A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/59 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

ҮХРИЙН ЦЭЭЖ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар

contagious bovine plueropneumonia, КОНТАГИОЗНАЯ

ПЛЕВРОПНЕВМОНИЯ КРУПНОГО РОГАТОГО СКОТА

НЭГ.ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Үхрийн цээж өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Үхрийн цээж өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Үхрийн цээж өвчин нь хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний ангилалд багтдаг, үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог: Үхрийн цээж өвчин нь Mycoplasma (M) mycoides subsp. mycoides SC (MmmSC; SC = small colony)зүйлийн буюу MYCOPLASMAтөрлийнMYCOIDES зүйлийн SC (Small colony)дэд хэвшлийн буюу маш жижиг колони үүсгэгдэг, граммаар будагддаггүй боловч фуксинээр будахад цэг, таслал маягийн зүйл харагддаг маш жижиг микоплазм юм.

1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар:Гадаад орчинд тэсвэр муутай. Нарны шууд гэрэлд 5 цагийн дотор идэвхээ алддаг. Муудсан сүү, мах, бусад бүтээгдэхүүнд 9 хоног хүртэл идэвхтэй байх бөгөөд ердийн сэрүүн орчинд нэг жил хүртэл идэвхээ хадгалж чаддаг онцлогтой. Харин хасах 300С-ээс доошгүй хэмд хөлдөөгөөд хатаасан нөхцөлд 5 жил хүртэл идэвхээ хадгална. Үүсгэгч нь 580С-т нэг цаг идэвхтэй байж чаддаг ба 0,5%-ийн карболын хүчил үйлчилдэггүй.

1.6.Халдвар дамжих зам, халдварын эх уурхай:Энэ өвчнөөр эвэртний аймгийн бүх амьтад өвчлөх бололцоотой. Өвчтэй мал, амьтад нь уг өвчнийг тээгч болохоос гадна халдварын эх булаг болно. Өвчин агаар дуслын замаар дамжин халдварлах үндсэн замаас гадна өвчилсөн үхрийн салс, сүү, шээс болон тугалсан үнээний хээлийн шингэнээр үүсгэгч гадагшилж халдварын эх уурхай болдог. Ердийн нөхцөлд халдвар хавьтлын замаар дамжина. Одос үхэр болон сарлаг энэ өвчинд илүү мэдрэмтгий. Зориуд халдаахад хонь, ямаа, цаа буга өвчилдөг боловч үхэх нь ховор бөгөөд цаашид уг өвчнийг дамжуулагч болно. Харин тайван бус нутгаас ирсэн хүнээр халдвар дамжсан тохиолдол байдаг. Эрдэмтдийн судлагаагаар уушигны цулын шингэний урсгал их саатдагаас цээжний хөндийд шингэн их хуримталж өвчилсөн үхрийн уушиг томорч зарим тохиолдолд 20 кг хүрсэн нь тэмдэглэгдсэн байна

ХОЁР.Оношлогоо, эмчилгээ:

2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 3 долоо хоногоос 6 сар хүртэл байна, Цочмог, цочмогдуу, архаг явцтай, хэв шинжит болон хэв шинжит бус хэлбэрээр илэрдэг. Практикт ихэвчлэн архаг явцтай илрэх ба цахилгаан явцтай байх нь тун ховор. Цахилгаан явцтай үед биеийн халуун 410С хүрч хивэхгүй болж номойрно. Тасалдсан, уухичсан амьсгалтай болох ба заримдаа чацга алдана. Цээжний гялтан, уушиг богино хугацаанд үрэвсэж өвчилсөн үхэр 2-8 хоноод үхнэ. Цочмог явцын эхний үед хуурай, эмзэглэлтэй, огцом ханиалгаж биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Дараа нь зүрхний цохилт 80-100, амьсгалын тоо 55 хүрэх ба биеийн халуун огцом нэмэгдэж 41–420С болж энэ байдал тухайн малыг үхтэл хадгалагдана. Үхрийн биеийн байдал эрс муудаж амьсгал өнгөц, хүчтэй бөгшүүлж ханиалгах ба хамраас салст идээт шингэн гоожно. Уушгийг тогшиход ихэвчлэн нэг талын бөглүү бүдэг дуу сонсогдох ба чагнахад цулцангийн юм уу гуурсны чанга амьсгал сонсогдоно. Заримдаа тодорхой хэсэгт амьсгалын чимээ сонсогдохгүй ба гялтан үрэвссэн үед хавиралдах мэт өвөрмөц чимээ, уушигны хөндийд дуслах дуслын дуу сонсогдоно. Өвчилсөн үхэр хөлөө алцайж амаа ангайж хүзүүгээ сунган зогсоно. Хавирганы завсраар дарах, сэрвээнээс барилахад маш эмзэглэлтэй байна. Омруу, хэвлий, хөл орчимд хавантай байна. Сүү нь татарч хээлтэй бол хээл хаях бөгөөд 10-15 хоноод үхнэ. Цочмогдуу явцтай үед цочмог явцын үеийнхтэй адил шинж тэмдэг ажиглагдах бөгөөд түр зуур илрэхгүй болно. Архаг явцтай үед хааяа ханиалгах, идээтэй цэр гарах, турах, салст бүрхүүлүүд цайх хөл, хүзүү, хэвлий орчмоор хавагнах, чацга адлах, үе үе халуурах шинж тэмдэг илэрнэ. Чагнах, тогших аргаар үзлэг хийхэд уушгинд сахуулайт үрэвсэл болсон байна. Өвчин 6 сар орчим хугацаанд үргэлжилнэ. Далд хэлбэрийн үед эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд зөвхөн ийлдэс судлалын шинжилгээгээр илэрнэ. Хэв шинжит бус хэлбэрийн үед түр зуур халуурах, хааяа ханиалгах, тэжээл, усандаа дургүй болох зэрэг шинж илэрнэ.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Гол өөрчлөлт нь уушгинд илрэх бөгөөд уушигны гэмтсэн хэлтрүүд томорч маш хатуу болсон байна. Зүсэж үзэхэд амархан бүлэгнэнэ. Шингэн гоожно. Огтлолын гадаргыг харахад уушигны гэмтсэн хэсгүүдийг бусад хэсгээс тусгаарласан хэлтэр хоорондын холбогч эдийн холбоос хүчтэй нэмэгдэж цагаан саарал өнгөтэй болж өргөссөн байна. Тунгалгийн судсууд тунгалаг шингэнээр дүүрсэн байх ба уушигны үрэвслийн элэгжилтийн явцаас хамаарч уушиг цагаан, улаан цагаан, хүрэн улаан  өнгөтэй болж гантиг шиг алагласан байна. Уушигны элэгжсэн хэлтрүүдэд холбогч эдээр бүрхэгдсэн үхжсэн эд бүхий үхжлийн том голомтууд илэрнэ. Энэ голомтууд гадаад талдаа зөөлөн, барзгар байдаг бол дотроо хатуу, нягт байна. Тэдгээр голомтонд үүсгэгч удаан хугацаагаар хадгалагдаж малын биеийн эсэргүүцэл буурах үед уушигны эрүүл эдийг гэмтээж өвчлүүлнэ. Цээжний гялтанд ширхэгэнцэрт өнгөр үүсэх бөгөөд тунгалгийн зангилаанууд томорч хавагнасан, жижиг үхжлийн голомтууд үүссэн байна. Заримдаа уушиг, гялтан, үнхэлцэг, зүрх хоорондоо холбогч эдээр наалдаж нийлсэн байдаг. Эдгээр хувиралт архаг явцтай үед  ажиглагдана.  Цочмог явцтай үед уушгинд улаан, цагаан элэгжилтийн шатанд олон тооны үхжлийн голомтууд үүсч хэлтэр хоорондын холбогч эд их өргөссөн байх ба цээжний хөндийд усавхи ширхэгэнцэрт шингэн хуримтлагдсан байна. Эдгээр шинж тэмдгүүдийг төвлөрсөн болон хувиар нядалсан үхрийн уушгинд илэрсэн тохиолдолд онцгой анхаарч онош тодруулах шаардлагатай.

2.3.Оношлогоо: Тархвар зүйн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт болон лабораторийн шинжилгээ (хавсрага холбох урвал (ХХУ), фермент холбоост эсрэгбиемийн урвал (ФХЭБУ), иммуноблотинг (IBT), микоплазм судлал /микоплазм судлалын сонгомол аргууд болон үүсгэгчийн төрөл, зүйл, ийлдсэн хэвшилийг тодорхойлох ахисан түвшний шинжилгээ/, молекул биологи/полимеразын гинжин урвал (ПГУ)-ийн дүнг үндэслэн оношлоно. Үхрийн цээж өвчнийг оношлох лабораторийн шинжилгээ, оношлогооны урвалуудыг хүснэгт 1-д заасан зорилгын хүрээнд хэрэглэх нь зүйтэй.

Тайлбар:

+++ = тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд өргөн хэрэглэдэг.,

++ = өргөн хэрэглэдэггүй ч тухайн зорилгыг хүрээнд хэрэглэж болно.,

+ = хэрэглэж болох ч өртөг, зардалын хамаарал ихтэй., - = тухайн зорилгод зөвлөөгүй

ПГУ = Полимеразын гинжин урвал., ХХУ = Хавсрага холбох урвал.,

өФХЭБУ = өрсөлдөөнд Фермент холбоост эсрэгбиемийн урвал.,

*=Үхрийн цээж өвчнөөс сэргийлэх “T1” омгоос бэлтгэсэн вакцинаарвакцинжуулсаны дараах дархлааны хариу урвалын үнэлэхэд зөвлөсөн ямар нэгэн ийлдэс судлалын урвал, арга хэрэгсэл байхгүй.

2.4.Оношлогоонд сорьц авах: Үхрийн цээж өвчний оношлогоонд зориулж амьд болон үхсэн мал амьтны хүүрээс сорьц авна. Амьд мал, амьтнаас хамрын арчдас, хамрын гоождос, уушиг бронхын угаагдас зэрэг сорьцийг авдаг бол мал, амьтны хүүрээс уушигны гэмтсэн хэлтрүүд болон хэвийн хэсгийг оруулсан сорьц, уушигны шингэн, уушиганд байх тунгалагийн зангилаа болон тунгалаганцар, үений шингэн зэргийг авна.

2.5.Ялгаварлан оношлох: Үхрийн цээж өвчнийг цусан халдвар, сүрьеэ, халдваргүйн гаралтай сахуулайт үрэвсэл зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.

2.6.Эмчилгээ: Үхрийн цээж өвчтэй мал, амьтныг эмчилдэггүй бөгөөд онош нь батлагдсан мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, мал амьтны хүүрийг зориудаар устгана.

ГУРАВ. Урьдчилан сэргийлэлт:

3.1.Тандалт:Үхрийн цээж өвчний тархалт, халдварлалтын хүрээг тодорхойлох, мал, амьтны суурь сүргийг эсвэл мал, амьтан бүхий бүс, аймаг сум, орон нутгийг үхрийн цээж өвчний халдваргүй, цээж өвчний тохиолдлын үед халдварын эх үүсвэрийг тогтоох зорилгоор тандалтыг  хийнэ.

3.2.Тархвар зүйн судалгаа:Үхрийн цээж өвчний тархвар зүйн судалгааг батлагдсан холбогдох журам, зааврыг баримтлана хэрэгжүүлнэ. Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт Үхрийн цээж өвчинтэй тэмцэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ:

4.1.Мал, амьтны суурь сүрэгт үхрийн цээж өвчний тохиолдол, дэгдэлт гарсан тохиолдол бүрт өвчний үүсгэж буй халдварын эх үүсвэрийг тогтоох судалгааг явуулж, шалтгааныг арилгах хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.2.Үхрийн цээж өвчний тохиолдлын үедбатлагдсан журмын дагуу хорио цээрийн дэглэмийг тогтоож, хэрэгжүүлнэ. Хорио цээрийн дэглэмийн үргэлжлэх хугацаа нь 28 хоногоос ихгүйбайх бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дэглэм бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжих ба уг дэглэмийн нэг удаагийн үргэлжлэх хугацаа нь 6 сараас ихгүй байна. Гэвч шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэмийг хэдэн ч удаа сунгаж болно. 

4.3.Үхрийн цээж өвчтэй нь батлагдсан, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа тохиолдолд тухайн суурь сүргээс мал, амьтны гаралтай ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй бөгөөд хэрэв дэглэм буурч хязгаарлалтын дэглэмд шилжсэн бол Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас батлан гаргасан зөвлөмж, заавар, стандартыг баримтлана. 

4.4.Монгол Улсын хилээр нэвтрэн орох мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас батлан гаргасан зөвлөмж, заавар, стандартыг дагаж мөрдөнө. 

4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.