- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 382 дугаар
тогтоолын 7 дугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД
ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д багтсан эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
3. Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжид ажиллаж байгаа дарга/эрхлэгч, хүний их эмч, шүдний их эмч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лабораторийн болон рентген туяаны техникч, ариутгагч, асрагч/үйлчлэгчид албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхлэх хугацаанд сар бүр олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
4.Зоонозын өвчин судлалын үндэсний төв, аймаг, нийслэлийн зоонозын өвчин судлалын төвд ажиллаж байгаа ерөнхий эмч, их эмч (бактериологич), клиникийн их эмч (гоц халдвартын), халдвар судлалын их эмч (тархвар судлаач), халдвар судлалын бага эмч/дуудлага хяналтын бага эмч, вирус судлагч, генетикч, бактериологийн лаборант, малын эмч, амьтан судлагч, шимэгч судлагч, шимэгч судлалын лаборант, био химич, биотехнологич, ариутгагч, бэлдмэлчин, түргэн тусламжийн жолооч болон хээрийн шинжилгээний жолооч, амьтан маллагчид албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхлэх хугацаанд сар бүр олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар тогтоолоор нэмсэн)
5. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно. (Энэ заалтын дугаарлалтыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар тогтоолоор өөрчилсөн)
-----о0о----
Текст томруулах
A
A
A