A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ АСУУДЛААР ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ СУРГАЛТ, ДАДЛАГА ЯВУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 376 дугаар
тогтоолын хавсралт

 

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ АСУУДЛААР ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БОЛОН
НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ
СУРГАЛТ, ДАДЛАГА ЯВУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүнд аюулгүй байдал, батлан хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай онолын үндэс, цэргийн хэргийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.

1.2. Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Цэргийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж нь энэхүү журмыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болно.

1.3. Сургалтыг цэрэг-стратегийн болон цэргийн бэлтгэл сургалт гэж ангилна.

Хоёр. Цэрэг-стратегийн бэлтгэл сургалт

2.1. Цэрэг-стратегийн бэлтгэл сургалт нь холбогдох албан тушаалтанд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, стратеги болон цэргийн удирдлагын онол, арга зүйн үндэс, эрх зүйн зохицуулалтыг танилцуулж, улс орныг батлан хамгаалах, орон нутгийн хамгаалалт, улсын ба цэргийн дайчилгааг удирдан зохион байгуулах бэлтгэлийг хангахад чиглэгдэнэ.

2.2. Сургалтын хөтөлбөрт бүс нутгийн цэрэг-улс төр, цэрэг-эдийн засгийн байдал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, стратеги, үйл ажиллагаа, цэргийн удирдлагын талаарх онолын болон дадлагын хичээлийг тусгана.

2.3. Цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын дарга нарыг хамруулна.

2.4. Яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын сургалтыг 4 жилд нэг удаа 7 хоногийн хугацаагаар зохион байгуулна.

2.5. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын цэрэг-стратегийн бэлтгэл сургалтыг 4 жилд нэг удаа 3 хоногийн хугацаагаар зохион байгуулна.

2.6.  Энэ журмын 2.4-2.5-д заасан сургалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Үндэсний батлан хамгаалахын их сургууль зохион байгуулна.

2.7. Улс төрийн албан тушаалтнуудыг Дайчилгааны тухай хуулийн 28.2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамруулна.

Гурав. Цэргийн бэлтгэл сургалт

3.1. Цэргийн бэлтгэл сургалт нь албан тушаалтанд аюулгүй байдлыг хангах, улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа, орон нутгийн хамгаалалт, улсын болон цэргийн дайчилгааны эрх зүйн зохицуулалт, онол, арга зүйн үндсийг танилцуулж, батлан хамгаалах арга хэмжээг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, дайчилгааны даалгаврыг биелүүлэх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангахад чиглэгдэнэ.

3.2. Сургалтын хөтөлбөрт аюулгүй байдлын үндсэн асуудлууд, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт, улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа, орон нутгийн хамгаалалт, улсын болон цэргийн дайчилгааны даалгавар, төлөвлөлтийн талаарх онолын болон дадлагын хичээлийг тусгана.

3.3. Сургалтын хөтөлбөр нь сургалтад оролцох бүрэлдэхүүн, томилгоот албан тушаал, гүйцэтгэх үүргээс хамаарч хэд хэдэн шатлалтай байж болно.

3.4. Сургалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб хариуцан зохион байгуулах бөгөөд орон нутгийн онцлог, оролцох бүрэлдэхүүний тооноос хамаарч бүсчлэн зохион байгуулж болно.

3.5. Цэргийн бэлтгэл сургалтад сум, дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн агентлагийн удирдлага, дайны байдлын үед эмхлэн байгуулагдах аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар (цаашид “батлан хамгаалах газар” гэх), сум, дүүргийн батлан хамгаалах товчоо, дайчилгаа удирдах бүлгийн бүрэлдэхүүн, дайчилгааны даалгавартай аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, баг, хорооны Засаг дарга нар тус тус хамрагдана.
3.6. Сум, дүүргийн Засаг дарга, Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн  агентлагийн удирдлага, батлан хамгаалах газрын удирдах албан тушаалтан, дайчилгааны даалгавартай аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2 жилд нэг удаа З хоногийн хугацаагаар зохион байгуулна.
3.7. Баг, хорооны Засаг дарга, сум, дүүргийн батлан хамгаалах товчоо, дайчилгаа удирдах бүлгийн бүрэлдэхүүний цэргийн бэлтгэл сургалтыг жилд нэг удаа З хоногийн хугацаагаар зохион байгуулна. 

Дөрөв. Сургалтын зохион байгуулалт

4.1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цэрэг-стратегийн болон цэргийн бэлтгэл сургалтыг (цаашид “сургалт” гэх) нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

4.2. Сургалтын хөтөлбөрийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль боловсруулж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.3. Батлан хамгаалах газар, товчоо, дайчилгаа удирдах бүлгийн цэргийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг Зэвсэгт хүчний Жанжин штаб боловсруулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батална.

4.4. Сургалтыг Зэвсэгт хүчин, Хилийн ба дотоодын цэрэг, Онцгой байдлын нэгтгэл, анги, салбарын болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна.

4.5. Сургалтыг зохион байгуулахад Зэвсэгт хүчний Жанжин штаб дэмжлэг үзүүлэх бөгөөд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага шаардагдах зэвсэг, техник, галт хэрэглэлээр хангана.

4.6. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын батлан хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, албан тушаалтнуудад цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн захиалгат сургалтыг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсний дагуу Үндэсний батлан хамгаалахын их сургууль зохион байгуулж болно.

4.7. Сургалтын зардлыг Дайчилгааны тухай хуулийн 28.5-д заасны дагуу санхүүжүүлэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу зохион байгуулах захиалгат сургалтын зардлыг тухайн байгууллага хариуцна.

4.8. Үндэсний батлан хамгаалахын их сургууль дараа оны цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад шаардагдах зардлыг тооцож, тухайн жилийн 4 дүгээр сарын     1-ний дотор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.9. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургалтын зардлын тооцоог хянан, батлан хамгаалах үйл ажиллагааны төсвийн төсөлд тусгана.

4.10. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараа оны цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах бүрэлдэхүүний тоо, шаардагдах зардлыг тооцож, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн төсөвт тусгуулна. 

4.11. Сургалтад оролцогчдын ирж, очихтой холбогдон гарах зардлыг тухайн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.

Тав. Бусад

5.1. Сургалтад оролцогч Цэргийн албаны тухай хуулийн 33.11, 33.13,    33.14-т заасан баталгаагаар хангагдана.

5.2. Энэхүү журмын 2.3, 3.5-д заасан албан тушаалтан шинээр томилогдсон тохиолдолд сургалтад нөхөн хамруулна.

5.3. Сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, төлөвлөгөөт сургалтыг удаа дараа тасалсан болон энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

5.4. Цэргийн анги, байгууллага сургалтад хамрагдсан тухай тэмдэглэгээг цэргийн үүрэгтний үнэмлэх (бэлтгэл офицерын үнэмлэх)-д хийж, харьяа цэргийн штаб цэргийн бүртгэлд бүртгэнэ.

 


-----о0о-----