A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

А/48 дугаар тушаалын  2 дугаар хавсралт

МАЛ, АМЬТНЫ ЛИСТЕРИОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

НЭГ. Өвчний ерөнхий мэдээлэл:

1.1.Зорилго: Мал, амьтны листериоз өвчнөө сурьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино..

1.2.Хамрах хүрээ: Мал, амьтны листериоз өвчнөө сурьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мөрдөж ажиллана.

1.3.Өвчний тодорхойлолт: Листериоз өвчин нь байгалын голомтот бөгөөд хүн, мал, амьтанд төв мэдрэлийн гэмтэл, үжил, зулбах, дэлэнгийн үрэвсэлийн эмгэгээр илэрдэг хурц халдварт өвчин.

1.4.Листериоз үүсгэгч - Listeria monocytogenes (=Листери), Грамэерэг, хөдөлгөөнтэй, спор үүсгэдэггүй богино савхан хэлбэртэй бактер. Хааяа үндсэн хэв шинжит бус эсвэл Л-хэлбэрт шилжсэн листери тохиолдоно.

1.5.Листерийн тэсвэрт чанар: Листери гадаад орчинд хааяагүй тархсан бөгөөд нилээд тэсвэртэй. Мөн эрүүл мал, амьтны тэжээл боловсруулах замдэлбэг, амьсгалын зам, нулимсанд хааяа тохиолддог. Листери 5-8 рН бүхий чийглэг хөрс, бууц, сүрэл, ургамал болон усанд хэдэн жил амьд байх ба +4°С - +43°С хэмд үржих чадвартай. Сүү, мах, дарш, мөн хүүрэнд үрждэг.

1.6.Эпидемиологи:Тархалт: Гадаад орнууд болон Монголд хааяагүй тохиолддог.

Халдварын нөөцлүүр:Листериоз үүсгэгчийн байгал дах нөөцлүүр нь зүйл бүрийн зэрлэг амьтад, мэрэгчид төдийгүй хөрс юм. Листериозоор хонь, ямаа, үхэр, адуу, нохой, гахай, тахиа, туулай, усан гахай болон зэрлэг амьтад өвчилнө. Листери загас болон усны амьтны гаралтай бүтээгдэхүүнээс илэрдэг.

Халдварын уурхай: баас, шээс, сүү, нус, нулимс, үтрээний шингэний хамт листерийг гадагш ялгаруулж байгаа өвчилсөн болон өвчилж эдгэрсэн мал, амьтан юм. Листериоз үүсгэгчийг тээж байгаа мэрэгч амьтад, шувуу болон цус сорогч үе хөлтөн,  бэлчээрийн хачиг өвчний байгалын голомтлолыг нөхцөлдүүлнэ. Өвчилж эдгэрсэн мал 30 –аас олон хоног, хулгана зэрэг зарим мэрэгч амьтан 260 хүртэл хоног, бэлчээрийн хачиг 500 гаруй хоног листери тээж явах ба бог малын сүүгээр 3 сар, үнээний сүүгээр 10 сарын турш ялгардаг.

Халдварлах зам:Мал амьтан зонхилон листеригээр бохирдсон ус, тэжээл идэж тэжээл боловсруулах замаар халдварлахаас гадна агаар тоосыг амьсгалж амьсгалын замаар, мөн гадаад орчноос гэмтсэн арьс болон салст бүрхүүлээр, хээлтүүлгийн үед бэлгийн замаар тус тус халдварлаж болно. Чанар муу дарш (pH 5.0-аас их), тогтоол услистери үржих аятай орчин болдог учир эпизоотологийн чухал холбогдолтой.

Листериозын онцлог: Энэ өвчин хонь, ямаа, үхэрт өвөл хавар, бусад мал амьтанд улирлын  онцлоггүй тохиолддог. Тохиолдол ганц нэгээр юмуу  энзоот хэлбэрээр илрэх ба зарим нутагт жил дараалан давтан  гардаг.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Шинж тэмдэг: Листериоз сүүгээр бойжигч амьтанд мэдрэлийн, хээл хаях, үжлийн хэлбэрээр илрэх ба  дэлэнгийн үрэвслийн болон далд хэлбэрээр тохиолдоно. Хурц, хурцавтар, ужиг явцтай. Далд үе өвчний хэлбэрээс шалтгаалан 70 хүртэл хоног байна. Мэдрэлийн хэлбэр элбэг тохиолдох бөгөөд нүдээ аньж гуйвагнан зогсох, нэг тийш эргэх, шургачин унах, хараагүй болж тэмтчин явах, шүлс гоожих, хүзүү муруйх шинж илрэх ба удалгүй хөл нь саажиж хажуулдан хэвтэж тийчилсээр 2-15 хоногийн дараа үхнэ. Хээл хаях хэлбэрийн үед хээлийн сүүлийн хагаст хээл хаях, амьдрах чадваргүй  эсвэл үхсэн төл гаргана. Үжлийн хэлбэрээр ихэвчлэн нэг хүртэлх насны төл өвчлөх ба тодорхой онцлог шинж тэмдэг илрэхгүй боловч халуурах,  сульдан доройтох шинж илэрч гэнэт үхдэг. Листериозоор хааяа усны шувуу үжлийн, мэдрэлийн хэлбэрээр өвчилнө. Тахиа харьцангуй тэсвэртэй.

2.2.Бие бүтцийн эмгэг өөрчлөлт: Мэдрэлийн хэлбэрийн листериозоор өвчилсөн мал, амьтны бие эрхтэнд өвөрмөц онцлог бүхий өөрчлөлт илрэхгүй боловч тархины бүрхүүлийн үрэвсэл, цусны судасны өргөсөлт улайлт, цус харвалт ажиглагдаж болно. Хээл хаях хэлбэрийн үед савны товчинд идээрт үхжил, зулбадасын дотор эрхтнүүдэд цус харвалт, үжлийн үед элэгний бүрхүүл хальсны дор олон жижиг цайвар саарал идээрт голомтууд үүснэ.

2.3.Оношилгоо: Эпизоотологийн онцлог, эмнэл зүйн шинж тэмдэгийн илрэл, эмгэг бие бүтцийн өөрчлөлтөөр анхны онош тавих бөгөөд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн оношлоно. Нян судлалын шинжилгээгээр эмгэгт материалаас листериоз үүсгэгч L.monocytogenes-ийг цэврээр өсгөвөрлөх нь оношийн шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд ПГУ-аар баталгаажуулна. Ийлдэс судлалын шинжилгээ (ХХУ, ЭЛИЗА)-г тухайн аж ахуйн эпизоотологийн байдлыг тодруулахад хэрэглэж болно.

2.4.Ялган оношлох өвчнүүд: Үхрийн хорт салст халуурал, галзуу, бруцеллёз, кампилобактериоз, трихомоноз, тэжээлийн хордлого, төллөсний дараах саа, хар тугалгын хордлого; хонины эргүү, эстроз, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, хламидиоз, кетоз, тэжээлийн хордлого; ямааны эргүү, галзуу, хачигт стафилакоккийн халдвар; гахайн Ауескийн өвчин, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, тэжээлийн хордлогоос ялган оношлоно. 

2.5.Лабораторийн шинжилгээний дээж: Листериоз оношлох лабораторийн шинжилгээнд зориулж үхсэн мал, амьтны бүтэн тархи, элэг, дэлүү, бөөр, тунгалгийн зангилаа, уушигны эмгэгтсэн хэсэг, зулбадас болон жижиг амьтны хүүр сонгож авна. Амьд мал, амьтнаас цус, зулбасан малын эхэс, үтрээнээс гарсан буртаг, дэлэнгийн хэлтэр тус бүрээ савсан сүүг нян судлалын шинжилгээнд; цусны ийлдсийг ийлдэс судлалын шинжилгээнд; баас болон сүүг тандах шинжилгээний нях судлалд зориулан авна. Эмгэгт дээжүүдийг гурван савалгаат системээр битүүмжилж “Био аюултай илгээмж, био бэлдмэлийг тээвэрлэх журам”-аар тээвэрлэн 12 цагийн дотор лабораторид хүргэнэ.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Аж ахуй (мал, амьтан үржүүлж, тэжээж байгаа аж ахуй, байгууллага, өрхайл, иргэн) сүргээ листериозоор эрүүл мал, амьтнаар бүрдүүлнэ.Шинээр авах мал нь сүүлийн 2 жилийн турш листериозоор тайван аж ахуйн  тухайн үед листериозын шинж тэмдэг (зулбасан, мэдрэлийн шинж илэрсэн, халуурсан, сав болон үтрээ үрэвссэн, дэлэн гэмтсэн)-ийн илрэлгүй байна. Бусад амьтныг урьдчилсан 30 хоногийн хяналтын хориогүйгээр үндсэн сүрэгт нийлүүлэхгүй.  Хяналтын хорионы хугацаанд амьтан тус бүрийг өдөр бүр эмнэл зүйн аргаар шинжлэнэ, шаардлагатай бол (зулбасан, мэдрэлийн эмгэгийн шинж илэрсэн, халуурсан) нян, ийлдэс судлалаар шинжлэнэ. Шинээр сүрэг бүрдүүлж байгаа эсвэл сүрэг сэлбэх тахианаас бусад шувууг тухайн аж ахуйн тусгай байранд 30 хоног байлгаж, энэ хугацаанд эпидемиологийн аргаар түүврээр баасны дээж хоёр удаа цуглуулан листери илрүүлэх шинжилгээ хийлгэнэ. Энэ заалт 1-5 хоногийн бойжилттой дэгдээхэйд хамаарахгүй. Хэрэв листерийн халдвартай шувуу илэрвэл үндсэн сүргийн бүх шинжлээд халдвартайг заазлана. Малчин, амьтан тэжээгч мал, амьтнаа хараа хяналтанд байлгаж өдөр бүр эрүүл мэндийг ажиглана. Мал, амьтныг “дарамт”-т өртүүрэхгүй байна.Мал, амьтны байр, хашаа, саравч, тэжээлийн агуулахад үүрлэсэн мэрэгч амьтадыг  агнаж устгана. Мал, амьтны биеийн хачиг, цус сорогч шавьжийг устгах,  шавьжгүйжүүлэх,  хашаа байрыг халдваргүйтгэх ажлыг үе үе зохион байгуулна.Өвс, дарш, хүчит тэжээлийн чанар, бактерийн бохирдлыг тогтмол шалгана.Шинжилгээгээр листерийн бохирдолтой гарсан тэжээлийг шатаах, булах аргаар устгана.Листериозын сэжигтэй хээл хаясан мал, амьтны зулбадас, амьгүй гарсан төл, үхсэн мал, амьтны эмгэг эрхтнийг лабораторид өгч шинжлүүлнэ.

3.2.Хүнийг листериозоос сэргийлэх: Хүн листериозоор өвчилсөн, өвчлөөд эдгэрсэн малын сүү, махыг болон түүхий ногоог хүнсэнд хэрэглэсэнээр халдварлана. Листериоз ялангуяа жирэмсэн эмэгтэй, хүүхэд, өндөр настанд халтай. Малын эмч, төхөөрөгч,  малчин листеригээр халдварлах эрсдэл өндөр.Листериозоор өвчилсөн мал, амьтан маллагч, саальчин, төхөөрөгч, эмгэг бие бүтцийн задалгаа хийдэг малын эмч, лабораторийн шинжлэгч нар халдвараас хамгаалах дэгийг чанд мөрдөнө.Листериоз илэрсэн хот айл, аж ахуйн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, ахмад настан мал саах, хээл хаясан малын зулбадас түүх, мал төхөөрөх, листерээр бохирдсон  зүйлтэй харьцах ажилд оролцохгүй байвал зохино.Халуурах, толгой өвдөх, хугацаанаас өмнө төрөх, зулбах шинж илэрвэл хүний эмчид яаралтай хандана.

3.3.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн листериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу хэрэглэнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Листериозын сэжиг илэрсэн тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • өвчтэй, өвчний сэжигтэй мал, амьтан илэрсэн сүрэгт эмнэл зүйн үзлэг, шинжилгээ хийнэ;
  • үхсэн мал, амьтаны хүүрэнд задлан шинжилгээ хийнэ;
  • илэрсэн өвчний талаар тархвар зүйн судалгаа авна.
  • тархвар зүйн судалгааны дүн, эмнэл зүйн шинж тэмдэгийн илрэл, эмгэг бие бүтцийн өөрчлөлтийг үндэслэн анхны онош тавина;
  • анхны оношоор листериоз болохыг тогтоомогц аж ахуйн удирдлага, эзэн, малчин болон харьяа сум, дүүргийн мал эмнэлгийн тасагт  даруй мэдэгдэнэ;
  • тархвар зүйн судалгаагаар листерийн халдварын эх үүсвэрийг тогтооно. Листерийн халдварын эх үүсвэр болон өвчний илрэлийн хэлбэрийг харгалзан тэмцэх арга хэмжээг төлөвлөнө;
  • өвчилсөн, өвчний сэжигтэй мал, амьтныг тэмдэглэн үндсэн сүргээс ялган тусгаарлаж эмчилнэ, эдгэрсэн малыг эмийн үлдэгдэлгүй болсоны дараа заазлана;
  • өвчилсөн мал эсвэл амьтан байсан байр, хашаа, саравч, хэвтэр, бууц, хотыг зааврын дагуу халдваргүйтгэнэ;
  • үхсэн мал, амьтны хүүр, сэг, зулбадас, эхэс хагийг устгуулна.

4.2.Мал, амьтны эзэн, малчин хариуцаж байгаа мал эсвэл амьтныг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулна, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ;

  • ялган тусгаарласан өвчтэй болон өвчний сэжигтэй мал, амьтныг тэжээх, услах, арчлах ажлыг хариуцана;

4.3.Мал эмнэлгийн тасаг, хүний эмч нар сум, дүүргийн удирдлага, мал аж ахуйн болон хяналтын мэргэжилтэнтэй хамтран тухайн аж ахуй, хот айлын мал, амьтанд илэрсэн листериозтой тэмцэх, хяналт тавих, хүний эрүүл мэндийг хамгаалах талаар төлөвлөгөө боловсруулж,  Лабораторийн шинжилгээний дүгнэлт, өвчин гарсан тухай актыг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож дараах арга хэмжээ авна.

  • Малын эмч бүх мал, амьтанд өдөр бүр эмнэл зүйн үзлэг хийж листериозоор өвчилсөн, сэжигтэй, эрүүлийг тогтоож үндсэн сүргээс ялган тусгаарлана.
  • Листериозоор өвчилсөн, өвчний сэжигтэй, халуурсанаас тусгаарласан мал, амьтныг эмчилнэ,эдгэрсэн малыг эмийн үлдэгдэлгүй болсоны дараа заазлана;
  • Өвчилж үхсэн мал, амьтны хүүр сэг, зулбадас, хаг буртгийг шатааж эсбол булж устгана.
  • Эрүүл сүргийг малын эмчийн ажиглалтад байлгах ба листериозоос сэргийлэх вакциныг зааврыг баримтлан тарьж дархлаажуулна.  
  • Бэлчээрийн маллагаатай малын листерийн халдар нь бэлчээрийн ус, өвс, ургамалын хамааралтай байвал уг хот айлын малыг нутаг бэлчээр солино.
  • Байран маллагаатай мал, амьтны листерийн халдар нь тэжээлийн  хамааралтай байвал уг мал, амьтны тэжээл, усыг солино.
  • Листериозоор тайван биш аж ахуй, хот айлын мал, амьтны байр, тэжээлийн агуулахыг халдваргүйтгэх, мэрэгчгүйжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
  • Хээл хаях болон үжлийн хэлбэрийн листериозоор өвчилсөн мал, амьтны байр, хашаа, саравч, хэвтрийг зааврыг баримтлан халдваргүйтгэнэ.
  • Мэрэгчгүйжүүлэхийн тулд мэрэгчийн эсрэг химийн бодисийн болон бактерийн бэлдмэлийн өгөшийг зааврын дагуу хэрэглэнэ.
  • Бууц болон баасыг биотермийн аргаар халдваргүйтгэнэ.
  • Тэжээлд мэрэгч амьтад үүрлэсэн эсэх, тэдгээрийн ялгадсаар бохирдсон эсэхийг нягтлан шалгахын хамт дээжлэн лабораториор шинжлүүлнэ. Листерээр бохирдсон тэжээл, өвчтэй мал амьтны идэж байсан тэжээлийн үлдэгдэлийг устгана.
  • Тайван биш аж ахуйд хязгаарлалтын хугацаанд бүтээгдэхүүн (сүү), түүхий эд (ноос, ноолуур) бэлтгэх бол:
  • сүүг 15 минут буцалгасны дараа хэрэглэж эсвэл хайлуулсан шар тос бэлтгэж болно.
  • ноос, ноолуур, хөөвөр, хялгасыг сиймхий таар буюу торонд 1 м3 эзэлхүүнд 50 кг байхаар сэвсгэр зулаад 110°С бүхий усны ууранд 30 минут жигнэж халдваргүйтгэнэ.
  • Листериозоор тайван биш аж ахуйн сүргийг эрүүл (ийлдсийн шинжилгээгээр сөрөг) хээлтүүлэгчээр хээлтүүлнэ.
  • Саалийн хугацаанд сүүг хоёр удаа, даршаар тэжээдэг малын сүүг сард нэг удаа листери илрүүлэх нян судлалаар шинжлэнэ.
  • Шинжилгээгээр эерэг гарсан малыг заазлана.
  • Сүүлчийн мал, амьтан үхсэн буюу эдгэрсэнээс хойш 60 хоногийн дараа төгсгөлийн халдваргүйтгэл хийж аж ахуйн харьяа сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тухайн аж ахуйд тогтоосон хязгаарлалтыг цуцлан листериозоор тайван болсоныг мэдэгдэнэ.
  • Листериоз өвчний хор холбогдол, өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга ажиллагааны тухай малчид, мал аж ахуйн мэргэжилтэн, удирдах ажилтан, нийт хүмүүст таниулах, сэрэмжлэх ажлыг мал эмнэлэг, эрүүл мэнд, хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулна.
  • Дэлэнгийн үрэвсэлтэй малын сүүг лабораторид өгч шинжлүүлнэ. Даршаар тэжээдэг малын сүүг сард нэг удаа листерийн бохирдпын шинжилгээ хийлгэнэ. Листерийн холбогдолтой дэлэнгийн үрэвсэлтэй, эсвэл сүүнд нь листери илэрсэн малыг заазлана.
  • Үржлийн болон бордооны мал, амьтныг бусад аж ахуйд шилжүүлэх, худалдах, үзэсгэлэнд оролцуулахын өмнө листериозын эмнэл зүйн үзлэг, шинжилгээ хийж эрүүлийг аж ахуйгаас гаргана. Шаардлагатай бол цус авч ХХУ эсбол ЭЛИЗА урвалаар шинжилнэ.
  • Листериозын эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөж энэ өвчнөөс сэргийлэх вакциныг жил бүр гардаг нутгийн малд  тарьж болно.

4.4.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.