногоос эхлэн гэдэсний хана зузааран улайж, салст бүрхүүл нь хөөж хавагнах, цус харвах, салст шүүрэл ихсэх, салст бүрхүүл цайх, булчин болон цуллагийн эрхтэн хатингартах шинж тэмдгүүд илэрнэ.

Эдгээр өөрчлөлтүүд нь хоёр долоо хоногт эрчимтэй явагдаж улмаар үрэвсэл нь суларч эхэлнэ. Элгэнд зогсонги үүснэ. Халдварын эрчимжил их үед гэдэсний хана язарч урагдана. Зарим үед өндгөнд хүртэл аскарид илэрнэ.

2.3.Лабораторийн оношлогоо: Амьд мал, амьтанд оношлохдоо өвчний тархвар зүйн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг зэргийг харгалзахаас гадна баасны дээжинд өндөг илрүүлэх, бие гүйцсэн хорхойг нарийн гэдсэнд илрүүлэх шинжилгээ хийнэ. Оношлогоог лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэнэ.

Үхсэн буюу нядалсан мал, амьтны бие бүтцийн эмгэг хувирал болон нарийн гэдсэнд шимэгчилж буй аскаридын бие гүйцсэн хорхойг илрүүлэн оношлоно.

Авгалдай дотор эрхтэн, уушгиар яргах үед мал, амьтны баасанд өндөг илрэхгүй.

Зураг 1: Гахайн аскаридозын өндөг

Зураг 2: Бие гүйцсэн эрэгчин, эмэгчин аскарид

2.4.Шинжилгээнд баасны дээж авах: Мал, амьтны шулуун гэдэснээс шууд эсвэл шинэхэн баасны дээжийг 25 гр-аас багагүй хэмжээтэй тагтай битүү болон задгай уут, саванд авч, амсарыг битүүмжлэн, хаяглан өвлийн улиралд хөлдөөхөөс, дулааны улиралд хатах ба ялзарч муудахаас сэргийлэн, хадгалалт, тээвэрлэлтийг аль болох богино хугацаанд гүйцэтгэн лабораторийн шинжилгээнд хүргэнэ.

 

                               

Зураг 3 : Мал, амьтны шулуун гэдэснээс шинэхэн баасны дээж авах

Задлан шинжилгээгээр илэрсэн авгалдай болон бие гүйцсэн гельминтийг 70о-ийн этилийн спирт, формалины 3-10% -ийн уусмал, барбагаллогийн уусмал, глицерины 5% -ийн уусмалд хийж лабораторийн шинжилгээнд явуулна.

Мал, амьтны баасанд өндөг илрүүлэх олон шинжилгээний аргууд

  • Хөвүүлэх арга
  • Тунаах арга
  • Хосломол арга зэрэг аргуудыг ашиглана.

2.5.Гельминтийн өндөг тоолох арга: Мал, амьтны гельминтийн халдварлалтыг тогтоохын тулд 5 гр баасан дахь өндөгний тоог гаргадаг.

Фюллерборны арга:Шинжлэх бааснаас 5 гр-ыг авч 20-30 мл хөвүүлэгч уусмалд баасыг задартал хутгаад шүүж тавина. Шүүсний дараа 40-45 минут болгоод шингэний гадаргуу дээрх өрөмтсөн хэсгээс 1 см голчтой гогцоогоор авч бодисын шилэн дээр дусаагаад өндгийг тоолно. 10 хүртэл тооны өндөг илэрвэл халдварлалт сул, 10-50 өндөг илэрвэл дунд зэрэг, 50-иас олон өндөг илэрвэл халдварлалт хүчтэй гэж тооцно.

2.6.Эмчилгээ: Аскаридын өндөг, авгалдай, бие гүйцсэн хорхой илрүүлэх шинжилгээ хийж онош тогтоосны дараа өвчтэй мал, амьтныг эмчлэхдээ малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийн аль нэгийг баталгаат малын эмийн сүлжээ болон харъяа мал эмнэлгийн нэгжээр дамжуулан авч эм бэлдмэлийн үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг баримтлан хийж гүйцэтгэнэ.

Гурав: УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Адуун параскаридоз: Хээлтэй гүүг 2 сарын өмнө, унагыг 8-р сард, бусад адууг хавар 3-4 дүгээр сард, намар 8-9 дүгээр сард эмчлэн сэргийлэх туулгалт хийнэ. Хашаа хороо, уяа, зэлний ойролцоох адууны баас, шавхайг цэвэрлэж байх.

Гахайн аскаридоз: Уг өвчнөөр тайван бус аж ахуйд жил бүр урьдчилан сэргийлэх туулгалт хийнэ. Төллөх гахай болон тооройг сайтар арчлан тэжээж, халдвар авахаас сэргийлэх нь чухал. Хашаа хороо, байр, тэжээлийн онгоц зэргийг цэвэрлэж байх.

Тахианаскаридоз: Тахиаг урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 2 удаа туулгана. Уг өвчнөөр тайван бус аж ахуйд юуны өмнө дэгдээхэйг халдвараас сэргийлэх арга хэмээг авах. Энэ зорилгоор дэгдээхэй болон өсвөр шувууг бие гүйцсэн сүргээс тусгай маллах, байр хэвтрийг  халдваргүйжүүлэх. Шувууны байрны дэвсгэрийг цэвэрлэж сольж байх.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Адуу, гахай, тахианы аскаридтах өвчин гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт мал эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн эмчлэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Малын эмчийн хяналтын дор өвчтэй малын хашаа, хороо, бууцанд халдваргүйжүүлэлт хийх, баас, тэжээлийн үлдэгдлийг цэвэрлэж, шатааж устгах буюу биотермийн аргаар бууцыг халдваргүйжүүлэнэ.

Дөрөв. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Хязгаарлалт тогтоох:Өвчилсөн мал, амьтныг тусгаарлан эмчилгээ хийх,өвчин гарсан аж ахуйн хашаа, хороо, бууц, хэвтэр, баасыг  халдваргүйжүүлэх,мал, амьтныг сэлгэж бэлчээрлүүлэх, өвчин гарсан аж ахуйгаас мал, амьтныг авахдаа баасны шинжилгээ хийж авах бөгөөд өвчний үүсгэгч илэрсэн тохиолдолд эмчилгээг хийж авч байх.  

4.2.Өвчилсөн мал, амьтныг устгах шаардлагагүй бөгөөд эмчилгээ хийж,  мал амьтны бие махбодиос эмийн гадагшлах хугацаа дуусмагц мал, амьтныг хэрэгцээнд хэрэглэж болно.

4.3.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.