- Нүүр
- Сайдын тушаал
- СПОРТЫН СУРГАЛТ-ДАСГАЛЖУУЛАЛТЫГ УДИРДАХ, СПОРТЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/839 тушаалын хавсралт
СПОРТЫН СУРГАЛТ-ДАСГАЛЖУУЛАЛТЫГ УДИРДАХ, СПОРТЫН ТЭМЦЭЭНД
ОРОЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг,спортын клубын спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээндудирдан оролцуулах этгээдэд /цаашид дасгалжуулагч гэх/ үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох, хасах харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах болон үндэсний шигшээ багийн баг тамирчдыг Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцуулах үйл ажиллагаа эрхлэх эрхийг Монгол Улсын болон гадаадын иргэд, харьяалалгүй хүнд олгоно.
1.3.Спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд тамирчин бэлтгэж оролцуулах үйл ажиллагааны зөвшөөрлийг дасгалжуулагч, улсын дасгалжуулагч, улсын ерөнхий дасгалжуулагч гэсэн ангиллаар эрх олгоно.
1.4.Дасгалжуулагчийн эрх олгохтой холбоотой үйл ажиллагааг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага удирдан, зохион байгуулна.
Хоёр.Дасгалжуулагчийн эрх
2.1.Биеийн тамир, спортын чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн этгээд нь өсвөр үеийн шигшээ баг болон спортын клубын сургалт-дасгалжуулалтыг удирдах, тэмцээн, наадамд оролцуулах үйл ажиллагааг эрх авахгүйгээр эрхлэнэ.
2.2.Улсын дасгалжуулагчийн эрхтэй этгээд нь залуучуудын үндэсний шигшээ багийн спортын сургалт-дасгалжуулалтыг удирдаж, баг тамирчдыг спортын тэмцээн, наадамд оролцуулах үйл ажиллагааг эрхлэнэ.
2.3.Улсын ерөнхий дасгалжуулагчийн эрхтэй этгээд нь насанд хүрэгчид үндэсний шигшээ багийн спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээн, наадамд оролцуулах үйл ажиллагааг эрхлэнэ.
2.4.Энэхүү журмын 2.2, 2.3-т заасан сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээн, наадамд оролцуулах үйл ажиллагааг эрхлэх эрх нь 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Гурав. Дасгалжуулагчийн эрх олгоход тавигдах шаардлага
3.1.Энэхүү журмын 2.2, 2.3-д заасан эрхийг олгоход дараах шаардлага тавигдана.
3.1.1.Биеийн тамир, спортын чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн байх.
3.1.2.Сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааг тасралтгүй 4 жил эрхэлсэн байх.
3.1.3.Энэхүү журмын 3.1.2-д заасан хугацаанд дараах спортын амжилтыг гаргасан байх.
3.1.4.Спортын клубын дасгалжуулагчийн хариуцсан баг, тамирчид аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа багийн дүнгээр 1-10 /1-8/ байрт шалгарч байсан, эсхүл улсын аварга шалгаруулах тэмцээнд баг, тамирчдаас медальт болон шагналт байрт шалгарсан амжилттай байх;
3.1.5.Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчийн хариуцсан баг, тамирчид аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа багийн дүнгээр эхний 5 байрт шалгарч байсан, эсхүл улсын аварга шалгаруулах тэмцээнд баг, тамирчдаас медаль хүртсэн амжилттай байх;
3.1.6.Насанд хүрэгчдийн болон залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн хариуцсан баг, тамирчид нь олон улсын “А” зэрэглэлийн болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн байх;
3.1.7.Багийн спортын төрлийн насанд хүрэгчдийн болон залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн хариуцсан баг, тамирчид нь олон улсын “А” зэрэглэлийн болон Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн, шагналт байр эзэлсэн байх;
3.1.8.Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн болон олимпийн наадамд дасгалжуулсан баг, тамирчин нь медальт байрт шалгарсан бол тухайн дасгалжуулагчийг хугацаанаас өмнө дээд шатны эрх авах сургалтад хамруулж болно;
3.2.Энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан дасгалжуулагчнь тухайн ангиллын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан бол сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагаа эрхлэх эрхийг авна.
Дөрөв. Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт
4.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагадасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг удирдан зохион байгуулах орон тооны бус зөвлөл /цаашид Зөвлөл гэх/, дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, сургалт явуулах байгууллага болон багшид тавигдах шаардлагыг тус тус батална.
4.2.Зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын спортын асуудал хариуцсан нэгжийн дарга ахлана.
4.3.Зөвлөл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.3.1.Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын стандарт хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийг хэлэлцэж, батлуулах санал гаргах;
4.3.2.Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах байгууллага болон багшид тавигдах шаардлагыг боловсруулж, батлуулах санал гаргах;
4.3.3.Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах байгууллага болон багшийг сонгон шалгаруулах;
4.3.4.Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын баталсан төлөвлөгөө, шалгалтын комиссыг хэлэлцэж, сургалт явуулах байгууллагаар батлуулахаар уламжлах;
4.4.Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт нь 20 кредитээс багагүй байна.
4.5.Тухайн жилд олон улс, тивийн болон үндэсний спортын холбооноос хамтран зохион байгуулсан дасгалжуулагчийн сургалт нь кредит цаг тооцсон бол дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын мэргэжлийн хичээлийн кредит цагт тооцож болно.
4.6.Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хичээл заах спортын төрлийн багшийг спортын холбоо, онолын багшийг их, дээд сургуулиас биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал болгосны үндсэн дээр сонгон шалгаруулна.
4.6.1.Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хичээл заах спортын төрлийн багшид тавигдах шаардлагыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага спортын холбоотой хамтран боловсруулна;
4.6.2.Дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын онолын багш нь тухайн мэргэжилээр магистр, түүнээс дээш зэрэгтэй, 5 ба түүнээс дээш жил багшилсан туршлагатай байна;
4.6.3.Батлагдсан хөтөлбөрийн дагуу дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах байгууллагыг биеийн тамир, спортын чиглэлээр сургалт явуулж буй их дээд сургуулиас сонгоно;
4.6.4.Сонгогдсон байгууллага, багштай биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 4 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллана;
Тав. Дасгалжуулагчийн эрх авах хүсэлт гаргах, эрх олгох, хүчингүй болгох
5.1.Дасгалжуулагчийн эрх авах хүсэлтийг дараах байдлаар уламжилна.
5.1.1.Спортын клуб болон өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчийн эрх авах, сунгах хүсэлтийг харьяалах байгууллага нь аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагад гаргана;
5.1.2.Аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллага нь хүсэлтийг судлан, нэгтгэж улирал бүр Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ;
5.1.3.Насанд хүрэгчид болон залуучуудын үндэсний шигшээ багт ажиллаж буй дасгалжуулагчийн эрх авах, сунгах хүсэлтийг спортын холбоод улирал бүр Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ;
5.2.Хүсэлт гаргахад дараах материалыг бүрдүүлсэн байна.
5.2.1.Биеийн тамир, спортын чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн диплом;
5.2.2.Олон улс, тив, үндэсний спортын холбооноос зохион байгуулсан дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, үнэлүүлсэн гэрчилгээ, түүнтэй адилтгах барим бичгийн орчуулга, хуулбар;
5.2.3.Энэхүү журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан талаарх спортын холбооны тодорхойлолт, гаргасан амжилтын товчоон, тэмцээний протокол, гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5.2.4.Энэхүү журмын 3.2-т хугацааг хангасан талаарх байгууллагын тодорхойлолт, ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
5.2.5.Өмнө нь авсан эрхийн гэрчилгээний хуулбар;
5.3.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авч мэргэжил дээшлүүлэх сургалтыг хэрэгжүүлэхээр сонгогдсон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.
5.4.Энэхүү журмын 3.4, 4.3.5 дэх хэсгийг хангасан этгээдэд дасгалжуулагчийн эрх олгуулахаар Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад уламжилж, сайдын тушаалаар эрх олгоно.
5.5.Спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааг эрхлэх эрхийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.
5.5.1.Тухайн дасгалжуулагч нь 5 жил ба түүнээс дээш хугацаагаар дасгалжуулагчаар ажиллаагүй;
5.5.2.Сургалт-дасгалжуулалтыг удирдах явцдаа ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдсон;
5.5.3.Спортын тэмцээн, наадамд баг тамирчдаа оролцуулах үйл ажиллагаанд ёс зүйн зөрчил гарган спортын холбооноос арга хэмжээ авсан;
5.6.Дасгалжуулагчийн эрхийг хүчингүй болгох саналаа тухайн дасгалжуулагчийн харъяалах байгууллага, тэмцээн, наадамд зохион байгуулагчаас спортын холбоонд гаргана.
5.7.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хянан үзэж, эрхийг хүчингүй болгох саналыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.
Зургаа. Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд Монгол Улсад спортын сургалт дасгалжуулалтыг үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага.
6.1.Олон улсын спортын холбоо, тивийн спортын холбоо, бусад улсын спортын холбооны шугамаар Монгол Улсад 1 жилээс богино хугацаагаар сургалт зохион байгуулах этгээдэд энэхүү журмын шаардлага хамаарахгүй.
6.2.Гадаадын иргэн, харьяалалгүй иргэн энэхүү журмын шаардлагыг хангаагүй бол сургалт-дасгалжуулалтийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A