- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ДУУТ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (ЭМФИЗЕМАТОЗНЫЙ КАРБУНКУЛ, BLACK LEG)
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны
А/44 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ДУУТ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
(ЭМФИЗЕМАТОЗНЫЙ КАРБУНКУЛ, BLACK LEG)
Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Дуут хавдар өвчин гардаг болон тархах эрсдэлтэй аймаг, орон нутагт урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ: Мал эмнэлгийн үйлчилгээнд хамаарах бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага дуут хавдар өвчний сэжигтэй мал амьтан өвчлөх, уг өвчин үхэр, хивэгч бусад мал амьтанд оношлогдсон тохиолдолд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
1.3.Өвчний тодорхойлолт: Дуут хавдар (Эмфизематозный карбункул, Black leg, B055) нь анаэроб, клостридын нянгаар үүсдэг, биеийн зарим хэсгийн булчинд хавдар үүсэн томрох, дуутай хаван үүсэх, халуурах шинж тэмдгээр илэрдэг, цочмог явцтай, хавьтал бус халдварт өвчин. Клостридын төрөл нянг хүн, мал амьтны өвчин үүсгэх, исгэх, ялзруулагч үйл явцад оролцох зэргээр нь 3 бүлэгт хуваана. Мөн эмгэг төрүүлэгч клостридыг нейротропик (C.tetani, C.botulinum), гистотоксик (C.chauvoei, C.septicum, C.novyi, C.haemolyticum, C.sordelli, C.perfringens-A, C.colinum), дотрын хордлого үүсгэх (C.perfringens-A-E), антибиотикын гаралтай гэдэсний өвчин үүсгэх(C.difficile, C.spiroforme) гэж хуваадаг.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Өвчний үүсгэгч Clostridium chauvoei нь шулуун, үзүүр нь дугуйрсан 2-8x0.6 мкм, тахирдуу, түрхцэнд нэгээр, хосоор оршдог, хөдөлгөөнтэй,грам эерэг савханцар хэлбэрийн нян.
Хүүр болон гадаад орчинд спор үүсгэдэг. Микроб нь капсул үүсгэдэггүй. Байгальд өргөн тархсан (хөрс, бууц, намаг ус), эрүүл малын гэдэсний агуулхуунаас ялган авсан. Туйлбартай агааргүйтэн, цустай тэжээлт орчинд сайн ургах ба 16-20 цагт ургалт өгнө. Малын бие махбод, шингэн тэжээлт орчинд гемолизин, агрессин үүсгэдэг. Спор нь ихээхэн тэсвэртэй, хөрсөнд хэдэн жил (35), хүүр, муудсан булчин, бууцанд 6 сар, тогтоол усан жил хүртэл хадгалагдана. Нарны гэрэлд 24 цаг, буцалгахад 2 цаг, автоклавдахад 30 мин дараа үхдэг, гол халдваргүйжүүлэгч нь 4% формальдегид, хлорын шохойн уусмал юм.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Халдварын эх булаг нь өвчтэй мал, дамжуулагч хүчин зүйл нь үүсгэгчийн үрэнцрээр бохирдсон хөрс, тэжээл, бэлчээр, бохир тогтоол ус зэрэг болно. Халдвар тэжээл боловсруулах зам, гэмтсэн арьс бүрхүүлээр дамжина. Тэжээл боловсруулах эрхтний салст бүрхүүлийн бүрэн бүтэн байдал алдагдах, үрэвсэл, хорхойн өвчин нь халдвар орох үүд болно.Хонь гэмтсэн арьсаар ноос хяргах, засах мэс ажилбарын үед халдвар авна. Дуут хавдрын тохиолдол хааяа ба тэжээлийн үхэрт эпизоот хэлбэрээр гарах буюу 1-2 долоо хоногт хэдэн арваар өвчилдөг байна. Үхэл өндөр, дунджаар 80% хүрдэг. Өвчин жилийн бүх сард ба зун-намар, ялангуяа намрын сард тохиолддог. Цус сорогч ялаа, шумуул халдвар тараагч хүчин зүйл болно. Намар бэлчээрийн өвс хадах, хадсаны дараа бэлчээх хүчин зүйл нь хөрсөөр дамжин үүсгэгч спороор мал халдвар авахад нөлөөлөх тул хөрсний халдварт ордог.
Хоёр. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эпизоотологийн байдал: Уг өвчнийг боомтой адил дээр үеэс мэддэг байсан, өвчин 1870 оноос эхлэн судлагдсан бөгөөд вакцин гарган авсан байдаг. Зарим оронд олон цэнэгт вакцин ч хэрэглэдэг. Дэлхийн олон оронд бүртгэгдсэн, үхэл өндөр, үхрийн аж ахуйд эдийн засгийн хохирол учруулдаг.Ихэвчлэн 3 сараас 4 насны үхэр өвчлөмтгий ба хааяа хонь, ямаа, хандгай, цаа буга, буга, бизон өвчилдөг. Голдуу 1-2 насны усны үхэр өвчилнө. Туршилтаар гахай, тэмээ өвчилдөг. Тарга хүч сайтай мал, амьтан өвчлөх ба гликоген уураг ихээр агуулдаг булчин нь үүсгэгч үржих таатай орчин болдог. Усан гахай энэ өвчинд мэдрэг.
2.2.Эмнэл зүйн шинж тэмдэг: Байгалийн халдварын үед үүсгэгч нь биед хоол боловсруулах болон гэмтсэн бүрхүүлээр дамжин ордог. Цусанд нэвтрэн бүх биеэр зөөгдөн булчин их биеийн хэсэгт цугларна. Үлэмж, бичил гэмтэл нь үүсгэгчээр халдварлах нөхцлийг бүрдүүлнэ. Булчингийн гликогенээр баялаг орчинд спор өсөж үрждэг. Нянгийн ургал хэлбэр нь хурдан үржиж эхлэх ба хор буюу агрессин ялгаруулна. Үрэвсэл болон цусны судсыг гэмтээн эдийн задрал үүсгэнэ. Гэмтсэн эд цусны шүүрдэс, үүсгэгчийн амьдралын үйл ажиллагаагаар үүссэн хийн уутанцраар дүүрдэг. Үүний үр дүнд маш хурдан томорч хэлбэржин дуутай хавдар буюу карбункул үүснэ. Гэмтсэн эдийн задралын бүтээгдэхүүн цусанд шимэгдэн хор нь биед хордлого үүсгэнэ. Халуурах,зүрхний ажиллагаа сулрах, дотор эрхтэн ялангуяа элэгний ажиллагаанд хямрал үүсгэнэ. Энэ нь хурдан хугацаанд үхэлд хүргэдэг байна.
Өвчний нууц үе нь 1-2, хааяа 5 хоног. Өвчин ихэнхдээ гэнэт үүсэх, цочмог явцтай ба карбункулт хэлбэрээр илэрнэ. Зарим амьтанд тодорхойгүй хэлбэр илрэх ба хэт цочмог, үжилт хэлбэр байдаг.
Цочмог үед гэнэт 42°С хүртэл халуурна. Булчинт хэсэг (гуя, хондлой, хүзүү, цээж, эрүүн доор), заримдаа амны хөндий, залгиурын хэсэг хурдан томорч (8-10цаг) хавант хавдар-карбункул үүснэ. Энэ нь эхлээд хатуу, халуун, эмзэг гараар барьж дарахад шажигнах дуу, тогшиход хийн авиа гардаг. Дараа нь хавдар хүйтэн, мэдрэг бус болдог. Үүний хамт арьс, түүний гадаргуу хүрэн улаан болох, дал, хүзүү, багалзуурын тунгалгийн зангилаа томорно. Хавантай хэсгийн булчинг зүсэх эд хар хүрэн өнгөтэй, хөөсөрхөг шингэн гоожих ба өвчний төгсгөлд хүрэн өнгөтэй, хуршсан тосны үнэртэй болно. Гуя, хондлой, мөрний хэсэгт карбункул илрэх үед мал доголдог. Өвчтэй мал тэжээл усандаа дургүй, хивэхгүй, амьсгал давхцан зүрхний ажиллагаа суларна (100-120/мин). 1-2 хоног, хааяа 3-10 өдрийн дараа үхдэг. Зарим ялангуяа хөгшин малд тодорхойгүй хэлбэр илэрнэ.Энэ үед дуршил буурах, булчингийн хэсэгт хавангүй бага зэрэг эмзэглэлтэй, 1-5 өдрийн дараа эдгэрнэ.
Хэт цочмог үед өвчин харьцангуй цөөн, голдуу 3 сар хүртэлх насны тугалд тохиолддог. Өвчин үжил хэлбэрээр, халуурах, карбункул үүсэхгүй, 6-12 цагийн дараа үхдэг. Хонинд дуут хавдар үхэртэй адилхан илэрнэ. Заримдаа шажигнах хаван үүсэхгүй, цочмог явцтай, доголох, сүргээс хоцрох, хэвтсээр байгаад үхэх, сүвнээс хөөсөрхөг шингэн гарах, шүдээ хавирах ба 6-24 цагийн дараа үхдэг.
2.3.Эмгэг хувиралт: Шинж тэмдэг, эпизоотологийн байдлаар нь дуут хавдар хэмээн үзсэн бол өвчин үүсгэгч нян тараахгүйн тулд хүүр задлахгүй байх нь чухал. Хүүр нь хэвлийн хөндийд, арьсан доор эслэгт нэвчсэн хийгээр дүүрсэн. Сүвнээс хөөсөрхөг цусархаг шингэн гарах, арьсан доор эслэг, гэмтсэн булчинд цусархаг хэсэг илрэх буюу хүрэн-улаан, хийн уутанцраар нэвчсэн, зүсэхэд гашуун тосны үнэртэй байна. Захын тунгалгийн зангилаа томорсон, зүсэхэд цус харвалттай хүрэн-улаан байна. Хүрэн өнгийн цус бүлэгнэсэн, цээж, хэвлийн хөндий, үнхэлцгэнд шар-улаан булингар бүхий шингэнтэй. Уушиг хавантай, цусаар дүүрсэн, дэлүү хөөсөн, улцгар, элэг томорсон хааяа үхжилт үүссэн, хийн уутанцраар нэвчсэн. Бөөр адилхан өөрчлөлттэй байж болох ба шар уст бүрхүүл үрэвссэн, утаслаг өнгөртэй байна. Дотор эрхтний өөрчлөлт тогтворгүй ба тодорхойгүй хэлбэрийн үед сул илэрнэ.
Хүүр задлан шинжлэх бол зөвхөн хүүр устгах цэгт гүйцэтгэнэ. Задгай нөхцөлд хүүр задлах, арьс шир авахыг хориглоно. Хүүр амархан хөөх ч удаан өмхийрнө. Гол хувиралт нь хүзүү, хаа, гуя, ууц хондлойд шажигнасан авиа бүхий хаван үүснэ. Гэмтсэн булчингийн эд хар өнгөтэй, хөөс хий хуримтлагдсанаас дарахад шажигнах ба гэмтсэн хэсгийн арьс хархүрэн өнгөтэй болж, зарим тохиолдолд үхжсэн байна. Цээж, хэвлийн хөндийд хүрэнулаан, булингартай, ширхэгэнцэр бүхий шингэнтэй, заримдаа үнхэлцэг, гялтанд ширхэгэнцэрт өнгөр үүснэ. Ил харагдах тунгалгийн зангилаанд цусархаг үрэвсэл, ходоод, нарийн гэдсэнд цус харвалт, салст цусархаг үрэвсэл илэрнэ. Тархи цус ихдэлтэй, уушиг, дэлүүнд хаван, цус ихдэлт, үхжлийн голомт болон элгэнд үхжилт сөнөрөл үүснэ. Цусны судас бүлэгнэсэн цусаар дүүрсэн байна.
2.4.Лабораторийн оношлогоо: Эмнэл зүйн шинж тэмдэгэ пизоотологийн байдлын анализыг үндэслэн эмгэг хувиралтыг харгалзан урьдчилан оношлоно. Нян судлал (дуран, нян судлал, амь сорил), молекул биологи болон иммунофлюресценцийн аргаар оношлодог. Дуут хавдар, хорт хаван өвчтэй малын үрэвсэж хавдсан хэсгээс шингэнийг нь пастерийн гуурс буюу тариураар соруулж авна. Шажигнасан дуутай хавдрын арьсыг ариун хутгаар зүсэж гэмтсэн булчингаас 3х3 смхэсгийг авна. Үхсэн малаас элэг, дэлүү, бөөр, зүрхний цус, булчин эдээс авч эмгэгт материалыг зориулалтын саванд сайтар боож, халдвар хамгааллыг сайтар баримтлан дээж авах, 4 цагийн дотор, дагавар бичгийн хамт бие хүнээр лабораторид хүргүүлнэ.
2.5.Ялгаварлан оношлогоо: Дуут хавдарыгбоом өвчний карбункулт хэлбэр болон хорт хаван өвчнөөс ялган оношлоно. Боомын үед карбункул шажигнахгүй, чихний угаас цусны түрхэц бэлтгэн дурандахад үзүүр дугуйрсан мөлгөр савханцар хэлбэрийн нян харагддаг. Боомын үүсгэгч капсултай, богино гинжин байдлаар оршдог, халдвартай амьтанд спор үүсэхгүй. Хорт хаван нь шархлааны үр дүнд үүсдэг. Эцсийн оношыг нян судлалын шинжилгээг үндэслэн тавина.
2.6.Эмчилгээ: Дуут хавдраар өвчилсөн малыг эмчлэх нь цочмог явцтай холбогдон үргэлж үр дүнтэй байдаггүй. Антибиотикийн эмчилгээ хийнэ. Пенициллин, хлортетрациклин үр дүнтэй. Пенициллинийг 6 цагаар (5-9 м.н/кг), булчинд биеийн ерөнхий байдал сайжирталтарина. Биомициныг булчинд өдөр бүр (3-5 мг/кг), 3-5 өдрийн турш тарина. Дибиомицины холимог (40% глицерин, 40 мян.нэгж/кг) үр дүнтэй, булчинд нэг удаа тарина. Мөн үрэвслийн хавангийн гүнд карболын хүчлийн зэрэг (3-5% лизол, 1% устөрөгчийн хэт исэл, 0.1% марганец хүчлийн кали) уусмал тарьж хэрэглэнэ.
2.7.Дархлаа: Дуут хавдар өвчинд 3 сараас 4 нас хүртэлх насны үхэр ихээхэн мэдрэг. 3 сар хүртэлх тугал эхийн сүү уургаас авсан идэвхгүй дархлааны улмаас тэсвэртэй, 4- өөс дээш насны мал халдварын улмаас дархлаатай болох ба өвчилсөн мал удаан хугацааны дархлаатай болдог. Урьдчилан сэргийлэх зорилгоор үхэр, хонинд вакцин хэрэглэнэ. Вакциныг хэрэглэх зааварт заасны дагуу хэрэглэнэ.
Гурав. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Ерөнхий арга хэмжээ: Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малаа тогтоол болон шавар намагтай уснаас услахгүй, хэт чийглэг бэлчээрт бэлчээхгүй, бохирлогдсон газрын өвс тэжээл хэрэглэхгүй,гэмтлээс сэргийлэх нь чухал.Аж ахуйд оруулах бүх зүйлийг эхлээд урьдчилан сэргийлэх хорионд байлгах хэрэгтэй. Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, малын бэлчээр, хашаа хороо байрны стандарт шаардлага, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийн дэглэм шаардлагыг хангах.
3.2.Ухуулга суртчилгаа: Малын эмч болон малчин, иргэдэд зориулсан мал, амьтны эрүүл мэнд, халдварт өвчний талаар мэдлэг мэдээллийг олон хэлбэрээр тасралтгүй өгдөг байх.
4.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Ерөнхий арга хэмжээ: Өвчин гарсан үед дуут хавдраар тайван бус болохыг зарлаж, хязгаарлалт тогтоон зохион байгуулалтын цогц арга хэмжээ авна.
- Тухайн халдварын шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай мал эмнэлгийн байгууллага, малын эмчид албан ёсоор цаг алдалгүй мэдэгдэх,
- Бүх малд эмнэл зүйн үзлэг хийж, өвчтэй малыг ялган тусгаарлах, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохирох эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх,
- Шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл малд хавар, намар хоёр удаа сэргийлэх вакцин тарих,
- Өвчтэй малыг тусгаарлах, эмчилгээ, арчилгаа маллагаа, тэжээллэгийн нөхцөлд хяналт тавих,
- Бусад аж ахуйд өвчлөмтгий мал дамжуулах, ангилан ялгах, бохир өвс тэжээл гадагш гаргахгүй байх,
- Малын шилжилт, хөдөлгөөн, үзэсгэлэн худалдаа, малыг нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах,
- Өвчтэй малын арчилгаа маллагаа, тэжээллэгийн нөхцлийг сайжруулан өдөр тутмын сувилгааг хийх,
- Эрүүл, өвчтэй малыг хооронд нь холихгүй, дураараа эм хэрэглэхгүй, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт хөдөлгөөн хийхгүй, өвс тэжээл, түүхий эд зөөвөрлөхгүй байх,
- Мал амьтны арьс шир, үсноос, мах бэлтгэх, хадгалах, боловсруулах газарт байнгын хяналт тавих,
- Өвчний голомт, тохиолдлын бүртгэл, тэмдэгжүүлэх, баримтанд цахим програм ашиглан хянах,
- Хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх болон өвчний талаар анхааруулга сэрэмжлүүлэг өгөх,
- Өвчний тархалт, арга хэмжээний талаар хил залгаа газрын малын эмчид мэдэгдэх, мэдээлэл солилцох,
- Дулааны үед цус сорогч шавж шумуул, хөх түрүүнээс сэргийлэх, боловсруулалт хийх,
- Өвчин гарсан хот айл, газарт тээврийн хэрэгсэл, шилжилт хөдөлгөөн, мал нядлах, хүнсэнд хэрэглэх, худалдаалах зэрэгт хяналт тавих,
- Өвчний тархвар зүйг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, вакцин эм бэлдмэлийг захиалах,
4.2.Вакцинжуулалт: Өвчтэй, сэжигтэй малыг тусгаарлан эмчилнэ. Үлдсэн бүх малд вакцинжуулалт хийнэ.
4.3.Устгал, халдваргүйтгэл: Дуут хавдар өвчтэй малын хүүрийг боом өвчний адил шатаан булж устгана (Булшлах үйл ажиллагааны зааврын дагуу). Хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх бодисоор халдваргүйжүүлж булах эсвэл шатааж устгах, голомтын байрлалыг бүртгэлжүүлэх, тусгай пайз бүхий шонгоор тэмдэгжүүлэх,
- Хүүр задлахболон газарт булахыг хориглох ба үхсэн газарт нь шатааж устгана.
- Хүүрийг арьстай хамт, хэвтэр бууц, бохир өвс тэжээлийн үлдэгдлийг шатааж устгана.
- Өвчтэй мал байсан хашаа байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг болон байр, хаалганд механик цэвэрлэгээ хийж, дараа нь халдваргүйжүүлнэ.
- Өвчтэйг ялгаж халдваргүйтгэлийг цагийн зайтай 3 удаа, өвчтэй малын байранд өдөр бүр хийнэ.
- Тухайн нянгийн эсрэг заалттай халдваргүйтгэх бодисыг зааврын дагуу уусмал байдлаар хэрэглэнэ. (4% формальдегид, идэмхий натри, 10% нэг хлорт йод, хлорын шохой-5% идэвхт хлор). Мөн бууцыг хуурай хлорын шохойгоор хоргүйжүүлдэг байна (1кг/200л).
4.4.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A