A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 382 дугаар тогтоолын хавсралт

 

ҮНЭТ ЦААС БАРЬЦААЛАХ ТУХАЙ ЖУРАМ

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь барьцаалуулагчийн бусдын өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлийг түүний эзэмшил дэх үнэт цаасаар хангуулах,барьцаанд тусгаарлуулах,үнэт цаасны барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журмын харилцаанд Иргэний хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ны баталсан холбогдох журмыг дагаж мөрдөнө.

1.3.Энэхүү журмаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамрагдаагүй хязгаарлагдмал хариуцлагатай компани, хаалттай хувьцаат компанийн үнэт цаас, зохицуулалттай зах зээлд арилжаалахыг зөвшөөрөөгүй бусад төрлийн үнэт цаасыг барьцаалахтай болон Төв банк /Монголбанк/-ны үнэт цаас, репо арилжаа, үнэт цаасны маржин арилжаа, үнэт цаас зээлдүүлэхтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулахгүй болно.

 

ХОЁР. Үнэт цаасыг барьцаанд тавих үйл ажиллагаа

2.1. Барьцаалагч нь барьцаалуулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны мэдэгдлийг хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан /цаашид “цахим мэдээллийн сан” гэх/-д бүртгүүлж, баталгаажуулсны үндсэн дээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад үнэт цаасаа тусгаарлуулна.

2.2. Барьцааны мэдэгдэл нь цахим мэдээллийн санд бүртгэгдэж, баталгаажигдсанаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэ тохиолдолд барьцаалагч нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.

2.3. Барьцаалуулагч нь цахим мэдээллийн санд баталгаажсан барьцааны талаарх мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хүргүүлж болно.

2.4. Барьцаалуулагч нь барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах тухай мэдэгдлийг гаргаагүй бол цахим мэдээллийн санд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчинтэй байна.

2.5.Энэхүү журмын 2.4-т заасан хугацаанаас өмнө барьцаалуулагч дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон, үүнтэй холбогдуулан шүүхээс барьцааны зүйлийг барьцаалагч этгээдийн эзэмшилд шилжүүлэх шийдвэр гарсан тохиолдолд барьцаалагч нь барьцааны бүртгэлийг цуцлах тухай мэдэгдлийг гурван өдрийн дотор цахим мэдээллийн санд хүргүүлнэ.

2.6. Барьцаалагч нь цахим мэдээллийн сангаас баталгаажуулсан барьцаа цуцлагдсан талаарх мэдээллийг 2.5 дахь хэсэгт дурдагдсан шүүхийн шийдвэрийн хамт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хүргүүлнэ.

2.7.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь энэ журмын 2.6 дахь хэсэгт заасан баримт материалд үндэслэн барьцаалагчийн холбогдох дансанд өмчлөх эрхийг шилжүүлнэ.

2.8. Барьцаалагч болон барьцаалуулагчийн зөвшөөрлөөр барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах, цуцлах тохиолдолд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан шаардлагын дагуу гаргана.

ГУРАВ. Үнэт цаас тусгаарлах,өмчлөх эрхийг шилжүүлэх, тусгаарлалтаас чөлөөлөх үйл ажиллагаа

3.1.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь барьцаалуулагчийн үнэт цаас тусгаарлуулах хүсэлт, бусад холбогдох баримт материалыг дараах мэдээллүүдийн хамт барьцаалагчаасалбан бичгээр авсны дараагаар үнэт цаас тусгаарлах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

3.1.1. Анхны мэдэгдлийн бүртгэлийн дугаар;

3.1.2.Барьцаалуулагчийн талаарх мэдээлэл:

3.1.2.а.Монгол Улсын иргэн бол регистрийн дугаар;

3.1.2.б.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт буюу түүнтэй адилтгах баримт бичгийн дугаар;

3.1.2.в. Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, нэр;

3.1.3. Барьцаанд байршуулах үнэт цаасны тоо ширхэг, нэрлэсэн үнэ, хаалтын ханш.

3.2. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжоор тогтоосон шаардлагын дагуу үнэт цаас тусгаарлуулах хүсэлт болон барьцааны талаарх мэдээлэл, бусад холбогдох баримт материалыг хянаж үзсэний үндсэн дээр цахим мэдээллийн санд баталгаажсан барьцааг тусгаарлах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.3. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь цахим мэдээллийн санд баталгаажсан барьцааг үнэт цаасны тусгаарлалтад бүртгэсэн тухай мэдэгдлийг барьцаалагчид ажлын 3 өдрийн дотор албан бичгээр хүргүүлнэ.

3.4. Цахим мэдээллийн санд баталгаажсан барьцааг үнэт цаасны тусгаарлалтад бүртгэх, тусгаарлалтаас чөлөөлөхтэй холбоотойгоор үүсэх нарийвчилсан харилцааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагын холбогдох журмаар зохицуулах ба кастодиан нь тус байгууллагын гишүүнчлэлийнхээ хүрээнд дээрх үйл ажиллагааг эрхэлж болно.

ДӨРӨВ. Хороонд мэдээлэл хүргүүлэх

4.1. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага нь дараах мэдээллийг улирал тутам хэвлэмэл хэлбэрээр Хороонд ирүүлнэ. Үүнд:

4.1.1. Барьцааны гэрээ болон үндсэн үүрэг үүсгэж буй гэрээний талаарх мэдээлэл;

4.1.2. Тусгаарлагдсан үнэт цаастай холбоотой өмчлөх эрхийн асуудал шүүх, хяналтын байгууллагаар шийдэгдэхээр болсон бол уг ажиллагаа, үр дүнгийн талаарх мэдээлэл;

4.1.3. Шаардлагатай бусад нэмэлт мэдээлэл.

ТАВ. Хариуцлага

5.1. Хороо нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага тусгаарлалтад байгаа үнэт цаасыг бүртгэх, уг бүртгэлийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, үнэт цаас барьцаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ энэ журам болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, нөхцөлийг баримталж байгаа эсэхэд зайны болон газар дээрх хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох хуульд заасан хариуцлага ногдуулна.