- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКНЫ НӨХЦӨЛТ УДИРДЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭХ, БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн
А-312 дугаар тушаалын хавсралт
БАНКНЫ НӨХЦӨЛТ УДИРДЛАГА ХЭРЭГЖҮҮЛЭХ,
БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэ журмын зорилго нь Монголбанкнаас банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах үндэслэлийг тодорхойлж, арга хэмжээ авах шийдвэр гаргах, Бүрэн эрхт төлөөлөгч томилох, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоох, банкны хэвийн үйл ажиллагааг хангах болон санхүүгийн байдлыг сайжруулахтай холбоотой Бүрэн эрхт төлөөлөгчөөс авах арга хэмжээг тодорхойлох, нөхцөлт удирдлагын арга хэмжээг дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлж байгаа банкны орон нутаг дахь нэгжийн үйл ажиллагаанд тухайн орон нутаг дахь Монголбанкны салбарын захирал хяналт тавьж ажиллана.
Хоёр. Банкны нөхцөлт удирдлага
хэрэгжүүлэх үндэслэл, шийдвэр
2.1. Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк нь Банкны тухай хуулийн 49.1-д заасан дараахь үндэслэлээр банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэж болно.
2.1.1.Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн;
2.1.2.Монголбанкны хяналт шалгалтаар банкны төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон.
2.2. Энэ журмын 2.1-д заасан үндэслэл бий болсон нь Монголбанкнаас тухайн банканд хийгдсэн газар дээрх болон зайнаас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон тохиолдолд энэ тухай ажлын 10 хоногийн дотор дүгнэлт гаргаж Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.
2.3. Банкны хяналт шалгалтын хороо энэ журмын 2.4.-д заасан асуудлаар хэлэлцэж, банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах эсэх болон холбогдох бусад асуудлаар зөвлөмж гаргана.
2.4. Энэ журмын 2.3-д заасны дагуу зөвлөмж гаргах явцад банк, түүний төлөөллийг сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулна.
2.5. Банкны хяналт шалгалтын хорооноос банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах зөвлөмж гарсан тохиолдолд уг зөвлөмжийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэж, Бүрэн эрхт төлөөлөгчийн томилж болно.
2.6. Энэ журмын 2.5-д заасан тушаалд Банкны тухай хуулийн 50.1-д заасан зүйлсийг тусгасан байна.
2.7. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор тухайн банкны удирдлагын бүрэн эрх банкны нөхцөлт удирдлага дуусах хүртэл хугацаагаар Бүрэн эрхт төлөөлөгчид шилжинэ.
2.8. Банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монголбанк Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Банкны тухай хуулийн 52.1-д зааснаас гадна дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
2.8.1.Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг түдгэлзүүлж, цалин, нөхөн олговор, бусад хангамжийг зогсоох;
2.8.2.Шаардлагатай тохиолдолд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх;
2.8.3.Шаардлагатай тохиолдолд Бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг томилох,
2.8.4.Бүрэн эрхт төлөөлөгч (зөвлөлийн гишүүд хамаарна)-ийн ажлын удирдамжийг батлах;
2.8.5.Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлж эхлэхэд Бүрэн эрхт төлөөлөгчид туслах ажлын хэсгийн удирдамжийг батлах.
2.9. Банкны тухай хуулийн 48.4-д заасны дагуу Монголбанкнаас тухайн банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авсан тухай Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэх бөгөөд олон нийтэд мэдээлж болно.
Гурав. Бүрэн эрхт төлөөлөгчид
тавих шаардлага, эрх, үүрэг
3.1. Бүрэн эрхт төлөөлөгч нь зөвлөл хэлбэртэй байх бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч 1 (нэг) Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн гишүүн 2 (хоёр), нийт 3 (гурав)-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.2. Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 56.2-д заасан шаардлагыг хангасан байна.
3.3. Бүрэн эрхт төлөөлөгч нь хуулийн этгээд бол өөрийн үйл ажиллагааг хариуцах хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй байхаас гадна уг хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь Банкны тухай хуулийн 56.2-д заасан шаардлагыг хангасан байна.
3.4. Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхдээ Банкны тухай хуулийн 52.2-д зааснаас гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
3.4.1.Өөрийн үйл ажиллагаандаа Банкны тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан эрх зүй актыг мөрдөх;
3.4.2.Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх тухай Монголбанкны шийдвэр, банкны гүйцэтгэх удирдлагын эрх үүрэг Бүрэн эрхт төлөөлөгчид шилжсэн тухай мэдэгдлийг томилогдсоноос хойш 24 цагийн дотор тухайн банкны эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэх;
3.4.3.Тухайн банкны газар хэлтсийн захирал, салбар нэгжийн удирдлагын эрх, үүрэг, банкны нэрийн өмнөөс гаргаж болох зардал, ажил гүйлгээ хийх эрх хэмжээг тогтоосон шийдвэр гаргаж банкны эрх бүхий албан тушаалтнуудад нэн даруй мэдэгдэх;
3.4.4.Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлж эхлэх өдрийн өмнөх өдрөөр тасалбар болгосон санхүүгийн тайлан, шүүх, шийдвэр гүйцэтгэлийн алба болон бусад хууль хяналтын байгууллагаар хянагдаж, оролцож байгаа хэргүүд, бусад холбогдох тайлан, мэдээг банкны гүйцэтгэх удирдлага, санхүү хариуцсан эрх бүхий албан тушаалтан, ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдгээр баталгаажуулан хүлээн авах;
3.4.5.Бүрэн эрхт төлөөлөгчид туслах ажлын хэсгийг удирдлагаар хангаж, банкны тайлан тэнцэл, бичиг баримт, тэнцлийн гадуурх бүртгэлийг батлагдсан удирдамжийн дагуу гаргуулан авах;
3.4.6.Томилогдсоноос хойш 14 хоногийн дотор банкны гүйцэтгэх удирдлагын ажлын тайлан болон сүүлийн 2 жилийн хугацааг хамруулсан орлогын мэдүүлгийг гаргуулан авах;
3.4.7.Банканд илэрхий алдагдалтай гэрээ хэлцэл, алдагдал хүлээлгэж буй ашигт ажиллагаанд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа зогсоох, хүчингүй болгох, үр ашиггүй салбар нэгжийн үйл ажиллагааг зогсоох, алдагдлыг бууруулахад шаардлагатай бусад арга хэмжээ авах;
3.4.8.Тайлан тэнцлийн холбогдох дансны үлдэгдэл үндсэн баримттай зөрвөл банкны гүйцэтгэх удирдлага, холбогдох бусад этгээдээс тодруулга авах, зөрүүг тохируулах, баримтжуулах, холбогдох байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх.
3.5. Бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулахтай холбоотой бусад нөхцөлийг Монголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгчтэй байгуулах гэрээнд нарийвчлан тусгана.
3.6. Банкны тухай хуулийн 51.2-д заасныг үндэслэн Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлж буй банкны гүйцэтгэх захирлын цалин хөлсний хэмжээг харгалзан Монголбанкнаас тогтооно.
3.7. Банкны тухай хуулийн 49.3-д заасны дагуу Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг тухайн банк хариуцна.
3.8. Бүрэн эрхт төлөөлөгч нь үйл ажиллагаандаа тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Дөрөв.Банкны хэвийн үйл ажиллагааг
хангах арга хэмжээ
4.1. Бүрэн эрхт төлөөлөгч нь томилогдсоноосоо хойш ажлын 10 хоногийн дотор тухайн банкны санхүү, төлбөрийн чадварын байдалд дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Банкны хяналт шалгалтын хороо, Монголбанканд хүргүүлнэ.
4.2. Банкны хяналт шалгалтын хороо Бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн санал, дүгнэлтийг ажлын 10 хоногийн дотор хэлэлцэн “Банкны хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-г (цаашид Төлөвлөгөө гэх) батална.
4.3. Төлөвлөгөө нь Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх үед Бүрэн эрхт төлөөлөгч болон банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах дараахь асуудлыг тусгасан байна.
4.3.1.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн дутагдлыг нөхөх хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, нэмэгдүүлэх арга зам;
4.3.2.Банкны актив, пассивын бүтцийг сайжруулах зорилгоор чанаргүй активыг сонирхогч иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, худалдах;
4.3.3.Шаардлагатай тохиолдолд банкны нэгж, өмчилж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах;
4.3.4.Алдагдал үүсгэж буй, төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөрөг нөлөөтэй банкны зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох;
4.3.5.Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын эрх үүрэгт тусгагдсан шаардлагатай бусад арга хэмжээ;
4.3.6.Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангахад шаардлагатай Бүрэн эрхт төлөөлөгчөөс авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээ;
4.3.7.Банкны бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд Бүрэн эрхт төлөөлөгчид олгогдох эрх, хязгаарлалтууд.
4.4. Бүрэн эрхт төлөөлөгч нь төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарах банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргана.
4.5. Банкны хувьцаат эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр нь Компанийн тухай хуулийн 60, 61 дүгээр зүйл, Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлтэй нийцсэн байна.
4.6. Банкны тухай хуулийн 30.3-д даасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр нь Бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хүчин төгөлдөр болно.
4.7. Бүрэн эрхт төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас банкны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай арга хэмжээ авах талаар шийдвэр гараагүй, эсхүл хурлын шийдвэр тогтоосон хугацаанд хэрэгжээгүй нөхцөлд цаашид банканд хэрэгжүүлэх албадлагын авах арга хэмжээний саналаа Монголбанканд мэдэгдэх үүрэгтэй.
4.8. Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын удирдамж, энэ журмын 4.3.6-д заасан эрх хэмжээнд тусгагдаагүй боловч банкны хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахаар бол Бүрэн эрхт төлөөлөгчийг удирдлагаар хангах ажлын хэсгээс зөвшөөрлийг урьдчилан бичгээр авна.
4.9. Бүрэн эрхт төлөөлөгч нь шаардлагатай тохиолдолд Монголбанкнаас өгсөн чиглэлийн дагуу Банкны тухай хуулийн 43.3-д заасан чанарын үнэлгээг хараат бус, хөндлөнгийн, мэргэжлийн этгээдээр хийлгэх арга хэмжээг зохион байгуулна. Үнэлгээ хийхэд гарсан зардлыг Монголбанк хариуцна.
4.10. Бүрэн эрхт төлөөлөгч нь төлөвлөгөө болон Банкны тухай хуулийн 52.2-д заасан эрх үүргийн хүрэнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн сар бүрийн тайланг дараа сарын 10-ны дотор Бүрэн эрхт төлөөлөгчийг удирдлагаар хангах ажлын хэсэгт ирүүлж байна.
Тав.Банкны нөхцөлт удирдлагын арга
хэмжээг дуусгавар болгох
5.1. Монголбанк нь Бүрэн эрхт төлөөлөгчөөс банкны санхүү төлбөрийн чадварын байдалд хийсэн дүгнэлт, ажилласан хугацааны тайланг үндэслэн Банкны нөхцөлт удирдлагыг дуусгавар болгох тухай дараахь шийдвэрийг гаргана:
5.1.1.Банкны хэвийн үйл ажиллагаа хангагдсан тохиолдолд Монголбанк нөхцөлт удирдлагыг цуцалж, тухайн банканд тогтоосон хязгаарлалт, түдгэлзүүлсэн үйл ажиллагааг бүрмөсөн, эсхүл хэсэгчлэн сэргээх;
5.1.2.Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлснээр банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй гэж үзэж банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх, эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах;
5.1.3.Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрч банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй бол Банкны тухай хуулийн дагуу бусад төрлийн албадлагын арга хэмжээ авах.
5.2. Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр гарсан үндэслэл арилж, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтвортой хангаснаар Монголбанк тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангагдсан гэж үзнэ.
5.3. Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх үед Бүрэн эрхт төлөөлөгчөөс гаргасан шийдвэрүүд, банкны дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
____oOo_____
Текст томруулах
A
A
A