A

A

A

Бүлэг: 1979

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/140/63 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ОЙГ ХАМГААЛАХ, ТАРЬЦ, СУУЛГАЦ УРГУУЛАХ АЖЛЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Ойн тухай хуулийн 39.4, 39.10-т заасны дагуу түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж тарьц, суулгац ургуулсан, иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгохтой холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Нэр томъёо

2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1.“урамшуулал” гэж Ойн тухай хуулийн 39.4, 39.10-т заасны дагуу энэхүү журмаар олгох урамшууллыг;

2.1.3.“ойг түймрээс хамгаалах” гэж Ойн тухай хуулийн 3.1.18, 3.1.19-д заасан болон гарсан түймрийн голомтыг нэн даруй газар авахуулалгүйгээр шуурхай унтраах, түймрийн гаралтыг бууруулах ажлыг идэвх зүтгэл гарган гардан гүйцэтгэсэн, өндөр түвшинд зохион байгуулсны үр дүнд тус хуулийн 3.1.21-3.1.23-т заасан хохирол, тухайн ойг түймрээс хамгаалах төсөвлөгдсөн зардлыг бодитоор бууруулсан ажиллагааг;

2.1.4.“тарьц” гэж үрээр ургуулсан 4 хүртэл насны модлог ургамлыг;

2.1.5.“суулгац” гэж тарьцыг бойжуулах талбайд шилжүүлэн томруулж ургуулсан болон ургал эрхтнээр тарьж ойжуулалтад ашиглахад стандартын шаардлага хангасан модлог ургамлыг;

2.1.6.“бут, сөөг” гэж гол ишгүй, үндэсний хүзүүнээс дээш адил хэмжээний олон иштэй 5 метр хүртэл өндөр ургадаг модлог ургамлыг.

Гурав. Урамшуулал олгох

3.1.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, нэгж талбайд тархах түймрийг газар авахуулахгүй унтраах ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад энэ журамд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

3.2.Ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлөөс урьдчилан сэргийлж тэмцэх ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн зохион байгуулж, бодитой үр дүнд хүрсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад энэ журамд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

3.3.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь мод үржүүлгийн газарт өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, тарьж ургуулсан чанартай тарьц, суулгацад төрөөс мөнгөн болон бусад хэлбэрээр урамшуулал олгоно.

3.4.Мөнгөн урамшууллыг төлөхдөө хуульд заасны дагуу татварыг суутган тооцно.

Дөрөв. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил

4.1.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж тэмцсэн тохиолдолд Ойн тухай хуулийн 39.10-т заасны дагуу урамшуулал олгох бөгөөд түймэртэй тэмцэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

4.1.1.түймрийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах, зурвас байгуулах үйл ажиллагаа;

4.1.2.түймрийг илрүүлэх, унтраах үйл ажиллагаа;

4.1.3.түймрийн багаж хэрэгслийн хангалт, унтраах ур чадварын үйл ажиллагаа.

4.2.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж тэмцэх ажлыг бүх нийтээр хэрэгжүүлэх бөгөөд байгаль орчны хяналтын байгууллага, байгаль хамгаалагч энэ үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана.

Тав. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг урамшуулах

5.1.Түймрийн өндөр зэрэглэлтэй бүс нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөл тус бүрээс-3, их зэрэглэлтэй бүс нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөл тус бүрээс-2, бага зэрэглэлтэй бүс нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөл тус бүрээс-1-ийг тус тус сонгон шалгаруулж доорх хүснэгтэд заасан хэмжээгээр урамшуулал олгоно.

 

Түймрийн эрсдлийн зэрэг

Иргэн

Аж ахуйн нэгж, байгууллага

Ойн нөхөрлөл

Нэг бүрийн урамшуулал /сая.төг/

Нийт урамшуулал /сая.төг/

Нэг бүрийн урамшуулал /сая.төг/

Нийт урамшуулал /сая.төг/

Нэг бүрийн урамшуулал /сая.төг/

Нийт урамшуулал /сая.төг/

1

Өндөр зэрэглэлтэй бүс нутаг

1,0

3,0

2,0

6,0

2,0

6,0

2

Их зэрэглэлтэй бүс нутаг

0,8

1.6

1,5

3,0

1,5

3,0

3

Бага зэрэглэлтэй бүс нутаг

0,5

0,5

1,0

1,0

1,0

1,0

 

5.2.Ой, хээрийн түймэр гарах магадлал, эрсдэл тэдгээрийн давтамж зэргийг харгалзан аймгуудын нутаг дэвсгэрийг дараах бүсчлэлд хамруулан дүгнэнэ.

5.2.1.түймрийн өндөр зэрэглэлтэй бүсэд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Архангай, Дорнод, Төв аймгийн нутаг дэвсгэрийг;

5.2.2.түймрийн их зэрэглэлтэй бүсэд Увс, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Завхан, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийг;

5.2.3.түймрийн бага зэрэглэлтэй бүсэд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг.

5.3.Энэхүү журмын 4.1-т заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг дараах шалгуураар үнэлж шалгаруулна.

5.3.1.тухайн жилд гарсан түймрийн тоог өмнөх гурван жилийн дунджаас 80-аас доошгүй хувиар бууруулсан;

5.3.2.түймрийг хурдан, шуурхай илрүүлж, тухайн түймрийн тархалтыг 30га болон түүнээс бага талбайд хориглож тархаахгүйгээр унтраасан;

5.3.3.ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аймаг, сумын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилийн арга хэмжээг бүрэн биелүүлсэн;

5.3.4.хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, экологид учруулах хохирлыг бодитоор бууруулсан.

Зургаа. Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажил

6.1.Ойн тухай хуулийн 27.1, 27.3-т заасныг хэрэгжүүлэх, ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг орон нутгийн түвшинд оновчтой зохион байгуулна.

6.2.Бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ ойн санд тархсан хөнөөлт шавж, өвчний зүйлийн бүрдэл, хөнөөлийн байдал, тархалт, байршил, нягтшилыг ойн мэргэжлийн байгууллагаар тогтоолгоно.

6.3.Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй арга технологиор гүйцэтгэнэ.

Долоо. Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг урамшуулах

7.1.Ойн тухай хуулийн 39.10-д заасан хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлж, тэмцэх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн иргэн 1, ойн нөхөрлөл 1, аж ахуйн нэгж 1, байгууллага 1-ийг шалгаруулж ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх арга хэмжээний нормативт зардлын 20 хувь хүртэл мөнгөн урамшуулал олгоно.

7.2.Өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг дараах шалгуураар үнэлж шалгаруулна:

7.2.1.байгаль орчинд сөрөг нөлөөгүй /механик, биологи, физик/ аргаар тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэсэн;

7.2.2.биологийн бэлдмэл ашиглаж тэмцлийн ажлыг гүйцэтгэх бол мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд хэрэглэж болох жагсаалтад орсон бэлдмэл, бодис ашигласан;

7.2.3.ойн хөнөөлт шавжтай хийсэн тэмцэл нь 80 хувиас дээш техникийн үр дүнд хүрсэн;

7.2.4.ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг батлагдсан арга зүй, стандарт, технологийн зааврын дагуу хийж гүйцэтгэсэн.

Найм. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ургуулсан тарьц, суулгацыг шалгаруулах шалгуур үзүүлэлт

8.1.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь мод үржүүлгийн газарт өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан чанартай тарьц, суулгацад төрөөс мөнгөн болон бусад хэлбэрээр урамшуулал олгоно.

8.2.Ургуулсан тарьц, суулгац нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

8.2.1.тарьц нь MNS 6140:2010 стандартын техникийн шаардлагыг бүрэн хангасан байх;

8.2.2.суулгац нь MNS 6139:2010, MNS 6141:2010, MNS 6255:2011, MNS 6256:2011, MNS 6257:2011 стандартын техникийн шаардлагыг бүрэн хангасан байх;

8.2.3.иргэн нь 1 жилд шилмүүст модны тарьц 50000 ширхэг, суулгац 5000 ширхэг, эсвэл навчит модны тарьц 15000 ширхэг, суулгац 10000 ширхэгээс доошгүй ургуулсан байх;

8.2.4.ойн нөхөрлөл нь 1 жилд шилмүүст модны тарьц 80000 ширхэг, суулгац 8000 ширхэг, эсвэл навчит модны тарьц 20000 ширхэг, суулгац 15000 ширхэгээс доошгүй ургуулсан байх;

8.2.5.аж ахуйн нэгж, байгууллага нь 1 жилд шилмүүст модны тарьц 150000 ширхэг, суулгац 10000 ширхэг, эсвэл навчит модны тарьц 30000 ширхэг, суулгац 20000 ширхэгээс доошгүй ургуулсан байх.

Ес. Ургуулсан тарьц, суулгацыг урамшуулах

9.1.Энэхүү журмын 8.2-т заасан шалгуур үзүүлэлт хангасан 5 иргэнд жилд тус бүр 800 000 /найман зуун мянган/ төгрөг, 3 нөхөрлөлд тус бүр 1 000 000 /нэг сая/ төгрөг, 2 аж ахуйн нэгж, байгууллагад тус бүр 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн урамшуулал олгоно.

Арав. Урамшуулал олгох, материал хүлээн авах, шийдвэр гаргах

10.1.Ойн хөнөөлт шавж, өвчин, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, чанартай тарьц, суулгац ургуулах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр дүгнэж урамшуулна.

10.2.Журмын 10.1-д заасан ажлын гүйцэтгэлийг сум, сум дундын ойн анги /байхгүй бол байгаль хамгаалагч/ нь иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр гаргасан дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тодорхойлолт, ажлын тайлан, өргөдлийн хамт аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт тухайн оны 10 сарын 15-ны дотор ирүүлнэ.

10.3.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь ирүүлсэн материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгээр дүгнүүлж, шалгарсан материалыг тодорхойлолт, албан бичгийн хамт төрийн захиргааны төв байгууллагад 11 дүгээр сарын 01-ний дотор дараах материалын хамт ирүүлнэ. Үүнд:

10.3.1.ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын үр дүнг тооцож энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан акт, тайлан, холбогдох материалуудын хамт;

10.3.2.ургуулсан тарьц, суулгацыг энэхүү тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан акт, тайлан, холбогдох материалуудын хамт;

10.3.3.Засгийн газрын 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмын дагуу үйлдэгдсэн акт, тус тогтоолын 2, 3, 4 дүгээр хавсралтын дагуу хийсэн ажлын биелэлт, хэрэгжилт, аймаг, нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөлийн санал, дүгнэлтийн хамт.

10.4.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилон ажиллуулж орон нутгийн ажлын хэсгээс гаргасан тооллогын дүн, үйлдсэн актыг газар дээр нь тулган үзэж хөндлөнгийн дүгнэлт гаргуулж болно.

10.5.Ирүүлсэн материалыг хянан үзэж шаардлага хангасан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж 11 дүгээр сарын 25-ны дотор урамшууллыг олгоно.

Арван нэг. Бусад зүйл

11.1.Энэхүү журмын 5, 7, 9 дүгээр зүйлд заасан урамшуулал олгоход шаардлагатай хөрөнгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүрийн төсөвтөө тусгана.

11.2.Мөнгөн урамшуулал болон бусад урамшууллыг төсвөөс санхүүжүүлсэн ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн бол нэг жилд давхардуулан олгохгүй.

11.3.Энэхүү журамд заасан үүргээ хугацаанд шалгаж шийдвэрлээгүй, мэдээлэл шалгах ажилд хариуцлагагүй хандсан, мэдээллийн нууцыг задруулсан, тайлан мэдээ, актыг буруу ташаа ирүүлсэн, олгох урамшууллыг олгоогүй, дутуу, буруу олгосон албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

--- о0о ---