A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

А/48 дугаар тушаалын  4 дүгээр хавсралт

 

КОЛИБАКТЕРИОЗӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

(COLIBACTERIOSIS)

 

НЭГ. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Колибактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ:Колибактериоз өвчнөөр тайван бус болон энэхүү өвчин бүртгэгдсэн аж ахуй, бүс, орон нутагт урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга хэмжээг  хэрэгжүүлэхэд мөрдөнө.

1.3.Тодорхойлолт: Төрөл бүрийн мал, амьтны нялх төлд төрсний дараах эхний хоногуудад чацга ихээр алдах, дотрын хордлого үүсэх, шингэнээ алдах, цус үжих болон мэдрэлийн шинж тэмдгээр илэрдэг цочмог явцтай халдварт өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, Enterobacteriaсеае овгийн Escherichiaтөрөл, Escherichia coli зүйлд хамаарна. E.coliнь гадаад орчин, эрүүл мал амьтны бүдүүн гэдсэнд байнга байдаг нян юм. Үрэнцэр үүсгэдэггүй, хөдөлгөөнтэй, Грам сөрөг савх хэлбэрийн 02,-0,7 х 2-4 мкм хэмжээтэй  нян юм.

1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар: E.coliнь гадаад орчны нөхцөлд тэсвэртэй бөгөөд малын баасанд 30 хоног, ус, хөрсөнд хэдэн сараар амьдрах чадвартай байдгийн зэрэгцээ 55оС-д 1 цаг, 60оС-д 15 мин, 75оС-д30 сек болоод үхнэ. Халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдэд мэдрэг, богино хугацаанд идэвхээ алдана.

1.6.Халдварын эх үүсвэр дамжих зам: Колибактериозоор бүх мал, амьтан, шувуу, үслэг ангийн төл өвчлөх бөгөөд зөвхөн нялх төл тухайлбал 10 хүртэлх хоногийн бойжилттой тугал, 2-3 долоо хоногийн бойжилттой хурга, ишиг, 20 хүртэл хоногийн бойжилттой торой өвчилнө. Торойд өвчин цэлхрэх хэлбэрээр илэрнэ. Өвчтэйюм уу өвчилж эдгэрсэн төл мал, мөн нян тээгч том мал халдвар тараах үндсэн эх булаг болно. Өвчний үүсгэгч мал, амьтны биеэс ихэвчлэн баастай заримдаа шээстэй хамт гадагшилна.Халдвар тоног хэрэгсэл, малчдын хувцас, агаар сөн ялаа, хачиг, ширх, мэрэгчид, нохой, муур, шувуугаар дамжин тархаж болно. Халдварыг ихэвчлэн тэжээл боловсруулах замаар дамжина. Халдварын хөгжил нь үүсгэгчийн хоруу чанар, халдвар орсон зам, нялх төлийн биеийн эсэргүүцэл зэргээс хамаарна. Тэжээл боловсруулах замаар орсон үүсгэгч нь төл малд гадаад орчны зохисгүй хүчин зүйл үйлчлэх, гал уургаар хожуу амлуулах, амьдрах чадвар сул төл гарах зэрэг тохиолдолд эмгэг үүсгэнэ. Өвчний нэг онцлог бол нялх төлийн 50-75 хувийг хамаарч 60-90 хувь нь үхэж хорогддог явдал юм.

 

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Тугалд өвчин гэнэт эхлэнэ. Өвчний нууц үе хэдхэн цагаас 2-3 хоног байна. Өвчний явц цахилгаан, цочмог, цочмогдуу байна. Цахилгаан явц эхний хоногуудад тохиолдох бөгөөд үжлийн шинж тэмдэг богино хугацаанд илрээд 1-2 хоноод үхнэ. Цочмог явц 3-7 хоногийн бойжилттой тугалд илрэх бөгөөд чацга ихээр алдах, бие махбодь усгүйжих, саажих зэрэг шинж тэмдэг ажиглагдаж 3-4 хоноод үхнэ. Цочмогдуу явц 6-10 хоногийн бойжилттой тугалд илрэх бөгөөд үргэлжилсэн чацга алдалтаас биеэ усгүйжиж махаа барж үений болон уушигны үрэвслээр хүндэрнэ. Өвчтэй тугалын 60 хувь нь 7-10 дахь хоногт үхэж хорогдоно. Өвчний хэлбэрээр нь гэдэсний, үжлийн, дотрын хордлогын гэж хуваана. Гэдэсний хэлбэрийн үед номойрох, тэжээлийн дуршилгүй болох, байнга чацга алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Баас нь шингэрч цагаан өнгөтэй, сүүний боловсроогүй хэсгүүд болон хийн цэврүү, хөөстэй байна. Биеийн халуун нэмэгдэхгүй. Чацга аяндаа гоожих бөгөөд хурдан усгүйжиж  махаа барж 2–3 хоноод үхнэ. Үжилт хэлбэрийн үед биеийн халуун нэмэгдэж зүрх, амьсгалын тоо олширч номойрох, хамрын толио хуурайших шинж тэмдэг илэрч ихэвчлэн хэвтэж эхийгээ хөхөхгүй болно. Заримдаа мэдрэлийн тогтолцооны эмгэг, цусархаг хаван, полинефрит ажиглагдах ба чацга алдахгүй, 12–24 цаг болоод үхнэ. Дотрын хордлогын хэлбэрийн үед ходоод гэдэсний замын эмгэг, нянгийн ялгаруулсан хор цусанд орсноос үүсэх хордлогын шинж тэмдэг илрэх ба номойрох, бөөлжих, эхийгээ хөхөхгүй болох, үргэлжилсэн чацга алдах бөгөөд 2–3 хоноод үхнэ. Торойд үжилт болон гэдэсний хэлбэр тохиолдох бөгөөд эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд тугалынхтай төстэй байдаг. Үргэлжилсан чацга алдалтаас үүдэн усгүйжиж махаа барж өвчилсөн торойн 60 хүртэл хувь нь 1–2 хоногийн дотор хорогдоно. Үжилт хэлбэрийн үед чацга алдах нь ховор бөгөөд үхэл 90 хувьд хүрнэ. Хөхүүл торойд гэдэсний хэлбэр ба цэлхрэх хэлбэрээр илэрнэ. Цэлхрэх хэлбэрийн үед саажих, таталдах, сэрэлд өртөх зэргээр төв мэдрэлийн тогтолцоо эмгэгшсэн шинж илэрнэ.  Мөн богино хугацаанд биеийн халуун 40.5–410С хүрч бөөлжих, салсаар бүрхэгдсэн хатуу баас гаргах, заримдаа чацга алдах, залгиур, зовхи орчимд тод харагдах хаван үүсэх, хэвлий, хөл, чих, хоншоор орчимд хөх туяатай, тогтонгшлын цус ихдэлт болно. Зовхи үрэвсэж амны хөндийн салст бүрхүүлд цус ихдэлт болно. Өвчин 3 долоо хоног хүртэл үргэлжлэх ба өвчний шинж тэмдэг илэрснээс хойш хэдхэн цаг болоод үхэл эхлэнэ. Хурга, ишгэнд үжилт ба гэдэсний хэлбэр тохиолдох бөгөөд шинж тэмдэг нь тугалынхтай төстэй байна. Унаганд дээр дурдсан шинж тэмдгүүд  үений үрэвсэлтэй хавсарч илэрнэ.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Гэдэсний хэлбэрийн үед хүүр туранхай, нарийн гэдэс хааяа бүдүүн гэдсэнд цочмог салст юм уу салст цусархаг үрэвсэл, чацархайн булчирхайн цочмог усавхи үрэвсэл болсон байна. Цочмогдуу явцтай үед уушигны голомтлосон үрэвсэл болон элэг, бөөрний үрэвсэл илэрдэг бол үжилт хэлбэрийн үед төрөл бүрийн эрхтэн болон салст бүрхүүлд цус харвасан байна. Мөн тархи, тархины бүрхүүл, уушгинд хаван үүсэж цус ихдэлт болсон байна. Дотрын хордлогын үед төрөл бүрийн эд, эрхтэнд хаван үүссэн байхын дээр зовхи хавагнасан, чих, нүд, хоншоор, багалзуур, дух, цавь, үений орчмын арьсан доорхи эслэгт цэлцгийрхүү хаван үүссэн байдаг. Эхээс нь салгасан торойн цэлхрэх өвчний гол эмгэг хувиралт зүрхний ховдлын хана (4 см хүртэл), чацархай, бүдүүн гэдэсний хана, уушиг, тархины хаван байдаг.

2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.1.24–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид нян судлалын аргыг ашиглаж шинжилгээ хийнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Ижбалнад, диплококкын халдвар, цусан халдвар, лептоспироз, листериоз, энтеровирусийн гастроэнтерит,адено-корано-ротовирусийн халдвар,  халдварын бус чацга алдалт зэргээс ялгаварлан оношлоно.

2.5.Эмчилгээ: Эмчилгээг аль болох эрт эхлэвэл үр дүнтэй байдаг. Өвчтэй төлийг тусгаарлаж сүүний оронд төрөл бүрийн давсны уусмал, бэлдмэл, сувиллын тэжээл өгнө. Эмчлэх, сэргийлэх хэт дархлаат ийлдсийг колибактериозоор өвчилсөн төлд эмчлэх, эрүүл төлд сэргийлэх зорилгоор тарина. Мөн бактериофаг, гаммаглобулин хэрэглэнэ. Өвчтэй төлд эмчилгээний тунгаар тариад 8-16 цаг өнгөрөхөд биеийн байдал нь сайжрахгүй бол дахин тарина. Эмчлэх зорилгоор антибиотик, сульфаниламид ба нитрофурины бэлдмэлийг дангаар юм уу хослуулан хэрэглэнэ. Антибиотикуудаас тетрациклины бүлгийн антибиотик, кобактин, энросил, гентамицин, канамицин, хлорамфеникол, неомицин, полимиксин зэрэг антибиотикийг хэрэглэх нь үр дүнтэй. Мөн сульфаниламид, нитрофурины бэлдмэлүүдийг хэрэглэнэ.  Өвчний эмнэлзүйн шинж тэмдэгт тохируулан  ус давсны  солилцоо, хүчил шүлтийн харьцааг  тэнцвэрцвэржүүлэх,  хордлого тайлах  эмчилгээ хийнэ.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Колибактериозоос урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг,  диспансерчилсан үзлэг, өдөр тутмын ажиглалт, түүвэр шинжилгээ, сүргийг амин дэмээр тэтгэх, зохистой арчилгаа маллагааны технологийг баримтлах нь чухлаас гадна гол нь  вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх үзлэг юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакциныг төлөвлөгөөт болон яаралтай арга хэмжээний үед зааврын дагуу хэрэглэнэ. Ихэвчлэн дан болон олон цэнэт вакциныг хэрэглэнэ. Хонь ямааг колибактериоз, иж балнадаас сэргийлэх хам вакциныг хээлтэй хонь ямааг төллөхөөс 30-45 хоногийн өмнө 2 долоо хоногийн зайтай 2 удаа тарина.Эх сүргийг урьчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, колибактериозтой төстэй шинж тэмдэг үзүүлж буй төлийг тусгаарлах, бааснаас дээж авч шинжилгээнд өгөх, урьдчилан сэргийлэх вакцинд графикийн дагуу хамруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Колибактериоз өвчин байнга гардаг орон нутгуудад мал сүргийг жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж бүх сүргийн 10% -тай тэнцэх мал амьтнаас цус, арчидас, баасны дээж авч шинжилгээнд хамруулж өвчтэйг эмчлэх болон заазлана. Уг өвчнөөр сэжиг бүхий болон тайван бус аж ахуйд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хавар, намрын улиралд  хийнэ.

3.3.Тандалт: Малчид, малын эмч нар тухайн бүс нутагт гарсан Колибактериозийн өвчлөлийн тухай мэдээлэлийг нарийн бүртгэж мал сүрэгт  жил бүр танадан шинжилгээ хийж байна.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгааг “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-д заасны дагуу хийж гүйцэтгэнэ. Батлагдсан  “Тархвар зүйн судалгааны хуудасны загвар”-ыг ашиглан, тархвар зүйн судалгааг явуулна. Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт Колибактериозтой тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.

4.2.Хязгаарлалт тогтоох: Колибактериоз өвчний үед тусгаарлалт, хязгаарлалтын дэглэм тогтооно. Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед мал, амьтны  шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхгүй, хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал амьтан  эдгэрсэн юм уу үхснээс хойш 14 хоногийн дараа бүх сүрэгт  э‎мнэ‎л зүйн үзлэг хийж өвчтэй мал, амьтанд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр, х‎эвтэ‎р, ус, т‎эжээ‎‎лийн онгоц зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

4.3.Халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ: Урьдчилан сэргийлэх болон зориудын халдваргүйжүүлэлтэнд 1%-ийн глутаральдегид, 2%-ийн формальдегид болон идэмхий натри, кальцижуулсан содын  уусмал, 3%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүд 2 хувийн устөрөгчийн хэт исэл хэрэглэнэ. Халдваргүйжүүлэх хугацаа 3-аас доошгүй цаг  байна.

Мал, амьтны байр, хэвтэр, нядлагааны газар, хашаа хороо, тэжээл, усны онгоц, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мал, амьтан зөөвөрлөж тээвэрлэх хэрэгсэл, түүхий эд хадгалдаг байр,мал, амьтантай  шууд ба шууд бус харьцдаг хүмүүсийн гутал, хувцас зэргийг 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүд, 2%-ийн формалины болон 0.3-0.5%-ийн глутаральдегидын уусмал, 4%-ийн идэмхий натрийн халуун уусмал, повидон йодын уусмал зэргийг ашиглан  халдваргүйжүүлнэ. Гахай, үхрийн байрны шал, ус, тэжээлийн онгоц, ханын доод хэсэг, хэвтэр хоорондын тусгаарлагчаас эхлэн халдваргүйжүүлэх бөгөөд  халдваргүйжүүлсэн байрыг 3 цаг хаана. Битүү байрыг халдваргүйжүүлэхэд мананцаржуулах ба утах аргыг хэрэглэж болно. Төмөр тоног хэрэглэлийг галын дөлөнд халааж болон 30 минут буцалгаж ариутгана. Модон эдлэлийг 5%-ийн хлорт бэлдмэл, 2-4% формалины уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ. Бусад арьс, суран хэрэглэлийг халдваргүйжүүлэх уусмалаар арчиж халдваргүйжүүлнэ. Хөвөн даавуу эдлэлийг халдваргүйжүүлэх уусмалын уураар утах болон  шүршиж халдваргүйжүүлнэ.

Хлор агуулсан бэлдмэлийн зөвлөсөн шингэлэлт

 

“Цэвэр” нөхцөла

“Бохир” нөхцөлb

Шаардагдах идэвхт хлорын өтгөрүүлэг

0.1 % (1г/л)

0.5 % (5г/л)

Гипохлоритнатри (5 %-ийн идэвхт хлортой)

20 мл/л

100 мл/л

Гипохлориткальци (70 %-ийн идэвхт хлортой)

1.4 г/л

7.0 г/л

Дихлороизоцианурат натрийн нунтаг (60 %-ийн идэвхт хлортой)

1.7 г/л

8.5 г/л

Дихлороизоцианурат натрийн шахмал (шахмал бүрт 1.5 г идэвхт хлортой)

литрт 1 шахмал

литрт 4 шахмал

Хлорамин (25 %-ийн идэвхт хлортой)

20 г/л

20 г/л

a урьдчилсан цэвэрлэгээний дараа

b эмгэгт материал, урьдчилсан цэвэрлэгээний өмнөх уусмалд зориулсан

Хлор нь түргэн үйлчилгээтэй исэлдэгч бодис бөгөөд үйлчлэлийн өргөн хүрээтэй, олдоц сайтай химийн халдваргүйжүүлэх бодис юм. Үүнийг энгийн нөхцөлд гипохлорит натрийн усан уусмал (NaOCl) буюу цайруулагч хэлбэрээр юм уу хлорын шохой нэрээр нунтаг байдлаар худалдаалдаг бөгөөд идэвхт хлорын зохих өтгөрүүлэгтэй болгохын тулд усаар шингэлнэ.  Ерөнхий зориулалтын халдваргүйжүүлэх бодисын өтгөрүүлэг нь 1 г/л идэвхт хлортой байх ёстой бол 5 г/л идэвхт хлор агуулсан өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг гадаад орчны болон биологийн аюултай материал асгарсан, их хэмжээний органик бодисыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ. 

Дихлороизоцианурат натри (NaDCC) нь 60 %-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм.

Дихлороизоцианурат натрийн нунтгаас 1.7 г/л ба 8.5 г/л өтгөрүүлэгтэй уусмал бэлтгэнэ. Энэ  нь 1.0 г/л ба 5 г/л идэвхт хлортой гэсэн үг.

Хлорамин нь ойролцоогоор 25 %-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм. Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим ялгаруулдаг учраас гипохлоритын өтгөн өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх органик бодист идэвхээ алддаггүй учраас “бохир”, “цэвэр” аль ч нөхцөлд 20 г/л өтгөрүүлгийг зөвлөнө.

Формальдегид (HCHO) нь -200С–ээс дээш хэмд бүх бичил биетэн ба үрэнцрийг (спор ) үхүүлдэг.  Формальдегид нь харьцангуй удаан үйлчилдэг ба агаарын харьцангуй чийг 70 % орчим байхыг шаардана. Формальдегидыг мөхлөг юм уу шахмал хэлбэртэй хатуу полимер-параформальдегид эсвэл формалиныг усанд ойролцоогоор 370 г/л (37%) хэмжээтэй уусгаад тогтворжуулах зорилгоор метанол (100 мл/л) нэмж уусмал байдлаар худалдаанд гаргана. Энэ хоёр хэлбэрийг хий үүстэл халааж мал, амьтны байр, өрөө, тасалгаа, аюулгүй ажиллагааны бокс зэрэг битүү орон зайг халдваргүйжүүлэхэд ашиглана.Формальдегидыг (формалины 5 %-ийн уусмал) шингэн хэлбэрээр хэрэглэж болно.

Спирт этанол (этилийн спирт C2H5OH) ба 2–пропанол (изопропилийн спирт (CH3)2CHOH) нь адилхан халдваргүйжүүлэх чанартай. Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, липид агуулсан вирусд үйлчилдэг боловч үрэнцэрт үйлчилдэггүй.

Эдгээрийг усанд 70 %-ийн (v/v) өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын давуу тал нь халдваргүйжүүлсэн эд зүйлд үлддэггүй онцлогтой.

 Бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь ердийн спиртээс үр дүн сайтай бөгөөд жишээлбэл 100 г/л формальдегид агуулсан 70 %-ийн спирт, 2 г/л идэвхт хлор агуулсан спирт байна. Спиртийн 70 %-ийн усан уусмалыг биологийн аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс заслын жижиг багаж халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.

Шүлт нь усанд сайн уусдаг учир гидроксийн ионы өтгөн өтгөрүүлэг үүсгэнэ. Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтэнд идэмхий натри, идэмхий кали, сод, поташ зэрэг шүлтийн бодисыг ашиглана. Өтгөн уусмал нь бичил биетний ургал хэлбэрт үйлчилнэ.

Өвчилсөн мал, амьтныг устгах арга хэмжээ: Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэйг ялган тусгаарлана.Өвчний улмаас үхэж хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгана. Өвчин гарсан суурь сүрэг, тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг байнга хэрэгжүүлнэ.

Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлж, хашаа, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг халдваргүйжүүлнэ.

Нядлагааны газарт нядлаж байгаа малд  эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байнга хийнэ. Төв суурин газрын хүнсний захад худалдаалж буй сүү, мах, махан бүтээгдэхүүнд үзлэг, өвчний  үүсгэгч илэрсэн хүнсний бүтээгдэхүүн, сүү, мах, махан бүтээгдэхүүнийг устгана. Өвчний  үүсгэгч нь эрүүл мэндэд шууд эрсдэлтэй ангилалд ба үүсгэгч хор ялгаруулдаг учир дулааны боловсруулалт хийсэн ч нянгийн хор хэвээр үлддэг тул эрүүл мэндэд аюултай.

4.4.Импортоор оруулж ирэх мал амьтныг  манайхаас очсон малын эмчийн хяналтан дор байлгаж үзлэг шинжилгээ хийх ба зооноз өвчний тандалт шинжилгээг зайлшгүй хийж тухайн бүс нутагт тодорхой цэгт 21-28 хоног хорио хязгаарлалтанд байлгана. Тухайн хугацааны дотор ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд мал амьтныг оруулж ирэхийг  зөвшөөрнө. Гаднаас ирсэн мал, амьтныг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж шаардлагатай шинжилгээг хийлгэж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй  тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэхийг зөвшөөрнө. Импортын мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд “Хүнсний импорт, экспортын хяналт, баталгаажуулалтын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх болон итгэмжлэх ерөнхий зарчим CAC / GL 26-19978   MNS CAC /GL 26-2006” стандартын шаардлагыг  мөрдөж ажиллана.

4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.