- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 382 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД
ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн төрийн албан хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно: (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Төрийн алба хаасан хугацаа (жилээр, сараар) | Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь |
2 дахь жил (13 – 24 сар) | 1 |
3 дахь жил (25 – 36 сар) | 2 |
4 дэх жил (37 – 48 сар) | 3 |
5 дахь жил (49 – 60 сар) | 4 |
6 дахь жил (61 – 72 сар) | 5 |
7 дахь жил (73 – 84 сар) | 6 |
8 дахь жил (85 – 96 сар) | 7 |
9 дэх жил (97 – 108 сар) | 8 |
10 дахь жил (109 – 120 сар) | 9 |
11 дэх жил (121 –132 сар) | 10 |
12 дахь жил (133 – 144 сар) | 11 |
13 дахь жил (145 – 156 сар) | 12 |
14 дэх жил (157 – 168 сар) | 13 |
15 дахь жил (169 – 180 сар) | 14 |
16 дахь жил (181 – 192 сар) | 15 |
17 дахь жил (193 – 204 сар) | 16 |
18 дахь жил (205 – 216 сар) | 17 |
19 дэх жил (217 – 228 сар) | 18 |
20 дахь жил (229 – 240 сар) | 19 |
21 дэх жил (241 – 252 сар) | 20 |
22 дахь жил (253 – 264 сар) | 21 |
23 дахь жил (265 – 276 сар) | 22 |
24 дэх жил (277 – 288 сар) | 23 |
25 дахь жил (289 – 300 сар) | 24 |
26 ба түүнээс дээш жил (301 ба түүнээс дээш сар) | 25 |
Тайлбар: Энэ журмын 2-т заасан төрийн алба хаасан хугацааны “жилд” гэснийг “тухайн жил дуустал” гэж, “6-10 жилд” гэснийг “6 дахь жилийн эхнээс олгоно” гэж тус тус ойлгоно. (Энэ тайлбарыг Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор хассан)
3. Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно:
1/ Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан албан тушаалд ажилласан хугацаа;
2/ Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцсон хугацаа;
3/ Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцсон хугацаа;
4/ улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл өдрүүдэд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу томилогдон ажилласан хугацаа; (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 15 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
5/ төрийн албанд ажиллаж байх хугацаандаа дахин мэргэшсэн, шинээр мэргэжил эзэмшсэн, төрийн хөрөнгөөр зургаа хүртэлх сарын хугацаагаар давтан сурсан, мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэхээр суралцсан, зургаан сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдсэн хугацаа;
6/ төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа;
7/ төрийн байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөөтэй байсан хугацаа;
8/ төрийн албанд ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;
9/ баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гаргасан, гэмт хэргийн шинжгүйн улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаа;
10/ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон бол төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан хугацаа;
11/сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)
12/хугацаат цэргийн алба хаасан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)
13/нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн)
14/ Улсын Их Хурлын байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх хянах, хадгалах журам”-ын 2.2.6-д заасан стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 500-аас дээш ажилтантай төрийн өмчит үйлдвэрийн газрын болон төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажилласан 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаа (зөвхөн төрийн албаны шалгалт өгөхөд тооцно). (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 15 дугаар тогтоолоор нэмсэн)
4. Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр байна.
5. Төрийн алба хаасан хугацааг байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн тушаалаар энэ журмын 2-т заасны дагуу нэмэгдэл олгох хувийг тогтооно.
6. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A