A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/59 дугаар тушаалын тавдугаар хавсралт

БОГ МАЛЫН СОХОР ДОГОЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

ИНФЕКЦИОННАЯ АГАЛАКТИЯ ОВЕЦ И КОЗ, CONTAGIOUS AGALACTIA OF SMALL RUMINANTS

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Хонь, ямааны сохор догол өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Хонь, ямааны сохор догол өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Хонь, ямааны дэлэн, үе, нүдний эмгэг, заримдаа хээл хаях шинж тэмдгээр илрэх хавьтал халдварт өвчин юм. Манай малчид бог малын сохор догол, хар дэлэн гэж нэрлэдэг.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Хонь, ямааны сохор догол өвчний гол үүсгэгч нь Mycoplasma agalactiae бөгөөд M.capricolium, M.mycoides, M.putrefaciens нь ямаанд ижил төстэй шинж тэмдэг бүхий өвчнийг үүсгэх ба ихэвчлэн уушигны үрэвсэл хавсарсан байна. Энэ өвчний үүсгэгч нь орчин үеийн ангиллаар Мollicutes анги, Мycoplasmatales  дэд анги, Мycoplasmataceae язгуур, Мycoplasma төрөл, Мycoplasma agalactiae зүйлд багтана. Микоплазмууд нь эсийн ханагүй маш жижиг (250-400 нм хэмжээтэй) микробууд юм. Граммын аргаар будагдахгүй ба Гимз Романовскийн аргаар будахад ганц нэгээрээ эсвэл бөөгнөрсөн цэг, тал дугуй, мушгиа, жүнз гэх мэт олон хэлбэртэй хөх ягаан өнгөөр будагдана. Хэлбэрийн хувьд тогтворгүй, нянгийн шүүрээр шүүгддэг, нянгийн эсийн хананд үйлчилдэг антибиотикуудад мэдрэмтгий бус эсийн хананы оронд  гурван давхар мембраны уургуудтай бөгөөд эдгээр нь антибиотикт тэсвэртэй байх чанарыг хангадаг байна. Микоплазм нь бактерийн L хэлбэртэй адил төстэй. Микоплазмын хоруу чанар бактериас сулавтар боловч өвөрмөц  сонгон үйлчлэх эрхтэндээ хүчтэй нөлөө үзүүлнэ. Сохор доголын үүсгэгч 0-250С хэмд 4 сар амьдрах чадвартай бол сүүнд ердийн нөхцөлд 8 хоног, харанхуй орчинд 150С-д 3 сар идэвхээ алдахгүй. Усанд 40 хоног, хөрсөнд 15 хоног, бууцанд 10 хоног идэвхитэй байна. Үүсгэгчийг 500С хүртэл халаахад 90 минут, 600С-д 5 мин, формалины 0.5-1 хувийн уусмалд 4 цагийн дараа, марганц хүчлийн 1:250 - 500 уусмалд 2 цаг болоод үхнэ.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Сохор догол өвчнөөр хонь, ямаа нас, хүйс харгалзахгүйгээр өвчилнө. Ямаа хонийг бодвол илүү мэдрэг байна. Бог малын сохор догол өвчин үүсгэгч нь өвчтэй, өвчний шинж тэмдгийг антибиотик тарьж арилгасан малын бие махбодид хадгалагдаж тухайн суурь, бэлчээр ус нэгтэй бусад суурийн эрүүл малд халдварлаж байдаг онцлогтой.Сохор догол нь хавьтал халдварт ба өвчтэй мал байсан хашаа хороо, бэлчээр, ус, малын тоног хэрэгслээр дамжин эрүүл малд халдварлана. Өвчний үүсгэгч нь өвчтэй юм уу шинж тэмдэгийн эмчилгээ хийсэн хонь, ямааны сүү, нулимс, шээс, баасаар 7 сар хүртэл хугацаанд ялгарна. Өвчний үүсгэгч тэжээл боловсруулах зам болон шарх, хөхний сүвээр дамжин халдварлана. Халдвар мал төллөлт, саалийн үед эрчимтэй тархана. Хаврын улиралд гарах ба зун халдварлалт аажим нэмэгдэж намар сүргийн дийлэнхи хувийг өвчлүүлнэ. Халдвар тархахад саальчид, гувшаа хурга, ишиг,бэлчээрийн давхцал, отор нүүдэл их нөлөөтэй.

ГУРАВ. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

3.1. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг: Нууц үе нь 12-60 хоног байна. Өвчин цочмогдуу юм уу архаг явцтай байна. Цочмогдуу явц ямаа, хөхүүл хурга, ишгэнд ажиглагдах ба 5-7 хоног үргэлжилнэ. Архаг явц нь хэдэн сараар үргэлжлэх ба заримдаа үхнэ. Өвчний хэлбэрийн хувьд дэлэнгийн, үений, нүдний, холимог заримдаа нугасны гэж хуваагдана. Өвчилсөн малын биеийн халуун эхлээд 1-1.50С-ээр нэмэгдэж хэд хоног үргэлжлэх ба тэгээд хэвийн хэмжээнд орно. Үүний дараа 7-8 хоноод дахин биеийн халуун нэмэгдэнэ. Биеийн ерөнхий байдал доройтож тэжээл идэхээ болино. Үе үрэвсэж доголсоноос бэлчээрт явж чадахгүй болж тарга хүч алдана. Хээлтэй хонь, ямаа хээлийн 3 юм уу 4 дахь сардаа хээл хаяж болно.

Нас гүйцсэн малд дэлэн, үе, нүд өвчлөх шинж тэмдэг илэрнэ. Хөхүүл хурганд үений болон нүдний үрэвсэл илэрнэ. Хурганы дал, нуруу, үенд идээт буглаа үүсэх нь элбэг тохиолдоно. Үсэрхийлснээс болж уушиг үрэвсэж болно. Өвчилсөн хурганы хөдөлгөөн удааширч сүргээс хоцорно. Хамар, амнаас салслаг шингэн гоожно. Эхлээд хуурай ханилгах ба цаашид эмзэглэлтэй болж амьсгалын тоо олшрох, амьсгаадах шинж илэрнэ. Уушиг үрэвссэн үед үхэл 50 хувь хүрнэ.

Дэлэнгийн хэлбэр: Дэлэнгийн хэлбэрээр ихэвчлэн сааж байгаа хонь, ямаа өвчилнө. Ихэвчлэн дэлэнгийн нэг хэлтэр заримдаа хоёр хэлтэр гэмтэж хатуурах, хатанхайрч жижгэрдэг. Өвчний эхний үед биеийн халуун бага зэрэг нэмэгдэх ба сүү нь огцом татарч, найрлага нь өөрчлөгдөх шинж илэрнэ. Дараа нь дэлэн томорч халуун, эмзэглэлтэй болно. Сүү нь хөхдүү туяатай, усархаг болж амархан ширгэх ба сүүлдээ өтгөрч шаргалдуу өнгөтэй болно. Цаашдаа сүүний оронд биржрүүтэй тунгалаг биш шингэн гарч байгаад тунгалаг болдог. Хөхийг нь имэрч үзэхэд хатуу зангилаа юм уу хүйтэн буглаа мэдрэгдэх ба шувтарч үзэхэд заримдаа идээ гарна. Заримдаа дэлэнгийн үрэвслийн явц түргэн явагдаж арилах ч сүү нь дараа жилийн саалийн үед хэвийн хэмжээнд хүрэхгүй.

Үений хэлбэр: Энэ хэлбэрийн үед ихэвчлэн өвдөг, борви, бугалаг, түнх, бэрэвхийн үе гэмтэнэ. Нэг зэрэг 3-аас олон үе гэмтэх нь ховор байдаг. Эхлээд шалтгаангүйгээр доголж эхлэнэ. Дараа нь гэмтсэн үе томорч халуун, эмзэглэлтэй болно. Өвчилсөн мал хөлөө сэлгэж зогсоно. Гэмтсэн үе 2-3 хоногийн дараа хавдах ба хатгаж үзэхэд 2-3 мл булингартай унжралдсан шингэн гоожих ба заримдаа цустай байна. 10-15 хоноод үений идээт үрэвсэл болно. Ихэвчлэн үений болон шөрмөсний гэр үрэвсэнэ. Ийм тохиолдолд үений урд хэсэгт тагтаа юм уу тахианы өндөгний хирийн уутархуу хавдар үүснэ. Мал өвчтэй хөлөө сойж зогсоно. 2 үе гэмтсэн үед ихэвчлэн хэвтэх бөгөөд мөлхөж явна. Өвчин  2-8 долоо хоног үргэлжилж үхнэ. Хөнгөн хэлбэрийн үед үрэвсэл намжиж доголохгүй болж болно.

Нүдний хэлбэр: Энэ хэлбэрийн үед нулимс ихээр гоожиж сормуус хоорондоо наалдах ба гэрлээс дальдрах, нүд орчмыг үрж маажих нь ихсэнэ. 2-3 хоногийн дараа нүдний эвэрлэг бүрхүүлийн өнгө өөрчлөгдөж булингартаж цайвар цагаан өнгөтэй болно. Нүдний үүл нь хэсэг газар юм уу нэлэнхүйдээ байна. Голд нь жижиг хэмжээтэй 2-4 цагаан голомт байна. Үүлний зах хөндийрч тэгш бус захтай яршил үүсч болно. Яршил нь тэгш, гялгар, тунгалаг байна. Хөнгөн хэлбэрийн үед яршил нь алга болох ба үүл нь арилна. Ихэвчлэн шаргалдуу туяатай 1-2.5 см хэмжээтэй цагаа унана. Гэмтсэн эвэрлэг бүрхүүл нь шовх төвгөр хэлбэртэй байдаг бөгөөд 3-4 мм зузаарна. Хэсэг хугацааны дараа цагаа нь ховхорч яршина. Зарим үед эвэрлэг бүрхүүл хагарч нүдний шингэн нь гоожиж сохорно. Нүдний хэлбэр 6 хоногоос 2 сар үргэлжилнэ.

Нугасны хэлбэр: Энэ хэлбэрийн үед мал маш амархан ядрах ба үргэлж хэвтэнэ. Биеийн мэдрэг байдал нэмэгдэнэ. Мал маш болгоомжтой явах ба гуйвах байдал ажиглагдана. Цаашид саажиж хөдөлж явж чадахгүй болно.

3.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвчний хэлбэрээс хамаарна. Үхсэн мал маш туранхай байна. Арьсан дор, булчинд идээт буглаа үүссэн байна. Дэлэнгийн гэмтсэн хэлтэрийн цуллаг нь хатанхайрч хатуурсан, цөцгийрхүү шингэн агуулсан жижиг юм уу том голомтууд байна. Гэмтсэн үений хөндийд ширхэгэнцэрт шүүрдэсний хатуурсан хэсгүүд байна. Үений гэрийн хана зузаарсан, үений мөгөөрс яршсан, цус ихэдсэн байна. Үений хөндийд улаан өнгөтэй булингартай шингэн байна. Заримдаа идээлсэн байх тохиолдол бий. Шөрмөсний гэрний хана зузаарч ногоондуу туяатай цагаан өнгөтэй шингэн байна. Чөмөг хайлж цэлцгийрхүү болж цус ихэдсэн байна. Нүдний хэлбэрийн үед дээр бичсэнтэй адил хувиралт байна. Дэлэнгийн эмгэгийн үед сүүний цүнхээл томорч олон тасалгаат хөндий үүссэн байх ба шаргал юм уу ногоондуу туяатай цагаан өнгөтэй шингэн байх эсвэл унжралдсан зүйлээр дүүрсэн байна. Заримдаа цагаан шаргал өнгөтэй бүлхэрсэн шингэнтэй байна. Нугасны хэлбэрийн үед бага тархи болон нугасны цусны судаснуудад цус ихэдсэн байна. Заримдаа нугасны бор бодис хайлсан, нугасны шингэн булингартсан байдаг. Нугаламын үений орчимд идээлсэн байна. Дэлүү томроогүй ч огтлолын гадарга мөхлөгжсөн байна. Дэлүүний цуллагт шар будааны хэмжээтэй цайвардуу өнгөтэй зангилаанууд байх ба цуллагаас амархан сална.

3.3.Лабораторийн оношлогоо: Оношийг өвчний гаралтын онцлог,эмнэл зүйн шинж тэмдэг,эмгэгийн хувиралт,эмгэгт дээжинд хийсэн нян болон ийлдэс судлалын шинжилгээний дүн,полимеразын гинжин урвал зэргээр тогтооно.   

3.4.Ялгаварлан оношлох: бруцеллёз, хар дэлэн, хорт салст халуурал, телязиоз зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.

3.5.Эмчилгээ: Өвөрмөц эмчилгээний бэлдмэл байхгүй. Өвчний эхний үед тетрациклин, микралид, флорфеникол, тиамилин, флюрохинолоны бүлгийн антибиотик хэрэглэх боловч зөвхөн шинж тэмдэг арилаж болох ба цаашид өвчин тээгч, халдвар тараагч болон үлдэнэ.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Уг өвчнөөс сэргийлэхийн тулд арчилгаа маллагаа болон мал эмнэлэг, ариун цэврийн ерөнхий арга хэмжээнүүдийг авч явуулна. Үүнд: Мал сүргээ сохор догол гарсан мал сүргийн бэлчээрт давхцуулан бэлчээхгүй байх. Мал эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулан өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй мал илэрсэн бол сүргээс тусгаарлан ажиглана. Сэргийлэх зорилгоор Бог малын сохор доголоос сэргийлэх идэвхигүйжүүлсэнвакциныг хэрэглэнэ. Эдгээр вакциныг үйлдвэрлэгчээс гаргасан хэрэглэх зааварт заасны дагуу хэрэглэнэ. Вакциныг сэрүүн (+40C-ээс +100C), харанхуй, хуурай байранд үйлдвэрлэгчийн заасан хугацаагаар хадгална. Вакцины сав (шилэн цодон) нь хагарч, гэмтэхээргүй боломж хадгалах нөхцөлийг бүрэн хангахуйц тоноглогдсон тээврийн хэрэгсэл эсвэл хадгалах нөхцөлийг бүрэн хангасан зөөврийн хөргүүр ашиглан тээвэрлэнэ.    

3.2.Тандалт: Алтайн уулс, Хангай, Говийн бүсүүдэд тархсан учир эпизоотлогийн нөхцөл байдал, өвчин гаралтын эпидемиологийн зураглал, байгаль цаг уурын онцлог, мал маллагааны арга барил зэргийг үндэслэж тандана.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Газарзүйн байршил, бэлчээр усны нөхцөл байдал, эпиемиологийн зураглал, өвчний голомт,арчилгаа маллагааны горим зэргээс хамаарна.

4.2.Хязгаарлалтын арга хэмжээг суурийн төвшинд авч хэрэгжүүлнэ. Хязгаарлалтын дэглэмийн үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхгүй байх арга хэмжээ авна. Уг өвчний сүүлийн шинж тэмдэг илрээд байхгүй болсоноос 21 хоногийн дараа цуцална.

4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: Халдваргүйтгэх бодисын уусмалаас формалины 10%-ийн, креолины 5%-ийн, зэсийн цэнхэрийн 10-20%-ийн, суперкилл, хайкоп  уусмал нь  сонгомол үйлчилгээтэй.

4.4.Өвчилсөн мал амьтныг устгахүй эмчилнэ. Өвчин гарсан тохиолдолд хүнсэнд хэрэгцээлэх зорилгоор эрх бүхий байгууллагын зааврын дагуу нядалж махыг загсааж дулааны боловсруулалт хийн хэрэглэнэ. Өвчтэй малын гаралтай мах, арьс шир, ноос, ноолуур зэргийг худалдаалах нь халдвар дамжуулах эрсдэлийг дагуулах учир худалдаалахгүй.

4.5.Хязгаарлатын дэглэмийг цуцалсан тохиолдолд уг сүргийг эрүүл гэж үзэн эрүүл суурь сүрэг, мал, амьтан, тэдгээрийн бүтээгдэхүүнд тавигдах  шаардлагын дагуу зах зээлд нийлүүлэх, ашиглахыг зөвшөөрнө.

4.6.Уг өвчнөөр тайван бус улс орноос мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй. Хэрэв импортлох шаарлага гарвал эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээгээр эрүүл гэдгийг гэдгийг баталгаажуулж импортлоно.

4.7. Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.