A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2018 оны 14/08 дугаар тогтоолын хавсралт

 

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ

Нийтлэг үндэслэл

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагаа, /цаашид тусгай зөвшөөрөл гэнэ/ тусгай зөвшөөрлийг олгох, сунгахад бүрдүүлэх материал, аж ахуйн нэгж, иргэнд тавигдах шаардлага, хүлээх үүрэг, хориглох зүйл, тавих хяналт, хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

Нэг. Тусгай зөвшөөрөл олгох

1.1.Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж /хуулийн этгээд/, тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрх бүхий иргэнд сонгон шалгаруулалт явуулж аймгийн Засаг даргын захирамжаар олгоно.

1.2.Сумын Засаг дарга сонгон шалгаруулалт явуулах эрх бүхий 5 хүн /Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Байгаль орчны улсын байцаагч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, Хэсгийн төлөөлөгч,Тухайн багийн Засаг дарга, эрх бүхий улсын байцаагч/-ийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилно. Ажлын хэсэг нь энэхүү журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулж дүгнэлт гаргана.

Хоёр. Тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах шаардлага.

2.1.Ажлын байрны шаардлага, техникийн нөхцөлийн үзүүлэлтийг бүрэн хангасан аж ахуйн нэгж, тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрх бүхий иргэнийг шалгаруулна.

2.2.Обьектын гадна орчны цэцэрлэгжүүлэлт, талбайн тохижилт, тусгай гэрэлтүүлэг, дүрс таних хүчин чадалтай 30-аас доошгүй хоног дүрс бичлэг хадгалдаг төхөөрөмж бүхий камертай байх

2.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт /Е-баримт/ олгодог байх

2.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж, иргэний үйл ажилллагаа явуулах ажлын байр, ажиллах хүчний нөөц нь Монгол Улсын “Худалдааны газрын үйлчилгээ” MNS 5021:2007 стандартыг хангасанталаар Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байх.

2.5.Ажлын байр нь галын аюулгүй байдлыг хангасан байх.

Гурав.Тусгай зөвшөөрөл шинээр олгох

3.1.Тусгай зөвшөөрөл шинээр олгоход дараах материалуудыг бүрдүүлнэ.

3.1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл

3.1.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

3.1.3.Тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар

3.1.4.Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ

3.1.5.Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн дүгнэлт

3.1.6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3.1.7.Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний асуудал хариуцсан улсын байцаагчийн дүгнэлт

3.1.8.Татвар төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн эртөгийн албан татварын урамшуулалын нэгдсэн системд холбогдож, хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа тухай холбогдох байгууллагын тодорхойлолт

3.1.9.Сумын Засаг даргын санал

3.2.Тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгоно.

3.3.Хүсний дэлгүүр,ресторан,баар, караокены ангилалаар үйл ажиллагаа эрхлэгчдэд өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоно.

3.4.Тусгай зөвшөөрлийн зориулалтыг тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгаж өгнө.

3.5.Энэ журмын 2.1-2.5-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ажлын хэсэг татгалзах саналаа сумын Засаг даргад хүргүүлнэ.

Дөрөв. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

4.1.Тусгай зөвшөөрлд тавигдах шаардлага, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчөөгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилээр сунгах шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргана.

4.2.Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө сумын Засаг даргад дараах материалыг ирүүлнэ.

4.2.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл

4.2.2.Цагдаагийн газрын тодорхойлолт /тусгай зөвшөөрөл авсан хугацаанд ямар нэгэн хэрэг зөрчил гаргаагүй тухай/

4.2.3. Сумын Засаг даргын санал, ажлын хэсгийн дүгнэлт

4.2.4 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

4.2.5.Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний асуудал хариуцсан улсын байцаагчийн дүгнэлт

4.2.6.Татвар төлөгчөөр бүртгүүлж, нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшуулалын нэгдсэн системд холбогдож, хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа тухай холбогдох байгууллагын тодорхойлолт

4.3.Сумын Засаг дарга материалыг хүлээж авснаас хойш ажлын 5 хоногийн дотор саналаа холбогдох материалын хамт аймгийн Засаг даргад хүргүүлнэ.

Тав. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

5.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа, шаардлага, энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд сумын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн албан бичгээр гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.

5.2.Тусгай зөвшөөрлийн хугацаа, тавигдах шаардлага, энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдлыг баримтуулж зөрчил гаргагчид танилцуулсан байвал зохино.

5.3.Түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилган холбогдох байгууллагаар шалгуулсан тухай дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийн эрхийг анх авсан зөвшөөрлийн үлдсэн хугацаагаар сэргээнэ.

Зургаа. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

6.1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө хүсэлт гаргасан.

6.1.2.Хуулийн этгээд татан буугдсан болон худалдаа, үйлчилгээний газраа бусдад худалдсан, бэлэглэсэн.

6.1.3.Стандартын бус бүтээгдэхүүн худалдсан, түүгээр үйлчилж иргэдийг хохироосон нь тогтоогдсон.

6.1.4.Онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч тэмдэгтэй, үндсэн баримтгүй болон хуурамч баримттай худалдаа үйлчилгээ эрхлэн Татварын болон холбогдох хуулийг зөрчсөн.

6.1.5.Зөвшөөрөл олгосноос хойш байршлаа өөрчилсөн буюу тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад шилжүүлсэн.

6.1.6.Тусгай зөвшөөрөл гарсанаас хойш 21 хоногт аваагүй, олгосноос хойш үйл ажиллагаа эхлээгүй 3 сар болсон.

6.1.7.Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон.

6.1.8.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчиж хоёр буюу түүнээс дээш удаа захиргааны арга хэмжээ авагдсан.

6.1.9.Эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас татгалзсан буюу шалгалтаас санаатайгаар зайлсхийсэн.

6.2.Тусгай зөвшөөрлийн эрхийг олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай шийдвэрийг Хууль эрх зүйн хэлтэс холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид албан бичгээр ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.

6.3 Зөрчлийн талоныг 3 удаа цоолуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Долоо. Худалдах, үйлчлэхэд хориглох тухай

7.1.Аймгийн хэмжээнд 7 хоног бүрийн Даваа гарагийг “Архинаас татгалзах” өдөр болгож энэ өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

7.2.Аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт болон гар дээрээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

7.3.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ашиглан зөвшөөрөгдсөн байршлаас буюу тухайн байр /танхим/-аас бусад газарт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх.

7.4.Тусгай зөвшөөрлийн эрхийг бусдад худалдах, түрээслүүлэх, гэрчилгээг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах,

7.5.Худалдааны газарт согтууруулах ундааг савлах, аягалж хундагалж худалдах.

7.6.Зоогийн газар, баар, кафед халуун хоол, хүйтэн зуушгүйгээр согтууруулах ундаагаар үйлчлэх.

7.7.Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тогтоосон цагийн хуваарийг зөрчиж, худалдаа, үйлчилгээ явуулах.

7.8.ААН, иргэн нь аливаа албан тушаалтны албан бичиг, ам шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулах.

7.9.Бөөний худалдааны төв нь чанар аюулгүй байдал, стандарт тохирлын баталгаагүй, онцгой албан татварын шошиггүй согтууруулах ундаа худалдах, дагалдах, баримт бичиггүйгээр согтууруулах ундааг бөөнөөр худалдаалахыг тус тус хориглоно.

Найм. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүрэг

8.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ, бүтээгдэхүүн тус бүрийн шинжилгээний бичиг, улсын байцаагчийн дүгнэлт, бэлтгэн нийлүүлсэн газрын зарлагын баримт /тамга, гарын үсэгтэй байх/ зэрэг бичиг баримтын бүрдлийг байнга ханган шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдэд чирэгдэлгүй шалгуулна.

8.2.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэрэглэгчдэд харагдахуйц газар байрлуулан, аймгийн Засаг даргын баталсан цагийн хуваарийг хатуу чанд мөрдөж ажиллана.

8.3.Зөвхөн стандарт, чанарын баталгаатай хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, зөв хадгалан боловсруулж, Монгол Улсын “Төрөл бүрийн архи техникийн өрөнхий шаардлага” МNS179:2009 стандартад нийцсэн согтууруулах ундаагаар худалдаалж, үйлчилнэ.

8.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэн нь архины талаарх хориглосон болон далд сурталчилгааг явуулахыг хатуу хориглох бөгөөд Зар сурталчилгааны тухай болон Өрсөлдөөний хуулийг чанд баримтлана.

8.5.Суурилуулсан камерийг байнгын ажиллагаатай байлгах бөгөөд бичлэгийг устгахдаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

8.6.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх иргэн, аж ахуйн нэгжийн ажилтан нь мэргэжлийн үнэмлэхтэй, тогтмол хугацаанд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдана.

Ес. Журмын хэрэгжилтэд тавих хяналт

9.1.Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН, иргэний үйл ажиллагаа болон журмын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, МХГ, Цагдаагийн газар, ХЭАХН, аймаг сумын Засаг даргын шийдвэрээр баталгаажсан ажлын хэсгийн гишүүд хяналт тавина.

Арав. Хүлээлгэх хариуцлага

10.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

10.2.Энэхүү журмыг зөрчиж согтууруулах ундаа худалдсан түүгээр үйлчилсэн аж ахуйн нэгж, иргэний тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар хүчингүй болгоно.

10.3.Тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол согтууруулах ундааг хураан улсын орлого болгож, хуульд заасан арга хэмжээг авна.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 13/05

Номгон

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2003 ОНЫ 02 ДУГААР ТОГТООЛ, 2009 ОНЫ 53 ДУГААР ТОГТООЛ, АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2018 ОНЫ 14/08 ДУГААР ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоол, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 14/08 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 14/08 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4095 дугаарт бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Норов)-т даалгасугай.

ДАРГА Э.ЭНХБАТ