A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/59 дугаар тушаалын зургаадугаар хавсралт

АДУУНЫ ХАЛДВАРТ ЦУС БАГАСАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХЗААВАР

/EQUINE INFECTIOUS ANEMIA/

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Адууны халдварт цус багасах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Адууны халдварт цус багасах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тодорхойлолт: Өвчилсөн адууны зүрх судас, эрхтэн системийн үйл ажиллагаа хямарч тотмол болон сэлгэх хэлбэрээр халуурах, цус төлжүүлэх эрхтнүүд гэмтсэнээс цусан дахь улаан эсийн тоо эрс цөөрөх, аажмаар турах шинж тэмдэг илэрдэг ужиг явцтай халдварт өвчин юм. Өвчин үүсгэгч вирус нэгэнт биед орсон тохиолдолд бүхэл амьдралын турш биед байж насан туршдаа вирус тээж байдаг. Өвчний тавилан ихэвчлэн үхлээр төгсдөг.

1.4.Өвчний үүсгэгч: Retroviridae аймгийн Lentivirus төрлийн РНК агуулсан, 80-120 нм хэмээтэй. Өвчин үүсгэгч вирус нь бэлчээр, хадсан өвс, газрын хөрсөнд 9 сар, цэвэр усанд 160 хоног, нарны гэрэлд 2-3 цаг, бууцанд 2.5 сар, тэгээс доош хэмийн хүйтэнд 2 түүнээс олон жил идэвхээ хадгална.

1.5.Халдварын эх уурхай, дамжих зам: Халдвартай малыг тарьсан тариурын зүү, мэс заслын багаж хэрэгсэл, халдвартай малын сэг зэмээр халдварлана. Халдварын эх булаг нь өвчтэй болон вирус тээгч адуу бөгөөд дулааны улиралд хөх түрүү, дэлэнч, шумуул зэрэг цус сорогч шавьжууд өвчний тархалтанд голлох үүрэгтэйч унага эхийн сүүгээр, азарга, гүү хээлтүүлгийн үед мөн цусны болон тариурын зүү, мэс заслын багаж хэрэгслээр халдвар дамжиж болно. Гол мөрний сав, ялаа, шумуул ихтэй нутагт тохиолдоно.

ХОЁР.ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Адууны тарга хүч, нас үүлдэр, уналга эдэлгээний байдлаас шалтгаалан өвчний нууц үеийн үргэлжлэх харилцан адилгүй бөгөөд дунджаар 10-30 хоног, заримдаа 3 сар хүртэл үргэлжилнэ. Өвчний явц цочмог, цочмогдуу, архаг байна. Цочмог, цочмогдуу явцтай үед биеийн халуун 40-420С хүрч өвчтэй адуу тэжээл усандаа дуртайч унаж эдлэхэд амархан эцэж ядрах, ижлээ гүйцэхгүй хоцрох, шогшуулах төдийд зүрхний цохилт огцом түргэсэх, хэвлийн хэсэг, хойд хөлийн бэрэвхий орчмоор хавагнах, турах, явахдаа гуйвж дайвах, хэвтэх шинж ажиглагдана. Нүдний салст бүрхүүл цагаан өнгөтөй болж цэгэн цус харвах бөгөөд налхи, хэлний хажуу талаар цус харвасан байх нь нилээд онцлог шинж тэмдэг юм. Өвчилсөн адууны 70 гаруй хувь нь архаг явцтай өвчилнө. Энэ явцын үед өвчилсөн адуу үе үе халуурах, хөлрөх төдий шинж тэмдэг илэрнэ. Ийм адуу өвчний тээгч байж жил гаран болох бөгөөд гаднын нөлөөгөөр хүндэрч үхнэ.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Цочмог, цочмогдуу явцтай үед хэвлий, цээжний болон хөлний орчмын арьсан дорхи эслэгт шүүрдэс хуримтлагдаж цус харвасан байна. Булчин мах цайвар өнгөтэй болсон байх ба том хэмжээний цэглэг болон тууш цус харвасан байна. Мөн тархины бүрхүүлд цус харвалт болсон байх боловч тархинд цус харвалт цөөн байдаг. Уушиг хавагнаж цус харвасан байна. Зүрх томорч уг орчимд цус харвасан байх ба зүрхний булчин цайвар өнгөтэй болж мөн цус харвасан байна. Дэлүү 2-3 дахин томорсон байдаг бол бөөр, элэг мөн томорч давсаг, нарийн бүдүүн гэдэсний салст бүрхүүлд цус харвасан байна. Архаг явцтай үед үжлийн хувиралт ажиглагдахгүй зарим нэгэн эд эрхтэнд бүдэг илэрнэ.

2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Адууны халдварт цус багасах өвчний үед эмгэг эд судлалын шинжилгээнд элэг, дэлүү, уушиг, бөөр, зүрхнээс 2х2 см хэмжээний зүсэм авч авч 10% формалинд хадгална. Харин вирус судлалын шинжилгээнд дээрх эмгэгт дээжнээс авч вирус хадгалах уусмалд хийж хөлдөөнө. Хэрэв сорьц хадгалах уусмал байхгүй бол цэвэр гялгар уутанд хийж хөлдөөнө. Ийлдэс судлалын шинжилгээнд өвчний шинж тэмдэг илэрсэн адуунаас цус авч ийлдэс ялган ийлдсийг хөлдөөж ) хүргүүлнэ. Лабораторид  ирүүлсэн эдийн эмгэгт дээжид БХ–ПГУ, ийлдсэнд НТУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Тураал, ям, цусны паразит, эгэл биетнээр үүсгэгдэх өвчнүүдээс ялгаварлан оношлоно.

2.5.Эмчилгээний эм, бэлдмэл мал эмнэлгийн ажил үйлчилгээнд нэвтрээгүй.Халдвар авсан адууг нядалж устгана.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Адууны халдварт цус багасах өвчин гарсанаж ахуйн нэгж, ферм болон айл өрхийн адууны шилжилт хөдөлгөөнийг хориглох, өвчтэй адууг эрүүл адуунаас тусгаарлах  болон өвчин гардаг нутаг бэлчээр мөн өвчний үүсгэгчийг дамжуулагч хөх түрүү, дэлэнч ихтэй газарт аль болох  адуун сүргээ бэлчээрлүүлэхгүй.

3.2.Тандалт: Адууны халдварт цус багадах өвчин гарсан ферм, аж ахуйн нэгжээс асуумж авч,  халдвартай адууг сүрэг сэлбэлтэнд оруулахгүй байх.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт адууны халдварт цус багадах тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.

4.2.Адууны халдварт цус багасах өвчин гарсанаж ахуйн нэгж, ферм, айл өрхөд болон өвчин гардаг нутаг бэлчээрт хязгаарлалтын дэглэм тогтооно. Хязгаалалтын дэглэм тогтоосон бүсээс адуу, тэдгээрийн гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхгүй. Зайлшгүй шаардлагаар гарах зорчигч тээврийн хэрэгсэл, хүний хувцас хэрэгслийг шалган нэвтрүүлэх цэг дээр халдваргүйтгэл хийж гаргана.

4.3.Халдвар авсан адууг нядалж устгах ба устгал хийхээс өмнө устгалын цэг байгуулах,  халдвартай адууг эмчилж байсан зүү тариурыг устгах, халдвартай адууг нядалж устгасан газарт хүн, мал, амьтны бөөгнөрөл бий болгохгүй байх, халдвартай адуу байрлаж байсан хашаа, байр, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэхээс өмнө дахин ашиглахгүй.

4.4.Адууны халдварт цус багадах өвчнөөр өвчилсөн адууны мах, арьс, ширийг хэрэгцээнд хэрэглэхгүй. Тухайн өвчинд эмчилгээ байхгүй, бүрэн устгана.

4.5.Өвчилсөн адууг эмчлэхгүй шууд устгах заавартай тул өвчтэй адууг бусдад худалдаалах, сүрэг сэлбэлтэнд оруулахыг хатуу хориглоно. Өвчтэй адуутай хамт байсан адуунаас сорьц авч баталгаажуулсны дараа эрүүл гэж баталгаажсаны дараа бусдад худалдах, сүрэг сэлбэлтэнд оруулж болно.

4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.