- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 348 дугаар
тогтоолын хавсралт
УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР
БОЛОВСРУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
(Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид үндэслэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан, улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэл, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих, Төсвийн тухай хуулийн 28.1-д заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг (цаашид “хөрөнгө оруулалтын төсөл” гэх) хамруулна.
1.3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, Засгийн газар дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно.
1.4. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг сонирхогч талууд болон нийтэд ил тод мэдээлнэ.
Хоёр. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг
боловсруулахад тавигдах шаардлага
2.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон төсвийн чадавх, эдийн засгийн шингээх чадвар, гадаад өрийн зохистой түвшинд нийцсэн байна.
2.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахдаа хөрөнгийн эх үүсвэрийн дээрээс доош хандсан хуваарилалт болон уг хуваарьт багтаан боловсруулсан, доороос дээш чиглэсэн, салбар хоорондын уялдааг хангасан, салбартаа хамгийн хэрэгцээтэй хөрөнгө оруулалтын төслийг сонгон шалгаруулах зарчимд үндэслэнэ.
2.3. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөлд шаардлагатай гэж үзвэл холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг авна.
2.4 Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслийн төрөөс хүлээх үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг тооцно.
2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийн урсгал зардлыг тооцож, төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулна.
2.6. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төсөл нь холбогдох аргачлал, удирдамжийн дагуу боловсруулсан, баримт бичгийн иж бүрдэл, төсөлд тавигдах шаардлагыг хангасан, санхүү, эдийн засаг, нийгмийн үр ашигтай болох нь нотлогдсон байна.
2.7. Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Төсвийн тухай хуулийн 28.4, 28.6-д заасныг үндэслэн, төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын төслийн саналын техник эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг холбогдох төрийн байгууллагатай хамтран боловсруулна.
2.8. Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тооцоо судалгаа шаардлага хангаагүй, иж бүрдэл дутуу, хөрөнгийн хязгаартай уялдаагүй, тогтоосон хугацаанд ирүүлээгүй, хэрэгжих боломжгүй, цаашид үр ашигтай байх нь нотлогдоогүй хөрөнгө оруулалтын төслийг төсөл санаачлагчид буцаах эрхтэй.
Гурав. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг
боловсруулах дараалал
3.1. Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, төсвийн хүрээний мэдэгдэл болон гадаад өрийн зохистой түвшинд үндэслэн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн улсын төсөв, гадаад зээл, тусламжаар санхүүжих төслийн нийт дүн болон улс, орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээгээр хэрэгжих төслийн эргэн төлөлтөд шаардагдах хөрөнгийн дээд хязгаарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоож, жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.2. Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, Концессын тухай хууль, урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, концессын зүйлийн жагсаалт болон энэ журмын 3.1-д заасан хязгаарт үндэслэн, төсвийн ерөнхийлөн захирагчийн саналыг харгалзан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг сонгоно.
3.3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь хөрөнгө оруулалтын төслийн саналаа энэ журмын хоёрдугаар хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах аргачлал”-ын дагуу боловсруулж, Сайдын/даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн, уг хурлын тэмдэглэл болон салбарын өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайлан, дэлгэрэнгүй танилцуулгын хамт 2 дугаар сарын 15-ны дотор үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.4. Төсвийн ерөнхийлөн захирагч нь үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хөрөнгө оруулалтын төслийн саналаа хүргүүлэхийн өмнө хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийн нэгдсэн санд оруулна.
3.5. Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын төслүүдийг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан хянан нэгтгэж, холбогдох аргачлалын дагуу үнэлж эрэмбэлэн, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж дөрвөн жилд нэг удаа, түүний тодотголын төслийг тухайн жилийн 5 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлнэ.
3.6. Тухайн санхүүгийн жилд шинээр улсын төсвөөр хэрэгжүүлэх болон концессын эргэн төлөлт хийгдэх хөрөнгө оруулалтын төслийн жагсаалтыг үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Дөрөв. Холбогдох байгууллагуудын эрх, үүрэг
4.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь эрх, үүрэгтэй байна:
4.1.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг улсын урт, дунд хугацааны бодлоготой уялдуулан хянан нэгтгэх, хэлэлцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх, тайлагнахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авах;
4.1.2. Энэ журмын 2.7-д заасан судалгаа, зураг төсвийн ажлын даалгаврыг хянан баталгаажуулах, хэрэгжилтийг хянах;
4.1.3. “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах аргачлал”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох, хэрэгжилтэд хяналт тавих аргачлал” болон холбогдох бусад аргачлал, заавар, удирдамж, маягтыг боловсруулан баталж, мөрдүүлэх;
4.1.4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, Засгийн газрын агентлагийн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр хариуцсан ажилтныг сургах, дадлагажуулах, мэргэшил арга зүйн зөвөлгөө өгөх;
4.1.5. Хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлтэй танилцах, тухайн төсөл, арга хэмжээг хариуцсан гүйцэтгэгч, захиалагч байгууллагын мэдээлэл, сонсголыг жил бүр хэлэлцэх, төсвийн ерөнхийлөн захирагчаас холбогдох мэдээ, тайланг авах, гүйцэтгэлийн талаарх дүгнэлт, санал, зөвлөмж гарган хүргүүлэх, хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх.
4.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд төсвийн ерөнхийлөн захирагч, нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллага дараахь эрх, үүрэгтэй:
4.2.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийг төлөвлөх, боловсруулахдаа мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг тусгах;
4.2.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төсөлтэй холбоотой тооцоо, судалгаа, шийдвэр, дүгнэлт зэргийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авах;
4.2.3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардлагатай арга хэмжээг авах, гүйцэтгэгч, захиалагч байгууллагын мэдээлэл, сонсголыг улирал тутам хэлэлцэх;
4.2.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийн саналаа үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.
Тав. Бусад
5.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр батлагдсан хөрөнгө оруулалтын төсөлд тухайн жилд хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гүйцэтгэл гаргах, тайлагнах, мэдээлэх үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч хариуцна.
5.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах журмыг зөрчсөн төсвийн байгууллагын ерөнхий менежер болон бусад албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A