A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2018 оны 382 дугаар
       тогтоолын 2 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН
ХААГЧИД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1. Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 57.2.2, 57.2.4, 57.8, 57.12-т заасны дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

2. Энэ журмын 1-д заасан төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан  нэмэгдэл хөлс олгоход энэ журмыг удирдлага болгоно.

3. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагын дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачлагаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсанд, орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажиллуулахыг шөнийн цагаар ажиллуулсанд, нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулахыг нийтээр амрах баярын өдөр ажиллуулсанд, Бямба, Ням гарагт ажиллуулахыг долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулсанд тус тус тооцож, нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгоно.

4. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дор дурдсанаас бусад тохиолдолд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг ажил олгогчийн санаачлагаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:

     4.1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2019 оны 126 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

     4.2. гамшиг, аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;

     4.3. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;

   4.4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол тухайн төрийн байгууллагын буюу түүний харьяа нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.

5. Дор дурдсанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачлагаар ажиллуулахыг хориглоно:

     5.1. энэ журмын 4.1-4.4-т заасан тохиолдол;

     5.2. тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгүүлэх.

Хоёр.Нэмэгдэл хөлс тооцох аргачлал
(Энэ хэсгийг Засгийн газрын 2022 оны 490 дүгээр тогтоолоор нэмсэн
бөгөөд үүнийг 2023-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)


      1.Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин (нэг аравны таваас дээш байхыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулж болно.) нэмэгдүүлэн тооцно.

      2.Нийтээр амрах баярын өдөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр (хоёроос дээш байхыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулж болно.) дахин нэмэгдүүлэн тооцно.

      3.Шөнийн цагаар ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр (нэг аравны хоёроос дээш байхыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулж болно.) дахин нэмэгдүүлэн тооцно.
 
      4.Албан хаагчийг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажиллуулсан бол энэ хэсгийн 1, 2-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.

      5.Албан хаагчийг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоно. Ээлжээр ажилладаг албан хаагчийн ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс олгохгүй.

      6.Нэмэгдэл хөлс тооцох, олгохтой холбоотой зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно.

Гурав. Нэмэгдэл хөлс олгох

1. Төрийн албан хаагч энэ журмын хавсралтаар баталсан “Нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас”-ны дагуу илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласан үндэслэл, гүйцэтгэсэн ажлын гол агуулга, нэмэгдүүлсэн цалин хөлсний тооцоог нэгжийн даргаар хянуулж баталгаажуулсны үндсэн дээр байгууллагын дарга зөвшөөрөл олгосны дараа санхүүд хүргүүлнэ.

2. Нэмэгдэл хөлсийг төрийн албан хаагчийн илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны дараа сарын цалин хөлстэй хамт тооцож олгоно.

3. Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь          4.1-т зааснаас бусад тохиолдолд тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна. Тухайлбал, 8 дугаар сарын ажлын цаг 160 гэж үзвэл тухайн сард нэмэгдэл хөлс тооцогдох цаг нь 16-аас илүүгүй байна.

4. Төрийн албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журмын хавсралт хүснэгтийн үндэслэл хэсэгт 1.4.1-1.4.4, 1.5.1-1.5.2-т зааснаас тохирохыг сонгож бөглөнө. Ажлын товч агуулга гэсэн хэсэгт нэмэгдэл хөлс тооцох цагт гүйцэтгэсэн ажлын товч агуулгыг үндэслэл тус бүрээр бичнэ.

5.Ээлжийн хуваарийн дагуу ажилладаг ажилтан болон байгаль хамгаалагч, соёлын ажилтанд нэмэгдэл хөлс олгохдоо энэ хэсгийн 3 дахь заалтыг баримтлахгүй байж болно. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 84.4-т заасныг баримтална. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмж, Засгийн газрын 2022 оны 490 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газрын 2023 оны 242 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2024.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Дөрөв. Бусад

1. Нарийн төвөгтэй ажилбар болон анхаарал төвлөрөл шаардах ажил гүйцэтгэдэг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний  зарим албан хаагчийг шөнийн цагаар ажиллуулсан тохиолдолд мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд үүсэх эрсдлээс сэргийлж, түүнийг нөхөн амруулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар ажилласан төрийн албан хаагчтай зөвшилцсөний үндсэн дээр түүнийг үргэлжлүүлэн ажиллуулж, энэ журмын дагуу нэмэгдэл хөлсийг тодорхойлно.

 

2. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагаар явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол түүний албан тушаалын сарын үндсэн цалингийн 5 хүртэл хувиар тооцож дуудлагаар явсан тохиолдол бүрт нэмэгдэл хөлс олгоно. Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагаар явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн үед тооцох нэмэгдэл хөлсийг дуудлагын зай болон замын бартаанаас хамааруулж олгох зохицуулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, дагаж мөрдүүлнэ.

3. Ерөнхий боловсролын сургуулийн багшид анги даасны 10 хувь, кабинет, лаборатори хариуцан ажилласны 5 хувь, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн заах аргын нэгдлийн ахлагчид заах аргын нэгдэл удирдсаны 5 хувийн нэмэгдэл хөлс тус тус тооцож олгоно.

 


-----о0о-----

 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид
нэмэгдэл хөлс олгох журмын хавсралт

 

НЭМЭГДЭЛ ХӨЛС ТООЦОЖ ОЛГОХ ХУУДАС


20... оны ... дугаар
сарын ...–ний өдөр                                 Дугаар ....

_________________________________________ ажилтай _________________ овогтой ________________________-д 20 .... оны ... дугаар сард .......  цагийн нэмэгдэл хөлс олгохыг зөвшөөрөв.
 

Нэмэгдэл хөлс

Үндэслэл (журмын 4.1-4.4, 5.1-5.2 дахь заалтын аль нь болохыг бичих)

Ажлын товч агуулга

(Үндэслэл тус бүрээр бичих)

Ажилласан огноо, цаг, минут

Нэмэгдүүлсэн цалин хөлсний тооцоо

Тухайн ажлыг гүйцэтгэсэн байршил

Баталгаажуулсан нэгжийн дарга

1

2

3

4

5

6

7

1.

Илүү цаг ажилласан

 

 

1.

2.

3.         гэх мэт

1.

2.

3.        гэх мэт

1.

2.

3.        гэх мэт

 

2.

Долоо хоногийн амралтын өдрөөр ажилласан

 

 

1.

2.

3.         гэх мэт

1.

2.

3.        гэх мэт

1.

2.

3.        гэх мэт

 

3.

Нийтээр амрах баяр ёслолын өдөр ажилласан

 

 

1.

2.

3.         гэх мэт

1.

2.

3.        гэх мэт

1.

2.

3.        гэх мэт

 

4.

Шөнийн цагаар ажилласан

 

 

1.

2.

3.         гэх мэт

1.

2.

3.        гэх мэт

1.

2.

3.        гэх мэт

 

5.

Бүгд

 

 

 

 

 

 

Зөвшөөрсөн: Төсвийн шууд захирагч                                                        /   /
Хянасан: Нэгжийн дарга                                                                            /   /
Тооцоо хийх хүсэлт гаргасан: Төрийн албан хаагч                                 /   /