- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ҮХРИЙН ЛЕЙКОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР BOVINE LEUCOSIS, ЛЕЙКОЗЫ КРУПНОГО РОГАТОГО СКОТА
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/59 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
ҮХРИЙН ЛЕЙКОЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
BOVINE LEUCOSIS, ЛЕЙКОЗЫ КРУПНОГО РОГАТОГО СКОТА
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Үхрийн лейкоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Үхрийн лейкоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Үхрийн лейкоз нь үхрийн цусны цагаан эсийн хэвийн үйл ажиллагаа хямарч, цус төлжүүлэх болон бусад дотор эд эрхтэнд хавдар үүсэх шинж тэмдгээр илэрдэг, архаг явцтай, вирусын гаралтай халдварт өвчин. Ямар ч нас, хүйсний үхэр өвчлөх боловч 4-өөс дээш настай үнээ, бух, ялангуяа сүүний, мах сүүний чиглэлийн арвин ашиг шимт үүлдрийн үхэр мэдрэг байдаг.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Үхрийн лейкозын үүсгэгч нь Ретровирусийн язгуур, хавдар үүсгэгч РНХ агуулсан вирусийн дэд язгуур, сүүн тэжээлтэн амьтдын С вирусийн төрөл, үхрийн лейкозын вирусийн бүлэгт хамаарах, РНХ бүхий вирус юм. Өвчин үүсгэгч нь халуунд мэдрэг бөгөөд вируст материалыг ээлжлэн хөлдөөж, гэсгээхэд идэвхээ алдана. 560С–д 15 мин, 760С–д 15 сек, нарны шууд гэрэлд 4 цаг тус тус байлгахад идэвхээ алдана. 0,5%-ийн натрийн шүлтэнд 30 мин, 2%-ийн этанолд, 4 цаг. 0.5%-ийн формальдегидэд 8 цаг, 0,5%-ийн фенолд 72 цагийн дараа тус тус идэвхгүйжнэ.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Үхрийн лейкозын вирус нь 2 замаар халдвар үүсгэнэ. Өвчин үүсгэгчээр халдварласан үнээний хээлэнд вирус нэвтрэн халдварлуулдаг. Эхээс төрсний дараа халдварлах бөгөөд өвчтэй үхэртэй хамт байх, лейкозоор эерэг үнээний сүүгээр тэжээх, тарилгын зүү, мэс ажилбарын багаж хэрэгсэл, бээлий зэргийг ариутгалгүй дамжуулан хэрэглэх, лейкозоор эерэг урвалтай үхрийн цус ба эдээр бэлтгэсэн бэлдмэл хэрэглэх, өвчтэй, эрүүл үнээг нэг байранд төллүүлэх, үүсгэгч тээгч ялаа, шумуул бусад амьтад малын байранд орогнох зэрэг хүчин зүйлүүд нөлөөтэй. Өвчтэй малаас ялгарах янз бүрийн шингэн, сүүгээр үүсгэгч гадагшилна. Цэвэр үүлдрийн үхэр маш мэдрэмтгий бөгөөд нутгийн монгол үхэр тэсвэртэй байна.
ХОЁР.ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе үхэрт 2-7 жил үргэлжилнэ. Өвчний явц архаг учир удаан үргэлжилнэ. Өвчилсөн үхрийн эмгэгтсэн эрхтнээс шалтгаалан янз бүрийн шинж тэмдэг илрэнэ. Өвчний явцаас шалтгаалан 4 үе болгон хуваадаг.
1.Лейкозын өмнөх үед өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй. Цусны цагаан эс нь 1 мкл-т 14,0 мянга болж нэмэгдэнэ.
2.Өвчний эхний үед өвөрмөц шинж тэмдэг илрэхгүй боловч 1мкл цусан дахь цагаан эсийн тоо 15,0-40,0 мянга болж нэмэгдэнэ.
3.Шинж тэмдэг илрэх үед 1 мкл цусанд байх цагаан эсийн тоо 40,0 мянгаас дээш гарч, залуу эс, хэвийн бус эсийн тоо цусанд 5%, эрхтэнд 20%-иас дээш байна. Үхрийн цус багасаж, анхны шинж тэмдэг илэрч эхлэнэ.
4.Сүүлийн буюу хавдрын үед үхрийн дотор эрхтэнд янз бүрийн эмгэг шинж тэмдэг илрэнэ. Үхэр хэт турж, цус нь багасан, зүрхний ажиллагаа сулрана. Аль нэг эрхтэнд хавдар үүсч даамжирснаас үхнэ. Зарим үед үхрийн дэлүү хэт томорч хагаран гэнэт үхэх шалтгаан болно.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвчний эхний үед ил ажиглагдах эмгэг хувиралт байдаггүй. Лейкозоор үхсэн юм уу өвчний төгсгөлийн үед нядласан үхрийн цус төлжүүлэх эрхтнүүд үрэвсэж, хэмжээ нь томорч, улмаар хавдар болон томорсон эмгэг хувиралт илэрнэ. Тунгалгийн зангилаа хэмжээгээрээ томорч зөөлөн уян хатан биежилттэй болсон байна. Огтлолын гадарга чийглэг, шар цагаан юм уу цагаан саарал алагласан өнгөтэй болсон байх ба цус харвасан байна. Дэлүү заримдаа 8-10 дахин томорсон, махам нь сэвсгэр болсон байна. Чөмгөнд шар ногоон юм уу саарал өнгөтэй үүрнүүд үүсдэг, цус төлжүүлэхээс бусад эрхтнүүд зүрх, элэг, бөөр, өндгөвч, сав, ходоод гэдсэнд эмгэг хувиралт илэрнэ. Эдгээр эрхтнүүд томорч, өнгө нь өөрчлөгддөг.
2.3.Лабораторийн оношлогоо: Үхрийн лейкоз өвчнийг хээрийн нөхцөлд оношлоход өвчний сүүл шатанд ирсэн үхэрт дараах шинжүүд илэрч болно. Үүнд: жин багасаж турсан, үнээний сүү тасралтгүй татарсан, нүд бүлтийсэн, арьсан доор томорсон тунгалагийн зангилааг гадна талаас тэмтрэх боломжтой, өсвөр насны үхэрт арьс үрэвссэн байж болдог. Цусны ийлдэс ялгах болон цус бүлэгнүүлдэггүй зориулалтын хуруу шилэнд гүрээний судаснаас цус авч явуулж болох бөгөөд задлан хийсэн тохиолдолд эмгэгт бүх эд эрхтэнгээс хүйтэн хэлхээнд хүргүүлнэ. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах болон НТУ, ЭЛИЗА, ПГУ зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. Ийлдэс судлал болон молекул биологийн урвалаар лейкоз эерэг гарсан нь уг амьтанд тунгалагийн зангилааны хавдар үүссэн гэсэн үг биш юм. Ийлдэс судлалын НТУ нь хамгийн өргөн хэрэглэгддэг арга бөгөөд зарим улсад ЭЛИЗА урвалаар оношлодог. Үхрийн лейкозын үүсгэгчээр эерэг үнээний уураг сүү хөхсөн тугаланд 4-6 сар хүртэл хугацаанд ийлдэс судлалын шинжилгээ хийхэд эерэг гарах магадлалтай байдаг. ПГУ нь өвчтэй үхрийн цусны цагаан эсээс лейкозын үүсгэгчийн провирусын ДНХ илрүүлдэг, мэдрэг болон өвөрмөц чанар өндөртэй урвал юм. Энэ урвалаар үхрийн лейкозын үүсгэгчээр эерэг үнээний уураг сүү хөхсөн, ийлдэс судлалаар мөн эерэг гарсан тугалын эрүүл, өвчтэйг ялган оношлох бүрэн боломжтой. Мөн хавдар үүссэн эрхтэнд уг өвчний улмаас үүссэн эсэхийг тодорхойлох, халдвар аваад эсрэг бие үүсэхээс өмнөх шатанд өвчнийг илрүүлэх, ийлдэс судлалын урвалд маш сул дүн үзүүлсэн тохиолдолд баталгаажуулах, ямар нэг үхрийн өвчний вакцин үйлдвэрлэлийн туршилтын явцад тухайн үхэр лейкоз өвчнөөр сөрөг болохыг баталгаажуулахын тулд ПГУ-аар баталгаажуулах шинжилгээг тус тус гүйцэтгэдэг. Харин тунгалагийн зангилааны хавдрыг эс судлал болон эмгэг эд судлалын аргаар оношлох боломжтой байдаг.
2.4.Ялгаварлан оношлох: Үхрийн лейкоз өвчнийг актиномикоз, сүрьеэ, иж сүрьеэ, бруцеллёз зэрэг өвчнөөс ялган оношлоно.
2.5.Үхрийн лейкоз өвчинд ямар ч эмчилгээ байдаггүй.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Үхрийн лейкоз өвчний сэжиг бүхий мал, амьтныг шинжилгээнд хамруулж онош батлагдсан бол устгалд оруулна. Тухайн үхрийн аж ахуйн халдварлалтын байдлаас хамаарч эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Хамгийн түгээмэл хэрэглэдэг арга нь бүх малыг ийлдэс судлалын шинжилгээнд хамруулах, эерэг гарсан амьтдыг хэрэгцээлэх, үлдсэн сүргийг 30 болон 60 хоногийн дараа дахин ийлдэс судлалын аргаар шинжлэх, бүх тугалыг ПГУ-аар шинжилж баталгаажуулна. Эдгээр бүх үе шатыг тухайн сүрэг энэ өвчнөөр сөрөг болтол давтах, мөн сүүлийн 2 жилийн дотор уг сүрэгт ямарч өвчтэй үхэр илрээгүй бол тухайн сүргийг эрүүлжсэн гэж баталгаажуулж болно. Хэрэв тухайн сүрэгт шинэ мал амьтан нэмэх бол авчрахаас 30 болон 60 хоногийн өмнө хийсэн 2 удаагийн давтан шинжилгээгээр сөрөг байх ёстой. Сүргийг эрүүл өвчтэйгөөр нь ялган, эрүүл тугал бойжуулах зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлж, жил бүр зохих тооны эерэг үхэр хэрэгцээлж, тэр хэмжээгээр эрүүл үхрээр сүргээ нөхөх аргаар эрүүлжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд тугалыг 6 сартайгаас эхлэн 12, 18, 24 сартайд нь цус авч шинжлэн эерэгийг хэрэгцээнд ялган эрүүл гунж бойжуулах байдлаар асуудлыг шийдэж болдог. Аж ахуйн үхрийн 10% хүртэл лейкозоор халдварласан үед 2-3 жилд, 30% хүртэл лейкозоор халдварласан үед 5-6 жилд, 30%-аас дээш лейкозоор халдварласан үед 6-9 жилд эрүүлжүүлж болдог. Үхрийн лейкоз өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц бэлдмэл одоогоор дэлхийн аль ч оронд үйлдвэрлэлд нэвтрээгүй байгаа болно.
3.2.Тандалтыг санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэнэ.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Үхрийн лейкоз өвчний онош батлагдсан тохиолдолд үлдсэн хонинд шинж тэмдгийн үзлэг хийнэ. Хорио цээр тогтоох шаардлагагүй. Харин хязгаарлалтын дэглэм тогтооно. Хязгаарлалтын дэглэм тогтоож малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлана.
4.2.Үхрийн лейкоз өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг булж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаана. Хашаа хороо, тоног хэрэгслийг Virkon 1 %, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг зөв тунгаар найруулсны дараа уусмалын рH-ийг шалгаж, зохих түвшинд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа хэрэглэнэ.
4.3.Үхрийн лейкоз өвчний онош батлагдсан хойно тухайн мал, амьтныг малын эмчийн хяналтанд зохих зааврын дагуу устгаж булна. Тухайн мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулалгүй устгалд оруулна.
4.4.Үхрийн лейкоз өвчин илэрсэн сүрэгт үзлэг хийж ямар нэг эмгэгтэй мал, амьтныг шинжилгээнд хамруулна. Өвчин батлагдсан мал, амьтныг хэрэгцээлэлгүй устгалд оруулна.
4.5.Үхрийн лейкоз өвчнөөр тайван бус газраас импортлосон үхэрт ямар нэг эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэг хийнэ.
4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A