- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- АДУУНЫ САХУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР /МЫТ ЛОЩАДЕЙ, STRANGLES/-ӨӨС
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны
А/48 дугаар тушаалын 6 дугаар хавсралт
АДУУНЫ САХУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
/МЫТ ЛОЩАДЕЙ, STRANGLES/-ӨӨС
НЭГ. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Адууны сахуу өвчнөөс урьдчилан сэргийлэх,тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ: Адууны сахуу өвчин илэрсэн бүс нутагт уг өвчнөөс сэргийлэх,тэмцэх үйл ажиллагаа явуулахад хамаарна.
1.3.Өвчний тодорхойлолт: Сахуу өвчин нь унага, даага,өсвөр насны адууны хамрын хөндий,төвөнхийн салст бүрхүүл үрэвсэх,эрүүний доод тунгалгийн булчирхайд идээт буглаа үүсгэж халууруулах эмнэл зүйн шинжээр илэрдэг халдварт өвчин юм.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Адууны сахуу өвчний үүсгэгч нь Streptococcus equi хэмээх кокк хэлбэрт бактер. Үүсгэгч сахуутсан адууны хамрын идээт гоождос, хашаа хороо зэрэгт 10 сар хүртэл,наалдаж хатсан цус,идээ бээрэнд 1 жилээс доошгүй хугацаанд, үүсгэгчийг лиофилийн аргаар хатаавал 20 жил хадгалагдана. Халдваргүйжүүлэгч бодисуудаас 1:20-ийн харьцаатай карболын хүчил, лизолын уусмалаар үйлчлүүлэхэд 15-20 минутын дараа үхнэ.
1.5.Халдварын эх үүсвэр,дамжих зам: Халдвар тархах үндсэн эх уурхай нь сахуутсан адууны хамрын идээт гоождос эрүүний доод задарсан булчирхайнаас гоожиж буй идээ бээр,түүгээр бохирлогдсон өвс,тэжээл,хэвтэр,хашаа саравч,хувин сав,ногт,зэл аргамж зэрэг болно.Зарим судлаач нар өвчтэй малын биеийн ил хэсэгт гарсан яр шарх,мөн гадаад орчинд хаягдсан стрептококкууд амьсгалын замаар дамжин халдвар үүсгэж болно гэж үздэг. Сахуу өвчтэй малын биеийн ил хэсэгт гарсан яр шарх,мөн гадаад орчинд хаягдсан стрептококкууд амьсгалын замаар дамжин халдвар үүсгэж болно. Мөн өвчтэй унага эхдээ дэлэнгээр дамжуулан халдвар үүсгэх боломжтой
ХОЁР. ОНОШЛОГОО,ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Сахуугаар халдварласан нууц хугацааг дундажаар 4-8 хоног гэж үздэг бөгөөд өвчилсөн адуу 40-41 хэм хүрч халууран, тагнай,хамрын салст бүрхүүл улайж үрэвсэн,зовиуртай ханиаж эхлэнэ.Үүний зэрэгцээ хамраас нь эхүүн үнэртэй идээ гоожиж эхлэх ба өвчилсөн унага эхээ хөхөхгүй,өвс усанд дургүй болж,нүд нь нуухтана.Энэ үеэс эрүүний доод булчирхайг барьж үзэхэд хатуурч хавдсан,хүчтэй эмзэглэлтэй болсон байх ба шанаа толгойг дагаж зарим үед өвчүүний бүдэрхий хүртэл хавагнана.Хэд хоногийн дараа хавдар зөөлөрч,бэмбэлзсэн идээт буглаа үүснэ.Удалгүй хавдрын гаднах үс зулгарч,арьс нь нимгэрч цоорон идээ гоожино.Ийм шинж илэрвэл ихэнхдээ эдгэнэ.Харин идээт буглаа дотогш хагарч цуллагийн эрхтнүүдэд үсэрхийлвэл үхлээр төгсдөг жамтай.
2.2.Эмгэг бие бүтцийн хувирал: Сахуугаар өвчилж үхсэн адуунд харилцан адилгүй эмгэг өөрчлөлтүүд ажиглагдана. Юуны өмнө хамрын хөндий, төвөнхийн салст бүрхүүлүүд хүчтэй улайж,салстан үрэвссэн байна. Хүзүү, хоолой, эрүүний доод булчирхайнуудад идээт голомтууд буй болж хавдсан байх бөгөөд хавдрын хэмжээ самрын боргоцойноос хүүхдийн толгой хиртэй томорсон нь ажиглагдана. Зарим малын үе мөч, дэлэнд идээт голомтууд илрэнэ. Үүнээс гадна үнхэлцэг, хэвлийн хөндий болон гэдэсний салст бүрхүүлд цус хурж нэвчсэн байна. Уушгинд үсэрхийлэлт явагдвал цээжний хөндийд шаравтар өнгөтэй, их хэмжээний ширхэгт салст бүхий шингэн хуралдана. Хамрын хөндий, тагнай, төвөнх бүхэлдээ хавдаж бэмбийсэн байх бөгөөд эдгээр эрхтнүүдэд зууралдсан цусархаг шингэн нэвчин цус харвалт болохын зэрэгцээ хэл үрэвсэж янз бүрийн хэмжээгээр томрох зэрэг эмгэг өөрчлөлтүүд ажиглагдана.
2.3.Лабораторийн оношлогоо: Тархвар зүйн байдал,эмнэлзүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах,бэлтгэх,илгээх журам”-д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлалын шинжилгээ хийнэ.
2.4.Ялгаварлан оношлох: Сахууг ям,хулгана яр өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай. Ямаар бага насны адуу бараг өвчлөхгүй. Ямын үед эрүүний доод булчирхай хавдах тохиолдол байх боловч идээлж буглахгүй. Хулгана ярын шинж тэмдэг маш тодорхой бөгөөд ихэнхдээ 11 сараас эхлэн өвчилнө. Хулгана ярын үед хөлний тунгалгийн булчирхай , судас дагаж цуварсан байрлалтай яр гарна.
2.5.Эмчилгээ: Сахуутсан адууг эмчлэхдээ бие махбодийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах чигдэлийг баримтална.Тухайлбал битүү буглааг нээж 5%-ийн иодын ханд, фурацилины уусмал, бактерин болон сүүлийн үед мал эмнэлгийн практикт хэрэглэж буй халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бодис, уусмалыг зааврын дагуу хэрэглэж болно. Мөн уртасгасан үйлчилгээтэй антибиотек, төрөл бүрийн амин дэмүүдээр эмчилнэ.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Ерөнхий арга хэмжээ: Сахуу өвчний гаралтын судалгааг жил бүрий гаргаж, урьдчилан сэргийлэх болон эмчлэх, халдваргүйжүүлэлт хийх,малын хөдөлгөөнд хяналт тавих зэрэг ажлуудыг зохион байгуулна. Мал бүхий аж ахуйн нэгж,иргэд,малчдад уг өвчний талаар тухайн орон нутгийн захиргаа, мал эмнэлэг, малын эмч нар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах ба өвчин гарсан тохиолдолд хил залгаа аймаг, сумын малын захиргаа, мал эмнэлэгт мэдэгдэх арга хэмжээ авна. Мөн уг өвчний талаарх зурагт хуудас, мэдээлэлийг малчдад тараах зэргээр сурталчилна
3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Сахуу өвчин гардаг бүс нутгийн унага, дааганд бактерин хэмээх бэлдмэлийг зохих зааврын дагуу хэрэглэнэ. Тухайн аж ахуй, малчин өөр газар нутгаас адуу авч ирэх бол харьяа мал эмнэлэгт мэдэгдэж, эмнэл зүйн шинжилгээ хийлгэнэ. Мөн гарал үүслийн гэрчилгээг нягтлуулна
3.3.Тандалт,эрүүл мэндийн хяналтын шинжилгээ: Сахуугаар тайван бус аж ахуйн нэгж, хувь хүний адуун сүрэгт тухайн орон нутгийн эмч тандалт, эмнэл зүйн шинжилгээ хийнэ.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Хязгаарлалт тогтоох: Сахуу өвчин гарсан тохиолдолд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн аймаг сум, дүүргийн засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож хэрэгжүүлнэ. Хязгаарлалт тогтоосон үед малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, нэг дор олноор бөөгнөрүүлэхгүй байх арга хэмжээ авна. Хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн адуу эдгэрэх эсвэл үхсэнээс хойш 14 хоногийн дараа бүх малд эмнэл зүйн үзлэг хийж, мал эмнэлгийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэм тогтоосон албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
4.2.Сахуу өвчний үеийн халдваргүйтгэлийн арга хэмжээ: Өвчтэй мал байсан болон тухайн малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, хэвтэр бууц,тэжээлийн онгоц зэргийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглан халдваргүйжүүлнэ. Өвчний улмаас хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодисоор халдваргүйжүүлж тусгай зориулалтын нүхэнд хийж булах юм уу шатааж устгана.Сахуу өвчин гарсан үед өвчилсөн малаас гарах бүтээгдэхүүнийг ашиглах буюу зах зээлд нийлүүлэхийг хориглоно.
4.3.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A