- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗАВХАН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Завхан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2018 оны 43 дугаар тогтоолын хавсралт
ЗАВХАН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
1.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 6, 7 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтыг хэрэгжүүлэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр согтууруулах ундаа худалдах /үйлчлэх/-д оршино.
1.2.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл цаашид “тусгай зөвшөөрөл” гэх-ийг аж ахуйн нэгжид олгох,хугацааг сунгах,түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэ журмын хүрээнд явагдана.
1.4.Энэ журам нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ.
1.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгоно.
2. Байгууллагын хүлээх үүрэг
2.1.Тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих эрх бүхий байгууллага дараах үүргийг хүлээнэ.Үүнд:
2.1.1.Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлт, сумдын Засаг дарга, аж ахуйн нэгжийн санал хүсэлтийг харгалзан тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх шийдвэрийг хүсэлт ирүүлснээс хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэнэ.
2.1.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг олгохдоо Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон норматив хэмжээг баримтална.
2.1.3.Энэхүү журмын хэрэгжилтийг хангахад сумын Засаг дарга, мэргэжлийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хяналт тавина.
2.1.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэвлүүлэх зардлыгорон нутгийн төсвөөс гаргана.
2.1.5.Мэргэжлийн байгууллагачиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа хийж, аймгийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг
3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
3.1.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж ажиллах;
3.1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ журмын 4.1-т заасан шаардлагын дагуу өөрийн обьектыг бэлтгэсэн байх;
3.1.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна тухайн сумаас хариуцуулсан нийтийн эзэмшлийн 50 м газрын хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэж, бохирдол, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
3.1.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Завханд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг байршуулж, худалдан борлуулах;
3.1.6.Нийгмийг соён гэгээрүүлэхэд өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан идэвх санаачилгатай оролцох;
3.1.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж нь статистик мэдээ тайлангаа жил бүрийн 02 дугаар сарын 20-ны дотор статистикийн хэлтэст ирүүлж байх;
4. Аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага
4.1.Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж дараах шаардлага хангасан байна.
4.1.1.Стандарт хэмжил зүйн хэлтсээр стандартын шаардлага хангаж байгааг баталгаажуулсан тохирлын гэрчилгээ авсан байх;
4.1.2.Худалдааны газар түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007, Худалдааны үйлчилгээ. Худалдааны газрын ангилал, нэр томьёо MNS6506:2015, Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 стандартын шаардлагыг 85-аас дээш хувь хангасан байх;
4.1.3.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д
заасан хориглосон газарт байршаагүй байх;
4.1.4.Худалдаа, үйлчилгээ эрхлэх болон Тохижилт хог хаягдлын гэрээг сумын Засаг даргын Тамгын газртай байгуулсан байх;
4.1.5.Мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлж, эрсдлийн үнэлгээгээр
бага /<=29%/ эрсдэлтэй үнэлэгдсэн байх
4.1.6.Харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хэвлэдэг байх;
4.1.7.Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;
4.1.8.Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх:
4.1.8.1.Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:
а/ Зоогийн газар;
б/ Баар;
в/ Кафе;
4.1.8.2.Худалдааны чиглэлээр:
а/ Хүнсний дэлгүүр;
б/ Минимаркет;
в/ Супермаркет;
г/ Хайпермаркет;
д/ Бөөний төв;
е/Агуулах худалдаа.
4.1.9.Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон, гадна дотор талыг камержуулсан байх;
4.1.10.Стандарт, техникийн зохицуулалт, Үйлдвэрийн барилга, байгууламжийн төлөвлөлтийн эрүүл ахуйн норм ба дүрэмд / БНБбД 2.09.12-87 / нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулахтай байх /барилгын зураг/
4.1.11.Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор талд гэрэлтүүлэг хийсэн байх;
4.1.12.Нэг обьектод үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газрууд холбогдох стандартад заагдсан ангиллын дагуу тусгай зөвшөөрлийг авах;
5.Бүрдүүлэх баримт бичиг
5.1.Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн аж ахуйн нэгж нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
5.2.Үндэсний стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд тохирлын үнэлгээ хийлгэж баталгаажуулсан тохирлын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ ирүүлнэ.
5.3.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээллээ бүртгүүлсэн тодорхойлолт гаргуулсан байна.
6.Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх
6.1.Аймгийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, энэ журмын 4.1-д заасан тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид 2 жилийн хугацаатайгаар тусгай зөвшөөрөл олгох буюу тус хугацаагаар сунгана.
6.2.Тусгай зөвшөөрөл олгох, сунгах шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 21 хоногт багтаан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосноор баталгаажна.
6.3.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд үндэслэлийг зааж, албан бичгээр тухайн аж ахуйн нэгжид ажлын 7 хоногийн дотор мэдэгдэнэ.
6.4.Улирлын чанартай үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохдоо зөвхөн шар айраг, дарсаар үйлчлэх эрхийнтүр зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгоно.
6.5.Нэг аж ахуйн нэгжийн нэр дээр 2-оос дээш цэгт зөвшөөрөл олгохгүй ба цэгийн тоог олгохдоо холбогдох стандарт, энэ журмын 4.1.8-д заасан ангилал, зэрэглэл, үйлчилгээний төрлийг нь харгалзан шийдвэрлэнэ.
6.6.Тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа аливаа зөрчил дутагдал гаргасны улмаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол 1 жилийн дотор дахин олгохгүй.
6.7.Энэ журмын 3.1-д заасан үүргээ биелүүлээгүй, 4.1-д заасан шаардлагыг хангахгүй байх нөхцөл тогтоогдвол шаардлагыг хангах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй бөгөөд сунгаагүй үндэслэлээ зааж зөрчлийг арилгах талаар хариу өгнө.
6.8.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
6.9.Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 5 өдөрт багтаан аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт хүргүүлэх ба www.Zavkhan.gov.mn цахим сайтад байршуулна.
6.10.Тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлэх, сэргээхтэй холбоотой харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
7. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
7.1.Холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлага бүрэн хангаагүй, энэ журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдсон, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын үндэслэл бүхий санал, дүгнэлт гарсан тохиолдолд хүчингүй болгоно.
7.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
7.3.Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлсэн, ашиглуулсан, худалдсан, барьцаалсан, урьдчилан мэдэгдэхгүй байршлаа өөрчлөх, тохиолдолд хүчингүй болгоно.
7.4.Тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлуулж, тусгай зөвшөөрлийг дахин олгож болно.
7.5.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргаж үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
7.6.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгогдсоноос хойш 1 сарын хугацаанд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ аваагүй буюу сунгалт хийлгээгүй тохиолдолд Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
7.8.Онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлах зэрэг нийтийг хамарсан захирамж, шийдвэр гарсан үед тухайн шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
8.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид дараах зүйлсийг хориглох
8.1.Тусгай зөвшөөрөлтэй газарт дараах үйл ажиллагааг хориглоно.
8.1.1.Тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах тогтоосон цагийн хязгаарыг зөрчих;
8.1.2.Тусгай зөвшөөрлийг эзэмших хуулийн хугацаа дууссан болон түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гарсан өдрөөс эхлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
8.1.3.Аж ахуйн нэгж, иргэд нь аливаа албан тушаалтны албан бичиг, ам шийдвэрээр согтууруулах ундаа худалдах,түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
8.1.4.Орон сууцны зориулалтыг өөрчлөн ажил, үйлчилгээ явуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохгүй.
9. Хяналт
9.1.Завхан аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авсан ажахуйн нэгжийн үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, угасуудлыг хариуцсан цагдаагийн ажилтан, ажлын хэсгийн гишүүд хяналт тавина.
9.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, цуцлах болон тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хяналт тавьж, шаардлагатай үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх арга хэмжээ авна.
9.3.Тусгай зөвшөөрөлтэй газруудад холбогдох байгууллагууд нь энэхүү журмын 4.1-д заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийн талаарх дүгнэлтээ аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон ажлын хэсэгт хүргүүлнэ.
10. Хариуцлага
10.1.Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, олгохоос татгалзах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээхтэй холбогдон гарсан аливаа маргааныг аймгийн Засаг дарга хандаж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
10.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A