- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ, ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 374 дүгээр
тогтоолын хавсралт
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ, ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ
ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор мэргэшлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах, бууруулах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2. Алба хаагчийн мэргэшлийн зэрэг нь Төрийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшинг илэрхийлнэ.
1.3. Мэргэшлийн зэргийг офицерын, ахлагчийн гэж ангилна.
1.4. Алба хаагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин, алба хаасан хугацаанд нийцүүлэн мэргэшлийн зэргийг олгоно.
1.5. Мэргэшлийн зэрэг нь I, II, III гэсэн 3 шатлалтай байх бөгөөд дараахь хугацаанд хүчинтэй:
1.5.1. Мэргэшлийн I зэрэг 4 жил;
1.5.2. Мэргэшлийн II зэрэг 3 жил;
1.5.3. Мэргэшлийн III зэрэг 2 жил.
Хоёр. Мэргэшлийн зэргийн шалгалтын комисс
2.1. Мэргэшлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах шалгалтыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар томилсон Мэргэшлийн зэргийн шалгалтын комисс (цаашид “Комисс” гэх) жил бүр зохион байгуулна.
2.2. Комиссын бүрэлдэхүүнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжээс томилно. Шаардлагатай тохиолдолд харьяа нэгжээс томилж болно.
2.3. Комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.3.1. мэргэшлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах шалгалтын материалыг мэргэшлийн зэргийн ангилал, шатлал, мэргэжлийн төрөл тус бүрээр тусгайлан боловсруулах, нууцлалыг хадгалах;
2.3.2. мэргэшлийн зэргийн шалгалтад хамрагдах алба хаагчийн холбогдох баримт бичгийг хянаж, шалгах;
2.3.3. мэргэшлийн зэргийн шалгалтын бэлтгэл ажлыг хангах, харьяа нэгжийн бэлтгэлийг хангуулах, зааварчилгаа өгөх;
2.3.4. мэргэшлийн зэргийн шалгалтыг энэ журмын дагуу зохион байгуулах;
2.3.5. мэргэшлийн зэргийн шалгалттай холбогдуулан алба хаагчаас гаргасан гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх;
2.3.6. шалгалтын үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баталгаажуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулах.
Гурав. Мэргэшлийн зэргийн шалгалтад орох алба хаагчид
тавигдах нийтлэг болон тусгай шаардлага
3.1. Мэргэшлийн зэргийн шалгалтад дараахь нийтлэг шаардлага хангасан алба хаагчийг хамруулна:
3.1.1. төрийн алба хаагчийн өмнөх жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт (ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ) хангалттай эсхүл түүнээс дээш үнэлгээтэй дүгнэгдсэн;
3.1.2. шалгалт авахаас өмнөх 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй;
3.1.3. эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, дүгнэлт гаргуулсан.
3.2. Дараахь тусгай шаардлага хангасан алба хаагч тухайн мэргэшлийн зэргийн шалгалтад орох эрхтэй:
3.2.1. онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан, эсхүл мэргэшлийн II зэрэг авснаас хойш 3 жил тухайн мэргэжлээрээ ажиллаж, мэргэшлийн зэргээ амжилттай хамгаалсан алба хаагч мэргэшлийн I зэргийн шалгалтад;
3.2.2. онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, эсхүл мэргэшлийн III зэрэг авснаас хойш 2 жил тухайн мэргэжлээрээ ажиллаж, мэргэшлийн зэргээ амжилттай хамгаалсан алба хаагч мэргэшлийн II зэргийн шалгалтад;
3.2.3. онцгой байдлын байгууллагын алба хаагч мэргэшлийн III зэргийн шалгалтад.
Дөрөв. Мэргэшлийн зэргийн шалгалт
4.1. Мэргэшлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах шалгалтыг мэргэшлийн зэргийн ангилал, шатлал, мэргэжлийн төрөл тус бүрээр зохион байгуулна.
4.2. Мэргэшлийн зэргийн шалгалт нь алба хаагчийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшинг тодорхойлох ерөнхий мэдлэг, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, тусгай бэлтгэлийн багц шалгалтаас бүрдэнэ:
4.2.1. ерөнхий мэдлэгийг салбарын хууль тогтоомж, гадаад хэл, сэтгэн бодох чадвар, компьютерийн өргөн хэрэглээний программ хангамжийг ашиглах чадварын сорилоор;
4.2.2. сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг хурд, хүч, тэсвэрийн сорилоор;
4.2.3. тусгай бэлтгэлийг мэргэжлийн онцлогт тохирсон мэдлэг, ур чадвар, бэлтгэлийн сорилоор тус тус үнэлнэ.
4.3. Ерөнхий мэдлэг, сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, тусгай бэлтгэлийг тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ.
4.4. Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн алба хаагч сэтгэл зүйн болон бие бялдрын бэлтгэлжилтийн шалгалтад орох бөгөөд уг шалгалтад тэнцсэн алба хаагч тусгай бэлтгэлийн шалгалтад орох эрхтэй.
4.5. Мэргэшлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг мэргэшлийн зэргийн ангилал, шатлал, мэргэжлийн төрөл бүрт ялгавартай тогтооно.
4.6. Офицерын мэргэшлийн зэргийн шалгалтад офицерын бүрэлдэхүүн, ахлагчийн мэргэшлийн зэргийн шалгалтад аврагч-гал сөнөөгчид болон бусад төрөл мэргэжлийн ахлагчийн бүрэлдэхүүнийг хамруулна.
4.7. Мэргэшлийн зэрэг олгох шалгалтад авбал зохих дээд оноо 100 байх бөгөөд энэ журмын 4.2.1-4.2.3-т заасан шалгалтад тус бүр 60 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн мэргэшлийн зэргийн шалгалтад тэнцсэнд тооцно.
4.8. Мэргэшлийн зэргийг хамгаалах, ахиулах шалгалтад 70 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно.
4.9. Мэргэшлийн зэргийн шалгалтыг тухайн жилд нөхөж авахгүй.
Тав. Мэргэшлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах,
бууруулах болон зэргийн нэмэгдэл олгох
5.1. Мэргэшлийн зэрэг олгох, ахиулах шалгалтад тэнцсэн алба хаагчдад шалгалтын комиссын саналыг үндэслэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар мэргэшлийн зэргийг олгоно.
5.2. Мэргэшлийн зэргийг хамгаалах шалгалтад тэнцсэн алба хаагчийн мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа нь шалгалт өгснөөс хойш энэ журмын 1.5-д заасан хугацаагаар сунгагдана.
5.3. Мэргэшлийн зэргийг ангилал, шатлал, мэргэжлийн төрлөөр давхардуулан олгохгүй.
5.4. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар тооцож, сар бүр олгоно:
5.4.1. мэргэшлийн I зэрэг 15 хувь;
5.4.2. мэргэшлийн II зэрэг 10 хувь;
5.4.3. мэргэшлийн III зэрэг 5 хувь.
5.5. Мэргэшлийн зэрэг хамгаалах шалгалтад дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хамрагдаагүй албан хаагчийн мэргэшлийн зэргийг хэвээр үлдээж дараа жилийн шалгалтад дахин хамрагдаагүй тохиолдолд мэргэшлийн зэргийг шатлал бууруулан, тухайн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно:
5.5.1. эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа;
5.5.2. албан томилолттой байгаа;
5.5.3. жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа.
5.6. Алба хаагч өөр анги, салбар, нэгжид шилжсэн, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд дараагийн шалгалт зохион байгуулагдах хүртэлх хугацаанд тухайн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг хэвээр олгоно.
5.7. Мэргэшлийн зэрэг хамгаалах шалгалтад тэнцээгүй алба хаагчийн мэргэшлийн зэргийг шатлал бууруулан тухайн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоно.
5.8 Мэргэшлийн III зэрэг олгох, хамгаалах шалгалтад тэнцээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгохгүй.
Зургаа. Орон нутгийн онцгой байдлын байгууллагын үүрэг
6.1. Мэргэшлийн зэргийн шалгалтад орох шаардлага хангасан алба хаагчийн холбогдох материалыг судалж, бэлтгэсэн байна.
6.2. Мэргэшлийн зэргийн шалгалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор анги танхим, техник хэрэгсэл, биеийн тамирын талбай, алба хаагчийн хувийн бэлтгэл, эрүүл мэндийн үзлэг зэрэг холбогдох арга хэмжээ авсан байна.
6.3. Мэргэшлийн зэргийн шалгалтад орох шаардлага хангасан алба хаагчийн нэрсийн жагсаалтыг шалгалт эхлэхээс 1 сарын өмнө Комисст ирүүлнэ.
6.4. Мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулахад шаардлагатай дэмжлэгийг Комисст үзүүлнэ.
Долоо. Бусад
7.1. Мэргэшлийн зэргийн шалгалтад тэнцсэн алба хаагчид мэргэшлийн зэргийн үнэмлэх, тэмдэг олгоно.
7.2. Мэргэшлийн зэргийн үнэмлэх, тэмдгийн загварыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
7.3. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A