A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 394 дүгээр
  тогтоолын хавсралт

 

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (цаашид “гэрчилгээ” гэх) олгоход энэ журмыг баримтална.

Хоёр. Гэрчилгээнд тусгах мэдээлэл

2.1. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дараахь мэдээллийг тусгана:

      2.1.1. газар өмчлөгч Монгол Улсын иргэний овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар;

      2.1.2. газрын нэгж талбарын дугаар;

      2.1.3. газрын байршлын хаяг, хэмжээ, зориулалт.

2.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дараахь мэдээллийг тусгана:

      2.2.1. өмчлөгч нь иргэн бол түүний иргэний харьяалал, овог, эцэг       (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, өмчлөгчийн тоо, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хэлбэр, регистрийн дугаар;

      2.2.2. газрын нэгж талбарын дугаар;

      2.2.3. эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт.

2.3. Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дараахь мэдээллийг тусгана:

      2.3.1. өмчлөгч нь иргэн бол түүний иргэний харьяалал, овог, эцэг       (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хэлбэр, регистрийн дугаар, хууль ёсны хаяг;

      2.3.2. хөдлөх эд хөрөнгийн шинж төлөв;

      2.3.3. хөдлөх эд хөрөнгийн зориулалт.

2.4. Гэрчилгээнд энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасан мэдээллээс гадна улсын бүртгэлийн дугаар, улсын бүртгэгчийн нэр, гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг,  олгосон орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтсийн нэр, бүртгэсэн он, сар, өдөр тус тус байна.

2.5. Энэ журмын 2.1-2.4-т заасан мэдээллийг гэрчилгээний ар талын баруун доод хэсэгт хэвлэгдэх хоёр хэмжээст бар код (QR)-д хадгална.

Гурав. Гэрчилгээ олгох

3.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд мөн хуулийн 5.3-т заасны дагуу гэрчилгээ олгоно.

3.2. Гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5, 5.6, 5.7-д заасан журмын дагуу дараахь үндэслэлээр дахин олгоно:

      3.2.1. гэрчилгээ ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн;

      3.2.2. эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан;

      3.2.3. гэрчилгээг хаясан, эсхүл үрэгдүүлсэн талаар өмчлөгчийн өргөдөл болон гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн гэрчилгээг хүчингүйд тооцсон улсын ерөнхий байцаагчийн шийдвэр гарсан;

      3.2.4. гэрчилгээ устсан талаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдээс өргөдөл гаргасан, эсхүл мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт гарсан;

      3.2.5. эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээг ашиглах боломжгүй болсон;

      3.2.6. шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсны улмаас мэдүүлэг гаргагч өргөдөл гаргасан, эсхүл энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирүүлсэн.

3.3. Энэ журмын 3.2.1-д заасан үндэслэлээр гэрчилгээг дахин олгох тохиолдолд элэгдэж хуучирсан, эсхүл гэмтсэн гэрчилгээг мэдүүлэгт хавсаргана.

3.4. Энэ журмын 3.2.2-т заасан үндэслэлээр гэрчилгээг дахин олгох тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг гэрчилгээнд тусгана.

3.5. Энэ журмын 3.2.3, 3.2.6-д заасан үндэслэлээр ажлын 15 өдрийн дотор, бусад үндэслэлээр ажлын 10 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно.

3.6. Гэрчилгээг дахин олгоход улсын бүртгэлийн дугаар өөрчлөгдөхгүй.

3.7. Гэрчилгээг мэдүүлэг гаргагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.

 


                                                              -----о0о-----