- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- НЕКРОБАКТЕРИОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны
А/48 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
НЕКРОБАКТЕРИОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Мал, амьтны халдварт некробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ: Некробактериоз өвчний эрсдэлтэй болон некробактериоз бүртгэгдсэн бүс, орон нутагт мал, амьтны халдварт некробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөнө.
1.3.Өвчний тодорхойлолт: Мал, зэрлэг амьтдын хөлийн туруу, туурайн орчмын холбогч болон булчингийн эдийн идээт, үхжилт үрэвслийн шинж тэмдгээр илэрдэг цочмог явцтай хавьтал халдварт өвчин юм. Манай малчид бог малын хөлийнхийг балцруу, ам, хамар орчимд гэмтэл үүсснийг амруу, адууныхыг сөдрөг, тэмээнийхийг хар тавхай,хүнийхийг ганц хуруутах гэж нэрлэдэг.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Fusobacteriumnecrophorium нь агааргүйтэн, хөдөлгөөнгүй, янз бүрийн хэлбэртэй харагддаг, үрэнцэр, бүрээс үүсгэдэггүй, грам сөрөг савханцар юм. Некробактериозын үүсгэгч нь гадаад орчинд тэсвэр муутай, бууцанд 50, газрын хөрсөнд 20–60, шээсэнд 15, сүүнд 35, усанд 15 хоног хадгалагдах бол 65оС-т 30 мин, 70оС-т 15 мин, буцалгахад 1 минутын дараа үхэж идэвхээ алдана. Нарны шууд гэрэлд 8-10 цагийн дараа үхнэ. Халдваргүйжүүлэх бодисуудын үйлчлэлээр 5-30 минут болоод идэвхгүйжнэ.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Халдварын эх уурхай нь некробактериоз өвчтэй болон өвчилж эдгэрсэн тээгч мал, амьтан байхын дээр эрүүл малын тухайлбал хивэгч мал, амьтны гүзээнд энэ үүсгэгч байнга агуулагдаж байна. Эрүүл малын баас, шүлсээр ялгарахын дээр өвчтэй малын үхжсэн эдтэй гадагшилж бууц, хэвтэр, бэлчээр, хөрс, нуур, усны эх булгийг бохирдуулна. Эрүүл мал, амьтны арьс, салст бүрхүүлийн бүрэн бүтэн байдал алдагдснаас үүсгэгч нэвтрэн орох үүд нээгдэнэ. Шүүдэртэй, нам дор газрын болон намаг ус ихтэй бэлчээрт бэлчээх, нойтон бууц, хэвтэр, шавхайд олон хоногоор хэвтүүлэх, хаших, шивээ зэрэг хатгадаг өргөс бүхий өвсөөр тэжээх, удаан хугацаагаар чулуу ихтэй замд туух, арьсаа үрэх, шөргөөх, шүдээрээ зуулах зэрэг нь арьс, салст бүрхүүлийн бүтэн байдлыг алдагдуулна. Мөн өөрөөсөө халдвар авах магадлал бий. Өвчин мал, амьтны арчилгаа, маллагааны нөхцлөөс хамаарч биеийн эсэргүүцэл муудсан үед юм уу үүсгэгч мэдрэмтгий мал, амьтдын биеэр олон удаа зорчин дамжснаас эмгэг төрүүлэх чанар нь нэмэгдсэн үед олон мал, амьтан хамран өвчүүлнө. Мөн шөвөг яр, шүлхий, цэцэг өвчний үед хоёрдогч халдвар үүсгэж өвчний явцыг хүндрүүлнэ. Энэ өвчин бэлчээрийн болон байран маллагаатай мал, амьтанд адил илэрнэ. Ихэвчлэн дулааны улиралд гарна.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 1-3 хоног байна. Өсвөр насны мал, амьтанд цочмог явцтай, нас гүйцсэн мал амьтанд цочмогдуу ба архаг явцтай тохиолдоно. Хөнгөн болон хүнд хэлбэрийн гэж хувааж үзнэ. Бог малын балцруу ихэвчлэн архаг явцтай байхын дээр хүнд хэлбэрийн байдаг. Хөлийн туруу эмгэгшиж идээт–үхжилт үрэвсэл болохын дээр турууны салаа, турууны магнай, гахай зэргийн холбогч эд, булчин, шөрмөс, яс үхжиж ялзарна. Өвчний гол шинж тэмдэг ньдоголох юм. Бог малын урд хоёр хөл өвчилсөн тохиолдолд өвдгөөрөө юм уу сагагны үеэрээ мөлхөж явна. Өвчний эхний үед турууг барилж үзэхэд маш эмзэглэлтэй, халуун, хавагнасан байх ба дараа нь яршиж маш өмхий үнэртэй идээ гоожно. Үхжлийн процесс маш түргэн тархаж шөрмөс, холбогч эд, яс, үеийг гэмтээнэ. Үүний улмаас туруу мултарч унах явдал элбэг тохиолдоно. Үхжлийн процесс уруул, хамар, амны хөндий болон гадна бэлэг эрхтэн, элэг, уушиг, зүрх, тархинд илэрнэ. Өвчин хэдэн долоо хоногоос сараар үргэлжилж тураал, хоёрдогч халдвар, үсэрхийлэл зэргээс болж үхнэ. Цаа бугын некробактериоз нь ихэвчлэн хүнд хэлбэрээр тохиолдоно.Туурайн хэсэгт идээт үрэвсэл үүсэх бөгөөд үений идээт үрэвсэл, тэжээл боловсруулах замын болон дотор эрхтнүүдийн үхжлийн гэмтлээр илэрнэ. Өвчин ихэвчлэн үхлээр төгсөнө. Цагаан зээрэнд мөн адил шинж тэмдэгтэй илрэх ба зарим зээрийн өвдөг, борвины үений мөгөөрс яршсан байдаг.Адууны сөдрөгийн үед доголох шинж илэрч туурайн орчмын арьсны идээт үхжил үрэвсэл болохын дээр уушигны идээт–үхжилт үрэвслээр хүндэрнэ. Тэмээний хар тавхайтах өвчний үед доголж хөлийн тавагны орчим идээт–үхжилт үрэвслээр илрэх бөгөөд хүнд хэлбэртэй тохиолдоно. Холбогч эд, булчин, шөрмөс, яс үхжиж ялзран алтан хумс, хурууны яснууд унана.Гахайн некробактериоз ховор тохиолдох бөгөөд ихэвчлэн хөхүүл торойн ам, хамрын хөндий, гэдэсний салст бүрхүүл, биеийн арьсны үхжилт үрэвслээр илэрнэ. Өвчилсөн бол бараг бүгд үхнэ.Нохойн некробактериоз хөнгөн хэлбэрээр явагдах бөгөөд хошного, сарвуу, сүүл, уруул, хоншоор орчимд хэсэг газрын гэмтэл үүснэ.Туулайн некробактериозын үед амны болон хамрын хөндийн салст бүрхүүлийн үхжилт үрэвсэл, заримдаа биеийн янз бүрийн хэсгийн арьсанд юм уу арьсан дор идээт буглаа үүснэ.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Анхдагч голомтын орчимд идээлж үхжсэн эд, шүүрдэстэй байх ба арьс нь хар өнгөтэй болсон байна. Хүнд хэлбэрийн үед эдийн гүнд хүртэл холбогч эд, шөрмөс, үе үхжиж задарсан, хурууны яс унасан байна. Уушиг, элэг, дэлүү, бөөр, тархинд идээт буглаа, янз бүрийн хэлбэр хэмжээний идээт үхжлийн голомт үүснэ. Мөн ходоод, гэдэс гэмтсэн байж болно.
2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Оношийг баталгаажуулахын тулд заавал микроскоп болон нян судлалын шинжилгээ хийх шаардлагатай.Микроскопын шинжилгээ хийхийн тулд хөлний үхжиж гэмтсэн хэсэг, эрүүл хэсэг 2-ын зааг дээрээс, амруутсан малын яр шархыг ховхлоод доор нь ил гарсан цус шүүрсэн хэсгээс дармал наалдац хийж Леффлерийн хөх болон бусад будгаар будаж микроскопоор харна. Ийм түрхцэнд өвчин үүсгэгч нь урт утаслаг болон савханцар хэлбэртэй дотроо олон тооны үрэнцэрүүдтэй харагдана. Энэхүү үүсгэгчээс гадна янз бүрийн том жижиг савханцар, коккууд нэгэн адил харагдах бөгөөд эдгээр нь идээлүүлэгч, ялзруулагч зэрэг өвчнийг хүндрүүлэгч нянгууд юм. Нян судлалын шинжилгээнээс хамгийн найдвартай нь туулайд амь сорил тавих арга юм. Өвчтэй малын эмгэгт материалаас ариутгасан физиологийн уусмалд цийдмэг бэлтгээд туулайны чихний арьсан доор 1.0 мл тарьж 10-15 хоног ажиглана. Энэ хугацаанд туулайны чих хавдан идээлж томорсоор сүүлдээ чихээ даахгүй толгойгоо гэлжиилгэж хэвтсээр үхдэг. Гэмтсэн эрхтэнгүүдээс 1% глюкозтой Triptose soy шөлөнд суулгаж үүсгэгчийн цэвэр өсгөвөр гарган авч болно.
2.4.Ялгаварлан оношлох: Шүлхий, туурайн илжрэл, шөвөг яр зэрэг өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
2.5.Эмчилгээ: Өвчтэй мал, амьтныг ялган тусгаарлаж гэмтсэн хэсэгт 5 хувийн марганц хүчлийн кали, 10 хувийн зэсийн цэнхэр, 3 хувийн устөрөгчийн хэт ислийн уусмал, 5 хувийн йодын ханд зэргийг хэрэглэж мас заслын ажилбар хийж эмчилнэ. Тетрациклин, пенициллины бүлгийн антибиотикууд, сульфаниламидын эмүүдийг хослуулан цацлага байдлаар хэрэглэнэ.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Уг өвчнөөс сэргийлэхийн тулд арчилгаа маллагаа болон мал эмнэлэг, ариун цэврийн ерөнхий арга хэмжээнүүдийг авч явуулна. Үүнд: Хур бороо ихтэй зун намрын улиралд малыг өндөр газрын хуурай бэлчээрт хариулах, өглөө өвсний шүүдэр хатсаны дараа бэлчээж, малын хашаа саравчны шавхайг цэвэрлэж хатаах, хашааны үүдэн дээр халдваргүйжүүлэх бодисын уусмалаар дүүргэсэн хөл ванн хийж малаа бэлчээх, хашаанд оруулахдаа малынхаа хөлийг дүрж ариутгаж сэргийлнэ.
3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Некробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц вакцин байхгүй.
3.3.Тандалт: Хангай, Хэнтий, Тал хээр, Алтайн их нууруудын хотгор, Говийн бүсүүдэд нилээд тархсан учир эпизоотлогийн нөхцөл байдал, өвчин гаралтын эпидемиологийн зураглал, байгаль цаг уурын онцлог, мал маллагааны арга барил зэргийг үндэслэж тандана.
ДӨРӨВ.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Газарзүйн байршил, бэлчээр усны нөхцөл байдал, эпиемиологийн зураглал, өвчний голомт, арчилгаа маллагааны горим зэргээс хамаарна.
4.2.Хязгаарлалт тогтоох: Мал амьтны халдварт өвчин гарсан тохиолодолд авч хэрэгжүүлдэг хорио, цээр хязгаарлалтын журамд заасны дагуу хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.3.Халдватгүйтгэлийн арга хэмжээ: Халдваргүйжүүлэх бодисын уусмалаас формалины 10%-ийн, креолины 5%-ийн, зэсийн цэнэхэрийн 10-20%-ийн, суперкилл, хайкоп уусмал нь сонгомол үйлчилгээтэй.
4.4.Өвчилсөн мал, амьтныг утсгах арга хэмжээ: Өвчилсөн мал амьтныг устгахүй эмчилнэ.
4.5.Өвчин гарсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Өвчин гарсан тохиолдолд хүнсэнд хэрэгцээлэх зорилгоор эрх бүхий байгууллагын зааврын дагуу нядалж махыг загсааж дулааны боловсруулалт хийн хэрэглэнэ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Малын амьтны гаралтай мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэргийг худалдаалах нь халдвар дамжуулах эрсдэлийг дагуулах учир худаала.
4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A