A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЛЫН АЮУЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ГАЛ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭХ, БОРЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ, УСТГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 357 дугаар
                                                 тогтоолын хавсралт

 

ГАЛЫН АЮУЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ГАЛ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ
БОЛОН ҮЙЛДВЭРЛЭХ, БОРЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ,
ХАДГАЛАХ, УСТГАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгахад тавигдах шаардлагыг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж гаргах, тэдгээрийг бүртгэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

      1.2.1. “галын аюултай бүтээгдэхүүн” гэж Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.12-т заасан галын эх үүсвэрээс болон химийн урвалын үйлчлэлээр хялбар авалцан асах, хорт хий, утаа ялгаруулах, тэсэрч дэлбэрэх аюултай бодис, материалыг,

      1.2.2. “гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж” гэж мөн хуулийн    3.1.5-д заасан барилга байгууламж дахь гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, унтраах автомат тоног төхөөрөмж, утаа зайлуулах систем, гал унтраах усан хангамж, хүн нэг бүрийн болон нийтийн тусгай аврах хэрэгслийг.

1.3. Энэ журмын 1.2.1-д заасан бүтээгдэхүүн болон 1.2.2-т заасан гал түймэр унтраах автомат тоног төхөөрөмж, хүн нэг бүрийн болон нийтийн аврах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх, үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, галын аюултай бүтээгдэхүүнийг устгахад Галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг гаргуулж, холбогдох эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ.

1.4. Энэ журмын 1.2.2-т заасан гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, утаа зайлуулах системийг улсын хилээр нэвтрүүлэх, үйлдвэрлэх, борлуулахад Галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн зөвлөмжийг гаргуулна.

1.5. Энэ журмын 1.2.2-т заасан гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, утаа зайлуулах системийг тээвэрлэх, хадгалах, устгах, гал унтраах автомат тоног төхөөрөмж, хүн нэг бүрийн болон нийтийн тусгай аврах хэрэгслийг устгах, гал унтраах усан хангамжийг улсын хилээр нэвтрүүлэх, үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгахад Галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг гаргуулахгүй.

Хоёр. Галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмж гаргах

2.1. Энэ журмын 1.3, 1.4-т заасан дүгнэлт эсхүл зөвлөмж гаргуулах хуулийн этгээд нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

      2.1.1. мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт эсхүл зөвлөмжийг аль төрлийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид хамааруулан ямар үйл ажиллагаанд гаргуулах талаарх хүсэлт;

      2.1.2. галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн нэр төрөл, техникийн үзүүлэлт, зориулалт, тоо хэмжээ, бүтээгдэхүүний гарын авлага, холбогдох баримт бичиг;

      2.1.3. тухайн үйл ажиллагааг явуулах талаар эрх бүхий байгууллагаас олгосон ажлын байрны дүгнэлт;

      2.1.4. химийн хорт болон аюултай бодис, материал, бүтээгдэхүүний хувьд мэргэжлийн лабораторийн дүгнэлт;

      2.1.5. болзошгүй аюул, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө;

      2.1.6. галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжтэй ажиллах, түүнийг угсрах, гал түймрээс хамгаалах үйлчилгээ үзүүлэх ажилтны мэргэшлийн сургалтад хамрагдсан гэрчилгээ.

2.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу дүгнэлт, зөвлөмжийг гаргана.

Гурав. Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах
      тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх

3.1. Энэ журмын 1.3-т заасан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд Гаалийн тухай хуулийн 232.2-т заасныг үндэслэн баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам”-ыг баримтална.

3.2. Гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, утаа зайлуулах систем, гал унтраах усан хангамжийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын хилээр нэвтрүүлнэ.

Дөрөв. Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах
         тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх

4.1. Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд дараахь шаардлагыг тавина:

      4.1.1. үйлдвэр нь галын аюулгүй байдлын дүрэм, нормын шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, байр, барилга байгууламжид үйл ажиллагаа явуулна;

      4.1.2. үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нь үндэсний стандартын шаардлагад нийцсэн байна;

      4.1.3. тухайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нь техникийн зохицуулалтад тусгасан үзүүлэлтийг хангасан байна;

      4.1.4. галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн үйлдвэр нь галын аюулгүй байдлын инженер, галын техникч мэргэжилтэй 2-оос доошгүй ажилтантай байна.

Тав. Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах
         тоног төхөөрөмжийг борлуулах

5.1. Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг борлуулахад дараахь шаардлагыг тавина:

      5.1.1. энэ журмын 1.3, 1.4-т заасан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг борлуулахдаа Галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт эсхүл зөвлөмжийг гаргуулсан байна;

      5.1.2. галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж нь зориулалтын сав, баглаа боодолтой, стандартын шаардлага хангасан, монгол хэл дээр бичсэн шошготой байна;

      5.1.3. бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, ашиглах зориулалтыг зааж, худалдан авагчийн хаягийг бичсэн баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид өгч, үлдэх хувийг борлуулагч өөртөө хадгална;

      5.1.4. борлуулагч нь тухайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны монгол хэл дээр бичсэн ашиглалтын зааврыг худалдан авагчид өгнө;

      5.1.5. энэ журмын 1.3-т заасан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг галын аюулгүй байдлын дүрэм, нормын шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, байр, барилга байгууламжид борлуулна.

Зургаа. Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах
тоног төхөөрөмжийг тээвэрлэх

6.1. Энэ журмын 1.3-т заасан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг Эрчим хүчний тухай хуулийн 6.1.5-д заасныг үндэслэн эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм” болон стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, “Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” стандарт болон холбогдох бусад дүрэм, журамд тавигдсан шаардлагын дагуу тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

6.2. Ачаа илгээгч нь энэ журмын 1.3-т заасан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг тээвэрлэх байгууллагад дараахь мэдээллийг урьдчилан хүргүүлсэн байна:

      6.2.1. тухайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, экспортлох болон ашиглах талаар хууль тогтоомжид заасан зөвшөөрөл;

      6.2.2. тээвэрлэх ачааны нэр төрөл, тодорхойлолт, БТКУС-ийн код;

      6.2.3. ачааны нийт жин;

      6.2.4. ачааны сав баглааны төрөл;

      6.2.5. хүлээн авагчийн нэр, хаяг, ачаа буулгах газрын нэр.

6.3. Химийн болон тэсрэх үйлчилгээтэй бодис, материалыг аюулын шинж чанарт заасан өөр төрлийн бодис материалтай хамт тээвэрлэхийг хориглоно.

6.4. Тээвэрлэх байгууллага нь Автотээврийн тухай хуулийн 9.2-т заасан “Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх  журам”-ыг тээврийн хэрэгслийн жолоочид танилцуулан холбогдох зааврыг өгсөн байна.

Долоо. Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах
       тоног төхөөрөмжийг хадгалах

7.1. Энэ журмын 1.3-т заасан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг галын аюулгүй байдлын дүрэм, нормын шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, байр, барилга байгууламж, агуулахад хадгална.

7.2. Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг техникийн заавар, үйлдвэрлэгчийн шаардлагын дагуу хадгална.

7.3. Галын аюултай бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь хор аюулын шинж чанарыг тодорхой бичсэн шошготой байна.

Найм. Галын аюултай бүтээгдэхүүнийг устгах

8.1. Галын аюултай бүтээгдэхүүнийг устгах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.

8.2. Галын аюултай бүтээгдэхүүнийг Хог хаягдлын тухай хууль болон Засгийн газраас баталсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-д заасны дагуу устгана.

8.3. Галын аюултай бүтээгдэхүүнийг устгах зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.

8.4. Галын аюултай бүтээгдэхүүнийг устгасан тухай дэлгэрэнгүй нотломжийг үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулна.

Ес. Бусад

9.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


 -----o0o-----