- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Мал, амьтны бруцеллёз ӨВЧНӨӨС урьдчилан сэргийлэх,тэмцэх заавар (BRUCELLOSIS, БРУЦЕЛЛЁЗ)
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны
А/47 дугаар тушаалын хавсралт
Мал, амьтны бруцеллёз ӨВЧНӨӨС урьдчилан сэргийлэх,тэмцэх заавар (BRUCELLOSIS, БРУЦЕЛЛЁЗ)
НЭГ. Өвчний ерөнхий мэдээлэл:
1.1.Зорилго: Мал, амьтны бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2. Хамрах хүрээ: Мал, амьтан (цаа буга, гахай гэх мэт)-ны бруцеллёзын эрсдэлтэй болон өвчин бүртгэгдсэн бүс, аймаг сум, орон нутаг, суурь/сүрэгт урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэхэд баримтална.
1.3.Өвчний тодорхойлолт: Бруцеллёз гэдэг нь бүх төрлийн мал, амьтныг цочмог, ужиг явцтайгаар өвчлүүлэн дэлүү, элэг, үе мөч, нөхөн үржихүйн эрхтэнийг эмгэгшүүлж, хээл хаях түгээмэл шинж тэмдгээр илэрдэг зооноз өвчин юм.
1.4.Үүсгэгчийн онцлог: Мал, амьтны бруцеллёз нь Brucella (B)-ын төрөлд хамаарах B.abortus, B.melitensis, B.suis, B.ovis, B.canis, B.neotomae, B.pinnipediae, B.cetaceae зүйлийн нянгуудаар үүсгэгддэг, грам сөрөг будагддаг, үл мэдэг зуйван, жижиг савханцар бөгөөд урт нь 0.5-2 мкм, өргөн нь 0.3-0.5 мкм, нэг эсвэл хоёроор эсвэл бөөнөөр байрласан жижиг нян юм. Бруцелла (Brucella) нь хөдөлгөөнгүй, үрэнцэр үүсгэдэггүй, тодорхой нөхцөлд бүрээс үүсгэх чадавхтай боловч бусад нянтай харьцуулахад сафраниныг биедээ сайн шингээдэг онцлогтой, агаартан нян. Бруцелла нь өөрийн гэсэн тодорхой эзэнтэй боловч үндсэн эзнээ сольж өөр төрлийн мал, амьтныг өвчлүүлдэг.
B.abortus (ихэвчлэн үхрийг өвчлүүлнэ, 7-н өөр ийлдсэн хэвшилтэй),
B.melitensis (ихэвчлэн бог малыг өвчлүүлнэ, 3-н өөр ийлдсэн хэвшилтэй),
B.suis (гахайг өвчлүүлнэ, 5-н өөр ийлдэсэн хэвшилтэй),
B.ovis (хуцны төмсөгний үрэвсэл үүсгэдэг),
B.canis (махчин амьтадыг өвчлүүлнэ),
B.neotomae (мэрэгчээс илрүүлсэн),
B.pinnipediae (далайн хавнаас илрүүлсэн),
B.cetaceae (далайн гахайнаас илрүүлсэн)
1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Бруцелла нь халуунд тэсвэр муутай боловч хүйтэн сэрүүнд удаан амьдарч чаддаг онцлогтой. Тухайлбал +550С-ийн хэмд 2 цаг, +600С-ийн хэмд 30 минут, +650С-ийн хэмд 15 минут, +700С-ийн хэмд 5 минутийн турш л тус тус амьд байх боловч буцалгахад эгшин зуур үхдэгийг судлаачид тогтоосон байна. Харин тасалгааны дулаанд байгаа сүүнд 40, хөлдүү цөцгийнд 22, маханд 30-45, +100С-ийн хэмд байгаа ноос, ноолуур, хөөвөр, хялгас, арьс ширэнд 60-120, газрын хөрсөнд 150 хүртэл хоног, тогтоол усанд зун 3 сар, өвөл, хавар, намарт 5-6 сар, чийгтэй бууцанд 1.5-2 сар, үхрийн баасанд 4 сар, зулбадасанд 75 хүртэл хоног тус тус амьд байх ба бруцеллёзоос шалтгаалж хээл хаясан малын үтрээний шүүрэл, сүү, шээсээр 15 сарын хугацаанд ялгардаг.
1.6.Халдвар дамжих зам, халдварын эх уурхай: Бруцеллёзоор адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа, гахайнаас гадна цаа буга, нохой, муур, туулай, үслэг ан амьтад мөн хулгана, зурам хүртэл өвчилнө. Бруцеллёзын халдварын эх булаг нь бруцеллёзтой мал, амьтад тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болно. Түүнчлэн бруцеллёзтой малын шээс, баас, хаг, төлийн ус, зулбадасаар хэдэн арван тэрбум үүсгэгч гадагш хаягдан хашаа хороо, бэлчээр ус, хэвтэр бууц, тэжээл, мал, амьтны тоног хэрэгсэл, малчин болон амьтан маллагчийн ажлын хувцас, хэрэгсэлийг бохирдуулан улмаар эрүүл мал амьтан, хүнд шууд хавьталын замаар, мөн хоол тэжээл, амьсгал, шархалсан арьс зэргээр халдварлаж өвчин тархах үндэс болдог. Мөн бруцеллёзтой малын сүү, бохирлогдсон хүнсний ногоо зэрэг нь хүн бруцеллёзын халдвар авах гол эх сурвалж гэж үздэг. Хүн мал төллөх үед, малыг саах, ноослох, өвчтэй мал, амьтныг нядлах зэрэг ажлын явцад халдварт өртөх эрсдэлтэй байдаг. Малаас малд хээлтүүлэгийн үед бэлгийн замаар, бруцеллёзтой малын төлөлтийн үед хавтал (contact)-ын замаар голлон халдварладаг байна.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ:
2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 2–3 долоо хоног, түүнээс ч урт хугацаанд үргэлжлэх ба өвчний явц нь цочмог, архаг, далд хэлбэрээр явагдана. Гол шинж тэмдэг нь хээлтэй мал зулбах шинжээр илэрнэ. Зарим тохиолдолд хээлтэй бүдүүн үнээ болон анхны хээлийг тээж байгаа гунж, дөнжин үнээ нь 5-8, ингэ 6-8, хонь, ямаа 3-5 сартайдаа болон мэгж 4-12 долоо хоногтойдоо тус тус хээлээ зулбана. Бруцеллёзоор өвчилсөн хээлтэй малын үтрээ, дэлэн хавагнаж, үтрээнээс салслаг шингэн гарах, хээл хаях, хаг саатах, өвдөг, бэрэвхийн үе хавагнах, доголох, бух, хуц, ухна, бодонгийн төмсөг хавагнан үрэвсэх зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Бруцеллёзоор тайван сүрэгт илрэх хамгийн түгээмэл шинж нь хээл хаях бөгөөд хээлтэгчийн 50–90 хувь нь хээл хаях ба цаашдаа хээл хаялт багасаж, 2-3 жилийн дараа хээл хаяхгүй байх онцлогтой ч тээгч болж гадаад орчинд үүсгэгчийг олноор ялгаруулан бохирдуулдаг.
Бог мал: Хамгийн түгээмэл эмнэл зүйн шинж тэмдэг нь хээл хаях, зулбах, сувайрах, хаг саатах, хаг саатасны дараа сав, үтрээ үрэвсэн сэлхрэх, үе мөч хавдах, хөдөлгөөн нь сулрах, турж эцэн ашиг шим нь буурдаг байна. Ялангуяа хээлтүүлэгч (хуц, ухна)-ийн төмсөг хүчтэй үрэвсэж, хавддаг.
Үхэр: Эмнэл зүйн шинж тэмдэг нь ихэвчлэн далд хэлбэрээр явагдах бөгөөд бруцеллёзын гол шинж болох хээл хаях, сувайрах, хаг сааталт зэрэг ажиглагдана. Бруцеллёзтой үнээ анхны болон хоёр дахь хээл тээлтийн 2-р хагаст хээл хаядаг ч цаашид хээл хаялгүй хэвийн төллөж байх хэдий ч хаг саатах шинж ажиглагддаг.
Адуу: Ихэвчилэн мундааны үрэвслээр илрэх бөгөөд энэ нь хэт ядраасан үед стресст хүчин зүйл-(ялангуяа уралдааны адууг хэт ядраах, удаан хугацаагаар унаж эдлэх, олон давхар уяагаар уралдах гм)-ийн нөлөөгөөр нуруугаа авах хэлбэрээр илэрч, энэ нь хүрээлэн буй орчин, хүн малд халдвар тархаах хүчин зүйл болдог.
Цаа буга: Малд илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэгтэй адил илрэх боловч үе мөч үрэвсэх, хавдах, доголох шинж тэмдэг зонхилон илэрдэг байна. Өвчин өргөн тархсан суурийн хээлтэй мянд олноор хээл хаях нь түгээмэл боловч өвчтэй этэрийн төмсөг үрэвсэх нь ховор тохиолддог байна.
Гахай: Бруцеллёзд ихээхэн мэдрэмтгий тул хээл хаях шинж тэмдэг тод илэрдэг мөн бодонд төмсөг үрэвсэж, хавддаг байна. Бруцеллёзоос шалтгаалж дутуу төллөсөн гахайн зулбадас, хаг, ихэсийг бусад нь идэх, өвчтэй бодонгоос хээлтүүлгийн үед халдвар дамжих нь түгээмэл тохиолддог байна.
Нохой: Бруцеллёзын халдварт өртсөн үед мөн л далд хэлбэрээр явагдах ба зарим тохиолдолд сульдах, турах, сонор алдах, ааш авир өөрчлөгдөх, нурууны нугалам хөшүүн болж нуруунд эмзэглэл үүсэх, доголох, эр нохойд хуухнаг хавагнах, төмсөгний үрэвсэл, хатингаршил үүсэх, эм нохойд үр зулбах, амьгүй эсвэл сул дорой амьдрах чадваргүй гөлөг гаргах зэрэг шинж тэмдгүүд голлон илэрнэ.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Зулбасан малын хаг, хагны товч, төлийн бүрхүүл хальс зузаарсан, цус харвасан, идээт ширхэгэнцэрээр хучигдсан байх ба зулбадсыг задлахад арьсан доорх эслэгт шүүрдэс хурж хүрэнтсэн, хүй нь зузаарч хавагнасан, салст болон усавхи бүрхүүлд цус харвасан, чацархайн булчирхай ба дэлүү нь томорсон, элгэнд үхжлийн голомтууд үүссэн, ходоодны агуулагдахуун булингартсан зэрэг эмгэг хувиралтууд тод илэрнэ. Мөн хээл хаясан малын сав, өвчилсөн бух, хуц, ухна, бодонгийн төмсөг, хэт зэрэгт идээт үрэвсэл үүссэн нь ажиглагдана. Бруцеллёзтой малыг нядлахад хээлтэгчийн элгэнд жижигхэн цагаан голомтууд үүссэн, дэлүү, тунгалгийн зангилаанууд томорсон, хээлтүүлэгчийн төмсөг, хэт, түрүү булчирхай үрэвссэн байна.
2.3.Оношлогоо: Тархвар зүйн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт болон лабораторийн шинжилгээ (ийлдэс судлал /розебенгалын урвал (РБУ), наалдуулах урвал (НУ), хавсрага холбох урвал (ХХУ), фермент холбоост эсрэгбиемийн урвал (ФХЭБУ), нэвчин тундасжуулах урвал (НТУ) г.м/, нян судлал /нян судлалын сонгомол аргууд болон үүсгэгчийн төрөл, зүйл, ийлдсэн хэвшилийг тодорхойлох ахисан түвшний шинжилгээ/, молекул биологи /полимеразын гинжин урвал (ПГУ)/, харшил сорил)-ний дүнг үндэслэн оношлоно. Мал, амьтны бруцеллёзын оношлох лабораторийн шинжилгээ, оношлогооны урвалуудыг хүснэгт 1-д заасан зорилгын хүрээнд хэрэглэх зүйтэй, мөн дараах тохиолдолд шинжилж буй мал, амьтныг бруцеллёзтой гэж үзэж оношийг баталгаажуулна. Үүнд:
- Өвчний үүсгэгчийг илрүүлж, баталгаажуулсан,
- Эсрэгбием илрүүлэх баталгаажуулах шинжилгээгээр эерэг урвалтай гарсан,
- Бүх төрлийн хээлтүүлэгч мал бруцеллёзыг илрүүлэх шинжилгээгээр эерэг урвалтай боловч баталгаажуулах шинжилгээгээр сөрөг урвалтай гарсан тохиолдолд тэдгээрийг үржилд ашиглахыг хориглох, улмаар холбогдох журам, зааврын хүрээнд төхөөрөх, хэрэгцээлэх,
Хүснэгт 1.
B. melitensis, B. abortus, B. suis-ийн халдварыг илрүүлэх, баталгаажуулахад хэрэглэх лабораторийн шинжилгээний урвал, аргуудыг хэрэглэх зорилго
Оношлогооны урвал, арга |
хэрэгжүүлэх ажлын зорилго |
|||||
Тухайн суурь/сүргийн эрүүлийг баталгаажуулах |
а Тухайн суурь/сүргийн бүрэлдэхүүн 100% эрүүл эсвэл бүс, аймаг сум, орон нутагын мал, сүргийг өвчнөөс ангидыг баталгаажуулахад |
б Өвчнийг устгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд |
в Өвчний тохиолдолынг баталгаажуулахад |
Суурь/сүргийн халдварлалт, тархалтыг тогтооход |
Өвчний эсрэг суурь/сүрэгт эсвэл тухайн бодгалийн дархлааны хариу урвалын хүчдэлийг шалгах |
|
“Brucella spp”-г илрүүлэх, баталгаажуулахад (алтан арга) |
||||||
Будах, дурандах |
- |
- |
- |
+ |
- |
о |
Үүсгэгч гаргах |
- |
- |
- |
+++ |
- |
о |
г ПГУ |
- |
- |
- |
+/++ |
- |
о |
“Brucella spp”-гийн эсрэг үүссэн өвөрмөц эсрэгбием илрүүлэх, баталгаажуулах |
||||||
РБУ |
+++ |
++ |
+++ |
+ |
+++ |
++ |
ФПУ |
++ |
++ |
+ |
++ |
++ |
о |
ХХУ |
++ |
++ |
+++ |
++ |
+++ |
о |
шбФХЭБУ |
+++ |
++ |
+++ |
++ |
+++ |
+ |
өФХЭБУ |
++ |
+ |
+ |
+ |
++ |
о |
Арьсны сорил |
++ |
- |
+ |
+++ |
++ |
о |
НУ |
++ |
+ |
+ |
- |
+ |
о |
д НТУ |
- |
- |
+ |
++ |
- |
о |
еСЦУ, сүүний шбФХЭБУ |
+++ |
- |
+++ |
+ |
+++ |
о |
Тайлбар:
+++ = тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд өргөн хэрэглэдэг,
++ = өргөн хэрэглэдэггүй ч тухайн зорилгыг хүрээнд хэрэглэж болно,
+ = хэрэглэж болох ч өртөг, зардалын хамаарал ихтэй,
- = тухайн зорилгод зөвлөөгүй,
о = хэрэглэхэд оновчгүй,
ПГУ = Полимеразын гинжин урвал, РБУ = Розебенгалын урвал, ФПУ = Флуоресценц плуорозейшин урвал, ХХУ = Хавсрага холбох урвал, ШБФХЭБУ = шууд бус Фермент холбоост эсрэгбиемийн урвал, өФХЭБУ = өрсөлдөөнд ФХЭБУ, НУ = Наалдуулах урвал, НТУ = Нэвчин тундасжуулах урвал, СЦУ = Сүүний цагирган урвал,
б = илрүүлэх шинжилгээнд РБУ эсвэл ФПУ-ыг, баталгаажуулах шижнилгээнд ХХУ эсвэл шбФХЭБУ-ыг тус тус хэрэглэх нь оновчтой бөгөөд арьсны сорилын шинжилгээг давхар хэрэглэхийг зөвлөдөг,
в = халдварлалт маш бага эсвэл өвчнөөс эрүүл бүс, аймаг суманд хэрэглэх боловч оношлогооны урвалын баталгаат байдал нь буурах талтай учир үүсгэгч гарган авах, илрүүлэх шинжилгээг давхар хийхийг зөвлөдөг,
г = Зарим тохиолдолд хуурамч эерэг урвал өгдөг,
д = Малын бруцеллёзоос сэргийлэх Brucella abortus (B. abortus) S 19 болон Brucella melitensis (B. melistensis abortus) REV 1 омгийн вакцин хэрэглэсэний дараа үүссэн дархлааны хариу урвалыг байгалын халдварын үеийн эерэг урвалаас ялгаварлан оношлоход хэрэглэнэ,
е = Зөвхөн сүүний чиглэлийн үнээг шинжлэхэд хэрэглэнэ.
2.4.Бруцеллёзын оношлогоонд сорьц авах: Мал, амьтны бруцеллёзын лабораторийн шинжилгээнд зориулж цус, цусны ийлдэс, сүү, хаг, үтрээний арчдас, үтрээнээс ялгарч буй шингэн, үрэвссэн үеийн шингэн, засаа (төмсөг), зулбадас эсвэл зулбадаснаас ходоодны шингэн, ходоодны арчдас, дэлүү зэрэг сорьцийг авах, бэлтгэх, илгээхэд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан холбогдох журам, зааврыг мөрдөн ажиллана.
2.5.Ялгаварлан оношлох: Бруцеллёзыг Трихомоноз, Кампилобактериоз, Иж балнад, Лептоспироз, Листериоз зэрэг өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
2.6.Эмчилгээ: Бруцеллёзтай мал, амьтныг удаан хугацаанд, өндөр зардалтайгаар эмчлэх нь онолын хувьд нээлттэй хэдий ч эдийн засгийн өгөөж нь ихээхэн алдагдалтай учир эмчилгээг чухалчилдаггүй. Иймээс бруцеллёзтой нь батлагдсан малыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан холбогдох журам, зааврын дагуу зориудаар нядлан, хэрэгцээлнэ.
ГУРАВ. Урьдчилан сэргийлэлт
3.1.Ерөнхий болон тусгай урьдчилан сэргийлах арга хэмжээ: Дэлхийн мал эмьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) зөвлөмж болгосон, малын бруцеллёзоос сэргийлэх зорилгоор үхэрт Brucella abortus (B. abortus) S 19 болон Brucella abortus (B. abortus) RB 51 омгийн, бог малд Brucella melitensis (B. melistensis abortus) REV 1 омгийн вакциныг тус тус хэрэглэдэг.
3.2.Тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт бруцеллёзтой тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Хариу арга хэмжээ: Мал, амьтны бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг холбогдох заавар баримтлан хэрэгжүүлнэ.
4.2.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Мал, амьтны бруцеллёзын тохиолдол, дэгдэлт гарсан тохиолдол бүрт сүрэгт бруцеллагийн халдварын эх үүсвэрийг тогтоох судалгааг явуулж, шалтгааныг арилгах хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ. Халдварын эх үүсвэрийг тогтоох тархвар зүйн судалгааг явуулахад Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан холбогдох журам, зааврыг баримтлан хэрэгжүүлнэ.
4.3.Хязгаарлалтын дэглэм тогтоох: Мал, амьтны бруцеллёзын тохиолдлын үед батлагдсан журмын дагуу хязгаарлалтын дэглэмийг тогтоож, хэрэгжүүлнэ. Хязгаарлалтын дэглэмийн үргэлжлэх хугацаа нь 2 улирлаас илүүгүй байх бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хэдэн ч удаа сунгаж болно. Хязгаарлалтын дэглэм тогтоосон сүргийн бүх мал, амьтанд улирал бүр, лабораторийн шинжилгээ (ийлдэс судлал) хийх бөгөөд тухайн сүргийн бүх бүрэлдэхүүн нь сүүлийн 2 удаагийн шинжилгээгээр сөрөг урвалтай гарсан тохиолдолд дэглэмийг цуцлах үндэслэл болно. Бусад ямар ч тохиолдолд, тухайлбал шинжлэгдсэн нийт мал, амьтнаас нэг мал л өвчтэй гарсан, лабораторийн шинжилгээгээр эерэг урвалтай мал, амьтан илрээгүй ч өвчний эмнэл зүйн шинж тэмдэгийн тохиолдол бүртгэгдсэн гэх мэт бүхий л тохиолдлуудад хязгаарлалтын дэглэмийг цуцлахыг хориглоно. Мал, амьтны бруцеллёз өвчин оношлогдсон үед мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийх, түүхий эд, бүтээгдэхүүнийг ашиглах, хэрэглэхэд Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны код”-ын 8.4.14-8.4.21 дэх хэсгийг баримтлана.
4.4.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A