A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 397 дугаар
     тогтоолын хавсралт

 

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН
БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл (цаашид “эрхийн улсын бүртгэл” гэх)-ийг хөтлөхөд энэ журмыг баримтална.

1.2. Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг нотлох баримт бичгийг үндэслэн хууль болон энэ журамд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

1.3. Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд энэ журмын нийтлэг зохицуулалтыг баримтлах бөгөөд өмчлөгчийн байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяаллаар бүртгэнэ.

1.4. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэхэд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмыг баримтална.

Хоёр. Эрхийн улсын бүртгэл хөтлөх дараалал

2.1. Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө:

2.1.1. эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүлээн авах, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах;

2.1.2. мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах;

2.1.3. баримт бичгийг шаардлагатай тохиолдолд эх хувиас хуулбарлан авч болох бөгөөд хуулбарт “Эх хувиас хуулбарлав” тэмдэг дарж, хувийн хэрэгт хавсаргах;

2.1.4. хүлээн авсан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтын бүрдлийг хянаж, мэдүүлэг дэх мэдээлэл, нотлох баримтыг цахим мэдээлийн санд бүрэн гүйцэд, үнэн зөв оруулах;

2.1.5. мэдүүлэг дэх эд хөрөнгийн байршлын хаяг, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн регистрийн дугаар, газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн сангаас хайлт хийж, мэдүүлэгт дурдсан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах;
2.1.6. өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь иргэн бол иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас холбогдох мэдээллийг тус тус шалгах;

2.1.7. газрын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч шалгах бөгөөд уг санд нэвтрэх боломжгүй тохиолдолд холбогдох баримт бичгийн хуулбарыг мэдүүлэг гаргагчаас авах;

2.1.8. эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах;

2.1.9. хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх.

2.2. Хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийг энэ журмын 2.1.1, 2.1.4, 2.1.6, 2.1.8-д зааснаас гадна дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө:

         2.2.1. хөдлөх эд хөрөнгийн нэг бүрийн, эсхүл төрлийн шинжээр цахим мэдээллийн сангаас хайлт хийх;

         2.2.2. хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь иргэн бол иргэний регистрийн дугаараар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн регистрийн дугаараар цахим мэдээллийн сангаас хайлт хийх.

Гурав. Мэдүүлэг хүлээн авах

3.1. Улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээд (цаашид “мэдүүлэг гаргагч” гэх)-ээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гаргасан мэдүүлгийг хүлээн авахдаа дараахь ажиллагааг хийж гүйцэтгэнэ:

3.1.1. мэдүүлэг гаргагч мэдүүлгийг асуултын дагуу бүрэн гүйцэд бөглөсөн эсэх, мэдүүлэгт хавсаргавал зохих нотлох баримтыг хавсаргасан эсэхийг нягтлан шалгах;

3.1.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд мэдүүлгийг хүлээн авч, холбогдох мэдээллийг цахим мэдээллийн санд оруулах.

3.2. Мэдүүлэг гаргагч, гэрээний дагуу мэдээлэл нийлүүлэх нотариатч мэдүүлгийг цаасан хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд улсын бүртгэгч түүнд хавсаргасан нотлох баримтыг хянаж, хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

3.3. Мэдүүлэг гаргагч, гэрээний дагуу мэдээлэл нийлүүлэх нотариатч мэдүүлгийг цахим хэлбэрээр ирүүлэх тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудаст байршуулсан мэдүүлгийн хуудсыг ашиглана.

3.4. Мэдүүлэг гаргагч, гэрээний дагуу мэдээлэл нийлүүлэх нотариатч мэдүүлгийг цахим хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтын бүрдлийг хянаж, хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэх тухай хариу мэдэгдлийг ажлын 5 өдрийн дотор илгээнэ.

3.5. Энэ журмын 3.4-т заасан мэдэгдэл хүлээн авсан мэдүүлэг гаргагч, гэрээний дагуу мэдээлэл нийлүүлэх нотариатч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.13-т заасан хугацаанд холбогдох нотлох баримтын эх хувийг улсын бүртгэлийн байгууллагад цаасан хэлбэрээр ирүүлж бүртгүүлнэ.

3.6. Мэдүүлэг гаргагч, гэрээний  дагуу мэдээлэл нийлүүлэх нотариатч энэ журмын 3.4-т заасан хугацаанд холбогдох нотлох баримтын эх хувийг ирүүлээгүй тохиолдолд цахим мэдээллийн санд бүртгээгүй талаар тэмдэглэл хийж, энэ тухай мэдүүлэг ирүүлсэн цахим хаягаар хариу мэдэгдэнэ.

Дөрөв. Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах

4.1. Улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг энэ журмын 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8, 3.1.1-д заасны дагуу нягтлан шалгахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасан татгалзах үндэслэл байвал энэ тухай мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгч, мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг буцаана.

4.2. Мэдүүлэг гаргагч, гэрээний дагуу мэдээлэл нийлүүлэх нотариатч мэдүүлгийг цахим хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтын бүрдлийг хянаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд үндэслэл бүхий мэдэгдлийг ажлын 5 өдрийн дотор мэдүүлэг ирүүлсэн цахим хаягаар илгээнэ.

4.3. Улсын бүртгэгч энэ журмын 4.2-д заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд мэдүүлэгт тэмдэглэл хийхгүй.

Тав. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх

5.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

5.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэж, нэг хувийн хэрэг нээж, нэг бүрдлээр бүртгэнэ.

5.3. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэнэ.
5.4. Эрхийн улсын бүртгэлд эзэмших, ашиглах зориулалтаар бүртгэгдсэн газрыг өмчлүүлэх шийдвэрийг өмчлөх эрхийг өмнө олгосон улсын бүртгэлийн дугаарт бүртгэнэ.

5.5. Нийтийн зориулалттай орон сууц болон дундаа хэсгээр өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэж, дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсэг тус бүрээр хувийн хэрэг хөтөлнө.

5.6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана:

5.6.1. төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хувь;

5.6.2. хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулсан, эсхүл хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл;

5.6.3. барьж дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн барилгын гүйцэтгэлийг гүйцэтгэгчийн болон өмчлөгчийн тодорхойлсон баримт.

5.7. Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална.

5.8. Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан чиг үүргийн хүрээнд энэ журмын 5.7-д заасан нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг холбогдох этгээдээс авна.

Зургаа. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон
             түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад
                эрхийн шилжилтийг бүртгэх

6.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

6.2. Гэрээ, хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд дараахь шаардлагыг хангасан байна:

6.2.1. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцэлд хуульд заасан нөхцөл бүрэн тусгагдсан байх;

6.2.2. хуульд заасны дагуу хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх;

6.2.3. өмчилж авсан газрын зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд өөр этгээдэд шилжиж байгаа болон тухайн өмчлөгчид үлдэж байгаа газрын кадастрын зургийг гэрээнд хавсаргасан байх;

6.2.4. барилга байгууламжийн зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд тухайн эд хөрөнгийн өөр этгээдэд шилжиж байгаа болон тухайн өмчлөгчид үлдэж байгаа хэсгийг зураг төсөлд тусгаж, талууд гарын үсэг зурсан байх бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг байх;

6.2.5. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд болзол тавьсан, эсхүл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр заасан тохиолдолд эрхээ шилжүүлж байгаа этгээдийн  зөвшөөрлийг авсан байх;

6.2.6. энэ журмын 6.2.5-д заасан зөвшөөрлийг хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга, тэмдгээр, иргэн бол тухайн иргэний гарын үсгийг хуульд зааснаар гэрчлүүлж баталгаажуулсан байх;

6.2.7. гэрээ, хэлцэлд төлөөллөөр оролцсон тохиолдолд итгэмжлэлийг авсан байх.

6.3. Барьж дуусаагүй барилгаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс зарим хэсгийг бүрэн гүйцэтгэлтэйгээр шилжүүлэн авсан гэрээ, хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг салгаж бүртгэхэд гүйцэтгэлийн хувийг анхны бүртгэлд тусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд оруулсны дараа бүртгэнэ.

6.4. Өв залгамжлалаар эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

6.5. Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална.

6.6. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгүүлэхэд өмчлөгч нь гадаад улсад байгаа тохиолдолд тухайн улсад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий этгээдийн, эсхүл консулын гэрчилсэн итгэмжлэлийг эх хувиар, эх хувиар авах боломжгүй тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Консулын газрын тамга бүхий хуулбарыг мэдүүлэгт хавсаргана.

6.7. Өмчлөгч нь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй улсад байгаа тохиолдолд тухайн улсын нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл болох “Гадаад албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн дагуу олгогдсон “Апостиль” гэрчилгээ болон албан ёсны орчуулгаар баталгаажсан холбогдох бусад баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана.

Долоо. Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн
  улсын бүртгэл хөтлөх

7.1. Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргаж болох бөгөөд мэдүүлэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.3, 10.6.5, 10.6.6, 10.6.7-д заасан нотлох баримтыг хавсаргана.

7.2. Эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд энэ журмын 22.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэж бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж, дээрх хугацаа дууссанаар уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол улсын бүртгэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийсэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан, өмчлөх эрхийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.

Найм. Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

8.1. Улсын бүртгэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна.

8.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.2-т зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдсөнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгт дараахь нотлох баримтыг хавсаргана:

  8.2.1. үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн, эсхүл төрөөс хувьчилсан орон сууцны “ашигтай талбай”-гаар тооцсон хэмжээг нийт талбайн хэмжээгээр тооцон өөрчилж байгаа тохиолдолд барилгын зураг төсөл, хэмжилт хийх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

  8.2.2. аймаг, нийслэл, сумын Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн газрын хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд тухайн шатны Засаг даргын захирамж, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;

  8.2.3. үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бол зураг төсөл;

  8.2.4. үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдсөн бол хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр үнэ тогтоолгосон баримт бичиг;

  8.2.5. барьж дуусаагүй барилгаар бүртгэгдсэн нийтийн зориулалттай орон сууцны барилгыг барьж дуусгасан бол ашиглалтад хүлээж авсан комиссын дүгнэлт.

8.3. Үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт өөрчлөгдсөнийг дор дурдсан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ:

8.3.1. иргэний өмчийн газар дээр барьсан барилга байгууламжийн тухайд өмчлөгчийн гаргасан тодорхойлолт;

8.3.2. зориулалтыг тусгасан барилга байгууламж барих, ашиглалтад оруулахтай холбоотой нотлох баримт бичиг.

8.4. Энэ журмын 8.3-т заасан бүртгэл хийхэд шаардлагатай бол холбогдох хуульд заасан эрх бүхий албан тушаалтны зохих шийдвэр, дүгнэлтийг шаардаж болно.

8.5. Үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг өөрчлөгдсөнийг хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн бүртгэнэ.

8.6. Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний регистрийн дугаар, овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар өөрчлөгдсөнийг улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн бүртгэнэ.

8.7. Газрын нэгж талбарын дугаар өөрчлөгдсөнийг газрын мэдээллийн санд бүртгэгдсэн, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан газрын кадастрын зургийг үндэслэн бүртгэнэ.

8.8. Үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдөж, хувийн хэргийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.4-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлэхдээ улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрийг үндэслэнэ.

8.9. Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ тухай нотлох баримт бичиг болон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна.

8.10. Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу гаргасан өргөдлийг шалгах явцад улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох нь тогтоогдвол улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл шүүхийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжээгүй, хуульд заасан тусгай тэмдэглэл хийгдээгүй тохиолдолд хийнэ.

Ес. Эрхийн улсын бүртгэлийг хаах 

9.1. Иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1-д заасан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийг хаах шийдвэр гаргана.
9.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.4, 14.1.5-д заасан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийг хаахдаа улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэнэ.

9.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1.2-д заасан үндэслэлээр иргэний газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаахдаа газар өмчлөх эрхээсээ татгалзсан иргэний хүсэлтийн дагуу гаргасан Засаг даргын захирамжийг үндэслэнэ.

Арав. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд
     хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хөтлөх

10.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн дараахь бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ:

10.1.1. ипотек (барьцаа)-ийн;

10.1.2. түрээсийн;

10.1.3. сервитутын;

10.1.4. узуфруктын;

10.1.5. бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн;

10.1.6. усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээний эрхийн;

10.1.7. батлан даалтын;

10.1.8. газар эзэмших, ашиглах эрхийн.

10.2. Энэ журмын 10.1-д заасан эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15-28 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

10.3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх мэдүүлэгт гэрээний эх хувийг хавсаргана.

10.4. Улсын бүртгэгч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тохиолдолд гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотлон хувийн дугаар бүхий тэмдэг дарж, холбогдох мэдээллийг тусгасан маягтыг хувийн хэрэгт хавсаргана.

10.5. Энэ журмын 10.4-т заасны дагуу бүртгэсэн гэрээг мэдүүлэг гаргагчид буцаан өгнө.

10.6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсныг бүртгэхдээ гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдсан талаарх нотлох баримтыг үндэслэнэ.

10.7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана. (Засгийн газрын 2023 оны 358 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Арван нэг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа
                 (ипотек)-ны бүртгэл хөтлөх

11.1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус баримтална.

11.2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэрээг мөн хуулийн 12.2-т заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана.

11.3. Эрхийн улсын бүртгэлд тус тусдаа бүртгэгдсэн хоёр ба түүнээс олон тооны үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд улсын бүртгэлийн дугаар тус бүрээр мэдүүлэг гаргах бөгөөд гэрээний эх хувь, үйлчилгээний хөлс төлсөн баримтын эх хувийг хуулбарлан мэдүүлэгт хавсаргаж болно.

11.4. Үл  хөдлөх эд хөрөнгийн давхар барьцааг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж бүртгэнэ.

11.5. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 17.1.2-т заасны дагуу барьцаалбарт өөрчлөлт орсон тохиолдолд шинэ барьцаалбар үйлдэж, хүчингүй болгосон хуучин барьцаалбарын эх хувийг хураан авч, хувийн хэрэгт хавсаргана.

11.6. Барьцаалбарыг гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 19.1.2-т заасан шүүхийн шийдвэрийг авч, хувийн хэрэгт хавсаргана.

11.7. Барьцаалбартай барьцааны гэрээг дуусгавар болгон бүртгэхэд барьцаалбарын эх хувийг хураан авч, хувийн хэрэгт хавсаргана.

Арван хоёр. Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн
                бүртгэл хөтлөх

12.1. Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэл хөтлөхдөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

12.2. Түрээсийн гэрээг бүртгэхэд мэдүүлэгт дараахь нотлох баримтыг хавсаргана:

  12.2.1. түрээсийн гэрээ;

  12.2.2. нэгээс дээш өмчлөгчтэй бол өмчлөгч тус бүрийн зөвшөөрөл;

  12.2.3. түрээслэх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрөл.

Арван гурав. Сервитутын бүртгэл хөтлөх

13.1. Сервитутын бүртгэлийг хөтлөхдөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

13.2. Сервитутыг гэрээ, хэрэв нийтийн сервитут тогтоосон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн бүртгэнэ.

Арван дөрөв. Узуфруктын бүртгэл хөтлөх

14.1. Узуфруктын бүртгэл хөтлөхдөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

14.2. Узуфруктыг эзэмшигч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн бүртгэнэ.

14.3. Узуфруктыг бүртгэхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана.

14.4. Узуфрукт эзэмшигч нь эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд Иргэний хуулийн 152.2-т заасны дагуу өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байна.

Арван тав. Бусдын газар дээр барилга байгууламж барих
      эрхийн бүртгэл хөтлөх

15.1. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэл хөтлөхдөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

15.2. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг газар өмчлөгчийн зөвшөөрлийг үндэслэн бүртгэнэ.

15.3. Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг бүртгүүлэхдээ мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана:

          15.3.1. бусдын газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан гэрээ;

          15.3.2. эрх үүсгэсэн шийдвэр.

Арван зургаа. Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн
           санхүүгийн түрээс (лизинг)-ийн эрхийн бүртгэл хөтлөх

16.1. Усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс (лизинг)-ийн эрхийн бүртгэл хөтлөхөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтална.

Арван долоо. Батлан даалтын гэрээний бүртгэл хөтлөх

17.1. Батлан даалтын гэрээний бүртгэл хөтлөхдөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

17.2. Батлан даалтын гэрээг бүртгэхдээ мэдүүлэгт дараахь нотлох баримтыг хавсаргана:

  17.2.1. батлан даалтын гэрээ;

  17.2.2. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь.

Арван найм. Газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэл хөтлөх

18.1. Улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн сангаас газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой мэдээллийг нягтлан шалгаж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд уг мэдээллийг дундын мэдээллийн сангаас хэвлэн авч, цахим мэдээллийн санд боловсруулан улсын бүртгэлийн дугаар олгож, хувийн хэрэгт хавсаргана. Улсын бүртгэлийн дугаарыг дундын мэдээллийн санд оруулна.  

18.2. Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлын дундын мэдээллийн санд оруулсан мэдээллийг улсын бүртгэгч хянаж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байвал энэ тухай мэдэгдлийг дундын мэдээллийн санд оруулна.

18.3. Улсын бүртгэгч энэ журмын 18.1, 18.2-т заасан ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал дундын мэдээллийн санд  мэдээлэл оруулснаас хойш ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэнэ.

18.4. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг тухайн аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал олгоно.

Арван ес. Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй    
      холбоотой эрхийн улсын бүртгэл хөтлөх 


19.1. Хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэл хөтлөхдөө хөдлөх эд хөрөнгийн нэг бүрийн шинж төлөв, бусад ижил төрлийн хөдлөх эд хөрөнгөөс ялгагдах онцлог байдлыг харгалзана.

19.2. Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргана:

19.2.1. хөдлөх эд хөрөнгийн нэг бүрийн шинж төлөв, бусад ижил төрлийн хөдлөх эд хөрөнгөөс ялгагдах онцлог байдлыг тодорхойлсон баримт бичиг (шинж төлөв, гарал үүсэл, хийц бүтээцийг тодорхойлсон сертификат, гэрчилгээ, арлын дугаар, сериал дугаар бүхий техникийн баримт бичиг, гаалийн мэдүүлэг, тусгай зөвшөөрөлтэй ашиглагддаг хөдлөх эд хөрөнгө бол тусгай зөвшөөрлийн хуулбар зэрэг);

19.2.2. хөдлөх эд хөрөнгийг тал бүрээс нь бүтэн харуулсан гэрэл зураг;
19.2.3. өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг, гэрээ;

19.2.4. тухайн хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхойлсон баримт бичиг;
19.2.5. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

19.3. Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эрхийн шилжилтийг бүртгэхэд энэ журмын Зургаад заасныг баримтална.

Хорь. Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах

20.1. Улсын бүртгэгч дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:

  20.1.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.5-д заасан үндэслэл байгаа бол;

  20.1.2. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй бол;

  20.1.3. эрхийн улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх хүчинтэй байгаа бол.

  20.2. Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ тухай үндэслэлээ тодорхой тусгасан мэдэгдлийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдүүлэг гаргагчид өгнө.

Хорин нэг. Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх,
хүчингүй болгох

21.1. Улсын бүртгэгч хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлтийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн      30.1.1, 30.1.2, 30.1.3, 30.1.4, 30.1.5, 30.1.6-д заасан үндэслэлээр, улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30.1.7-д заасан үндэслэлээр тус тус тусгай тэмдэглэл хийж, эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлтийг хувийн хэрэгт тус тус хавсаргана.

21.2. Улсын бүртгэгч тусгай тэмдэглэл хийлгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй тулган нягталж, шаардлага хангасан гэж үзвэл тусгай тэмдэглэл хийх, шаардлага хангаагүй тохиолдолд тусгай тэмдэглэл хийхээс татгалзаж, хариу мэдэгдэнэ.

21.3. Эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлтийг үндэслэн хүчингүй болгоно.

Хорин хоёр. Эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх,
       дуусгавар болгох, хүчингүй болгох

22.1. Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг тус тус баримтлах бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана.

22.2. Барьж дуусаагүй барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд (захиалагч) нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн                 31.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд орон сууц захиалгын гэрээ, оруулсан хөрөнгийн хэмжээг нотлох баримтыг мэдүүлэгт тус тус хавсаргана.

22.3. Өв залгамжлах эрх бүхий этгээдийн хүсэлтээр өв нээгдэхээс өмнө өв залгамжлах эрх бүхий этгээдийн өргөдөл, хууль ёсны өвлөгч мөн болохыг нотолсон баримт бичгийг үндэслэн урьдчилсан тэмдэглэл хийж болно.

22.4. Иргэний хуулийн 104.1-д заасны дагуу эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд энэ журмын 7.1-д заасны дагуу мэдүүлэг гаргасан тохиолдолд улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг нээж, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж, улсын бүртгэлийн дугаар олгоно.

22.5. Урьдчилсан тэмдэглэлийг дуусгавар болгох, хүчингүй болгоход Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг тус тус баримтална.

Хорин гурав. Бусад

23.1. Улсын бүртгэгч шаардлагатай тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээс нотлох баримтыг хуулбарлан авч, шинээр бүртгэж байгаа эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргаж болох бөгөөд энэ тохиолдолд нотлох баримтын хуулбарт хуулбарлан авсан хувийн хэргийн дугаарыг тэмдэглэнэ.

23.2. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон улсын бүртгэгч шүүхээс гардан авсан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тухай шийдвэр, шүүхэд өгсөн хариу тайлбар зэрэг нотлох баримтыг холбогдох хувийн хэрэгт хавсаргаж, цахим мэдээллийн санд оруулна.

23.3. Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тухайн эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрхэд нөлөөлөх холбогдох бусад шийдвэр, албан бичиг зэргийг хавсаргана.

 


-----о0о-----