A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны
А/52 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

МАЛ АМЬТНЫ ХҮҮР, СЭГ, ЗЭМ УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Мал, амьтны хүүр, сэг, зэм болон мал, амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ:Мал, амьтны хүүр, сэг, зэм болон халдварт өвчнөөр өвчилсөн малыг зориуд устгах, булшлахад энэхүү зааврын дагуу гүйцэтгэнэ.

ХОЁР. МАЛ АМЬТНЫ ХҮҮР, СЭГ, ЗЭМ УСТГАХ

2.1.Өвчин гарсан газарт зориудын устгал хийх болон байгалийн гамшгийн үед мал, амьтан нэг дор олноор хорогдсон тохиолдолд устгах, булшлах үйл ажиллагаанд тээврийн хэрэгсэл, чиргүүл, түрдэг тэргийг ашиглана.

2.2.Үхсэнмал, амьтны хүүрэнд үзлэг хийж шаардлагатай тохиолдолд малын эмч холбогдох зааврын дагуу сорьц авч шалтгааныг тодруулан шийдвэрлэх арга хэмжээ авна.

2.3.Зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны хүүр, сэг, зэмийг мал эмнэлгийн байгууллага нь халдваргүйтгэх болон устгах, булшлах үйл ажиллагааг зохион байгуулна.

ГУРАВ. МАЛ АМЬТНЫГ ЗОРИУДААР УСТГАХ АРГА.

3.1.Мал амьтныг зориуд устгах зарчим:

3.1.1.Техникийн аюулгүй ажиллагааны зааварчлагыг мөрдөн өөрсдөө халдвар авах, бусдад тараахаас сэргийлнэ.

3.1.2.Мал амьтныг аль болох богино хугацаанд үхүүлэх энэрэнгүй аргыг сонгож хэрэглэнэ.

3.2.Мал амьтныг зайлшгүй шаардлагаар устгахдаа дараах аргын аль нэгийг сонгож хэрэглэнэ.

3.2.1.Нугаслах, 3.2.2. Буудах, 3.2.3. Нүүрс хүчлийн хийгээр утах, 3.2.4. Эмийн бэлдмэл хураагуур судсаар тарих

3.2.1.Нугаслах арга: Энэ аргыг тэмээ, үхэр, адуу, шувууг устгахад хэрэглэх ба энэ аргыг эзэмшсэн хүнээр гүйцэтгүүлнэ. Бод малыг нугаслахын өмнө сайтар бэхлэж улмаар алхаар зураг №1 заагдсан цэгт цохиж муужруулан, хариу урвал үзүүлэхгүй болсны дараа нугаслах аргыг хэрэглэх нь тохиромжтой. Бод малыг хөдөлгөөнгүй бэхлэсний дараа аман хүзүү, дагзны нүхээр хутгаар хатгаж нугасыг таслана. Цөөн тооны тахиаг (зарим орнуудад хүзүү урттай цөөн тоотой нугас, галуу) устгахад нугаслах аргыг хэрэглэнэ. Шувууг торноос баруун гараар барьж гарган зүүн сугандаа хавчуулж хөдөлгөөнгүй бэхлэсний дараа баруун гараар толгойг мушгиж нугасыг таслана. Толгойг бүрэн тасдаж салгаж болохгүй. Дараа нь шувууг гялгарбуюу тааран уутандшууд хийж, уут дүүрмэгц түрдэг тэргэн дээр байрлуулах бауутны гадна талыг халдваргүйжүүлэх уусмалаар сайтар шүршинэ. Хэрвээ олноор байгаа нөхцөлд шувууг түрдэг тэрэг ашиглан сэг зэм зөөвөрлөх машинд шууд ачих бөгөөд цөөн бол шууд булшлах нүхэнд зөөвөрлөж хийнэ.

3.2.2.Буудах арга: Буудах аргыг олон тооны малыг богино хугацаанд устгах үр дүн сайтай арга хэдий ч оролцогч хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангах, галт зэвсэг, сумыг ашиглах, тусгайлсан зэвсэг хэрэглэх эрх бүхий хүнийг томилон ажиллуулах талаар хууль, хүчний байгууллагуудаас зайлшгүй зөвшөөрөл авах, буудагч нь тодорхой дадлага туршлагатай байх нэмэлт шаардлагууд тавигдана. Малын төрлөөс шалтгаалан буудах оновчтой цэг нь өөр өөр байдаг. Тухайн цэгт буудах аваас богино хугацаанд мал амьтныг үхүүлэх боломжтой. Энэ аргаар тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа, гахайг устгахад нэн тохиромжтой. Мал амьтныг булшлахаар ухаж бэлтгэсэн нүхний ойролцоо газарт хөдөлгөөнгүй бэхэлсний дараа тухайн орчинд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг сайтар дахин нягтлан шалгана. Малын төрлөөс хамааран зурагт №1 заагдсан тодорхой цэгт 0.5-1.0 метр зайнаас буудна. Буудагдсан мал амьтныг үхсэн эсэхийг шалгасны дараа булшлах нүхэнд хийнэ.

Зураг №1. Буудах цэгийн байрлал

3.2.3.Нүүрс хүчлийн хийгээр утах: Нүүрс хүчлийн хийг (CО2) ашиглан богино хугацаанд нэгэн зэрэг олон тооны шувууг үхүүлэх боломжтой. Энэ аргын мөн чанар нь мал амьтны төв мэдрэлийн тогтолцоонд байгаа (ТМТ) амьсгалын төвийг дарангуйлж, ухаан алдуулах замаар тархины үйл ажиллагааг бүрэн зогсооход оршино. Шувууны байран маллагаатай битүү системтэй аж ахуйн нэгжид халдварт өвчин гарсан үед зайлшгүй шаардлагаар сүргийг устгах тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой арга юм. Шувууны байрнаас хий алдагдахаас сэргийлэн урьдчилан хаалга, цонх, бусад нүхийг сайтар битүүмжилж шалгана. Нүүрсхүчлийн хий агуулсан баллоныг байрны дотор талд эсвэл гадна талд байрлуулж хийг гуурсан хоолой ашиглан утах аргаар гүйцэтгэнэ. Аюулгүй ажиллагааны заавар баримтлах ба хөлдөлт үүсэхээс сэргийлнэ. Битүү байранд нүүрсхүчлийн хийг 40 хувь хүртэл дүүргэн мал амьтныг үхэх хүртэл утна.

3.2.4.Эмийн бэлдмэл хураагуур судсаар тарих: Энэ аргыг зөвхөн малын эмч хүн гүйцэтгэх бөгөөд богино хугацаанд амархан үхүүлнэ.Хэрэглэх эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна.

ДӨРӨВ. ТЭЭВЭРЛЭЛТ

4.1.Устгасан мал амьтан, шувууны сэг зэм ачих тээвэрлэх зориулалттай авто машины тэвшийг битүүмжилж ямар нэгэн нүх, цоорхой байгаа эсэхийг нягтлан шалгана.

4.2.Үхсэн юм уу зориуд устгасан мал амьтан, шувууны хүүр, сэг зэмийг авто машины тэвшнээс дээш гаргалгүйгээр давхарлан ачна.

4.3.Зориуд устгасан эсвэл үхсэн мал амьтан, шувууны хүүр,сэг зэм, халдвартай материал ачсан тээврийн хэрэгсэл айл өрх, хашаа бууц, өвөлжөө, хаваржаа, төв суурин газраар дайран өнгөрөхгүй.

4.4.Булшлах газарт ачаагаа буулгасны дараа авто машин, түүний тэвш, дугуй зэргийг сайтар угааж цэвэрлэн, халдваргүйт гэнэ.

4.5.Шувууны хувьд сангас, хэвтэр нь халдварын гол эх уурхай тул хамтад нэг нүхэнд хийж булшилна.

ТАВ. БУЛШЛАХ АРГА:

5.1.Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ орон нутгийн засаг захиргааны нэгж, бусад холбогдох албадтай харилцан зөвшилцөн хүүр, сэг, зэм устгах арга, булшлах газрыг сонгон халдваргүйжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.2.Булшлах газрыг сонгохдоо хөрсний ус, нуур, голын эргээс хол, улсын болон орон нутгийн чанартай авто болон төмөр зам, нутгийн шүтлэгтэй уул, овооноос зайдуу, мал, хүний суурьшил сийрэг, үерийн усанд автахааргүй, өндөрлөг, хуурай хөрстэй, зонхилох салхины чиглэлийн эсрэг талд байрлах зэрэг шалгуурыг харгалзана.

5.3.Булшлах үйл ажиллагаанд дараахь үндсэн 2 аргыг дангаар буюу хослон хэрэглэнэ.

5.3.1.Шатааж хөрсөнд булшлах: Энэхүү устгах аргыг техникийн нөхцөл боломж бүрдсэн тохиолдолд л хэрэглэнэ. Энэ арга нь их хэмжээний түлш, шатах материал, цаг хугацаа шаарддаг учир хязгаарагдмал байдлаар хэрэглэнэ. Өвлийн улиралд шатамхай бодис (бензин, дезилийн түлш, креосин) мод зэргийг ашиглаж болно. Боом, дуут хавдар өвчнөөр үхсэн малыг булшлахад энэ аргыг хэрэглэнэ.

5.3.2.Хөрсөнд булшлах: Орон нутагт гоц халдварт болон халдварт өвчин гарсан үед шалгуур үзүүлэлтийг хангасан газрыг сонгон, мал амьтан, тээврийн шилжилт хөдөлгөөн аль болох бага хийх, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар тооцоолж устгах, булшлах үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэнэ. Энэ нь гоц халдварт өвчин гарсан үед орон нутагт хэрэглэхэд тохиромжтой, түгээмэл хэрэглэдэг арга юм.

5.4.Шувуу, гахай, үхрийн төвлөрсөн аж ахуйд халдварт өвчин гарсан тохиолдолд хол зөөвөрлөхгүйгээр тухайн фермийн хашаанд устгах, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно. Тухайн аж ахуйн нэгж байрлаж байгаа хашаан дотор мал нядлагааны газар байгаа бол малыг зориуд устгахад ашиглах ба ажлыг хийж дуусгасаны дараа иж бүрэн халдваргүйтгэх арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлнэ.

5.5.Булшлах газрыг сонгоод устгах малын төрөл, тооноос хамааран тэгш өнцөгт хэлбэрийн нүхийг ухаж бэлтгэнэ. Нүхний хэмжээ нь булшлах малын тоо, төрлөөс шууд хамаарна.Үхсэн болон зориуд устгасан мал амьтны хүүр, сэгзэм, бусад халдвартай материалыг халдваргүйжүүлэлт хийсний дараа газрын хөрсөнд булах аргаар булшилна. Булах ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг сайтар хангах, хүн, мал, амьтан, шувуунд халдвар дамжихаас сэргийлэн булшлах ажлыг богино хугацаанд түргэн шуурхай гүйцэтгэх, байгаль орчинд ямар нэгэн хор, аюулгүй байх нөхцлий гтооцсон байвал зохино. Халдвартай зүйлс болох үхсэнюм уу устгасан мал амьтан, тээвэрлэсэн автомашины тэвшний өтөг шивх, сангас, өндөг, өвс, тэжээлийг хамтаднь газрын хөрсний 250-300 см-ийн гүнд булна. Нүхний ёроолд устгасан мал, амьтан, шувуу гүе болгон байрлуулж дээр нь халдваргүйжүүлэх бодисыг үелүүлэн цацах юм уу шүршинэ.Энэ ажиллагааны дараа нүхийг 50 см-ээс доошгүй зузаан хөрсөөр дүүргэж сайтар чигчинэ. Нүхийг шороогоор дүүргэж чигжиж дараа нь газрын гадаргаас дээш 50 см өндөр шороо овоолсон байна. Бод, бог малын хүүрийн гэдсийг нүхэнд хийсний дараа зүсэж хагална.

5.6.Устгалын багийн гишүүн тус бүрийн ажлыг хуваарилан булах цэгт дахин шинээр сэг зэм ачсан машин ирэх хүртэл мал, амьтан, шувууг устгалын нүхрүү ойртуулахгүй байх зорилгоор халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр шүрших ба мэрэгчид, зэрлэгшувуу, амьтадидэх, бусад газарт зөөвөрлөн тараахаас сэргийлж богино хугацаанд гүйцэтгэнэ. Булшилсан газар, түүний эргэн тойронд торон хайс татаж “АНХААР” гэсэн анхааруулга тэмдэг байрлуулж газрын нэр болон байршлыг газар зүйн байршил тогтоогч багажаар (GPS) тэмдэглэнэ. Булшлах ажиллагаа дуусмагц мал амьтан, шувууг тээвэрлэсэн тоног төхөөрөмж, түрдэг тэрэг, авто машиныг угааж цэвэрлэн, халдваргүйжүүлэх бодис, уусмалаар шүршиж халдваргүйтгэнэ. Устгалд оролцсон багийн гишүүд өмссөн хамгаалах хувцас, хэрэгсэлээ тайлж уутанд хийж устгалд хамруулна. Зориуд болон зайлшгүй шаардлагаар устгасан малын устгалын актыг үйлдэнэ.

5.7.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.