A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/59 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

АДУУНЫ  ТАРААГУУР СУДАСНЫ ҮРЭВСЭЛ ӨВЧНӨӨС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР  EQUINE VIRAL ARTERITIS,

ВИРУСНЫЙ АРТЕРИИТ ЛОШАДЕЙ

НЭГ.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Адууны тараагуур судасны үрэвсэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Адууны тараагуур судасны үрэвсэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Адууны тараагуур судасны үрэвсэл өвчин нь өвчилсөн адууны цусны цагаан эс багасах, зовхи, хөл, хэвлийн хэсэгт хаван үүсэх, жижиг судас үрэвсэх, халуурах, гүү хээл хаях зэрэг шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Адууны тараагуур судасны үрэвсэл өвчний үүсгэгч нь Артеривирусын язгуурын Артеривирусын төрөлд хамаарагдана. Адууны тараагуур судасны үрэвслийн вирус нь РНХ агуулсан, хүчиллэг орчин, халаах зэрэгт мэдрэг байдаг байна.Халдварт эдэд -200С-д 6 жил хүртэл, 40С-д 75 өдөр, 370С-д 2 өдөр, 560С-д 20 минут хүртэл идэвхтэй байдаг.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Адууны тараагуур судасны үрэвслийн вирус нь амьсгалын замаар мөн нийлүүлгийн үед халдвар дамжина. Өвчний хурц явцын үед амьсгалын замаар халдах бөгөөд нийлүүлгийн үед гүү болон азарганаас аль алинд нь халддаг. Мөн зохиомол хээлтүүлгийн явцад халдвартай хөлдөөсөн үрээр, хөврөл шилжүүлэн суулгах замаар дамжин халддаг. Мөн вирусээр бохирдсон эд зүйлсээр шууд бус замаар халддаг нь мөн бүртгэгдсэн байна. Халдвар авсан азарга насан туршид үрийн шингэнээр вирус ялгаруулж байдаг.

ХОЁР.ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Ердийн нөхцөлд адуу нас, хүйснээс хамаарахгүй цочмог хэлбэрээр өвчилдөг. Aмьсгалын замаар халдсаны дараа вирус амьсгалын замын бүрхүүл эсэд нэвтрэн улмаар цусны эргэлтэнд орохоос өмнө тухайн хэсгийн тунгалагийн зангилаанд үржиж эхэлдэг байна. Халдвар авснаас 6-8 өдрүүдэд вирус нь артерийн судасны эндотелийн эсэд байрладаг бөгөөд судасны үрэвсэл үүсгэж эхэлдэг. Энэ нь цус харвалт болон хаван үүсгэх шалтгаан болдог.  Халуурах, хамрын болон зовхины салст бүрхүүл улайх, арьс үрэвсэж бижрүүтэх, нулимс гоожих, хамраас шингэн гарах, зовхи, хөл, хэвлийн хэсэгт хаван үүсэх, гүү хээл хаях зэрэг шинж тэмдэг үзүүлдэг. Өвчний нууц үе 1-5 хоног байдаг.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Үхсэн адууг задлахад цээжний хөндийн салст бүрхүүл, дэлүүнд цус харвасан, уушиг нь хавагнасан, гэдэс, элэг, бөөр, дэлүү нь үрэвссэн байдаг. Гүү хээл хаях үед зулбадасны зовхи, хамар, ам, буйл, мөгөөрсөн хоолой, ходоод гэдэсний салст бүрхүүлд цус харавсан, шингэн хуримтлагдсан байдаг. Үхлийн хувь харьцангуй доогуур, харин нялх унага голдуу үхдэг.

2.3.Лабораторийн оношлогоо: Хээрийн нөхцөлд эпидемиологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тавих бөгөөд үүнд адууны нулимс, хамраас шингэн гоожсон, нүдний эргэн тойрон, хэвлийн хэсэг, ялангуяа азарганы сэлдий хавагнаж хавдсан, амны болон нүдний хөндийн салст бүрхүүлд цус харвалт үүссэн, арьс үрэвсэж биржийсэн ба гүү хээл хаясан бол энэ өвчнөөс сэжиглэж болно. Лабораторид эмгэгт материалыг дээж авч хүргүүлнэ. Адууны тараагуур судасны үрэвсэл өвчний дээжинд бүлэгнэсэн болон бүлэгнээгүй цус, хамрын арчдас  авч хөлдөөлгүй хүргүүлнэ. Эпидемиологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялган авах болон УХ–ПГУ, вирус саармагжуулах урвал /ВСУ/, хавсарга холбох урвал /ХХУ/, нэвчин тундасжих урвал /НТУ/, шууд бус дархан туяарах урвал /ДТУ/, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Адууны томуу, адууны халдварт цус багадах, адууны ринопневмони, адууны аденовирусын өвчнөөс ялган оношловол зохино.

2.5.Эмчилгээ: Зөвхөн илэрсэн эмнэл зүйн шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Адууны тараагуур судасны үрэвсэл өвчний сэжиг бүхий мал, амьтныг шинжилгээнд хамруулж онош батлагдсан бол устгалд оруулна.  Адууны тараагуур судасны үрэвсэл өвчний үед авах тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ байхгүй. Бусад оронд вакцин хэрэглэдэг боловч манай оронд ямар нэг вакцин хэрэглэдэггүй.

3.2.Тандалтыг санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэнэ.

ДӨРӨВ.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Адууны тараагуур судасны үрэвсэл өвчний онош батлагдсан тохиолдолд үлдсэн адуунд шинж тэмдгийн үзлэг хийнэ. Хорио цээр тогтоох шаардлагагүй. 

4.2.Хязгаарлалтын дэглэмийг суурийн төвшинд тогтоож малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлана. Хязгаарлалтын дэглэмийг тогтоосон албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

4.3.Адууны тараагуур судасны үрэвсэл өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг булж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаана. Хашаа хороо, тоног хэрэгслийг Virkon1 %, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг зөв тунгаар найруулсны дараа уусмалын рH-ийг шалгаж, зохих түвшинд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа хэрэглэнэ.

4.4.Адууны тараагуур судасны үрэвсэл өвчний онош батлагдсан хойно тухайн мал, амьтныг малын эмчийн хяналтанд зохих зааврын дагуу устгаж булна. Тухайн мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулалгүй устгалд оруулна.  

4.5.Адууны тараагуур судасны үрэвсэл өвчин илэрсэн сүрэгт үзлэг хийж ямар нэг эмгэгтэй мал, амьтныг шинжилгээнд хамруулна. Өвчин батлагдсан мал, амьтныг устгалд оруулна.

4.6.Адууны тараагуур судасны үрэвсэл өвчнөөр тайван бус газраас импортлосон адуунд өвчний вакцин таригдсан эсэхийг шалгаж эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэг хийнэ.

4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.