- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХЭЛ ХӨХРӨХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР BLUE TONGUE, ИНФЕКЦИОННАЯ КАТАРАЛЬНАЯ ЛИХОРАДКА ОВЕЦ
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/59 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
ХЭЛ ХӨХРӨХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
BLUE TONGUE, ИНФЕКЦИОННАЯ КАТАРАЛЬНАЯ ЛИХОРАДКА ОВЕЦ
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Хэл хөхрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Хэл хөхрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Хэл хөхрөх өвчин нь өвчилсөн хонь халуурах, амны хөндий, ялангуяа хэл, тэжээл боловсруулах замын эрхтэн, хөлийн арьс, булчинд үрэвсэл үүсдэг халдварт өвчин юм.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Хэл хөхрөх өвчний үүсгэгч нь Реовирусын язгуурын Орбивирусын төрөлд хамаарагдана. Одоогоор мэдэгдсэн 24 ийлдсэн хэвшил байна. Энэ үүсгэгч нь 50°C-д 3 цаг, 60°C хэмд 15 минутад идэвхээ алдана. pH 6.0-аас доош эсвэл рН 8.0-аас дээш нөхцөлд их эмзэг. Хонины махны рН 6.3-аас доош буудаггүй тул 30 хоног хүртэл идэвхээ хадгалдаг байна. РНХ агуулсан учир бүх төрлийн ариутгалын бодисонд мэдрэг. Ийлдсэн хэвшлүүд хоорондоо солбицох урвалд ордоггүй, нэг хэвшлийн эсрэг үүссэн эсрэг бие бусад хэвшлийн эсрэг хамгаалдаггүй байна.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчний үүсгэгч тээсэн Culicoides ялаа болон цус, үрийн шингэнээр халдвар тардаг. Хавьтлын замаар вирус дамждаггүй болох нь тогтоогдсон байна.
ХОЁР.ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Малын үүлдэр угсаа, тухайн ийлдсэн хэвшлийн үүсгэгчийн хоруу чанар, амьдрах орчин, өвчний явцаас хамаарч өвчний шинж тэмдэг янз бүрээр илэрдэг, мөн үхлийн хувь өөрчлөгддөг байна. Ердийн нөхцөлд өвчний нууц үе 6-8 хоног байдаг. Хөнгөн хэлбэрээр өвдсөн амьтан хэдхэн хоногт хэвийн байдалдаа буцаж ордог. Амьтны биед орсон үүсгэгч эхлээд уг амьтны цус төлжүүлэх эрхтэн болон судасны дотор эсэд үрждэг байна. Судасны эмгэгээс болж хаван, цус харвалт үүсдэг байна. Өвчний анхны шинж тэмдэг мэдэгдэх үед цусанд вирус өндөр таньцтай байдаг. Хонь халуурч эхлээд нүдний зовхи үрэвсэх, ам, хамар, уруул орчмын салст бүрхүүл цусархаг болж, амнаас хөөстэй шүлс гарна. Хонины зовхи, хамрын хөндийн салст бүрхүүлд цэгэн хэлбэрийн цус харвалт үүсэж хэл нь яваандаа хөх өнгөтэй болдог байна. Буйл, хацрын салст бүрхүүл, хэлэн дээр янз бүрийн хэлбэрийн хаван үүсэж энэ нь яваандаа яр шарх үүсгэж цус гарч эхэлдэг. Хамраас шингэн гарч байгаад өтгөрч идээтэй шингэн болон хувирч улмаар хамрын нүхийг таглан хатдаг. Өвчилсөн хонь тэжээл идэж чадахгүй голдуу хэвтэх ба зарим үед хойт хөлийн ба сагагны үе хавийн арьс улайж хавдсан, үрэвсдэг учир доголдог байна. Тэжээл идэж чадахгүй учир хонь амархан турдаг, энэ байдал хэд хоног үргэлжлээд үхлээр төгсдөг. Зарим хонины хэл хавдан томорч хөх өнгөтэй болох бөгөөд амаа ангайж хэлээ унжуулдаг. Энэ шинж тэмдгээр нь “хэл хөхрөх” гэж нэрлэдэг. Үхэлгүй амьд үлдсэн зарим хонины үс унадаг байна. Хээлтэй хонь хээл хаях ба хурганы уушгинд үрэвсэл үүссэнээс үхдэг. Ямаанд хонинд үүсдэгтэй адил шинж тэмдэг илэрнэ. Үхэрт хонинд үүсдэгтэй адил шинж тэмдэг илрэх тохиолдол байдаг.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Хонинд задлан хийхэд уруул, хэл, залгиурын хэсэг хавдсан, цустай шингэн хуримтлагдсан байх бөгөөд хэвлий, цээжний хөндийд цустай шингэн хуримтлагдсан байдаг. Амны хөндий, уруул, хэлэнд яр шарх үүссэн, тэжээл боловсруулах замын эрхтний салст бүрхүүл цусархаг, цус харавсан, дэлүү, тунгалагийн зангилаанууд томорч улайсан байдаг. Өвчилж үхсэн хонийг задлахад түүний уушигны гадаргуу, зүрхнээс гарсан судасны хэсэгт өвөрмөц цус харвалт үүссэн байдаг онцлогтой. Өвчний эхэн үед үүсэх шинж тэмдэг шүлхийтэй төстэй боловч задлан хийхэд шүлхийн өвөрмөц эмгэг болох “баран зүрх” үүсээгүй байдаг, хошууны орчимд үүсдэг яр шарх нь бог малын мялзан, хонины цэцэг өвчинтэй төстэй боловч бог малын мялзан өвчний үед салст бүрхүүл маш амархан ховхорч шарх үүсдэг, уушгинд үрэвсэл үүссэн байдаг, Мөн гэдэсний дотор хананд эрээн тахийн судал хэлбэрийн цус харвалт үүссэн, үүний хамт тухайн амьтан чацга ихээр алдсан байдаг онцлогтой. Хонины цэцэг өвчний үед ам хамранд үүсэх шинж тэмдэгүүд адил боловч гол ялгаа нь арьсны үсгүй хэсгүүд тухайлбал, суга, цавь, сүүлний хэсгүүдэд дотроо шингэнтэй гүвдрүү үүсдэг, задлахад хүүр маш муухай үнэртэй, дотор эрхтнүүд, ялангуяа уушгинд цайвар өнгийн үжлийн голомт ихээр үүссэн байдаг онцлогтой.
2.3.Лабораторийн оношлогоо: Хээрийн нөхцөлд хонинд үүссэн эмгэг үхэр, ямаанд илэрч байгаа эсэх, дээр дурьдсан эмнэл зүйн шинж тэмдгүүд үүсэж байгаа эсэх, нялх төл малын үхлийн хувь зэргийг анзаарах хэрэгтэй. Мөн хэл хөхрөх өвчин нь зуны улиралд ялаа шумуул идэвхтэй үед үүсдгийг анхаарах ёстой. Цусны ийлдэс болон бүлэгнээгүй цус, үхсэн малын эмгэгт эрхтэнгүүдээс дээж авч хүйтэн хэлхээнд хөлдөөлгүй шинжилгээнд хүргүүлнэ. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд үр хөврөлтэй өндөг, хонинд халдаах замаар вирус ялгах, хавсарга холбох урвал /ХХУ/, нэвчин тундасжих урвал /НТУ/, өрсөлдөөнт болон шууд бус ЭЛИЗА, вирус саармагжуулах урвал /ВСУ/, урвуу хувиргалттай полимеразын гинжин урвал /УХ-ПГУ/ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. Ийлдсэн хэвшлийг тодорхойлохдоо дан язгуурын эсрэг бие ашигласан дархан туяарах урвал, ЭЛИЗА, тухайн ийлдсэн хэвшил ашигласан ВСУ зэргийг ашиглана.
2.4.Ялгаварлан оношлох: Шөвөг яр, шүлхий, үхрийн хорт салст халуурал, үхрийн вируст диаррей, ринотрахейт, иж томуу, цэцэг, бог малын мялзан зэрэг өвчнөөс ялган оношлох шаардлагатай.
2.5.Хэл хөхрөх өвчинд ямар ч эмчилгээ байдаггүй.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Хэл хөхрөх өвчний сэжиг бүхий мал, амьтныг шинжилгээнд хамруулж онош батлагдсан бол устгалд оруулна. Зарим оронд хэдэн ийлдсэн хэвшлийн эсрэг үйлчилгээтэй вакцин байдаг боловч манай оронд ямар ч вакцин үйлдвэрлэдэггүй, импортын вакцин хэрэглэдэггүй. Мөн нийт 24 ийлдсэн хэвшил бүрээс урьдчилан сэргийлэх боломжтой вакцин одоог хүртэл байхгүй байна. Улс орнууд өөрийн оронд гардаг тодорхой ийлдсэн хэвшлийн вакцин үйлдвэрлэж жил бүр вакцинжуулалтанд хамруулдаг. Хэл хөхрөх өвчний үед авах тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ байхгүй.
3.2.Тандалтыг санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэнэ.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Хэл хөхрөх өвчний онош батлагдсан тохиолдолд үлдсэн хонинд шинж тэмдгийн үзлэг хийнэ. Хорио цээр тогтоох шаардлагагүй. Харин хязгаарлалтын дэглэм тогтооно. Малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлана.
4.2.Хэл хөхрөх өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг булж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаана. Хашаа хороо, тоног хэрэгслийг Virkon 1 %, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг зөв тунгаар найруулсны дараа уусмалын рH-ийг шалгаж, зохих түвшинд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа хэрэглэнэ.
4.3.Хэл хөхрөх өвчний онош батлагдсан хойно тухайн мал, амьтныг малын эмчийн хяналтанд зохих зааврын дагуу устгаж булна. Тухайн мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулалгүй устгалд оруулна.
4.4.Хэл хөхрөх өвчин илэрсэн сүрэгт үзлэг хийж эмнэлзүйн ямар нэг эмгэгтэй мал, амьтныг шинжилгээнд хамруулна. Өвчин батлагдсан мал, амьтныг хэрэгцээлэлгүй устгалд оруулна.
4.5.Хэл хөхрөх өвчнөөр тайван бус газраас импортлосон хонинд тухайн өвчний эсрэг вакцин таригдсан эсэхийг шалгана. Мөн эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэг хийнэ.
4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A