- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ АШИГЛАСАН УСНЫ ТӨЛБӨР ТООЦОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 391 дүгээр
тогтоолын хавсралт
ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ИЛҮҮ АШИГЛАСАН
УСНЫ ТӨЛБӨР ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ус ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (ус ашиглагч)-д шатлан өсгөх хэлбэрээр төлбөр ногдуулах, төлбөрийн хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Усны тухай хуулийн 10.1.6-д заасан усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцохтой холбогдох харилцааг энэ журмаар зохицуулахгүй.
Хоёр. Төлбөр тооцох, төлбөрийг шатлан
өсгөх хувь хэмжээ
2.1. Илүү ашигласан усны хэмжээг тооцохдоо Усны тухай хуулийн 29.1-д заасан этгээдтэй гэрээ байгуулсан ус ашиглагчийн ашигласан усны бодит хэмжээ болон гэрээгээр зөвшөөрсөн хэмжээний зөрүүг хувьд шилжүүлэн тооцно.
2.2. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг тооцохдоо ус ашиглах гэрээнд заасан усны төлбөрийг илүү ашигласан усны хувь хэмжээгээр үржүүлж тооцно.
2.3. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг дараахь томьёогоор шатлан өсгөж тооцно:
D = B+B x A:100%
D-зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг шатлан өсгөсөн төлбөр (төгрөгөөр)
B-зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан ус, рашааны нөөц ашигласны төлбөр (төгрөгөөр)
А-төлбөр өсгөх хувь хэмжээ (хувиар)
2.4. Илүү ашигласан усны эзлэх хувийн жингээс хамааруулан доорх хувь хэмжээгээр төлбөрийг өсгөж тооцно.
Илүү ашигласан усны хэмжээ (хувиар)
5 хүртэл 5-10 хүртэл 10-15 хүртэл 15-20 хүртэл 20-25 хүртэл 25-түүнээс их
Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг өсгөх хувь
5.0 10.0 20.0 30.0 40.0 50.0
2.5. Илүү ашигласан усны төлбөр дээр шатлан өсгөсөн төлбөрийг нэмж, нийт төлбөрийг гаргана.
Гурав. Төлбөр төлөх, тайлагнах
3.1. Усны тухай хуулийн 29.1-д заасан этгээд зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усанд төлбөр ногдуулж, төлбөрийн хэмжээ болон төлбөр төлөх хугацааг заасан мэдэгдлийг төлбөр ногдуулснаас хойш ажлын 7 хоногт багтаан ус ашиглагч болон аймаг, нийслэлийн татварын албанд хүргүүлнэ.
3.2. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг Төсвийн тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.
3.3. Энэ журмын 3.2-т заасан төлбөрийн барагдуулалтад татварын алба хяналт тавина.
3.4. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг барагдуулсан нь ус ашиглагчийг Зөрчлийн тухай болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A